sonin.mn

Улаанбаатар хотод барилга хурдан, удаан гэсэн хоёр төрлөөр баригдаж байна. Улсын төсвөөр баригдаж буй барилга, гүүр гэх мэт аливаа бүтээн байгуулалтууд ихэнхдээ цаг хугацаандаа ашиглалтад ордоггүй. Хугацаанаас хоцруулж, төсвөө нэмүүлдэг гаж тогтолцоо бий болсон. Энэ нь хэн нэгэн хүнд сурталтан ажлаа хийхгүй байгаа эсвэл мөнгө завшсан, завшихаар санаархаж байгаагаар л тайлбарлагдана.

Төр гэдэг нь иргэдээ ая тухтай, аюулгүй амьдрах нөхцөл бололцоогоор хангах ёстой байгуулалт. Тийм ч болохоор наад зах нь сургууль, цэцэрлэг, театр, зам, гүүр зэргийг татварын хөрөнгөөр барих учиртай. Харин энэхүү татварын мөнгөөр бариулж буй зүйлд нь урт гар ороод, ужиг удаанаар сунжруулаад байх юм. Гэтэл хувийн байгууллагуудын барьж буй орон сууц, үйлчилгээний барилгууд зөвшөөрөлгүй эхлээд нэг зуны дотор л арав гаруй давхраараа ашиглалтад орчихдог байдал харагдана.

Сургууль, цэцэрлэг, театр зэргийг нь тэвчиж болох юм гэхэд эмнэлгүүдийн барилгыг олон жилээр уяж байгаа нь харамсалтай санагдаад болдоггүй. Хэдхэн өдрийн өмнө гурван сая дахь иргэнээ хүлээж авлаа. Гурван саяулаа болохоо хүлээх зуурт хэвлэлийн байгууллагууд эмнэлгүүдээ сонирхож эхэлсэн. Гэтэл эмнэлгүүд нь хүчин чадлаасаа илүү гарсан хүмүүсийг хүлээж авч, цөөн хүчээр ажиллаж байгаагаа учирлаад эхлэх юм. Төрөх нь дөхчихсөн эхийг сандал дээр суулгачихсан дүр зургийг бүгд л харсан байх.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Эрүүл мэнд, спортын яамны ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт баригдаж байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгатай танилцсан. 2010 онд эхэлсэн энэхүү барилгын гүйцэтгэгч нь “Нийслэл Өргөө” компани. Тэд анх гэрээ байгуулсан үнийн дүнгийнхээ 95,1 хувийг авсан байна. Гэвч гүйцэтгэл нь 68 хувьтай таг зогсчээ.

Энэ барилгын компани төрөх эмнэлгийн барилгын ажлыг 2013 оны наймдугаар сараас нэмэгдэл санхүүжилт нэхээд ширхэг тоосго ч нэмээгүй байх юм. Энэ төрөх эмнэлэг ашиглалтад орчихсон бол өдий төдий жирэмсэн эхчүүд зовохгүй байлаа. Төрөхөөсөө хэд хоногийн өмнө эмнэлэгт үзүүлээд хяналтан дор төрөх бололцоо бүрдэнэ. Өнөөдөр төрөх гээд өвдсөн эмэгтэйчүүд түргэн тусламжийн машинтай замын түгжрэлд зогсож байгаа нь энэ нөхдийн буруу биз дээ. Шударга ёс талаасаа ч санхүүжилтийнхээ 95 хувийг нь авсан бол барилга нь 95 хувьтай л байх ёстой сон.

Ахмадууд гэж өнөөдөр манай нийгэмд хамгийн адлагдсан хүмүүс байх. Хааяа өөрсдийнхөө аргагүй байдлыг хэлээд явахад нь бараг “хүүхэд нохойн доог” болгох янзтай. Тэдэнд үйлчилдэг байгууллага тун цөөхөн. Зуны цагт сувилалд хөнгөлөлттэй явахаас өөрөөр төрийн үйлчилгээ бараг авдаггүй. Геронтологийн төв буюу ахмадын өвчлөлийг судалдаг гэж тайлбарламаар нэг газар байдаг ч байрорны маргаантай. 100 айлын автобусны буудлын ард байх Эрүүл мэндийн хоёрдугаар нэгдлийн хэдэн өрөөнд байдаг.

Хувийн хэвшлийнхэнд бүрэн хувьчлах Засгийн газрын тогтоолтой байрны нэг буланг бараг луйвардаад орчихсон байгууллага юм. Хувийн эмнэлгүүд нь “Төрийн байгууллагатай цуг байгаагаас хөгжиж чадахгүй байна” гэсэн гомдол байнга тавиастай. Угаас ч төрийн байгууллагатай цуг байдаг болохоор наад зах нь өргөтгөл хийж болдоггүй байх л даа. Хэдэн өрөөнийх нь хэрүүл шүүх, цагдаагаар арваад жил хөвөрсөн.

Тус төвд Эрүүл мэндийн яамнаас шинэ барилга бариулж эхэлсэн боловч мөн л таг гацжээ. Геронтологийн үндэсний төв буюу 60 ортой ахмадын эмнэлгийн зориулалттай барилгын шавыг 2011 онд Яармагт тавьж байсан. Санхүүжилтынхаа 91 хувийг авчээ. Гэвч барилгын ажил нь 48 хувьтай зогсчихсон байх юм. Гүйцэтгэгч нь “Арвис интернэйшнл” гэх компани. Тэд дэд бүтцийг шийдэж өгөөгүйгээс ажил зогссон хэмээн эрх хүүхэд шиг юм яриад зогсож байх.

Дэд бүтэц байтугай босгосон араг ясаа ч бөглөөгүй байж шүү. Үнэхээр хүндрэлтэй байсан юм бол анхнаасаа судлаад ажлаа авах нь яасан хэрэг вэ. Зүгээр л мөнгийг нь авах гэж улайрсан байдал л үүнээс харагдаж байгаа юм. Үр дүнд нь өнөөдөр ахмадуудад очих эмнэлэг алга. Өвдөөд үхэх гэж байгаа хүнд л тусламж хэрэгтэй байдаг юм биш. Ахмад настнуудаа аль ч улс орон асардаг.

Манайд болохоор улсдаа ажил үйлсээ хийж явсан ахмадууд гэртээ хэвтэж байх тавилантай. Тийм ч болохоор цагаар ахмад настнуудыг гэрт нь асардаг, хэвтрийг нь адаглаад зөв засчихдаг хувийн байгууллагууд олноор гарч ирлээ. Үүгээр гол төлөв үр хүүхэд нь сайн сайхан яваа хүмүүс л үйлчлүүлж байгаа. Гэтэл тэтгэврийн дэвтрээ банкны барьцаанд тавьж сар шинийг өнгөрөөдөг хүмүүс асар олон бий.

Одоо банкууд дээр тэтгэврийн дэвтрээ аваад буцааж тавиад зогсож байгаа ахмадууд л дүүрэн байгаа. Босч чадахгүй хэвтэж байгаа нь ч олон. Тэд эмнэлгийн тусламж авч төрийн энэрэлийг хүртэж чадахгүй яваа нь Геронтологийн эмнэлгийн барилгын мөнгөнөөс завшсан хэн бүхний буруу шүү дээ. За тэгээд спорт цогцолбор, сургууль, цэцэрлэгийг ядахнаа хүний амьтай холбоогүй юм даа гээд үлдээе.

Түүнээс жил бүр л валютын үнээс, бараа материалаас болсон гэх шалтгаанаар төсвөө нэмүүлж иддэг хэчнээн жилийн нүүр үзэж байгаа барилгууд улс даяар асар олон бий.

Гэтэл хувийн хэвшлийн байгууллагууд хууль дүрэмд харш газар барилгын ажлыг хориглосоор байтал ганцхан зуны дотор гялалзуулчихаж байна. Төрийн албаны олон хурган дарга нарын гарыг цайлгаж байж барилгын ажил авдаг гэдэг. Нөгөөдүүл нь хямсагнаад их цаг гарзаддаг гэнэ лээ. Гэтэл манай орны бүтээн байгуулалт хийхэд тохиромжтой хугацаа хомс.

Ихэнхдээ л хүйтэн сэрүүн зонхилдог хойно зөвшөөрлөө хөөцөлдөнгөө барилгаа эхлүүлчихдэг. Хотод сүүлд баригдсан орон сууцны хорооллуудын 80 хувь нь зөвшөөрөлгүй эхэлсэн гэж холбогдох хүн нь хэлж л байлаа.

Сүүлийн жишээ гэхэд Ардын эрхийн автобусны буудлын урд баригдаж байгаа 12 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай байшин байна. Ойр орчмынхоо барилгын байгалийн гэрлийг хаасан, шороо тоос бужигнуулсан юм байх. Хоёр давхар байшин ойролцоо барилгаасаа 15 метр зайтай байх ёстой бол энэ 12 давхар байшин хоёр метр л зайтай байна. Эргэн тойрныхоо байгууллагуудаас асуух журамтай атал тэгсэнгүй.

Түүний дээр олон байгууллага эсэргүүцэж хэл ам таталсаар атал ганц зуны дотор барьчихлаа. Мөн “Гачуурт” компанийн бариулсан Герман элчингийн урд талын барилга байна. Инженерийн шугам сүлжээний ЦТП-г нураагаад газар дээр нь барьсанаараа зөвшөөрөлгүй барилгын жагсаалтыг өнгөлж байлаа. Ойролцоо байруудад нь амьдардаг гол төлөв МУИС, ШУТИС-ийн багш ахмадууд шүүх, цагдаад хандаж тэмцээд тусыг эс олов. Нийслэлийн удирдлагууд ус, цахилгааныг нь хязгаарлаж байлаа. Гэвч цахилгаан үүсгүүр авчирч тавиад л өдөр шөнөгүй бариад дүнхийлгэчихсэн.

Төрөх эмнэлэггүй балчрууд, асруулах газаргүй ахмадуудын төлөө барилгын ажлыг зөвшөөрөлгүй барилга шиг хийдэг бол өнөөдөр иргэдийн дунд уур бухимдал арай л бага байх байлаа. Гэвч хахуульд дуртай түшмэлүүд, мөнгө завшигч компаниудын уршигаар сунжирсаар л байна. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Барилгын компаниудын орон сууцны мкв үнэтэй байгаа нь хахууль шингэсэнтэй холбоотой. Тийм болохоор хахуулийг хэрэглэгчид буюу иргэд төлж байгаа юм" гэж хэлж байсан.
Тэгвэл төрийн байгууллагын бариулж буй барилгуудыг сунжруулж мөнгө завшиж байгаа төрийн түшмэл болоод компаниудаас болж иргэд цус, нулимсаа барж байна шүү.

Ж.Баярсайхан
Эх сурвалж: "Нийслэл таймс"