Засгийн газар зурвас илгээснээс ч болсон уу бүгдээрээ л бүсээ чангалахын эргэн тойрныг ярьж байна. Гадаадын хөрөнгө оруулалт жаахан буурахад л монголчуудын амьдрал доройтдог юм байжээ. Энэ бол хийж бүтээгээгүй явсны балаг, цамаан байсны бэлэг юм. “Татар ажиллагаа" кинонд “Монголоос юуг ч олж болно. Бас юу ч хийхгүй амьдарч болно" гэж хэлдэг. 
 
Тун ёжтой хэлж байгаа юм шүү. Оюутан, эхчүүд, хүүхэд бүрт мөнгө өгч байна. Дээр нь өч төчнөөн төсвийн цалин “цохьдог” ажил бий. Хасна гэх яриа гартал “Энэ мөнгөгүй л бол өлсөж үхэх иргэд олон” гээд ТББ, УИХ-ын гишүүд зурагтаар гараад уйлан дуугарч байх юм. Анхнаасаа өгөөгүй бол ийм юм болохгүй л байсан. Энэ бол бодлогогүй төр гэтийг бүрдүүлдэг бидэнд хайртай хүмүүсийн хийсэн ажил. 
 
Харин өнөөдөр биднийг үндсэндээ байгаль эх нийтээр нь тэжээж байгаа. Одоо бүсээ чангалах эсвэл байгалийн баялгаа сорох хоёрынхоо нэгийг сонгуулах гээд байдаг. Гэтэл хийж бүтээх талаар ярьж байгаа амьтан алга. Жижигхээн жишээ татахад математикийн бүсийн олимпиадад түрүүлсэн хүүхдэдээ тухайн сургуулийнх нь математикийн багш л хайртай байдаг даа. 
 
Харин ямар нэгэн бөхийн төрлөөр багахан тэмцээнд амжилт гаргахад л сургууль нь бахархалаараа өргөмжилчихдөг. Хөлстэй бөх, нүүрэндээ үстэй адгуусыг автомашин, орон сууцаар мялаана. Харин эрдэмтэд нь шинэ бүтээл гаргаснаа өч төчнөөнөөр нь цаасан дээр орхисоор байгаа. Гэтэл аливаа улс орнуудыг байгалийн баялаг нь биш эрдэмтэй нь толгой нь тэжээдэг. Сингапур, Японд ер нь ямар байгалийн баялаг байдаг бол. Дуулдаагүй л юм.
 
Бидний тэгтлээ өсч байгаагаар нь бахархаад байгаа мал сүрэг өнөөдөр 60 сая толгойд хүрлээ. Гэтэл хятадууд жилд 140 сая хонь хүнсэндээ хэрэглэдэг байна. Манай орны малыг ганц улиралд хувхайртал идэж чадна гэсэн үг. Мөн бид урд хөршийнхөө нүүрсний хэрэгцээний багахан хувийг л хангадаг. Бүгдийг нь хангах гэвэл бараг ганц жилд л сорчихно. Тийм юм боллоо гэхэд энэ янзаараа мөн л хуваагаад идчих бололтой юм. Тэгээд цаашаа яаж амьдрах уу.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"