sonin.mn

Улаанбаатар хот  агаарын бохирдлоороо дэлхийд  тэргүүлэх хотын нэг болсноос хойш 10 гаруй жилийг ардаа үджээ. Нүүрсний нүүгэптсэн их утаа тортог, үнсэнд агуулагддаг хүний бие организмд туйлын хортой хартугалга, хүнцэл гэх мэтийн элементүүд   хөрсөнд шингэж, улмаар гол усыг их хэмжээгээр бохирдуулж, aгаарын бохирдол цаашлаад хөрс, усны бохирдол болон хувирч тариа ногоо, мах сүүгээр дамжин хүний эрүүл мэндэд ч онц аюултай үр дагаврыг авчирдаг. Иймээс зун болоод бохирдол алга болчихлоо гэж эндүүрэх хэрэггүй юм. Сүүлийн жилүүдэд эхийн умай дахь ургийн хөгжил зогсож, амьгүй болон гаж төрөлтүүд ихсэж байгаа мөн төрөл бүрийн хавдраар өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж, улам залуужиж байгаа талаар судлаачид ярьж бичиж байгаа нь бидний өмнө тулгарч буй санаа зовох асуудлын нэг болоод байна. Агаарын бохирдол ийнхүү хот суурин газрын хүмүүс ялангуяа эх нялхсын эрүүл мэндэд илэрхий заналхийлэх боллоо.


 Байдал иймд хүрснийг тэр үеийн төр засгийн удирдлагууд дүгнэлт хийж зарим арга хэмжээнүүдийг авч эхэлснээр агаарын бохирдол буурах хандлагатай болж эхэлсэн. Хотын агаарын бохирдлыг бууруулах хороо байгуулагдаж, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга удирдан их л сүр дуулиантай ажлаа эхэлж байсан. БОАЖЯ-ны дэргэд Цэвэр агаар сан байгуулагдаж, АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран гэр хороололд шаталт өндөртэй зуух гэр хорооллын айлуудад хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, жилд улсын төсвөөс 100 хүртэл тэрбум төгрөг хүртэл гаргаж байлаа.


  Гэтэл өнөөдөр байдал өөрөөр эргэж эхлэв бололтой. Нийслэлийн хүн амын өсөлттэй холбоотойгоор жилээс жилд өсөх агаарын бохирдолтой тэмцэх ажлын эрч суларч, энэ талаар ярих санаа тавих УИХ-ын гишүүдийн тоо цөөрч, хөрөнгө мөнгөө ч төсөвт бүрэн тусгаж чадахаа болив. Цэвэр агаар сан жилдээ 30 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байсан бол энэ онд төсөв нь танагаж, хоёр дахин буурчээ. Өнөөдөр гэр хорооллынхон шөнийн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл кв тутамд 88 төгрөг төлж байгаа. Энэ нь нэг кв-т тутам 110 төгрөг төлдөг өдрийн хэрэглээний тарифтай харьцуулахад дөнгэж  20-хон хувь болж байгаа юм. Мэргэжлийн хүмүүсийн ярианаас үзэхэд  өвлийн улиралд шөнийн цахилгаан үйлдвэрлэл гэдэг нь газар руу асгаж байгаа устай адил үнэгүй зүйл гэдэг юм билээ.


  “Тухайн жилийн 11 сарын 1-ээс дараа оны 5 сарын 1-ны хооронд оройны 18 цагаас өглөөний 9 цаг хүртэл халаалтанд зориулсан шөнийн хэрэглээний цахилгааны хэрэглээний үнийг тавин хувь хөнгөлнө” гэсэн шийдвэрийг түрүүчийн гэзар гаргаж байсан. Гэтэл 2015 он гараад шийдлийн гэх гоё нэртэй засгийн газар гэнэт энэ шийдвэрийг хүчингүй болгов. Нүүрсээр галладаг зуухгүй, дан цахилгаанаар халдаг орон сууц барьсан иргэд ийнхүү эд материалаараа хохирч, унаж тусдлаа молигодууллаа. Хэрэв ирэх 7 сарын 1-ээс эхлэн цахилгааны үнийг чөлөөлж эхэлбэл тэд энэ зун нүүрсээр галладаг зуухаа дахин угсрахаас өөр зам байхгүй.

 

Ингээд ирэх өвлөөс дахиаад л өнөөх хар утаандаа хахаж цацан хордож амьдарахаас өөр замгүй болж байна. Халдвар судлалын эмнэлэг ачааллаа дийлэхээ болиод удаж байгаа шүү. Сайханбилэг сайд аа, Таны ирээдүйгээ харсан бодлогогүй гэнэтийн энэ шийдвэр хичнээн эх нялхсын эрүүл мэндийг муутгахыг та лав тооцоогүй. Молиго үмхсэн иргэд маань харин УБЦТС ХХ-гаас гэрээгээ гэнэт цуцалсных нь төлөө захиргааны шүүхэд хандан мөнгөө нэхэмжлэх л үлдэв бололтой.    

                      
 Ш.Пүрэвсүрэн