sonin.mn
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой ярилцлаа.
 
-УИХ-ын чуулганаар “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” нэртэйгээр шинэч­лэн баталлаа. Энэ баримт бичгийг өөрч­лөх шаардлага танай салбарынханд тулгарсан байсан. Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн хүрээнд эерэг үр дүн харагдаж эхлэв үү?
 
-Аливаа улс аюулгүй байдлаа хангах, улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон албан ёсны баримт бичгийг батлан хэрэгжүүлдэг.
 
Монгол Улсын хувьд 1998 оноос “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг мөрдөж ирсэн. Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлт Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх эрх зүйн болон практик хэрэгцээ, шаардлага гарч ирсэн юм. Мөн батлан хамгаалах тогтолцооны үндсийг тогтоож, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх, батлан хамгаалах тогтолцоог улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ болохыг төрийн бодлогоор тодорхойлох, бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлүүдийг тодорхойлох практик шаардлага бий болсон.
 
Үүнтэй уялдуулан “Монгол Улсын төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг боловсруулж Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч УИХ-д өргөн барьж, УИХ баталлаа. Энэ бодлогын баримт бичиг зөвхөн батлан хамгаалах салбарынханд хамаатай зүйл биш. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад маш чухал баримт бичиг болсон байгаа.
 
-Өмнөх баримт бичгээс юугаараа ялгаатай, ямар өөрчлөлтүүд орсон юм бэ?
 
-Өмнөх “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичигт цэргийн асуудлыг илүүтэй төвлөрүүлсэн байсан. Гэтэл цэргийн асуудал нь өөрөө батлан хамгаалах салбарын нэг хэсэг нь юм. Энэ утгаар нь шинэчилсэн найруулгад эдийн засаг, улс төр, нийгэм, оюун санааны салбарт  батлан хамгаалах бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг иж бүрэн,  өргөн хүрээтэй  тусгаснаараа ач холбогдолтой. Түүнчлэн цэргийн байгууллага гэдэгт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд хамаарна гэдгээ тодорхойлж өглөө. Тайван цагт тус, тусдаа хуулиар заасан үүргээ гүйцэтгэнэ. Харин шаардлагатай цагт нэгдсэн зэвсэгт хүчин болж ажиллахаар тодорхой тусгасан.
 
Тэгэхээр шаардлагатай цагт нэгдсэн зэвсэгт хүчин болж ажиллах тухай, бэлтгэсэн байх тухай заалтууд орлоо. Манай зэвсэгт хүчний хувьд агаарын цэрэг болон хуурай замын цэрэг хоёр төрөлтэй байна. Ингэснээр манайд байгаа Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, Ерөнхий зориулалтын цэрэг гэдэг нь  өөрчлөгдөх болж байна. Энэ нь манай зэвсэгт хүчний хувьд шинэ зүйл. Гэхдээ энэ нь олон улсын жишигт нийцсэн, өндөр зориултууд дэвшүүлж байна гэж хэлэх байна. Ялангуяа, агаарын цэрэг гэж нэрлэгдэх болсон нь энэ салбарыг цоо шинээр хөгжүүлэх шаардлага гарч ирж байгаа юм.
 
-Энэ баримт би­чиг батлагдсантай хол­богдуулан салбарын бусад хуулийг шинэчлэх үү?
 
- Бодлогын бичиг баримт гарангуут батлан хамгаалах чиглэлийнхээ бусад хуулиудыг шинэчлэх, зарим хуулийг шинээр боловсруулж батлуулах ажил бидний өмнө байна. Ямар ч байсан батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулахын тулд хичээж байна. Болох байх.
 
-Таны урилгаар БНХАУ-ын Батлан хам­гаа­лахын сайд айлчлаад буцлаа. Айлчлалын  ач холбогдлын талаар яриач?
 
-БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад албан ёсоор айлчилж, хоёр орны батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ахиц авчирсан чухал үйл явдал боллоо. Манай хоёр орон иж бүрэн стратегийн түншлэл тогтоосон улс орнууд.
 
Тэр дундаа хоёр улсын  харилцаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэгийг онцлох учиртай. БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюаньтай бид хэлэлцээр байгууллаа. Үүнд, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал болон хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд голлон анхаарсан гэж хэлж болно. Бид батлан хамгаалах салбарт таван чиглэлээр хамтран ажилладаг. Үүнийгээ идэвхжүүлж хөгжүүлье гэж ярилцлаа.
 
-Тухайлбал, ямар чиглэлд түлхүү хамтарч ажиллахаар болов?
 
-Батлан хамгаалах сал­барын бо­лов­сон хүчнийг бэлт­гэх, харилцан цэргийн алба хаагчдыг сургах ажлаа үргэлжлүүлэхээр  тохирлоо. Гэхдээ тоог нь өсгөхдөө биш чанар, үр дүнг нь дээшлүүлэх  ёстой гэж ярилцлаа. Угаас тооны хувьд БНХАУ-д сурч байгаа манай цэргийн алба хаагчид олон бий. Хятадын АЧА-ын алба хаагчид ч манай БХИС-д суралцаж байна. Мөн батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай юм. Аж үйлдвэрийн салбарт хятадууд амжилт олсон учраас хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэхэд Чан Ваньцюань энэ саналыг маань нааштай хүлээж аваад Монгол Улстай энэ чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн гэсэн.
 
Манай хоёр улс НҮБ-ын  энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцдог учраас аль нэг газар хамтарсан байдлаар энхийг дэмжих ажиллагаанд оролцож болно гэсэн санал дэвшүүлж ярилцлаа. Цаашдаа судлах талаар ч ярилцсан байгаа. Манай улсад болдог “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургуульд энэ жил анх удаа БНХАУ-ын цэргийн бүрэл­дэхүүн салааны хэмжээнд оролцсон гээд энэ чиглэлийнхээ хамтын ажиллагааг улам хөгжүүлэх тухай ярилцсан байгаа.
 
М.Ган
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин