БСШУЯ болон Монголын Үндэсний музей хамтран өнөөдөр “Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” үзэсгэлэнг тус музейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.
 
 
Үзэсгэлэнд  музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн XIX зуун хүртэлх үеийн олон гайхамшигтай дурсгалаас гадна Монгол Улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Гоц мэргэн Ж.Баттөмөр, Хүндэт мэргэн, нум урлаач Т.Батмөнх, нум сум урлаач, “Хөвчит нум” ХХК-ийн захирал С.Болдбаатар нарын нум сум, хэрэглэл, судлаач  Л.Мөнхийн хувийн цуглуулга болон шинээр туршиж сэргээн үйлдсэн 300 гаруй үзмэрийг анх удаа дэлгэн үзүүллээ. 
 
Монгол нум сум урлаач, судлаач  Л.Мөнх хэлэхдээ, “Өнөөгийн Монгол нумын үүсэл гарал Хүннүгийн үе буюу одоогоос 3000 гаруй жилийн түүхтэй. Тухайн үеийн нум урлаачдын урласнаар хөгжиж байгаад XIII зуун буюу 1220-1340 онд хамгийн оргил үедээ хүрсэн. Дэлхийн ихэнх улс оронд өдгөө хүртэл эртний модон нумаар харвадаг бол монголчууд бидний өвөг дээдэс 3000 гаруй жилийн тэртээд амьтны эвэр, шөрмөсийг эвлүүлэн нааж гайхалтай хүчтэй, хол зайд оновчтой тусах шөрмөсөн артай, эвэр элэгтэй, хичир бүхий нумыг бүтээснээр дэлхийн хүн төрөлхтний оюуны соёлд тодорхой хувь нэмэр оруулсан байдаг" гэв. 
 
 
Монгол нум олон мянган жилийн турш хөгжиж, хүнд бэрх шалгуурыг даван туулсаар өнөөг хүрчээ. Түүхэн хөгжлийн явцад монголчуудын хүчирхэг байдлыг үгүй болгохоор харь улсын бодлогууд идэвхтэй явж улмаар уламжлалт монгол нуманд ч тодорхой нөлөө үзүүлжээ.
 
"Эртний нумыг судлахад булш, оршуулгын хэрэглэгдэхүүнүүд бодит эх сурвалж болно. Ялангуяа, хадны оршуулгын олдворууд онцгой сайн хадгалалттай байдаг нь их ач холбогдолтой. Тухайлбал, Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант Хайрхан, Булган сумын Чонот уул, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дугуй Цахир, Өвөрхангай аймгийн Богд сумын Цагаан хадны оршуулгад дагалдуулсан нум сум маш сайн хадгалагдан үлдсэн нь тухайн үеийн нум сумын технологи, хийцийг харуулах боломжийг олгож байна” хэмээн Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар тодотгов.
Үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно. 
 
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг