sonin.mn
Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхийн талаар Энх-Орчлон дээд сургуулийн захирал, сэтгүүлзүйн доктор Ч.Базарын байр суурийг сонслоо. Тэрээр эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжил, хүчин зүйлийн талаар томоохон судалгаа хийсэн юм.  
 
-Сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах эрх манай улсад бодит байдал дээр хэр байдаг вэ? 
 
-Эх сурвалжаа нууцлах эрх Монголын үндэсний радио телевизийн хуульд байдаг. Энэ хууль нь зөвхөн тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдэд хамаатай учраас бусад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд үйлчилдэггүй. Нууц эх сурвалжийг хамгаалах хууль эрхзүйн орчин бүрдээгүй учраас нэг талаас сэтгүүлчдэд мэдээлэл өгөх эх сурвалж айдастай байдаг.
 
Нөгөө талаас сэтгүүлчид мэдээлэл олж авахад бэрхшээл учирдаг. Ийм бэрхшээлээс болж сэтгүүлч өөрийн цензурт маш их автагддаг. Учир нь эрх ашиг нь хөндөгдсөн тал сэтгүүлчийг худал мэдээлэл түгээлээ хэмээн ямар нэг нэхэмжлэл гаргаж хууль цагдаагийн байгууллагад хандахад хамгийн анхан шатны мөрдөн байцаалт явуулж байгаа хүмүүс эх сурвалжаа хэлэхийг шаарддаг. Энэ үед сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах нь хуулийн хамгаалттай гэж хэлэх эрхзүйн орчин бүрдээгүй учраас ёсзүйгээ бодоод мэдээлэл өгсөн эх сурвалжаа нууцлаад хохирох тал бий.
 
Ийм тохиолдлууд  цөөнгүй бий. Хуулийн хамгаалалтгүйгээр далимдуулж албан тушаалтан, эрх мэдэлтнүүд сэтгүүлчийн эсрэг нэхэмжлэх гаргах тохиолдол маш их байдаг. Хохирогч нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан байх нь маш олон. Ер нь мэдээлэл өгсөн эх сурвалжаа хамгаалах нь сэтгүүлч төдийгүй иргэн хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах эрхтэй бас холбоотой. Тиймээс Үндсэн хуулиар заасан хүний эрхийг баталгаажуулахын тулд салбар хуулиудад сэтгүүлчийн эх сурвалжийг хамгаалах эрхзүйн орчныг бүрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай.
 
-Эх сурвалжаа хуулиар хамгаалж чадахгүй байна. Тэгвэл хуулийн байгууллагын өмнө ямар байр суурьтай байх хэрэгтэй вэ?
 
-Маргаантай юмуу эрэн сурвалжлах нийтлэлд нотлох баримтаа бүрдүүлэх л хамгийн чухал. Гарцаагүй нотлох баримттай бол буруудах нь бага. Мөн сэтгүүлч хувийн өмгөөлөгч авах эрх нээлттэй. Гэхдээ л хамгийн чухал зүйл бол сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Эх сурвалжийн өгсөн мэдээлэл хэр бодит вэ гэдгийг нягталж, олон эх сурвалжаас баталгаажуулсны дараа өөрийн үзэл бодол болон редакцитай зөвлөлдсөний үндсэн дээр хэвлэх хэрэгтэй. Анхны эх сурвалжид итгэж болохгүй.
 
Баримт, нотолгоотой зүйл хэвлэсний дараа сэтгүүлчийг эх сурвалжаа хэл гэх юм бол ихэнх нь ёсзүйгээ бодоод нууцлах тохиолдол их байдаг. Мэдээллийг дамжуулж байгаа эх сурвалж чухал учраас  эх сурвалжаа хэлэхгүйгээр хуулийн хариуцлага хүлээгээд явж байгаа сэтгүүлчид олон бий. Тиймээс сэтгүүлчийг үнэнийг дэлгэж, дуугарсных нь төлөө, мөн мэдээлэл өгсөн эх сурвалжийг шийтгэх  зүйл ардчилсан нийгэмд байж болохгүй юм.
 
-Эх сурвалжийг хамгаалах талаар тухайлбал аль хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?
 
-Нэг үеийг бодоход Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан нь том алхам болж  хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орсон. Одоо бол Мэдээллийн эрх чөлөөний хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, эсвэл Мэдээлэл өгсөн нууцыг хамгаалах хууль гэх маягаар жижиг хууль гаргаад мэдээлэл өгсөн нууц эх сурвалжийг хамгаалах эрхтэй гэсэн заалтыг оруулж өгөх хэрэгтэй. Ингэж байж эрх нь баталгаажна.
 
Сэтгүүлчид өөрсдөө болон сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, холбоод мэдээлэл олж авахад бэрхшээл учирч байна, сэтгүүлчийг шийтгэж байна, нийгмийг шударга болгох эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэх талаас нь сайн дуугарч, жагсч, цуглах хэрэгтэй. Үе үеийн парламент хийнэ гээд юу ч хийдэггүй. Улстөрчдийн амлалтад хууртах хэрэггүй. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэх нь зүйтэй.
 
-Олон улсын жишиг ямар байдаг бол?
 
-Эх сурвалжийг хамгаалах нууцлалыг Үндсэн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний хуулиараа зохицуулсан маш олон орон бий. Хэвлэл мэдээлэл нь улстөрөөс хараат байдаг  орнууд ихэнхдээ үүнийг хийх дургүй.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин