Монголын нам  бусчуудын холбооны  нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяртай ярилцлаа.
 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолохыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцсэн. Танай холбоо юу гэж үзэж байна?
 
-Манай улс хар машинаар орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрөв дэх удаагаа явуулах гэж байна. Улсын төсвөөс 24-26 тэрбум төгрөг гаргаж, нэлээд юм болж байж хар машиныг оруулж ирснийг та бүхэн мэдэж байгаа байх. Гэтэл энэ нь  дэлхийн стандартад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн сонгуулийн санал хураах зориултын машин биш.  Материалыг хуулах,  хувилах, хадгалах л  үүрэгтэй юм байна лээ  Хувилсан материалыг хэн ч яаж ч болно шүү дээ.
 
Сүүлийн үед МАНАН-гийн  аль ч бүлэглэл нь бие биедээ түлхүүрийг нь өгч,  хар машинаар дамжуулан  төрийн эрх мэдлийг луйврын аргаар ээлжээр авдаг гаж жишиг тогтлоо. Хар машин  бол булхай, луйвар нүүрлэсэн зүйл болохыг монголчууд өнгөрсөн  гурван сонгууль дамжин  харлаа. Ард түмэн итгэхээ болилоо. Тийм учраас хар машинаас татгалзъя гэсэн  шаардлагыг  бид СЕХ, эрх баригчид, улс төрийн намуудад хандан  тавьж байгаа. Энэ удаагийн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн,  улс төрийн гурван намаас нэр дэвшин өрсөлдөж байна. Нам нь ч, нэр дэвшигч нь ч цөөхөн. Тиймээс  Ерөнхийлөгчийн сонгуулийг хар машинаар бус гараар тоолоход болохгүй юм байхгүй.
 
-Хар машины асуудлыг сонгууль дөхөхөөр л ярьдаг.  Яагаад бусад үед нь ярьж болдоггүй юм бэ гэсэн шүүмжлэл ч саяхнаас гарах боллоо?
 
-Сонгуулиас бусад үед  хар машиныг  хэрэглэдэггүй. Тиймээс олон нийт ч цаг үе нь биш гэж үздэг юм уу, хаашаа юм тоодоггүй. Тэгэхээр сонгуулийн цаг үед ярьдаг. СЕХ нь ч нэг мэргэжилтнээ араас нь түлхэж гаргаад, нөгөөх нь дэлхийн брэнд, ийм ч давуу талтай, тийм ч сайхан машин гэж магтан  ард түмний тархийг угаагаад  сурчихсан. Ард түмнийг юм мэддэггүй, уншдаггүй гэж ойлгодог шиг байна.
 
-Санал тоолох зориулттай гээд байгаа хар машин хуулагч, хувилагчийн л үүрэгтэй гэж та түрүүнд хэллээ. Өөрчлөх боломж байхгүй гэсэн үг үү?
 
-Та бүхэн харж байгаа байх. Тэнд очиход  саналын хуудаст зөвхөн өөрсдийнх нь өгсөн үзгээр тэмдэглэгээ хийж хар машинд  оруулдаг. Тэгж байж машин таньж саналын хуудсыг уншдаг. Иргэн хүн өөрийнхөө балаар тэмдэглэнэ гэвэл тэр нь уншигдахгүй.  Тийм учраас хуулсан тэр хуудсыг яаж ч засч болохоор байна шүү дээ. Ингэж  өөрсдийнх нь татварын мөнгөөр авсан машинаар  ард түмний саналыг үнэгүйдүүлж байна. Тиймээс МАН, АН бол ард түмэнд ач холбогдолгүй намууд. Тэд ард түмнээ басамжилж, эдэнд юм ойлгуулах шаардлагагүй, хоосон дээр нь өртэй, өлсгөлөн байлгах ёстой, ингэж байж төрийн эрхийг өөрсдөө олон зуун жилээр авч явна гэсэн ойлголтоор яваад байна.
 
-Саналын хуудсыг тоолохдоо хяналтын тооллого явуулъя гэсэн санал өмнөх сонгуулиудаар  гарч байсан. Гэхдээ сонгосон ганц нэг хороонд гар тооллого хийсэн нэртэй өнгөрүүлсэн шүү дээ?
 
-Хяналтын тооллогыг  гар аргаар тоолж байх хооронд бас дахиад будлиан оруулдаг явдал ч бий. Нэг хар машинаас авсан 5000 хүний саналыг 5-6 хүн  ялгаж байх хооронд  М.Энхболдынх дээр эсвэл Х.Баттулгын саналын хуудсын дээр нэмээд тавьчихыг үгүйсгэхгүй. Ер нь бол очиж монгол хүн нүдээр харж, гараар барьж үзэж байж итгэдэг.  Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийг олон улс анхааралтай ажиглан харж, хэн болохыг нь сонирхож байгаа.  Тиймээс  монголчууд бүгдээрээ нүдээр харж, гараар барьж тоолж байж ард түмний жинхэнэ бодитой үнэлгээгээр сонгох нь зүйтэй. 2-3-хан нэр  дэвшигчид  сонгууль өгөх насны хоёрхон сая гаруй хүн л саналаа өгнө. Түүнийг тоолох амархан.Эрх баригчид ард түмнээ хааж, боогдуулахаа болих хэрэгтэй. Одоогийн эрх барьж байгаа нам ч гэсэн хоёр жилийн өмнө “Хар хайрцагт итгэхгүй гээд дүрсийг нь шатааж  байсан. Давхар албан тушаал хашихаа болъё гээд дээл давхарлаж өмсч ирээд Сүхбаатарын талбайд жагсч байсан. Өнөөдөр Ардын нам эрх барихаараа өөрсдийнх нь шатааж, эсэргүүцэж байсан “Хар хайрцаг” нь сайжирчихсан юм уу?Энд тэнд явахад иргэд байнга ингэж асууж байгаа шүү. МАНАН бүлэглэл ингэж тохиролцоогоор төр барьдагаа болих хэрэгтэй. Тохиролцоон дунд нь ард түмэн хохироод байна шүү дээ. Энэ удаа бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг хүн биш, ард түмний эрх ашгийн талд бат зогсч чадах  хүнийг гаргахын тулд ард түмэн саналын хуудсыг гараар тоолоод өгөөч гэж хүсээд байгаа шүү дээ. Тийм учраас сонгуулийн санал тоолох хар машиныг халах хэрэгтэй. Тэгж байж сонгууль шударга болно,  ард түмний хяналт  бий болно.
 
-Энэ удаагийн сонгууль хариуцлагатай чухал сонголт гэж бүгд хэлэх юм. Сонголтын, шударга ёсны үнэ цэнийг та  хэрхэн дүгнэж байна? 
 
Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн нэг хүний, нэг намын асуудал биш. Бидний цаашдын эрүүл нийгэм, хөгжлийн шинэ гарцын асуудал юм. Манай холбооны эрхэм зорилго бол туурга тусгаар Монгол Улсыг хөгжүүлэх, Монгол хүн бүр эх орондоо чинээлэг, хангалуун жаргалтай амьдрах явдал. Мөн төр засгийн бодлого, үйл ажиллагаа нь монгол хүн ийхээ төлөө байж хариуцлага, шударга ёсыг сэргээн тогтоох тухай юм. Бид эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо хадгалан үлдэх нэн чухал, хариуцлагатай цаг үетэй тулгараад байгаа тул монгол хүн та  нам эвсэл, үзэл бодол үл харгалзан эх орон, ирээдүй үр хүүхэд, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө нэгдмэл бодлоготойгоор хариуцлага, зорилгоо нэгтгээсэй.  Иргэний нийгмийн байгууллагынхан, нам бус иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч ард түмний Сайнхүү Ганбаатарыг дэмжин хамтран ажиллах болсон нь бидний шинэ гарц гэж үзэж байгаа.
 
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин