Арилжааны банкуудын дунд одоогоос гурван сарын өмнө Монголбанкнаас хадгаламжийн хүүний талаар санал асуулга явуулжээ. Санал асуулгад нийт 13 банк хамрагдсан бөгөөд “Чингис хаан” банк хадгаламж татдаггүй гэсэн үндэслэлээр оролцоогүй байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банкуудыг том, дундаж, жижиг хэмээн ангилсан байна. Үүнд, том банкинд “Хаан”, “Голомт”, “ХХБ”, “Хадгаламж” банкуудыг, дундаж банкинд “ХАС”, “Улаанбаатар” хотын болон Төрийн банкийг харин үлдсэн банкуудыг жижиг ангилалд оруулжээ.

Банкуудын 80 хувь нь том хадгаламж эзэмшигчдээ алдахгүйн тулд өндөр хүү амладаг.Санал асуулгын асуулт бүрийг үр дүнгээр нь танилцуулъя.

-Танай банкнаас хадгаламжийн хүүг тогтооход ямар хүчин зүйлс хамгийн их нөлөөлдөг вэ?

-Хадгаламжийн хүүний түвшинд эх үүсвэрийн зардал, инфляцийн түвшин, өрсөлдөөн, банкны системийн илүүдэл нөөцийн хэмжээ, хадгаламж эзэмшигчдийн үйл хөдлөл, хөрөнгийн захын хөгжил зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Эдгээрээс хамгийн чухал нь инфляцийн хүлээлттэй холбоотой зах зээлийн эрсдэл юм.

Том банкууд хадгаламжийн хүүгээ тогтоохдоо зах зээлийн өрсөлдөөн, татан төвлөрүүлэлтийн хэрэгцээ шаардлага, банкны өсөлтийн болдлого, эх үүсвэрийн дундаж зардал, ашигт ажиллагаа, зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үздэг гэж хариулсан байна. Харин дундаж болон жижиг банкууд зах зээлийн нөхцөл байдал, бусад банкны хадгаламжийн хүү, заавал байлгах нөөцийн хэмжээ, эх үүсвэрийн өртгийг харгалзан үзэж хадгаламжийн хүүгээ тогтоодог гэж хариулжээ.

-Сүүлийн жилүүдэд зээлийн хүүтэй харьцуулахад хадгаламжийн хүү дорвитой буурахгүй байгаа үндсэн шалтгааныг нэрлэнэ үү?

-Хадгаламжийн хүү дорвитой буурахгүй байгаа нь инфляцийн хүлээлт, хадгаламжийн захын сегментчлэлтэй юуны түрүүнд холбоотой. Тус асуултад банкуудын дийлэнх хувь нь инфляцийн хүлээлт өндөр, тогтвортой урт хугацаатай эх үүсвэр татах боломжгүй, өөрийн хөрөнгө бага, зээл олголт их байсантай холбоотой эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн их байгаагаа” хадгаламж өндөр хүүгээр татах сонирхолтой зэргээс шалтгаалж хадгаламжийн хүү буурахгүй байгаа гэж үзсэн байна. Мөн банкны салбарт гарсан хүндрэлүүд иргэдийн банкны салбарт итгэх итгэлд нөлөөлсөн гэж хариулжээ.

-Хадгаламжийн дундаж хугацаа богино байгаа нь юутай холбоотой вэ?

-Энэ асуултад дийлэнх банкууд эдийн засгийн тогтворгүй байдал, инфляцийн түвшин тодорхой бус, иргэдийн банкинд итгэх итгэл сул байгаа нь хугацаа богино байгаагийн үндсэн шалтгаан хэмээн хариулжээ. Том банкуудын хувьд эдийн засгийн байдал, инфляцийн хүлээлт өндөр байгаагаас иргэд урт хугацаагаар хадгаламж байршуулах сонирхол бага, өрхийн орлого тогтмол урт хугацаатай биш, эрсдэл өндөр, харилдагчийн сэтгэл зүйтэй холбоотой гэж үзжээ.

Дундаж болон жижиг банкууд, инфяцийн хүлээлт өндөр, иргэдийн банкны системд итгэх итгэл сул байгаатай холбон үзэж байна. Эндээс дүгнэхэд банкууд инфляцийн хүлээлт, өрхийн орлого тогтмол урт хугацаатай биш, мөнгөн хөрөнгийн төлөвлөлт богино, эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр хадгаламжийн хугацаа богино байна гэж үзэж байхад, дунд болон жижиг банкууд ихэнхдээ иргэдийн банкинд итгэх итгэл сул байгааг онцолсон байна.

-Танай банк хадгаламжийн хэмжээг хэрхэн ангилдаг вэ?

-Тус санал асуулгаар хадгаламжийн хэмжээг банкууд хэрхэн ангилж байгааг тогтоохыг зорилоо. Төрөөс харилцах, хадгаламжид баталгаа гаргаж буй тогтолцоог хадгаламжийн даатгалаар өөрчлөхөд хадгаламжийн хэмжээний талаар мэдээлэл шаардлагатай.

Даатгалын тогтолцоотой улс орнуудад хадгаламжийн хэмжээг бага, дунд, том хэмээн нэгдсэн байдлаар ангилан үүн дээр тулгуурлан даатгалд бүх хадгаламжийг хамруулах уу, аль эсвэл тодорхой дүн хүртэл хамруулах уу гэдгээ шийдвэрлэдэг байна.

Хадгаламжийн хэмжээг хэрхэн ангилдаг вэ гэсэн асуултад банкуудын 15.4% нь 0.5-1.0 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй, 7.7% нь 500 сая төгрөгөөс дээш дүнтэй, 7.7% нь 200 сая төгрөг хүртэл дүнтэй, 15.4% нь 100 сая төгргөөс дээш дүнтэй, 30.8% нь 50 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж, 7.7% нь 20 сая төгрөг хүртэл дүнтэй хадгаламжийг том дүнтэй хадгаламж гэж ангилдаг байна.

Харин 7.7% нь 1.0 тэрбум төгрөг хүртэл, 7.7% нь 500 сая төгрөг хүртэл, 7.7% нь 200 сая төгрөг хүртэл, 15.4% нь 100 сая төгрөг хүртэл, 38.5% нь 50 сая төгрөг хүртэл, 7.7% нь 5.0 сая төгрөг хүртэл дүнтэй хадгаламжийг дундаж дүнтэй хадгаламж, 7.7% нь 500 сая төгрөг хүртэл, 7.7% нь 100 сая төгрөг хүртэл, 23.1 % нь 50 сая төгрөг хүртэл, 7.7% нь 15 сая төгрөг хүртэл, 15.4% нь 5 сая төгрөг хүртэл, 23.1% нь 1 сая төгрөг хүртэл дүнтэй хадгаламжийг бага дүнтэй хадгаламж гэж ангилдаг байна.

“Кредит”, “Төрийн банк”-ууд хадгаламжийн хэмжээгээ ангилдаггүй гэж хариулжээ. Нийт хадгаламжийн 50 сая төгрөг хүртэл хадгаламжид даатгалын тогтолцоо бүрэн үйлчилнэ гэж үзвэл нийт хадгаламж эзэмшигчдийн 99.4 хувь буюу хадгаламжийн үлдэгдлийн 37.9 хувь нь хамрагдах боломжтой байна.

-Том хадгаламж эзэмшигчдээ бусад банкинд алдахгүйн тулд танай банк харьцангуй өндөр хүү амлах тохиолдол гардаг уу?

Нийт хадгаламж эзэмшигчдийн 0.3% нь нийт хадгаламжийн үлдэгдлийн 52.5%-ийг бүрдүүлж байгааг дээр харуулсан билээ. Ийм нөхцөлд 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай том хадгаламж эзэмшигчид банктай гэрээ байгуулахдаа давуу эрхтэйгээр оролцдог байж болох юм. Том хадгаламж эзэмшигчдийг татахын тулд банкууд өндөр хүү амладаг эсэхийг тус асуултаар тодруулах зорилготой байв.

Банкуудын 76.9% нь том хадгаламж эзэмшигчдээ бусад банкинд алдахгүйн тулд өндөр хүү амлах тохиолдол гардаг хэмээн хариулсан нь энэхүү таамаглалыг баталгаажуулж байна. Том банкуудын 75 хувь, жижиг банкуудын 86 хувь, дундаж банкуудын 67 хувь нь ийм зүйл байдаг гэж хариулжээ.

-Хадгаламжийн хүүг өөрчлөх эсвэл хэвээр нь үлдээх шийдвэр хэр тогтмол гардаг вэ?

-Энэ асуултаар банкууд хүүгээ өөрчлөхдөө бусад банкуудын үйл хөдлөлийг дагаж байна уу, аль эсвэл тодорхой давтамжтайгаар шийдвэрээ гаргаж байна уу гэдгийг тодорхойлохыг зорьсон. Бусад улсуудын хувьд актив, пассивын удирдлагатай холбоотой энэхүү чухал асуудлыг банкууд ихэвчлэн тодорхой давтамжтайгаар байнга хэлэлцэх хандлагатай байдаг бол томоохон банкууд бусдын үйл хөдлөлийг илүүтэйгээр ажигладаг байна. Банкуудын 31 % нь хадгаламжийн хүүний асуудлыг улирал болгон авч үздэг бол 69% нь тухайн үеийн эдийн засаг, санхүүгийн орчны нөхцөл байдлаас шалтгаалдаг хэмээн хариулжээ.

-Өнөөгийн нөхцөлд хадгаламжийн хүү буурлаа гэхэд зээлийн хүүнд өөрчлөлт орох уу?

Хадгаламжийн хүү буурлаа гэхэд нийт банкуудын 46% нь зээлийн хүүгээ бууруулна, 38% нь зээлийн хүү бууртлаа нэлээдгүй хугацаа орно, 15% нь зээлийн хүүнд өөрчлөлт оруулахгүй гэж хариулжээ. .

-Хадгаламжийн хүүгээ бууруулахад хадгаламжийн нийт хэмжээнд ямар өөрчлөлт гарч байсан бэ?

-Хадгаламжийн захын эрэлт, хүүнээс хамаарсан мэдрэмжийг ерөнхий байдлаар үнэлэхийн тулд тус асуултыг банкуудаас лавласан болно. Бүх банкууд хүүний түвшин буурахад хадгаламжийн хэмжээ харьцангуй тогтвортой байсан гэж хариулжээ.

-Зарим банк бодит үндэслэлгүйгээр хадгаламжийн хэт өндөр, зах зээлийн бус хүү санал болгоод эхэлбэл танай банк ямар хариу үйлдэл хийх вэ?

-Банкууд олон улсын санхүүгийн зах зээлд гарцгүй, нөгөө талаас иргэд, аж ахуйн нэгжээс хадгаламж, харилцах татах нь цорын ганц эх үүсвэртэй учир хадгаламжийн хүүгээр хоорондоо өрсөлдөж эх үүсвэрээ татан төвлөрүүлж байгаа билээ.

Үүнээс шалтгаалж зарим нэг банкууд хадгаламжийг өндөр хүүгээр татан төвлөрүүлэн зээлийн хүүг өндрөөр тогтоосон байдаг. Гэвч томоохон банкууд хадгаламжийн хүүгээ бууруулахад энэ нь хадгаламжийн хэмжээнд нь сөргөөр нөлөөлөөгүй байна. Банкуудын 85% нь ийм байдал үүсвэл хүүндээ өөрчлөлт оруулахгүй хэмээн хариулсан бол 15% нь тодорхой хариулт өгөхөөс татгалзсан байна.

Арилжааны зургаан банк 2012 онд хадгаламжийнхаа хүүг нэмэх нь

-Танай банкны хадгаламжийн хүүний талаарх 2012 оны төсөөллөөсөө бидэнтэй хуваалцана уу?

-Тус асуулт нь банкуудын инфляцийн хүлээлт ямар байгааг үнэлэхэд чиглэгдсэн юм. Санал асуулгад оролцсон банкуудын 23% нь хадгаламжийн хүү 2012 онд буурна гэсэн хүлээлттэй байгаа бол 31 % нь хүү өөрчлөгдөхгүй, 46% хүү нэмэгдэнэ гэж хариулжээ. Том банкуудын 50 хувь нь хадгаламжийн хүүг бууруулах, 25 хувь нь хэвээр нь үлдээх, үлдсэн 25% нь хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бол дундаж банкууд бүгдээрээ хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлнэ гэжээ. Харин жижиг банкуудын 1/3 нь өөрчлөлт оруулахгүй, 1/3 нь бууруулна, 1/3 өсгөнө гэж хариулжээ.

-Банкуудын хадгаламжийн хүүг бууруулахын тулд Монголбанк нэн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Монголбанк инфляцийн түвшинг ойрын жилүүдэд бага, тогтвортой түвшинд барьсан тохиолдолд инфляцийн хүлээлтийг бууруулах боломж бүрдэнэ. Инфляци, түүний хүлээлт тогтворжсоноор хадгаламжийн хүү буурах эдийн засгийн суурь нөхцөл бүрдэнэ.

Банкууд Монголбанк инфляцийг тогтвортой бага түвшинд барих, бодлогын хүүг бууруулах, хадгаламж, зээлийн харьцаанд шинэжилсэн стандарт бий болгох, иргэдэд банкны үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл өгөх, төрийн үйлчилгээний мөнгөн хөрөнгийг банкуудад хүүгүй байршуулах, хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох, бодлогоор дэмждэг эдийн засгийн салбарт олгогдож байгаа зээлүүдийн хүүг бууруулах, тогтвортой бага зардалтай эхүүсвэр татахад банкуудад дэмжлэг үзүүлэх, хямд үнэтэй, урт болон дунд хугацааны эх үүсвэрээр хангах шаардлагатай байгааг дурджээ.

Банкууд Монголбанкнаас хадгаламжийн хүүд дээд хязгаар тогтоохыг буруу гэлээ

-Хадгаламжийн хүү дээр Монголбанкнаас дээд хязгаар тогтоох нь зөв үү?

Хадгаламжийн хүүд Монголбанкнаас дээд хязгаар тогтоохыг банкуудын 15% нь дэмжиж, 69% нь дэмжээгүй байна. Харин үлдсэн 15% нь мэдэхгүй гэж хариулжээ. Дээд хязгаар тогтоохыг том болон дундаж банкууд бүгд, жижиг банкуудын 33.3 хувь нь дэмжээгүй байна.

-Татан төвлөрүүлж буй эх үүсвэрийн зардлыг хямдруулахын тулд танай банкнаас ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Тус асуултаар банкууд эх үүсвэрээ хямдруулах дотоод, гадаад боломжийг хэрхэн эрэлхийлж байгааг тодорхойлох зорилттой байв. Банкууд хөрөнгө оруулагчдаасаа бага хүүтэй эх үүсвэр татах, бэлэн бус төлбөр тооцоог нэмэгдүүлэх, нийт татан төвлөрүүлсөн хөрөнгөнд эзлэх зардал багатай эх үүсвэрийн хувийн жингээ нэмэгдүүлэх, зэрэглэлээ нэмэгдүүлж олон улсын захаас татдаг эх үүсвэрийн зардлыг хямдруулах, богино хугацаатай эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах, сул чөлөөтэй эх үүсвэрээр үнэт цаас худалдаж авах, харилцах, хадгаламжийн үйлчилгээний нэр төрлийн нэмэгдүүлэн, нэвтрүүлэх талаар судалж байгаагаа банкууд дурджээ.

Нийт зээлийн хэмжээ 2011 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 5.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 74.7 хувиар өсчээ. Зээлийн жигнэсэн дундаж хүү 16.1 хувь байлаа. Эдийн засгийн өсөлтийн үеүдэд зээлийн хэмжээ хадгаламжийн адил өсч байснаа хямралын улмаас банкууд эх үүсвэрийн дутагдалд орж 2008 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн 2009 оны дундуур хүртэл зээлийн тасалдал бий болж зээлийн хэмжээ 2.7 их наяд төгрөгөөс 2.5 их наяд төгрөг болтол буурчээ.

Монголбанк, Засгийн газраас шат дараатайгаар арга хэмжээ авсан нь банкны салбарыг хямралаас сэргийлж, учирсан хүндрэлийг саармагжуулан, улмаар зээлийн үлдэгдэл 2.5 их наяд төгрөгөөс төдийлөн буураагүй юм. Үүний зэрэгцээ эдийн засгийн байдал сэргэж, банкууд эх үүсвэрийн тасалдлаасаа гарч, зээл олголт нэмэгдэн, зээлийн хэмжээ өссөөр байна.

Уул уурхайн салбарыг дагасан хөрөнгийн урсгал эрс нэмэгдсэнээс банкны салбарын эх үүсвэр өссөн, эдийн засаг сэргэж, үйл ажиллагаа идэвхжин зээлийн эрэлт нэмэгдсэн зэргээс банкууд зээл олголтоо нэмэгдүүлж зээлийн хэмжээ 2010 оны эцсээс эхлэн эрс нэмэгдсээр байна. Банкуудын зээлийн хүүний хандлага хадгаламжийн хүүний хандлагатай адил буурсан байна.

Зээлийн хүүний санал асуулгад нийт банк хамрагджээ. Санал асуулгыг боловсруулахдаа Монголбанкныхан том банкинд “ХААН”, “Голомт”, “ХХБ”, “Хадгаламж” банкуудыг, дундаж банкинд “ХАС”, “Улаанбаатар”хотын, Төрийн банкуудыг, харин үлдсэн бусад банкуудыг жижиг гэж ангилжзэ.

-Танай банкнаас зээлийн хүүг тогтооход ямар хүчин зүйлс хамгийн их нөлөөлдөг вэ?

Зээлийн хүүг тогтооход эх үүсвэр, зээлтэй холбогдон гарч буй зардлуудад үндсэлдэг. Судалгаанд хамрагдсан хариултуудын хандлага ерөнхийдөө төстэй байсан бөгөөд дийлэнх банкууд эх үүсвэрийн зардал, эрсдэлийн түвшин, өрсөлдөгч банкуудын зээлийн хүү, үйл ажиллагааны зардал зэргийг харгалзан үзэж зээлийн хүүгээ тогтоодог гэжээ.

Зээлийн дундаж хугацаа богино байгаа эдийн засаг тогтвортой биш, эрсдэлийн түвшин өндөр байгаатай холбоон тайлбарлалаа

-Зээлийн дундаж хугацаа богино байгаа нь юутай холбоотой вэ?

-Том банкууд зээлийн дундаж хугацаа богино байгаа нь эх үүсвэрийн дундаж хугацаа богино, ихэнх зээлүүд эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулагддаг, эдийн засаг тогтвортой биш, эрсдэлийн түвшин өндөр байгаатай холбоотой гэж үзсэн байна. Харин дундаж, жижиг банкууд хадгаламжийн хугацаа богино, зээлдэгч нарын үйл ажиллагаанд нөлөөлөх гадаад хүчин зүйлс их. Мөн эх үүсвэрийн дундаж хугацаа богино, худалдааны салбарт дийлэнх зээл олгогдсон тул богино хугацаатай олгосон гэжээ.

-Танай банк зээлийн хэмжээг хэрхэн ангилдаг вэ?

-Зээлийн хэмжээг хэрхэн ангилдаг вэ гэсэн асуултад банкуудын 7.1 % нь 4 тэрбум төгрөгөөс дээш, 7.1 % нь 2 тэрбум төгрөгөөс дээш, 35.7% нь 1 тэрбум төгрөгөөс дээш, 14.3% нь 500 сая төгрөгөөс дээш, 7.1 % нь 100 сая төгрөгөөс дэзш, 21.4% нь 50 сая төгрөгөөс дээш дүнтэй зээлийг том дүнтэй зээл гэж ангилдаг гэж хариулжээ. Дундаж дүнтэй зээлд 4 тэрбум төгрөг хүртэл зээлийг оруулдаг гэж нийт банкуудын 7.1 % нь, 1 тэрбум төгрөг хүртэл гэж 21.4% нь, 500 сая төгрөг хүртэл гэж 28.6% нь, 300 сая төгрөг хүртэл гэж 14.3% нь, 100 сая төгрөг хүртэл гэж 7.1 % нь, 50 сая төгрөг хүртэл гэж 21.4% нь тус тус үзсэн байна.

Харин 7.1 % нь 500 сая төгрөг хүртэл, 7.1 % нь 150 сая төгрөг хүртэл, 7.1 % нь 100 сая төгрөг хүртэл, 28.6% нь 50 сая төгрөг хүртэл, 7.1% нь 30 сая төгрөг хүртэл, 42.9% нь 6-20 сая төгрөг хүртэл зээлийг бага дүнтэй зээл гэж ангилдаг байна.

-Том зээлдэгчдээ бусад банкинд алдахгүйн тулд танай банк зээлийн хүүний хөнгөлөлт үзүүлдэг үү?

Уг асуултад банкуудын 79 хувь нь том зээлдэгч нартаа бага хүү амлах тохиолдол гардаг гэжээ.

-Зээлийн хүүг өөрчлөх хэвээр нь үлдээх шийдвэрхэр тогтмол гардаг вэ?

Банкууд зээлийн хүүгээ өөрчлөхдөө бусад банкуудын үйл хөдлөлийг дагаж байна уу, эсвэл тодорхой давтамжтайгаар шийдвэрээ гаргаж байна уу гэдгийг тодорхойлохыг зорьсон. Банкуудын 29 хувь нь зээлийн хүүний асуудлыг улирал болгон, 71 хувь нь тухайн үеийн эдийн засаг, санхүүгийн орчны нөхцөл байдлаас шалтгаалдаг хэмээн хариулжээ. Банкууд сар бүр зээлийн хүүг өөрчлөх буюу хэвээр үлдээх шийдвэрийн талаар хэлэлцдэггүй байна. Банкуудын ангиллаар үзвэл том банкуудын бүгд, дундаж банкуудын 75 хувь, жижиг банкуудын 71 хувь нь тодорхой давтамжгүйгээр, тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрээ гаргадаг гэжээ.

-Өнөөгийн нөхцөлд зээлийн хүү буурлаа гэхэд хадгаламжийн хүүд өөрчлөлт орох уу?

Өнөөгийн нөхцөл байдалд зээлийн хүү буурлаа гэхэд нийт банкуудын 36 хувь нь хадгаламжийн хүүгээ дагаад бууруулна, 64 хувь нь хадгаламжийн хүү буурахад нэлээдгүй хугацаа орно гэж хариулжээ. 64 хувь нь хадгаламжийн хүү буурахад нэлээдгүй хугацаа орно гэж хариулжээ. Банкуудын ангиллаар нь авч үзвэл том банкуудын 50 хувь, дундаж банкуудын 25 хувь, жижиг банкуудын 86 хувь хадгаламжийн хүү буурахад нэлээдгүй хугацаа орно гэж үзжээ.

-Танай банк зээлийн хүүгээ бууруулахад нийт зээлийн хэмжээнд ямар өөрчлөлт гарч байсан бэ?

-Зээлийн хүүнээс хамаарсан мэдрэмжийг ерөнхий байдлаар үнэлэхийн тулд тус асуултыг банкуудаас лавлажээ. Хүүний түвшин буурахад зээлийн хэмжээ харьцангуй тогтвортой хэмжээнд байсан гэж банкуудын 64 хувь нь, зээлийн хэмжээ өссөн гэж 36 хувь нь хариулсан байна. Банкуудын ангиллаар үзвэл том банкууд бүгд зээлийн хэмжээ өссөн гэж хариулсан бол дундаж болон жижиг банкуудын 90 хувь нь зээлийн хэмжээ харьцангуй тогтвортой байсан гэж хариулжээ. Зээлийн хүүгээ бууруулахад нийт зээлийн хэмжээ буураагүй байна.

-Зарим банк бопит үндэслэлгүйгээр зээлийн хүүг бууруулж, зах зээлийн бус хүү санал болгоод эхэлбэл танай банк ямар хариу үйлдэл хийх вэ?

Банкуудын 64 хувь нь энэ тохиолдолд зээлийн хүүндээ өөрчлөлт оруулахгүй, 36 хувь нь ямар нэг байдлаар хариу үйлдэл хийнэ гэж хариулжээ. Тухайлбал, судалгаа хийсний үндсэн дээр өөрчлөх талаар шийдвэрлэнэ, өөр шинэ бүтээгдэхүүн санаачлан нэвтрүүлнэ, тодорхой төрлийн зээлийн хүүгээ бууруулна гэсэн байна.

-Танай банкны зээлийн хүүний талаарх 2012 оны төсөөлөлөөсөө бидэнтэй хуваалцана уу?

Энэ асуултад банкуудын 36 хувь нь зээлийнхээ хүүг бууруулна, 36 хувь нь өөрчлөлт оруулахгүй, 28 хувь нь зээлийн хүүгээ өсгөнө гэсэн хариултыг сонгосон байна.

-Банкуудын зээлийн хүүг бууруулахын тулд Монголбанк нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Том банкууд Монголбанк инфляцийг бага түвшинд тогтортой барих, бодлогын хүүг бууруулах, иргэдийн хадгаламжаас бусад бага зардалтай эх үүсвэрийг татан төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чухалчлан үзэж байсны зэрэгцээ, төгрөгийн бенчмарк бий болгох, зээлийн мэдээллийн санг баяжуулах, жижиг дунд бизнесийг дэмжсэн төслийн зээлийн санхүүжилтийг идэвхжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Дунд болон жижиг банкууд инфляци, бодлогын хүүний хувьд том банкуудтай адил саналтай байна. Мөн ЗБН-ийн хувийг бууруулах, дүрмийн сангийн доод хэмжээг нэмэгдүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, дүрмийн сангийн доод хэмжээг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцөөс урт хугацаатай эх үүсвэр бий болгоход туслах зэрэг саналуудыг дурджээ.

Эх сурвалж: “Бизнесийн мэдээ”