sonin.mn
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс байгалиасаа биеийн гадна төрх байдлаараа өөр байхаас гадна оюун санаа, сэтгэхүйгээрээ ч хоорондоо ялгаатай. Эдгээр ялгаанаас болж нийгэмд маш олон асуудал үүсч байдгийг хүмүүс мэднэ. Тухайлахад эрчүүдийн анхаарал хуваарилалт эмэгтэйчүүдийнхээс харьцангуй бага байдаг. Хөгжим дуугарч байхад ажлаа хийж байсан эрэгтэй хүний анхаарал хурдан сарних бөгөөд тэд нэгэн зэрэг олон хүмүүстэй харилцаж, анхаарлаа хуваарилж чаддаггүй. Харин эрэгтэй хүний эдгээр төрөлхийн шинж, онцлогуудыг зарим эмэгтэйчүүд ойлголгүй өөрийг нь тоохгүй байна гэх зэргээр гомдоллож харилцаандаа асуудал үүсгэдэг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү нарийн сонсголтой байдаг. Түүнээс гадна эмэгтэй хүний тархи дуу чимээг амархан ангилж салгаж чадах бөгөөд тэдгээр чимээний аль алийг нь зэрэг хүлээн авч чаддаг. Үр дүнд нь хүнтэй ярьж байх үедээ хажууд байгаа хүмүүсийн ярианаас нэг ч үг өнгөрөөлгүй сонсдог. Энэ чадвар нь эрэгтэй хүнд бол маш сул, аль нэг мэдээллийн урсгалд анхаарлаа хандуулсан үедээ зэрэгцээ мэдээлэл хүлээж авах чадвар эрчүүдэд бараг байхгүй. Гэвч эрчүүд анхаарлаа нэг чигт төвлөрүүлэх чадвараараа эмэгтэйчүүдээс илүү. Тийм болохоор Нобелийн шагналыг 1901 оноос хойш хүртсэн нийт эрдэмтэдийн 85 хувь нь эрчүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл эрчүүд тухайн бүтээж, хийж байгаа зүйлдээ 100 хувь анхаарлаа төвлөрүүлдэг аж. Олон сайхан бүтээл туурвисан хөгжмийн зохиолч эмэгтэйчүүд байх хэдий ч В.Моцарт, Л.Бетховен шиг хөгжим зохиосон нь үгүй. Х.Рембрандт, Леонардо да Винчи зэрэг алдартай зураачдын бүтээлийг ч гэсэн та санаж байгаа, тэд мөн л эрчүүд. 
Энэ бүхэн нь зөвхөн анхаарал төвлөрүүлэх чадвартай холбоотой болохыг эрдэмтэд олжээ. Судлаачид 1000 гаруй, янз бүрийн насны хүний тархинд шинжилгээ хийсний дүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн анхаарал төвлөрүүлэх чадвар нь тархины мэдрэлийн сувгийн байрлалаас үүдэлтэй болохыг олсон байна. Учир нь судалгааны явцад эмэгтэй хүний баруун, зүүн тархины мэдрэлийн сувгууд нь эрэгтэй хүнийхээс даруй гурав дахин их гарсанд юм. Харин эрчүүдийн баруун, зүүн тархины мэдрэлийн судлууд нь хоорондоо бараг холбоогүй бөгөөд тус тусдаа ихээр холбогдсон байдаг аж. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн аливаа мэдээллийг баруун, зүүн тархиараа зэрэг боловсруулах өндөр чадвартай гэсэн үг. Ингэснээр аливаа үйлдлүүдийг зэрэгцүүлэн хийх чадвар эрчүүдээс илүү юм. Харин эрэгтэй хүн мэдээллийг тухайн байдлаас шалтгаалж баруун эсвэл зүүн тархиараа л хүлээн авч боловсруулдаг байна. Уг тархины ялгаа нь өдөр тутмын энгийн үйлдэлд ихээр ажиглагддаг аж. Тухайлбал, эмэгтэйчүүд гал тогоондоо хүүхдээ тэврэн асарч байхдаа хоолоо бэлтгэж, түүний сацуу найзтайгаа утсаар элдвийг ярилцах нь жирийн л нэг үзэгдэл. Эмэгтэйчүүдийг нэгэн зэрэг олон зүйлд анхаарлаа хандуулах явцад баруун, зүүн тархины мэдрэлийн сувгийн үйл ажиллагаа идэвхжиж байгааг судлаачид тогтоосон байна. Харин эрчүүдийн хувьд бол асуудал өөр. 
Пеннисалваниа их сургуулийн профессор Режина Верма “Бид маш сонирхолтой судалгаа явуулж, сонирхолтой үр дүнд хүрсэн байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархины мэдрэлийн судлуудын байршил өөр боловч эрчүүдийн хоёр тархиндаа тус тусдаа бөөгнөрсөн тархины мэдрэлийн судлууд эмэгтэйчүүдийнхээс илүү байгаа нь анзаарагдлаа. Энэ нь анхаарал төвлөрүүлэхэд эрчүүдэд маш их боломжийг өгч байгаа юм” гэжээ. Логик сэтгэлгээ шаардсан үйлдлүүдэд зүүн тархи идэвхждэг бол зүүдлэх, уйлах, зураг зурах, хөгжим сонсох зэрэгт баруун тархи идэвхждэг аж.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин