sonin.mn

Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэх асуудлаар Түүхч, профессор Н.Нагаанбуутай ярилцлаа.

-Засгийн газар Чингис хааны төрсөн өдрийг арван нэгдүгээр сарын 14 хэмээн товлож, улс даяар амралтын өдөр болгох тухай асуудлыг Та болон хэсэг түүхчид нэлээд эсэргүүцэж байх шиг байна. Учир шалтгаан нь юу вэ?

-Төрийн томчууд төрсөн өдөртэй Чингис хааныг төөрсөн өдөртэй болгочихлоо. Энэ нь "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэдэг болж байна. Би яагаад төрсөн өдөртэй гэж хэлж байна гэхээр Монголын тулгатай сурвалжуудад "Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн" гэж тэмдэглэсэн байгаа. Эрт цагт алтан ургийн сурвалжтанууд шинийн гурванд "Тасман тахил"-ын мялаалга хийдэг байсан. Харин маргааш нь энгийн ард түмэн гал голомтын тахил буюу хааны төрсөн өдрийг тэмдэглэдэг байсан тухай тэмдэглэсэн байдаг.

Үүнийг монгол ёс заншлаар бичдэг түүхч, судлаач Х.Нямбуу, их хүрээнд 30 гаруй жил ажилласан эрдэмтэн Ларсон нар Чингис хаан арван хоёрдугаар сарын 25-нд төрсөн гэж бичсэн. Ийм тодорхой төрсөн өдөртэй түүхэн хүнийг гаднын иргэд төрийн толгойд гарсан юм шиг хуучин, уугуул өв соёлоо мэдэхгүй англи боловсролтой төрийн түшээд төөрүүлчихлээ. Тэдэнд англи хэлээр Америкийн соёлыг яривал ойлгох байсан байх. Монгол хэлээр, эх сурвалжаа бариад явахаар ойлгохгүй байна.



-Хэдэн зуун жил чимээгүй байсаи Чингис хааны төрсөн өдрийг гэнэт товлох болсон шалтгаан нь юу байв. Үүнийг зарим хүмүүс улстөртэй холбоотой гэж ярих юм?

-Түүхэнд иймэрхүү байдлаар хандаж болохгүй. Өв соёлоо мэдэхгүй түүхээрээ тоглосноос болж Чингис хаан дэлхийд элэг доог болж байна. Жишээлбэл, Грекийн эрдэмтэд түүхийг зуун болон оноор нь тооцдог. Гэтэл манайхан гэнэт ухаарсан мэт Чингисийн төрсөн өдрийг товлож, олон нийтийн амралтын өдөр болгох талаар шийдвэр, тогтоол гаргахдаа тулаад байна. Арван нэгдүгээр сарын 14-нийг энэ жилийнхээр гаргаж ирсэн. Гэтэл Чингис хаан 2012 онд төрөөгүй. Ийм байхад энэ оныхоор тооцож төрсөн өдрийг товлох ямар ч үндэслэл байхгүй.

Мөн Манжийн дарлалд байсан үе буюу 1911 оны үед хэрэглэж байсан шарын зурхайг Богд хааны зарлигаар хаасан байдаг. Өнгөрсөн жил эрх чөлөөгөө эдэлж байна хэмээн нэг их том баяр хийсэн биз дээ. Гэтэл 1911 онд Манжийн дарлалаас салсан тул Манжийн тооллыг хаалаа гэсэн зарлигийг өнөөдөр яагаад хүчин төгөлдөр мэтээр яриад байгаа юм. 1911 оноос эхлээд олноо өргөгдсөн гэж төрийн хэрэгт авч хэрэглэж байгаад хаясан билгийн тооллын зурхайг яагаад хэрэглээд байгаа юм. Би үүнд их гайхаж байна. Тэгээд эцэстээ баримт судалгаанд түшиглээд, хөөцөлдөөд ирэхээр улс төрийн шийдвэр гэж хэлж байна шүү дээ.



-Маргаантай байдлаас харахад түүхчид оролцоогүй юм шиг харагдаж байна. Тэгэхээр үүнийг хэн шийдэж гаргасан төрсөн өдөр болж таарч байна аа?

-Чингисийн төрсөн өдрийг тодорхойлоход түүхчид оролцоогүй. Би Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд хандсан. Хариу бичиг ирүүлсэн. "Манай Түүхийн хүрээлэн оролцоогүй. Хэл бичгийн эрдэмтэн А.Чоймоо, түүхч А.Очир нарын хүмүүс идэвхтэй оролцож тогтоосон. Мэдээж XIII зуунд төгс буянтын цаг тооны бичгийг барьж байгаагүй нь ойлгомжтой" гэсэн утга бүхий бичиг ирүүлсэн. Тэгэхээр Түүхийн хүрээлэн арваннэгдүгээр сарын 14 гэдэг тоо гаргахад оролцоогүй болж таарч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, түүхчдэд нэг их хамаатай асуудал биш гэж төрийн томчууд ойлгож байх шиг байна. Гэтэл УИХ-ын байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс их хааны төрсөн өдөр тогтоож байгаагаа улстөрийн зорилготой гэж хэлсэн. Үүний өнгөн шалтаг нь Чингис хааныг бусад улс орнууд өөрийн баатар хэмээн үзэж эхэлсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа.

Түүний цаана ямар улстөрийн шалтгаан байгааг би мэдэхгүй байна. Үнэхээр улстөрийн шалтгаан байгаа юм бол яагаад ардчилсан Монгол Улс 200 гаруй жил дарлагдсан Манжийн тооллыг ашиглах болов. Түвдийн шашин уруу гүнзгий орох болсон шалтгаан юу байв гээд олон асуудал гарч ирнэ.



-Таны тооцоолж байгаагаар Чингисийн төрсөн өдөр яг хэзээ вэ?

-Төрийн түшээд арваннэгдүгээр сарын 14 гэж тогтмол өдөр яриад байна. Тэгвэл энэ өдөр 2014 онд намрын адаг сарын 23-нд таарч байгаа. Намрын адаг сард Чингис хаан төрсөн гээд зогсож байх уу. Яг түүхээрээ бол Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн шүү дээ. Бид энэ байдлыг ойлгуулах гэж төр засагт хандаад байгаа юм. Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцээд, дараагийн хурлаар шийдвэрлэе гэж ярьсан байна лээ. Тэгэхээр тэд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн өдөр нь гэж тэмдэглэж байхаар тогтож байх шиг байна.

Ингэснээр энэ жил арваннэгдүгээр сарын 14-нд таарч байгаа бол 2015 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь арван хоёрдугаар сарын 13-нд байна. Хойтон жилийнх нь аравдугаар сарын 30-нд таарч байгаа. Энэ хооронд 44 хоногийн зөрүүтэй. Ингэхлээр энэ 44 хоногийн алинд нь Чингис хаан төрсөн гэж үзэх болж байна. Их хаан байтугай эгэл бид нэг л өдөр төрдөг. Ишиг, хурга ч нэг л өдөр төрдөг биз дээ. Гэтэл Чингис хааныг төрсөн өдөргүй болгож төөрүүлж байгаараа түүхэнд хэр зэрэг хандаж байна гэдгээ харуулж байна. Чингис хаанаас өмнөх нэр төртэй хүмүүс нэг л онд төрсөн байдаг. Тэгэхээр Чингисийн төрсөн өдрийг билгийн тооллоор тогтоох нь зөв.



-Билгийн тооллыг зөв гэж үзэж буй шалтгаанаа тайлбарлана уу?

-Билгийн тоолол нь сарны тоолол гэсэн үг. Төгс буянтын зурхайн жилийн 384 хоногтой, эсвэл 354 хоногтой гэж үзэж зохиосон байдаг. Жил дуусахад шинийн нэгний cap байдаггүй. Шинийн нэгний cap зөв тооцоолсон бол байж л байх ёстой. Гэтэл ертөнц 365 хоногтой. Энз нь таарахгүй болохоор илүү сартай болгодог. Зарим өдөр нь шахагддаг, зарим өдөр бүр алга болдог. Иймэрхүү тооцоо хийдэг учраас малчид цаг тооны бичгийг цээжлэхийн аргагүй болсон. Миний бодлоор өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээр тогтооход төөрөх юм байхгүй. Ерөөсөө өдрийг нь заачихсан байгаа.

Үүнийг аргын тооллоор тааруулах гэж байгаа бол ард түмэн бас л тааруулчихсан. Арван хоёрдугаар сарын 22-ны өдрийг монголчууд өдөр шөнө тэнцээд хамгийн богино өдөр, урт шөнө гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, ес эхэлдэг. AH, МАХН зөвшилцөж, түүхээр оролдож болохгүй л гэмээр байна.

Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: "Монголын үнэн"