Оросын Холбооны Улс нь кибер аюулгүй байдлын салбарт үүсч буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэхэд чиглэгдсэн тодорхой, үр дүнтэй олон улсын механизмыг бий болгох шаардлага байна гэсэн байр сууриа тууштай хамгаалсаар байна. Өнөөдөр бид монгол уншигчдадаа Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тусгай төлөөлөгч, ОХУ-ын ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.В.Крутскихийн өгүүллийг хүргэж байна.
 
ОХУ-ын эсрэг чиглэгдсэн АНУ-ын суртал ухуулга дасал болсон боловч сүүлийн үед Америкийн эрдэмтэн судлаачдын дунд эрүүл саруул дуу хоолой сонсогдох болов. Тухайлбал, “The Daily Beast" цахим сэтгүүлд гарсан "Түргэн холбоо барих “халуун шугам” нь АНУ, ОХУ- ын кибер дайныг урьдчилан сэргийлж чадна" гарчиг бүхий нийтлэл анхаарлыг ихэд татаж байна. Уг өгүүлэлд АНУ ба ОХУ нь олон улсын мэдээллийн аюулгүй байдлын салбарт улс төрөөс ангид ба шинжээчдийн оролцоотойгоор яриа хэлцэл явуулахгүй байгаа нь нөхцөл байдлыг мухардуулахаас гадна үл ойлголцлыг даамжруулж, томоохон хэмжээний зөрчилдөөн үүсгэх эрсдэлтэй гэдгийг ил тодоор хүлээн зөвшөөрчээ.
 
Хэрэв АНУ-ын хууль хүчний болон шинжээчдийн нийгэмлэг үнэхээр энэхүү үнэлгээтэй санал нийлж байгаа бол энэ нь “хориглолтын шугамын нөгөө талд” байгаа хамтран ажиллагсадтайгаа санал нийлэхээс өөр аргагүй байдал юм. 
 
Зургаан жилийн өмнө буюу 2013 онд бид кибер халдлага гарсан тохиолдолд ОХУ болон АНУ-ын хооронд шууд харилцаа тогтоох холбооны шугамын талаар тохиролцоонд хүрч чадсан билээ. Үнэн хэрэгтээ энэхүү шугам нь “Хүйтэн дайны” үед уламжлалт цэргийн зөрчилдөөний үеэр хэрэглэж байсан “халуун шугамтай” ижил төстэй тогтолцоотой бөгөөд яам газруудаас эхлэн улс төрийн бүх түвшинд шуурхай холбоо тогтоож, мэдээлэл солилцох боломжийг олгож байгаа юм.
 
Эдгээр жилүүдэд холбооны сувгуудыг нэг бус удаа ашиглаж байв.
 
Барак Обамагийн засаглалын үед бид ерөнхийдөө нэлээд идэвхтэй яриа хэлцэл өрнүүлдэг байсан ба техникийн түвшинд ч, мөн бүрэн хэмжээний зөвлөгөөний хэлбэрээр ч кибер асуудлуудыг хэлэлцдэг байв. Орос-Америкийн Ерөнхийлөгчдийн комиссын хүрээнд хоёр талын өндөр түвшний тусгай ажлын хэсэг хүртэл байгуулагдсан байсан.
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын явцад цахим дэд бүтцэд нь хууль бусаар нэвтэрсний улмаас санаа нь зовсон АНУ-ын тал 2016 оны намар хоёр талын холбооны түргэн шугамыг ашиглан манай талд хандсан нь энэхүү “халуун шугам” хэрхэн ажилладгийг харуулсан хамгийн тод жишээ юм. Манай талаас урьдын адил үтэр түргэн хариу өгсөн ба бид техникийн холбогдох мэдээллийг солилцсон. Манай Цахим зөрчлүүдийг зохицуулах үндэсний төв нь Америкийн талын зөвшөөрөлтэйгөөр энэхүү бичгэн хэлэлцээний агуулгыг дэлгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн боловч татгалзсан хариу авсан. Захидлуудыг хэвлэн нийтэлье гэсэн манай талаас гаргасан санал нь урьд өмнө тохиолдож байгаагүй алхам бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ манай түншүүдийн ярих дуртай ил тод байдлын жинхэнэ илрэл юм.
 
ОХУ юунаас ч айж эмээхгүй. Мөн ОХУ-д нуун далдлах ямар ч зүйл алга. ОХУ-ын болон АНУ-ын олон нийт болон шинжээчид энэхүү захидлуудыг бүх талаар нь судлан шинжиж, тухайн үед юу болсон талаар өөр өөрсдийн дүгнэлтийг гаргана гэдэгт бид бэлэн байна.  
 
Гэвч Америкийн тал нь эдгээр материалуудын “мэдрэмж”- ээр шалтаглан, тэднийг нийтлэхээс татгалзсан учир одоохондоо бид уг мэдээллийг олон нийтэд хүргэх боломжгүй байна. Ийнхүү хандлага нь өөрсдийн байр сууриндаа итгэлгүй байгааг илэрхийлнэ. Учир нь олон нийтэд нээлттэй болсон эдгээр баримтууд байхад кибер халдлагад “Оросын гар” оролцсон тухай гомдол гарган, манай талыг буруутгахад илт хэцүү болно.
Гэсэн хэдий ч энэхүү утгагүй байдал нь үүгээр төгсгөл болсонгүй. АНУ-ын засгийн газрын агентлагуудаас татгалзсан хариу авсны дараагаар бид Москва уг нөхцөл байдалд хэрхэн хандаж байгааг Америкийн олон нийтэд шууд ярьж өгөхөөр шийдсэн ба АНУ-ын хэд хэдэн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан, манай өгүүллийг нийтлэх санал тавьсан билээ. Бид тэдэнд “Бид шууд ярина, харин та нар хүссэн тайлбараа хийж болно. Хэрэв та нарт манай саналууд таалагдахгүй бол, хэрэв та нар бидэнд итгэхгүй байгаа бол үүнийгээ ил тод бичээрэй. Уншигчид өөрсдөө шүүг” хэмээн хэлсэн. Эхэндээ эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нь манай саналыг ихэд сонирхон хүлээн авч, холбогдох нөхцөлүүдийг тодруулж, манай өгүүллийг нийтлэхэд бэлэн байна гэж байсан бол сүүлдээ аливаа тайлбаргүйгээр Татгалзах хариу өгөв. Дээрээс нь тэднийг “номхруулсан” бололтой.
 
Бид албан ёсны Вашингтоноос энэ талаар “итгэл хангалтгүй байна” гэсэн тайлбарыг удаа дараа сонсдог. Хариуд нь “Танай тал энэхүү сэдвээр ярилцахаас тууштай зугтсаар байхад «итгэл хаанаас төрөх вэ?" хэмээн асуумаар санагддаг. Бид нэг бус удаа хоёр талын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах санал тавьж байсан ч удаа дараа татгалзсан хариу авсаар байгаа билээ. Манай түншүүд нүүр тулж ярилцахаасаа айж байгаа учир өөрсдийн гомдлоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цацахыг илүүд үзэж байна хэмээн өөрийн эрхгүй бодно.
Шинжээчдийн санал, яриа хэлцлүүдээр дэмжигдсэн шуурхай холбоо барих шугамууд нь улс төрийн шалтгаанаар ажиллахаа больбол хоёр дахь “Карибын хямрал”-тай нүүр тулах эрсдэлтэй. Харин энэ удаад түүнийг өдөөх шалтаг нь цөмийн пуужин бус мэдээлэл, харилцаа холбооны технологи байх болно. Үйл явдлууд хэдхэн минутын дотор өрнөх ба хоёр талд бодож, шийдвэр гаргах хугацаа олдохгүй. Иймэрхүү үйл явдлууд нь бидний бодит амьдрал ба аль эрт уран зөгнөлт киноны зохиол байхаа больсон.
 
Бид олон талт уулзалтуудын хүрээнд АНУ-тай кибер асуудлуудаар ил тод, ардчилсан, бүтээлч яриа хэлцэл өрнүүлэх бодлого баримтлахыг хичээдэг. Энэ жил НҮБ-ын хүрээнд олон улсын мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар яриа хэлцэл явуулах хоёр мэргэшсэн тогтолцоог бүрдүүлэх ёстойг бид бүгд мэдэж байгаа. Энэ нь бүх гишүүн орнуудын нээлттэй ажлын хэсэг болон Засгийн газрын шинжээчдийн баг юм. Бодит байдал дээрээ НҮБ-ын хүрээнд нэгэн зэрэг хоёр ажлын хэсэг зэрэгцэн ажиллах ба одоогийн байдлаар энэхүү хоёр баг нь хоорондоо ямар зарчмаар харилцан ажиллах вэ гэдгийг шийдэх нь чухал байна. НҮБ-ын тавцан дээр олон улсын мэдээллийн аюулгүй байдлын сэдвээр “гладиаторуудын тулаан” зохион байгуулах нь бидний сонголт биш юм.
 
ОХУ нь бусад бүх улс орнуудын адил эдгээр ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг харилцан уялдаатай, үр бүтээлтэй хамтран ажиллах хэлбэрээр өрнүүлэх сонирхолтой байна.
 
Асуудалд эрүүл ухаанаар хандахын улмаас бид “ачааг хуваалцах" зарчмын дагуу ажиллахын санал болгож байна. Үүний дагуу нээлттэй ажлын хэсэг нь олон улсын хамтын нийгэмлэгийн ихэнх тишүүдийн санаа бодлыг чилээсэн улс төрийн томоохон асуудлуудад анхаарлаа хандуулах ёстой. Тухайлбал, мэдээллийн орон зай дахь улс орнуудын хариуцлагатай хандлагын дүрэм журмууд, энэхүү салбар дахь итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээнүүд, хөгжиж буй улс орнуудад үзүүлэх тусламж, түүнчлэн энэ сэдвээр өрнүүлэх яриа хэлэлцээний хэлбэрийг (НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, эсвэл Ерөнхий Ассамблейн дэргэдэх байнгын хороо, эсвэл аливаа бусад хэлбэрүүд) ярилцан тохиролцох гэх мэт.
Засгийн газрын шинжээчдийн баг нь ач холбогдлын хувьд дутахааргүй өндөр боловч илүү нарийн мэргэшсэн сэдвүүдийг буюу олон улсын эрх зүйн өнөөгийн хэм хэмжээг мэдээллийн орон зайд хэрхэн хэрэглэж болох тухай асуудлуудыг эн тэргүүнд хэлэлцэж болох юм. Ажлын хэсгүүдийн өрнүүлэх яриа хэлцлүүд нь улс төрөөс ангид, прагматик байх ёстой бөгөөд үр дун нь өрсөлдөх бус харин бие биенээ нөхөх байдалтай байх ёстой. Ажлын хэсгүүдийн хариуцсан асуудлуудын дээрх тодорхойлолтоос харахад тэдний хөндөх асуудлуудын хүрээ асар өргөн бөгөөд энэ нь зөвхөн бүх оролцогчдын бүтээлч хдндлагын ачаар л амжилтад хүрэх боломжтой юм.
Хамтын ажиллагааны хөтөлбөртэй илүү төстэй ийм төлөвлөгөөгөө бариад бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын талд хандав. Урьдын адил тэдэнд биечлэн уулзаж, эдгээр сэдвүүдийг хэлэлцэх саналыг тавьсан, урьдын адил хариу ирсэнгүй. Дээр дурдсан хоёр ажлын хэсэг нь тун удахгүй ажилдаа орох гээд байна. Түншүүдийн маань эрүүл ухаан ялж, тэд маань энэхүү “боломжуудыг нээх цонх” хаагдахаас өмнө түүний давуу талыг ашиглаж амжина гэж найдахаас өөр арга зам алга. Бидний хувьд бид яриа хэлцэлд бэлэн байна.
 
 
Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам