sonin.mn
2019 оны 2 сарын 1-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжин, Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын Даргаар томилсон билээ.
Энэ нь Г.Занданшатар  2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаан дахь хоёр дахь дарга болсон гэсэн үг.
2016-2019 оны 2 сар хүртэл буюу гурван жил орчим хугацаанд нь  УИХ-ын даргаар Миеэгомбын Энхболд ажилласан юм.
 
 
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд гурван сар орчмын хугацаа л өнгөрч байна.
Гэхдээ УИХ-ын дарга асан М.Энхболд, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын үйл ажиллагааг харьцуулж дүгнэвэл ихээхэн зөрүү гарна.
 
Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа суухгүй байх, улс орны амин чухал асуудал хэлэлцэн шийдвэрлэж байхад нэг нэгнийхээ кнопыг өмнөөс нь дарах явдал хавтгайрч, тэр бүү хэл УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд хорин хэдхэн хүн суугаад хууль баталдаг ичгүүртэй явдал хүртэл гарах болсон билээ.
Энэ гаж үзэгдэл УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболдын үе гээд лав л арваад жил дамнан үргэлжилж буй гэхэд болно.
Харамсалтай нь УИХ-д 65 суудалтай намын дарга, "уулыг нурааж, усыг эргүүлэх" ч чадалтай байх үедээ УИХ-ын дарга асан М.Энхболд хаяахан индрээс үг хэлж, "Энэ бүлгийн дарга нар гишүүдээ цуглуулна уу" гэж анхааруулахаас өөрөөр үүнийг зогсоох зоримог алхам хийгээгүй юм.
 
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа авмагцаа л энэ асуудлыг орчин үеийн техникийн тусламжтайгаар шийднэ гэдгээ зарласан бөгөөд өдгөө хэдийн хэрэгжиж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгдөг, бүртгүүлдэг болсоноор нэг нэгнийхээ өмнөөс санал өгдөг замбараагүй явдал бүрэн зогсчээ.
 
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий Сайд нартай хамтран ажиллаж, "Шударга бусын хонгил" буюу хууль хяналтын байгууллагын удирдлагыг солих хууль эрх зүйн орчныг бий болгоход санаачилгатай идэвхтэй ажиллаж, өдгөө АТГ-ын даргаас бусад бүхий л хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг солиод байна.
Тэр бүү хэл "Шударга бусын хонгил"-ын хамгийн том гүйцэтгэгч гэгддэг ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг уржигдраас шалгаж эхлээд буй.
Мөн Үндсэн Хуулийн цэц дээр бүрэн эрхийн хугацаатай нь холбоотой маргаан үүссэн, МАН-ын удирдлагуудын зарим нь өөр саналтай байгаа зэрэг асуудлууд бий ч АТГ-ын дарга Х.Энхжаргалыг зайлшгүй өөрчлөх ёстой гэдэг байр суурин дээрээ УИХ-ын дарга Г.Занданшатар хатуу зогсож буй тухай эх сурвалжууд өгүүлж байна.
 
Ийнхүү юутай ч М.Энхболдын 3 жилд хийгээгүй УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, хуулийн байгууллагуудыг шинэчлэх гэх мэт бодлогын томоохон өөрчлөлтийг  гуравхан сард л амжуулчихсан Г.Занданшатарын энэ бүрэн эрх 2020 оны 7-р сард шинэ УИХ анхдугаар чуулганаа хийж, шинээр сонгогдсон  УИХ-ын гишүүд тангараг өргөх үед дуусна.
 
Гэхдээ энэ хүртэл Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Монгол Улсын Засгийн Газрыг тогтвортой ажиллуулдаг болгох их даалгавар Г.Занданшатарын өмнө хүлээж байна.
Энэ даалгавраа амжилттай биелүүлж чадвал Гомбожавын Занданшатар Монголын улс төрийн түүхэнд бичигдэх нь гарцаагүй юм.
 
П.Энхмандах