sonin.mn
Дэлхийн социал демократ, дэвшилтэт намуудын холбоо болох олон улсын Прогрессив Альянс байгууллагын ээлжит чуулган 2019 оны 11 сарын 15-16-нд Шведийн Стокольм хотноо боллоо.  Энэхүү чуулганд дэлхийн 140 гаруй нам, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд МАН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг оролцов.
 
Чуулганаар Прогрессив Альянсийн үндсэн зарчмуудыг шинэчилж, Прогрессив Альянсийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, тэргүүнийг тус тус шинээр сонгосны зэрэгцээ тус байгууллагын үйл ажиллагааны хөтөлбөрийг мөн шинэчилсэн байна. Прогрессив Альянсын тэргүүнээр Европарламентын социал демократ дэвшилтэт нам, хүчнүүдийн Эв нэгдэл байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, Германы нэртэй улс төрч Конни Ройтер сонгогдсон юм.
 
Прогрессив Альянсын Удирдах зөвлөлд дэлхийн 140 гаруй намаас 40 намын төлөөлөл сонгогдсоноос УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг нар МАН-аа төлөөлөн сонгогдсон байна. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Прогрессив Альянсын Удирдах зөвлөлд хоёр дахь удаагаа сонгогдож байгаа юм.
 
Энэхүү чуулганаар Прогрессив Альянсийн улс төрийн хөтөлбөрийг баталж, глобаль бодлого дахь үүрэг нөлөөгөө өргөтгөх, Прогрессив Альянсийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ESOSOC)-д зөвлөх эрхтэй байгууллага болгох,  бүс нутгийн харилцаа болон үйл ажиллагааны арга барил, хэлбэрийг сайжруулан дэлхийн хамгийн дэвшилтэт хүчин болох зорилго бүхий үйл ажиллагааны хөтөлбөрийг батлав.
 
Прогрессив Альянс нь эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үнэт зүйлсэд суурилсан дэлхийн хамтын нийгэмлэгийг бий болгох, дэлхий дахинд газар авч буй үндсэрхэг, популист хүчнүүдийн эсрэг тэмцэх хамгийн том байгууллага гэдгээ энэ удаагийн чуулганаар дахин баталгаажуулав.