sonin.mn
Орчин үеийн шинэ хот болох Самжиён-ыг нээх ёслолын ажиллагаа Умард Солонгост боллоо. Тус улсын эрх баригчид уг хотыг орчин үеийн соёл иргэншлийн үлгэр жишээ хот гэж тодорхойлж байгаа юм.
 
 
“Ура” гэх дуун цуурайтахад ёслолын буудлага нижигнэж, Самжиён аймгийн тэнгэрт агаарын бөмбөлгүүд хөөрлөө" гэж Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг /КСNA/ мэдээлсэн байна. Хотыг барьж босгосон Барилгын цэргийн дивиз ёслолд оролцсон хүмүүсийн өмнүүр жагсаалаар алхаж өнгөрлөө. 
 
 
КСNA агентлагийн мэдээлснээр бол, 4 мянган айл өрх амьдрах уг хотод орон сууцны барилгууд, уулын цанын замууд, цэнгэлдэх хүрээлэн болон бусад олон байгууламжийг барьж босгожээ. Энэ хот бол ард иргэдийн ихэнх нь ядуу зүдүү амьдардаг Умард Солонгосын хувьд онцгой газар юм.
Мэдээний NK News цахим хуудасны сурвалжлагч Колин Звирко-гийн ярьснаар, Самжиён нь Умард Солонгосын хувьд үнэхээрийн үлгэр жишээ хот болж байгаа аж. Загвар хийц сайтай гоёмсог барилгууд нь Умард Солонгосын бусад хотуудынхаас эрс ялгаатай бөгөөд Пхеньян болон бусад хотын тохижилт муутай захын дүүргүүд шиг газрыг жуулчид энд олж харахгүй гэж сэтгүүлч ярьж байна.
 
 
Самжиён бол ердөө 2-3 км урт үргэлжлэх жижигхэн хот бөгөөд явган алхаад л тойрчихож болно.  Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хоёр жилийн өмнө энд ирэх үеэрээ бүтээн байгуулалтын том төсөл хэрэгжиж эхэлснийг зарлан мэдэгдэж байв. Гэхдээ Самжиёныг эзгүй газарт цоо шинээр барьж босгоогүй бөгөөд урьд нь энэ газарт хот байжээ. Зарим барилгыг шинэчилж, заримыг нь бүрмөсөн нурааж, оронд нь шинэ барилгууд босгожээ.   
Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлэхдээ, энд үйлдвэр болон амралт цэнгээний зориулалттай 450 шинэ объект барина гэж байсан юм. Гэхдээ Самжиёнд хүмүүс нүүж ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Өмнө нь тэнд амьдарч байсан оршин суугчдын тоо ч мөн тодорхойгүй, хот байгуулах ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ ч бас тодорхойгүй.
 
 
Олон улсын зүгээс Умард Солонгосын эсрэг хатуу хориг арга хэмжээ аваад байгаа үед Самжиёныг барьж дууссан явдал бол эрх баригчид шинэ хотын төсөлд ихээхэн найдвар тавьж буйн илэрхийлэл юм. Хөрөнгө мөнгө хомсдолтой байсан ч гэсэн, хоригоос үүдээд чанартай барилгын материал дутагдалтай байсан ч гэсэн төрөөс барилгын ажилд асар их анхаарал байжээ.
 
 
 
Звирко-гийн ярьснаар бол, хотыг байгуулахын тулд хүмүүсийг албадан ажиллуулсан гэдгийг нотлох баримтууд байгаа аж. “Нутгийн оршин суугчдыг албадан ажиллуулсан гэдгийг нотлох баримтууд бидэнд олдож байлаа. Харин тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүмүүсийг албадан ажиллуулсан  явдлыг бахдан сайшааж байсан бөгөөд ажилласан хүмүүсийг сайн дурынхан гэж нэрлэж байсан” хэмээн сэтгүүлч ярьсан байна. Умард Солонгост иргэдийг иймэрхүү төслүүдийн явцад албадан ажиллуулах эсвэл тэднээс “ард түмний бүтээн байгуулалт”-д мөнгө хандивлахыг шаардах нь түгээмэл үзэгдэл ажээ. “Мэдээж хэрэг, хүмүүс үүнд захирагддаг, зарим нь ийм маягаар гэм буруугаа наманчилдаг” гэж Звирко хэллээ.
 
 
Төслийн ач холбогдол
 
Самжиён хот бол бусад суурин газруудын хувьд үлгэр жишээ болох ёстой загвар хот байх болно гэж Умард Солонгосын эрх баригчид үзэж байна. Тус хот ариун уул гэгддэг Пэктусаны ойролцоо оршдог учраас түүнийг шинээр байгуулсан нь бэлгэ тэмдгийн гүн утга учиртай юм.  
 
 
Умардын удирдагчдын албан ёсны намтарт дурдсанаар, дайны үед энэ ууланд байрлаж байсан партизаны нууц лагерьт одоогийн удирдагч Ким Жөн Уны эцэг болох Ким Жөн Ир төрсөн гэдэг. Харин Зөвлөлтийн болон Хятадын архивуудын материалыг үзвэл, Ким Жөн Ир 1941 онд Оросын Хабаровскийн хязгаарын Вятское гэдэг тосгонд төрж, тэнд бяцхан хүүхэд ахуй насаа өнгөрүүлжээ.
 
 
Б.Адъяахүү