Үндсэн Хуулийн Цэцийн дарга байсан Д.Одбаярын ярилцлага сонинд гарчээ. Уншлаа. Тэр сар гаруйхны өмнөхөөс тэс өөрийг ярьжээ. “Би камерын бичлэгээр нотлогдвол өөрөө Цэцийн гадаа зогсоод өндөг шидүүлье” гэжээ. Бас би чин үнэнийг ярина гэж. Цааш нь зөвхөн ганц талын мэдээллээр нэг иргэнийхээ эсрэг үерийн ус шиг давалгаалж байгаа энэ их гүтгэлэг дор би нэр төрөө алдаад дуусч байгаа нь харамсалтай байна гэсэн байх юм.
 
 
Тэгээд таны согтуурал өдий болтол гараагүй юм уу гэж асуумаар санагдав. Яагаад гэвэл Солонгост хэрэгт тулгагдах үедээ “би согтуу байсан учир яаснаа мэдэхгүй” гэж хэлсэн удаатай гэсэн биз дээ. Тэгээд ч онгоцны үйлчлэгч солонгос эмэгтэйн өгзгийг базаж зүггүйтсэн гэдгээ хүлээгээд тогууль хүлээгээд буцаж ирсэн нь үнэн байсан.
 
 
Гэтэл өнөөдөр Солонгосын талын цагдаагийнхан өөрт нь жижгэрч байсан мэт ойлголт төрүүлэхийг оролдоод байгаа нь “Үхэхдээ үхэр буугаа...” гэдэгтэй адил сонсогдох болов. Д.Одбаяр өөрийнхөө түвшинд нэр төрөө цэвэрлэх, буруу ташаа мэдээллийг залруулахын төлөө тэмцэх ёстой гэж ярьсан байх юм. Чааваас даа. Одбаяр гэдэг нэг нөхрийн нэр төр гэж юу юм бэ. Цаана чинь Монголын төрийн өндөр албан тушаалын нэр хүнд шалан дээр уначихсан. Цаашлаад Монгол Улсын нэр хүнд дэлхийд яригдлаа. Бас хүүхний бөгс базсан таны гараа захирч чадаагүйгээс болж БНСУ-д ажиллаж амьдарч байгаа олон мянган монголчууд ад үзэгдэж эхэлсэн гээд ёстой харын хар үр дагаврыг тоолж баршгүй ээ. Ийм байхад цаашдаа Д.Одбаяр гэдэг хүн хууль хэлэлцээд суух эрхтэй гэж үү. Үгүй ээ. Д.Одбаяр гэдэг хүн “Би өнөөдөр ямар ч буруугүй” гэж хэчнээн чанга хашгирлаа ч хоёр улсын нийгмийн сүлжээ, сонин хэвлэлээр гарсан онцгой шуугианыг дарж яагаад ч чадахгүй шүү дээ. Харин 2019 оны онцлох үйл явдалд Д.Одбаярын солонгос хүүхний бөгсөнд хүрсэн хэрэг дээгүүр бичигдэх байхаа. Бас болоогүй ээ. Шүүхэд хандаж нэр төрөө цэвэрлүүлэх тухай ярьсан нь хачин. Солонгост очиж шүүхдэх юм уу гэтэл үгүй.
 
 
Монголынхоо шүүхэд хандахаар үг байна лээ. Хуульч хүний амнаас гарах үг мөн үү. Ямар нэг хэрэг явдал хаа гарсан бэ тухайн улсынхаа хуулиар зэм шийтгэл нь оноогддог биз дээ. Мань хүн өөрийгөө зөвтгөх гэхдээ сонин юмс ярьсан байна лээ. 
 
 
Солонгост байцаагдаж байхдаа: -За би виски уусан гэж бодъё. Согтуу байсан гэж бодъё. Тэгвэл та нар хэрэг гээд байгаа юмаа нотло. Би бол хэн нэгний биенд хүрсэн, виски уусан гэх юу ч санахгүй байна гэж. Эрүүл байсан бол яагаад болсон явдлыг санадаггүй билээ. Бас Солонгост бэлгийн дарамтын тухай хууль гараад гурван жил болж байгаа. Уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд солонгос залуучууд автобус, метро, нийтийн унаанд явахдаа хоёр гараа өргөж явдаг болсон гэх мэт орооцолдсон хэргээ булзааруулах гэж их л чармайж. “Би тийм үйлдэл хийгээгүй” гэж тэр хэлж.
Өмнө нь Индонезээс Солонгост ирэхэд 40-өөд цагдаагийн ажилтан хүлээж байсан. Тэгээд түүнийг баривчлах тогтоол танилцуулсан зэрэг онцгой үйл явдал дэлхийгээр нэг цацагдсан. Дараа нь хэдэн хоног хилийн хориотой байж байгаад хэргээ хүлээж торгуулиа төлөөд ирсэн. Энэ бүхнийг хэчнээн ч баллуурдах гээд нэмэргүй л байхаа. Хачирхалтай нь “би бүгийг болсон явдлыг үнэнээр нь Инчеоны цагдаад мэдүүлсэн шигээ л ярилаа” гэжээ. Ингэж хэлж яаж чадаж байнаа энэ нөхөр. Одбаяр одоо яагаад ч Тодбаяр болохгүй. Хүүхний бөгс тэмтрэгч гэдэг нэрэнээсээ ч салж чадахгүй. Энэ л үнэн.
 
 
Д.Бичээчхүү
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин