sonin.mn
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Төрийн тэргүүн Х.Баттулга олон нийтийг хагалан бутаргах ээлжит мэдэгдлээ хийлээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 25-нд ард түмэнд хандан зургаан зүйл бүхий уриалгыг гаргасан нь олон нийтийг талцуулсан томоохон сэдэв болж хувираад байна. Тодруулбал, тэрбээр Хямралын эсрэг сан бүрдүүлж, тусгай бодлого боловсруулах замаар хүүхэд, хөгшид зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлье гэдгийг хэлсэн.
Хамгийн их анхаарал татаж буй нь, ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах замаар хэмнэлт хийхээс гадна зарим шийдвэрийг гаргах хэрэгтэйг дурдсан. Ингэхдээ улсын төсөвт тодотгол хийх, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх шаардлагатайг дурдаад “Энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ” хэмээн онцолсон юм. Харамсалтай нь, дэлхий нийтийг хамраад буй коронавирусийн тархалтыг далимдуулан улс төр хийж, Монгол Улсад  “хаан суух мөнхийн хүсэл”-ээ илэрхийлсэн явдал байлаа. Энэ бол өвчнөөр далимдуулан Ерөнхийлөгч нь эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн дэлхий дээрх хамгийн анхны санаархал ч болж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, коронавирус өдгөө дэлхийн 200 оронд тархаад байгаа төдийгүй улс орнуудын төрийн тэргүүн, удирдлагуудын зүгээс ард түмнээ эв нэгдэл, эмх замбараатай байж хамтын хүчээр аюулт тахлыг даван туулахыг уриалж буй. Гэтэл манай улсын Ерөнхийлөгчид ард түмний эв нэгдэл хийгээд цар тахлыг хэрхэн даван туулах нь төдийлөн чухал биш бололтой, эсрэг тэсрэг мэдэгдэл хийж, иргэдээ хагалан бутаргах утга агуулга бүхий уриалгыг гаргалаа. Ээлжит сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдсэн энэ үед сонгуулийг хойшлуулах нь зөв эсэх, цаашлаад төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлж, онц байдалд шилжих цаг болсон үгүй нь цар тахлаас хэрхэн сэргийлэх арга ухаанд суралцаж ядан байсан ард түмнийг тэс өөр зүгт хандуулж орхисон нь твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн цахим сүлжээнээс илт харагдаж эхлэв. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхийлөгч “Ээлжит сонгуулийг хойшлуулснаар хэмнэлт хийнэ” хэмээн уриалгадаа дурдсан нь ард түмнийг жинхэнэ утгаараа басамжлан доромжилсон явдал болов. Учир нь, сонгуулийг хойшлуулсон тохиолдолд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.
Цаг хугацааг хойшлуулснаар сонгуульд зарцуулах мөнгөнд ямар ч хэмнэлт гарахгүйг хэн хүнгүй мэдэж байлтай. Тэгээд ч сонгуулийн зардлыг хэмнэх тухай ойлголт, энэ талаарх санаачилгыг тэр дундаа Төрийн тэргүүн гаргаж болохгүй гэдгийг хуульчид тайлбарлаж байна. Тухайлбал, хуульч Ү.Амарбат “УИХ-ын сонгуулийг шууд утгаар нь зардал гэж харах нь аюултай. Өөрөөр хэлбэл, сонгуульд зарцуулах зардлыг хэмнэх зорилгоор хойшлуулна гэдэг нь эрх ашгийн хувьд харьцуулшгүй ойлголт шүү дээ. Сонгуулийг хойшлууллаа гээд төлөвлөсөн зардал гардгаараа л гарна.  Нөгөө талаас сонгууль зохион байгуулж буйг зардал гэж харахаасаа илүү Үндсэн хуулийн 3.1-ээр олгосон “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэх заалтын хүрээнд сонгуулийг явуулж байгаа болохоор зардал гэж хэлэх нь оновчгүй юм. Харин ч үүнийг ард иргэдийнхээ төлөө үр ашигтайгаар гаргаж буй зардал гэж харах хэрэгтэй. Иргэдэд Үндсэн хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэх гэж байхад зардал хэмнэнэ гэж ярьж болохгүй” гэсэн юм. 
 
 
 
Энэ мэтчилэнгээр коронавирус дэлхий нийтэд дэгдэж, манай улсад арван тохиолдол /уриалга гаргах үеийн тоо/ бүртгэгдсэний дараа ард түмэндээ хандсан Ерөнхийлөгчийн анхны уриалгад хийтэй үг олон байгаа нь харамсалтай. Үе үеийн Ерөнхийлөгч номер нэгийн сэнтийд урт удаан хугацаанд залрахыг хүсч, санаархаж ирсэн ч энэ удаагийнх шиг ил цагаандаа гарч байсангүй.
 
 
 
“ӨВЧНӨӨР ДАЛИМДУУЛАН ТӨРӨӨР ОРОЛДОЖ, ХҮЧГҮЙДҮҮЛЭХ НЬ МАШ АЮУЛТАЙ"
 
Хамгийн ноцтой нь дэлхий нийтээр цар тахалтай тулгарсан энэ үед төрийг хүчгүйдүүлэх санаархлыг Ерөнхийлөгч шуудхан илэрхийлсэн явдал. Түүний хэлснээр УИХ-ын сонгуулийг хойшлууллаа гэхэд Засгийн газар хэрхэн ажиллах вэ. Өөрөөр хэлбэл, манай улс парламентын засаглалтай байх бөгөөд хууль тогтоох дээд байгууллага болох УИХ дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулна гэдгийг Үндсэн хуульдаа заасан. Гэтэл энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд төрийн нэр хүнд юу болж хувирах вэ. Үндсэн хуулийн дагуу чадамжгүй болсон Засгийн газрын шийдвэрийг ард иргэд нь даган биелүүлэхгүй бол хэрхэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд бүх ард түмний төлөөлөл болсон Ерөнхийлөгчид эрх мэдэл төвлөрөх нь гарцаагүй. Х.Баттулгын хүссэн, төлөвлөсөн нь ердөө л энэ. Сонгуулиа хойшлуулж, эрх мэдлийг төвлөрүүлэх санаачилга гаргасан Ерөнхийлөгчийн уриалгыг үүнээс өөрөөр ойлгох боломжгүй юм. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн сонгуулийг хойшлуулж, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх тухай ойлголтыг хэрхэн хуульчилсан байдаг вэ. Түүний гаргасан санаачилга болон хүрэх арга замын талаар хуульчид байр суурь илэрхийлж эхэлсэн. Тэдний дүгнэлтээс үзвэл “Онцгой нөхцөл үүссэн буюу өвчний дэгдэлтийн энэ үед төрөөр оролдож, хүчгүйдүүлэх нь маш аюултай" гэдгийг тодотгож байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн ард түмэндээ хандсан уриалга нь “Хуулиас гадуурх санаархал” гэдэгтэй олон хуульч санал нэгдэж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан "СOVID 19”- өөс үүдэлтэй аливаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн дагуу сонгогдсон УИХ, түүний байгуулсан Засгийн газар хийнэ, хийж ч байна. Гэтэл хажуугаар нь хуулиас гадуур Онц бүрэн эрхт "комисс" байгуулна. Төрийн удирдлагыг өөртөө төвлөрүүлнэ гэнэ үү. Чоно борооноор" хэмээн дүгнэсэн бол ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр "Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын дэглэмийг Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөх буюу “төвлөрүүлэх” нь төрийн эргэлтэд тооцогддог. ҮАБЗ-ийн хүрээнд онц байдлын журмаар ажиллах, арга хэмжээ авах гарц мухардаагүй. Онц байдлын үед төрөө оролдож хүчгүйдүүлэх нь маш аюултай" гэжээ. Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулга хэмжээлшгүй эрх мэдэлд хэт шунахдаа хуулийг уландаа гишгэсэн бололтой.
 
 
 
Гагцхүү Төрийн тэргүүн хуулийн гаргалгаа, шийдлийг мэдэхгүй байна гэж үгүй. Тиймээс ард түмэндээ хандсан уриалгадаа ийнхүү өдөөн турхирсан, талцан бухимдуулсан санаачилгыг санаатайгаар гаргасан гэж" ойлгохоос аргагүй. Төрийн тэргүүн нь “хуулийн бус” аргаар төрийн л толгойд гарч, хэмжээгүй эрхт “хаан” болох хүслээ илэрхийлэн, ард түмэндээ хандан уриалж байхад ард иргэд хуулийг хэрхэн сахин биелүүлэх вэ гэдэг асуудал ч урган гарч ирж байна.
 
 
 
Хууль зүйн доктор, дэд профессор А.Бямбажаргал “Ямар ч тохиолдолд төрийн эрх мэдлийг шууд нэг гарт төвлөрүүлэх боломжгүй” гэдгийг хэлж байгаа бол УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар : "УИХ-ын сонгуулийг хойшлуулж, удирдлагыг төвлөрүүлэхийг Ерөнхийлөгч уриалжээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд харш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үл тоомсорлосон туйлын хариуцлагагүй уриалга болжээ" хэмээн дүгнэлээ. Харин хуульч Б.Мэргэн : "Ерөнхийлөгч Х.Баттулга, коронавирус тархаад дэлхий дахин хэцүүдэж эхэллээ. Манай улс улс төрийн болон эдийн засгийн хямралд орох нь. Тиймээс УОК-ын оронд миний удирддаг ҮАБЗ-ийн дор илүү лаг комисс байгуулаад, сонгуулийг хойшлуулж бүх эрх мэдлийг би авъя. Өмнө нь намайг улс төрийн реформ хийж, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж байхад үгүй гээд байсан алдаагаа давтаж тэнэгтэв. Вирусээр далимдуулан айлгаж, дарамтлаад байгаа юм байхгүй шүү. Та бүхний хайртай Ерөнхийлөгч нь гэжээ. Хуулиар онц байдал зарладаггүй л юм бол сонгуулийг хойшлуулах боломжгүй. Одоогоор арай онц байдал зарлах хэмжээнд тулаагүй байлтай" гэжээ. Үнэхээр ч Ерөнхийлөгчийн хэлж байгаачлан сонгуулийг хойшлуулахаар бол зайлшгүй шалтгаан байх учиртай. Тэр нь мэдээж хуульд заасанчлан онц байдал зарлах. Тэгвэл онц байдлыг хэрхэн зарладаг вэ. Үндсэн хуулийн 25.2,3 дахь хэсэгт улс эх оронд онцгой нөхцөл байдал үүссэн бол УИХ-ын сонгуулийг хойшлуулж болох талаар заасан байдаг. Тодруулбал, “Онцгой нөхцөл үүссэн үед онц байдал зарлах тухай асуудлыг Ерөнхийлөгч, Засгийн газар эсхүл УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар хэлэлцэж шийдвэрлэнэ” хэмээн заасан байдаг. УИХ, Засгийн газрын гишүүн  Ч.Хүрэлбаатарын байр сууринаас үзвэл УИХ-ын гишүүдийн тухайд Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжихгүй гэдгээ хатуухан илэрхийлж эхлээд байна. Энэ тухайд хуульч Ж.Эрхэмбаатар "Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулж, онцгой нөхцөл байдалд тохируулж ажилламаар байгаа бол уриалж нялцганаад байх шаардлагагүй.
 
 
 
Онц байдал зарлах эрх өөрт нь байхад худлаа уриалж, хэрүүлийн алим шидэж шалчиганах хэрэг байна уу. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй бол ажлаа өг" гэжээ. Түүний хэлснээр онц байдал зарлах эрх нь Төрийн тэргүүнд бий. Гэтэл өвчнөөр далимдуулан өөрийн санаархлыг уриалга хэлбэрээр гаргалаа гэж ойлгохоос аргагүй. 
 
 
 
Төрийн тэргүүний уриалга эсэргүүцэлтэй тулгараад буйн хамгийн том шалтгаан нь манай улсад нөхцөл байдал тэгтлээ дордчихоогүй. Өөрөөр хэлбэл, өдгөө манай улсад оношлогдсон бүх тохиолдол гаднын улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн буюу вирусийн тархалтыг дотооддоо алдчихаагүй байгаа юм. ДЭМБ-аас аль хэдийнэ “цар тахал” хэмээн зарласан ч манай улсад бүх зүйл хяналтад байгааг албаныхан мэдээлж буй. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч ард түмнээ айдаст автуулах замаар нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх санаархал дэвшүүлсэн нь ээлжит хасах оноог түүнд авчирлаа.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин