
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 16 /Trading Economics/. Нью-Йоркийн “Comex” биржийн даваа гаргийн явцад нэг унц алтны үнэ 3722 ам.доллароос давснаар дахин дээд үзүүлэлтэд хүрчээ.
Тодруулбал, 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3722.4 ам.долларт хүрсэн байна. Америк долларын ханш сулрахын зэрэгцээ Засгийн газрын бондын өгөөж буурснаар алтны эрэлт нэмэгдсэн гэж "Trading Economics" цахим хуудаст дүгнэн бичжээ.
АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт болох хурлаараа өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулна гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байна. Деривативын зах зээлд оролцогчид Холбооны нөөцийн сан энэ сард бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулах магадлалыг 96.1 хувь, 50 суурь нэгжээр бууруулах магадлалыг 3.9 хувь гэж тооцоолж байгаа аж.
Өнгөрсөн онд алтны үнэ 27 хувиар өссөн нь дэлхийн улс орнуудын Төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлсэн, мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн, түүнчлэн геополитик, эдийн засгийн тодорхой бус байдал зэрэг хүчин зүйлстэй холбоотой. Харин 2025 он гарснаас хойш 35 орчим хувиар өсжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Газрын гагнаасыг баялаг гэж боддог мунхаг троллууд.