sonin.mn
Японы эзэн хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээс бууна. “Kyodo” агентлагийн мэдээлснээр тавдугаар сарын 1-нд үндэсний баярын өдөр болох юм байна. Яг энэ өдөр эзэн хааны хүү, хан хүү Нарухито хаан ширээнд залрах ажээ.  Японы эзэн хааны залгамжлагчийн талаар Оросын ТАСС агентлагийн бэлтгэсэн нийтлэлийг толилуулж байна.
 
Хатан хаан Митико угсаа залгамжлах хан хүү Нарухитог Токио дахь Эзэн хааны ордны нутаг дэвсгэрт түр барьж босгосон эмнэлэгт төрүүлжээ. Уг байгууламжийн ихээхэн хэсэг нь дэлхийн II дайны үеэр холбоотны хүчний бөмбөгдөлтөд сүйдсэн байжээ.
 
Нарухито гурван насны төрсөн өдрөө тэмдэглэхийн өмнө
 
Хан хүү хүүхэд насандаа хөгжим, теннис, хаданд авиралт, морь унах, бейсбол зэргээр сонирхож хичээллэж өссөн. Багаасаа тээврийн түүхийг ихэд сонирхдог байлаа. Эзэн хаан Акихито Нарухито хүүгээ 14 настайд нь бизнес эрхлэгч Колин Харперынд нэг жилийн хугацаатай суулгахаар Австрали руу явуулж, Японы эзэн хаадын гэр бүлийн түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй алхам хийжээ. Угсаа залгамжлах хан хүү ч Харперын хүүхдүүдтэй хэл амаа амархан ололцож, түүгээр ч барахгүй Австралийн төвд орших Улуру хаданд авирчээ.
 
Нарухито Хааны ордны ёслолын арга хэмжээн дээр 1980 он.
 
Австралид өнгөрүүлсэн нэг жилээс бусад бүх цаг хугацааг Нарухито эзэн хааны ордонд өсч, хүмүүжиж өнгөрүүлсэн. Түүнийг бүр дөрвөн настайд нь Японы дээдэс язгууртныг сургах зориулалтаар эзэн хаан Нинкогийн үед 1847 онд үүсгэн байгуулсан япон даяар алдартай Гакусюин их сургуульд оруулахаар тодорхойлсон.Гакусюины тогтолцоонд хан хүү нийт  18 жил суралцахдаа бага сургуулиас эхлэн дундад зууны Японы усан тээврийн  сэдвээр дипломын ажил хамгаалж, түүхийн бакалаврын зэрэг хүртэх хүртэлх замыг туулсан. 1983-1986 онд Нарухито Оксфордын их сургуулийн дэргэдэх Мертон коллежд суралцаж байхдаа мөн л усны навигацийн түүхийг судалжээ. Хожим нь хан хүү Англид өнгөрүүлсэн амьдралынхаа тухай “Темза ба би: Оксфордод өнгөрүүлсэн хоёр жилийн түүх” хэмээх ном бичжээ.
Ингээд эцэст нь Нарухито 1988 онд Гакусюин их сургуульдаа түүхийн магистрын диплом хамгаалсан байна.
 
ҮЗЭЛ БОДОЛ, СОНИРХОЛ, ГЭР БҮЛ, АЖИЛ АЛБА
 
Нарухито Гакусюин их сургууль төгсөгчдийн концертод альт хөгжим тоглож байна. 2013 он
 
Нарухито усны эко тогтолцооны асуудлыг онцгойлон анхаарч энэ сэдвээр хааяа эрдэм шинжилгээний илтгэл тавьдаг. Тэрээр мөн буяны үйл хэрэгт идэвхтэй оролцдог. Усны глобал түншлэлийн (GWP) ивээн тэтгэгчээс Японы улаан загалмайн дэд ерөнхийлөгч хүртэлх хэд хэдэн нэр хүндтэй албыг давхар хашдаг. 1993 онд хан хүү НҮБ-ын Олон улсын шүүхийн тэргүүн, дипломатч асны охин Масако Овадетэй гэрлэсэн. Нарухитогийн эхнэр хүүхэд насаа Москвад өнгөрүүлж, Их Британи, АНУ-д боловсрол эзэмшсэн. Хосууд 2001 онд охин Айко гүнжийг төрүүлсэн.
Айко (“хайрын хүүхэд”) эзэн хааны титмийг залгамжлахгүй. Учир нь Японд зөвхөн эр хүйсийн шугамаар хаан ширээг залгамжилдаг. Гэхдээ сүүлийн үед эзэн хааны гэр бүлийн эмэгтэйчүүдэд угсаа залгамжлах эрх олгох санаачилга орон даяар идэвхтэй өрнөж байгаа.
 
АЛБАН АЖИЛ ҮЙЛС
 
Эзэн хаан Акихитогийн төрсөн өдрийг тэмдэглэх ёслол. Эзэн хаан Акихито (голд), хан хүү Нарухито (зүүнээс хоёр дахь нь). 2016 он
 
Нарухито 1990-ээд оноос өөрийн улс орныг гадаадад төлөөлөх болж, 1997 оноос Балба улсаас эхэлж 2014 онд Швейцарьт албан ёсны айлчлал хийсэн. МЭӨ 660 онд домогт эзэн хаан Зимму Японы уламжлал болгож үндэслэсэн эзэн хаадын гэр бүлийн намтар түүхэнд анх удаа эзэн хаан Акихито 2016 оны наймдугаар сард чөлөөнд гарахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.
2019 оны тавдугаар сарын 1-нд Нарухито Японы 126 дахь эзэн хаан болно. Нарухитогийн дараа титмийг түүний дүү Фумихито өвлөх бол түүнийг хүү Хисахито нь залгамжилна.
 
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин