sonin.mn
Одоогоос яг 20 жилийн өмнө Монголын нийгэм-улс төрийн үйл явцын талаар хийж байсан үнэлэлт дүгнэлт өнөөдрийн нөхцөл байдалтай ямар ч алдаагүй яг таг таарах боломж бий юу ? Олон хүн ийм байх боломжгүй гэж хэлнэ байх. Шинжлэх ухааны задлаг шинжилгээний арга, арга зүйг яг таг баримтлан хийсэн системийн анализ ийм боломж олгодог гэж би хэлэх байна. Үүнийг хялбархан нотолж болно…
 
1998 онд “Засаглалын байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх: Ардчилсан засаглалыг дэмжихүй” төсөл НҮБ-аас хэрэгжүүлж Монголд шинэ тутам төлөвшиж буй ардчилсан төрийн байгууламжийг анх удаа шинжлэх ухааны үндэстэй системлэг байдлаар шинжлэн үзсэн юм. Энэ нэлээд том ажлыг академич доктор Г.Чулуунбаатар, профессор Д.Чулуунжав болон судлаач Д.Ганхуяг миний бие 1997 онд хийж гүйцэтгэн судалгааныхаа үр дүнг “Монгол Улсын төрийн байгууллагуудын чадавхи: Ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж” (1998 он) гэсэн ном болгон хэвлүүлсэн нь эдүгээ олдохуйяа ховор болжээ.
Уг бүтээлд Монголын төрийн байгууламжид анх удаа системийн анализ хийхийг оролдсон нь ихээхэн үр дүнтэй болсон юм. Ингэж дүгнэхийн учир нь 1998 онд хийсэн дүгнэлт 20 жилийн дараа буюу өнөө үеийн дүгнэлтүүдтэй яв цав, ямар ч зөрөөгүй давхцаж байгаад оршино. Ингээд “Монгол Улсын төрийн байгууллагуудын чадавхи: Ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж” (1998 он) бүтээлд өөрийнхөө хийж байсан дүгнэлтийг тэр чигээр нь ишлэхэд одоо ч гэсэн би нүүр бардам байна.
 
х х х
• Засаглал, эрх мэдлийг хүнээр хуваасан явдал нь парламентын дотор янз бүрийн фракци үүсэх шимтэй хөрс болсноос гадна төрийн нэгдмэл бодлого боловсруулах парламентын боломжийг үлэмж багасгасан юм. 54 дэх тал.
• 1996 оноос эхлэн Үндсэн Хууль болон бусад гол хуулиудын цоорхой, механизмын согог илт мэдрэгдэх болов. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг өөр өөрийн хүслээр, тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан тайлбарлах явдал газар авч хэвийн үзэгдэл болов. 57 дахь тал.
• УИХ-ын сонгууль болж улс төрийн ямар нэг хүч яллаа гэхэд парламентын хямрал гарахгүй гэхийн баталгаа болж чадахгүй. 58 дахь тал.
• Засаглалыг дуртай зүйл дээрээ хувааж, дургүй зүйл дээрээ түлхэж, улс төрийн бүлгүүдийн хүчний харьцаанаас шалтгаалан засаглалыг хуваасан бөгөөд хүч тэнцсэн тохиолдолд үйлчлэлийн механизмыг бүдэгрүүлэх буюу орхисон нь хожмын үйл явдалд сөрөг нөлөө үзүүлсэн. 58 дахь тал.
• Засгийн Газар улс төрийн нам болон УИХ-аас хамааралгүй байхыг эрмэлзэж харьцангуй бие даасан байдалтай болохыг хүсч байсан нь биелсэн. Ийнхүү Засгийн газар УИХ-аас илүү эрх мэдэлтэй, үйл ажиллагааны маневр хийх өргөн боломжийг олж авсан. 58 дахь тал.
• Засаглалын системлэг чанар, функционал үүрэг хамаарлыг хэт орхигдуулсан нь ноцтой алдаа болсон юм. Шинээр гарч ирсэн Ерөнхий сайд буюу Засгийн газрын хийх дуртай ажил нь бүтцийн өөрчлөлт хийх явдал болов. 59 дэх тал.
• Төр, төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо салбар, чиглэл, мэргэжил зэрэг шинжүүдээрээ харьцангуй бие даасан байдалтай болж, бизнесийн үйл ажиллагаанд оролцож, хээл хахууль, хүнд суртлын өөрийн гэсэн өвөрмөц системтэй болов. 60 дахь тал.
• Орон тоо нэмэгдсэн, санхүү төсвийн болон хариуцлагын сахилга бат суларсан, найз нөхдийн буюу даргад үнэнч баг бүрэлдсэн, төрийн байгууллагууд нууц бизнес хийж, хээл хахууль авах болсон зэрэг нь энэхүү олон удаагийн бодлогогүй бүтцийн өөрчлөлтийн бодит үр дүн болсон юм.
60 дахь тал.
• Монголын төр, төрийн удирдлага мухардмал байдалд орж, улс төрийн хямралт байдлыг бий болгож байна гэсэн дүгнэлтийг эндээс хийж болно.
61 дэх тал.
• Албан тушаалдаа дулдуйдан төрийн албаны эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо ашиглах түгээмэл сонирхол бий болж байна. 61 дэх тал.
• Засгийн газар нь…УИХ-тай зөвлөлдөлгүйгээр зарчмын томоохон асуудлыг бие даан шийдвэрлэж болохуйц тодорхойгүй механизм бий болсон. Энэ нь “их эрх мэдэл ихээр луйвардах боломж” гэсэн сэтгэхүйг бий болгосон юм.
63 дахь тал.
• Энэ бүхний эцсийн үр дүнд Монгол Улсын төр сайтар бодсон, харьцангуй удаан хугацаанд үйлчлэх, зорилго чиглэлтэй, системтэй, бодож төлөвлөсөн төрийн нэгдсэн бодлогогүй болжээ гэсэн дүгнэлтийг хийж болно.
65 дахь тал.
• Улс төрийн шинжээр байгуулагдсан төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүнийг яг байгаа байдлаар нь хуульчлан хамгаалж, төрийг нийгмээс тусгай байх харьцангуй хаалттай систем болгож хувиргасан. 66 дахь тал.
• Эдийн засгийн өндөрлөгийг гартаа авах юмуу шууд хяналтандаа байлгаснаар улс төрийн эрх мэдлээ явцуу бүлгийн гарт хадгалах гэсэн эрмэлзэл нь хожим хойноо ноцтой муу үр дагавар үүсэх эхлэлийг тавьсан юм. 67 дахь тал.
• МАХН ялах магадлал ихэссэн тул “Ардчилсан Холбоо” эвслийн зарим хэсэг, улс төрч, бизнесменүүдийн тодорхой бүлгүүд МАХН-ын одоогийн удирдлагыг тойрон хүрээлэх хандлага үзэгдэж эхэллээ. Энэ бол үзэл бодол, нийтлэг ашиг сонирхлоороо нэгдэж зохион байгуулагдсан улс төрийн хүчин биш болох нь ойлгомжтой. 67 дахь тал.
• Хэрэв дахин сонгууль явуулж МАХН ялсан тохиолдолд 1996 оны ялагдлын өш хонзонг авах, улс төрийн сөрөг хүчинд улс төр, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх, боловсон хүчний шинэ сэлгээ явуулах үйлдэл хийхгүй гэсэн баталгаа байхгүй. 67 дахь тал.
• Төрийн байгууллагуудын үндсэн ажил нь өөрийн чиглэл, салбараар гадаадын зээл тусламж олох, түүнийг хуваарилахдаа замаас нь завших, ил далд байдлаар хууль бус бизнес эрхлэх явдал болсон гэхэд хилсдэхгүй. Хээл хахууль, коррупцийн хэрэг асар богино хугацаанд монголын төрд хэвийн бөгөөд түгээмэл үзэгдэл болон хувирав. 68 дахь тал.
 
• Сүүлийн жилүүдэд төрийн болон бизнесийн салбарууд салшгүй нягт холбогдсон, чингэхдээ салбар, чиглэл тус бүрээр эдийн засгийн эрх мэдлийн төлөө ёс суртахууны ямар ч хязгаарлалтгүй, хууль зүйгээр биш, танил талын өвөрмөц сүлжээгээр дамжин өрсөлдөх болсон нь улс төрийн салбарт шууд хүчтэй нөлөөлөх болсон. Үүнээс шалтгаалж улс төрийн үл эвлэрэгч явцуу бүлгүүд олноороо үүсч, төрийн нэгдмэл бодлого, удирдлага алдагдан улмаар төрийн хямралд хүргээд байна. 68 дахь тал.
 
• Гэмт хэргийн бүлэглэлүүд төр засгийн томоохон албан тушаалтанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг явдал байнга гарах болсон. Гэмт хэргийн бүлэглэлүүдтэй ямар нэг байдлаар холбогдсон төр бол тодорхой утгаараа төр биш юм. 69 дэх тал.
• Манай төрийн тогтолцоо, түүний дотор Үндсэн Хуулийн Цэцэд төрийн бодлогын зорилтот шинж, ёс суртахууны хязгаарлалт үлэмж хэмжээгээр дутагдаж байгаа учраас түүний үйл ажиллагаанд төвийг сахих арга барил ноёрхох болов. …Цэц өөрөө зөрчилт байдалд орох болов. 69 дэх тал.
• Шинжлэх ухааны үндэстэй удирдлага, менежмент төрийн бүх шатны байгууллагад байхгүй болсон. 70 дахь тал.
• Хэдхэн жилийн өмнө зарлан тунхаглаж байсан ардчилал, тэгш эрх, олон ургаль үзэл зэрэг олон үнэт зүйлс, зарчмуудаас эдүгээ ардчилал гэсэн ганцхан лоозон үлдэж, үнэн хэрэг дээрээ бусад нь нийгмийн практикаас арилаад байна. 71 дэх тал.
• Төрийн аль ч шатны байгууллагад багийн зарчим ил тод үйлчилж, даргыг шүтэх, түүний хүсэл зоригоос үл хазайх хууль бий болж, төрийн албаны салбар, чиглэл, хэсэг нэгж бүр өөрийн гэсэн хагас төр – хагас бизнесийн шинжийг улам бүр олсоор байна. 71 дэх тал.
• Төр нийгэм хоёрын хооронд ан цав гарч, ард түмний төрдөө итгэх итгэл суларсаар байна. 71 дэх тал.
• Одоогоор монголын төр улс төрийн хошуучлагчдын бүлэг бие биенийхээ “муухай” үйлдлийг, түүх намтрыг сайн мэддэг учраас харилцан илчилж чаддаггүй, хүч тэнцсэн байдалтай үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь улс төрийн дээд албан тушаалын хүрээг улам явцуу болгож, шинэ шинэ хуйвалдаан зохиох боломжийг ихэсгэдэг. 71 дэх тал.
• Одоогийн олонхи улс төрчдийн боловсрол бага,…бие биенээ үл хүндэтгэх, хуурах доромжлох, түр зуурын эвсэл байгуулах зэрэг хүмүүнлэгийн харилцааны тогтмол бус аргуудыг өргөн хэрэглэдэг. 74 дэх тал.
• Ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг баримтлах, төрийн албан хаагчдын ёс суртахууны хуулийг гаргахгүй бол ардчилсан төр тун удалгүй оюун санаа, ёс суртахууны үндэсгүй болох юм. 74 дэх тал.
• Нийтэд нь “баруун” гэж бидний нэрлэдэг хөгжингүй орнуудын юм болгоныг авах гэсэн эрмэлзэл нь монголын нийгэмд томдох бөгөөд энэ нь дотроо зөрчилд орж, нийгмийн үзэл санааны үндсийг явцуу болгосоор байна.
75 дахь тал.
• Төрийн тогтолцооны аль ч хэсгийн үйл ажиллагааны байдалд шинжилгээ хийж үзэхэд түүний бусад хэсгүүдтэй холбогдох координаци харилцаа, дотоод зохион байгуулалтын субординаци харилцаа нь төр гэсэн системийн бүхэллэг чанарыг илэрхийлж чадахгүй байгаа юм. 75 дахь тал.
• Монгол Улсын төрийн алба нь харьцангуй хаалттай систем мөн…Энэ үеэс намчирхах, бүлгэрхэх явдал ихээхэн газар авч, төрийн албанд явцуу бүлгийн зарчим нэвтэрсэн. 76 дахь тал.
• Хамгийн аймшигтай нь төрийн албан тушаалд орж амжаагүй залуучууд дараагийн сонгууль хүлээн албан тушаал, эрх ямба мөрөөдөн улс төрийн хүчнүүдийн байдлыг харан хүлээцгээж байна. 76-77 дахь тал.
• Төр болон төрийн албадыг нийгмийн буюу ард түмний хяналтаас гаргасан нь бидний зарчмын томоохон алдаа мөн. Ард түмний хяналтгүй бол төр нь дураар дургих боломж олж, ардчилал нь анархизм болно гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. 78 дахь тал.
• Улс төрийн сөргөлдөөн, амин хувийн ашиг сонирхлыг нийгмийнхээс дээгүүр тавих үзэгдэл түгээмэл болсноос нийтээр хүлээн зөвшөөрсөн хошуучлагч байхгүй байна. Одоогоор Монгол Улсад албан тушаалын хувьд удирдагчид байна, харин улс төрийн хошуучлагч бараг алга байна. 78 дахь тал.
• Сүүлийн үед манай төрийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, зөрчилт байдал, хямралыг шинжлэх үзэхэд түүний уг шалтгаан нь манай төрийн тогтолцоо, өргөн хүрээнд яривал улс төрийн тогтолцооны зохист биш байдалд оршино гэсэн дүгнэлтийг хийж бүрэн болох юм. 79 дэх тал.
Бусад зарим улс орнуудад төрийн тогтолцооны согог байдаг авч эдүгээ манайд байгаа шиг системийн хэмжээний гажиг байдаггүй бололтой.
80 дахь тал.
• Зохион байгуулалтын бүтцийн хувьд аль ч намын анхан шатны байгууллагуудын хүч нөлөөлөл суларч, намын удирдагч буюу удирдах байгууллагуудтай шууд харьцдаг бүлгүүдийн хүч нөлөөлөл ихсэж байгаа хандлага илт ажиглагддаг. Энэ байдал нь улс төрийн намуудыг олон түмнээс хөндийрүүлж явцуу бүлгийн шинж чанартай болгодог. 80 дахь тал.
• Сүүлийн үед улс төрийн намуудын дотоод ардчилал хумигдаж, хэт төвлөрөл шинэ байдлаар үүсч, намын удирдагчид дураар аашлах явдал нэмэгдэх хандлага үүсч байгаа нь илт ажиглагдаж байна. 80 дахь тал.
• Улс төрийн тогтолцооны үндсэн бүрдэл хэсгүүд ийнхүү эмзэг төлөв байдалд оршиж байгаа нь түүний цөм болсон төрийн тогтолцооны тэнцвэрт чанарыг цаг ямагт алдагдуулах хүчин зүйл болсоор ирэв. 82 дахь тал.
 
х х х
Ийм дүгнэлт хийчихээд шанд нь ажлаас 7 удаа халагдаж, намаас хөөгдөж, шүүхээр шийтгүүлж МАНАН-д 20 шахам жил дарамтлуулсан маань нэгэнт түүх болон өнгөрчээ. Эдгээр дүгнэлтийг тухайн үеийн төр засаг хүлээж аваад мунхаг тэнэг үйл ажиллагаандаа засвар хийсэнсэн бол өнөөгийн хямрал, хаост орохгүй байсан гэдэгт би бат итгэдэг. Мөн системт шинжилгээний арга зүй ямар гайхамшигтай хүчтэй, үнэн болохыг манай залуус ойлгож аваасай гэх сэтгэлийн үүднээс үүнийг нийтэлж байгаа юм…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог  ganaa.mn -ээс уншина уу?