Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британи дахь монголчуудын наадам энэ сарын 7-нд Лондон хотын Wimbledon Common талбайд өргөн дэлгэр боллоо.
Британи дахь монголчууд нэгдэн хорь дахь жилдээ зохион байгуулж буй “Лондон Наадам-2019” нь үндэсний соёл, ёс заншил, уламжлалт уралдаан тэмцээнээ сурталчлан таниулах зорилготой юм.
 
 
ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга үг хэлсний дараа Төрийн дуулал эгшиглүүлж, Их Британи дахь “Nomadic Tunes” хамтлагийн гишүүн, хөгжимчин С.Нямдаваа, хөөмийч морин хуурч Н.Бат-Эрдэнэ, болон Ноттингхам хотын авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтоор наадам эхлэв. Наадмыг Соёлын тэргүүний ажилтан М.Мөнхзоригт, Г.Чанцалдулам нар хөтлөв.
 
 
Энэ жилийн баяр наадмаар хүчит 32 бөх барилдсанаас Төв аймгийн Баян сумын харъяат сумын заан Батчулууны Батбилэг түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, сумын заан Дашзэвэгийн Цэрэнбат үзүүрлэсэн. Мөн Төв аймгийн Заамар сумын харъаят, залуу бөх Намдагийн Давааням, Турк үндэстэн, Лондонгийн суугуул Elbiz Bison нар тус тус шөвгөрөв.  
 
 
Харин гурав дахь жилдээ зохион байгуулсан хүүхдийн барилдаанд Золбоогийн Тамир түрүүлж, Энхнасангийн Эрхэмбилэг үзүүрлэж, Г.Очир, н.Төгөлдөр нар шөвгөрсөн байна. Британи дахь сагсан бөмбөг сонирхогчдын МонБрит клубийн хамт олон хүүхдийн барилдааны бай шагналыг ивэн тэтгэж оролцлоо.
 
 
Мөн үеэр наадмын засуул Эрдэнэсайханы Тэгшээг “Хүндэт засуул” өргөмжлөлөөр, Монгол Улсын чөлөөт бөхийн 8 удаагийн аварга Найдангийн Отгонжаргалыг Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал “Ялалт” одонгоор тус тус шагнасныг Элчин сайд Н.Тулга гардуулав.
 
 
М.Машбаяр тэргүүнтэй Үндэсний шагайн харвааны холбооны Британи дахь салбарынхан шагайн харваан тэмцээн зохион байгуулж аваргаа шалгаруулсан. Британи дахь шагайчдын хувьд энэ жил амжилт ололтоор дүүрэн жил байсан. Тухайлбал харваач Ж.Гантулга, Д.Болд нар аймгийн гоц мэргэн цол хүртсэн билээ.
 
 
Жил бүрийн наадмаар хүүхдүүдийн гүйлтийн тэмцээн нас насны ангилалд болдог билээ. Энэ жилийн гүйлтийн тэмцээнийг Британи дахь “Team Mongolia Runners” гүйлтийн клуб хариуцан амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн уралдааны дүнгээс танилцуулбал:
 
2-3 нас:
 
1-р байр Мөнхзоригт Номин
2-р байр Баасандорж Очир-Эрдэнэ 
3-р байр Санжаагончиг Скарлет
 
4-6 нас:
 
1-р байр Сувдын Од 
2-р байр Отгондаваа 
3-р байрЭнхүүнээ
 
7-9 нас:
 
1-р байр Энужин Баяа 
2-р байр Хүслэн
3-р байр Хонгор Золбоо
 
10-13 нас:
 
1-р байр Dayan Hodges 
2-р байр Анар Эрдэнэ 
3-р байр Sayan Hodges
 
Мөн “Broadway Beauty Saloon”-ийн нэрэмжит үндэсний сайхан хувцастны тэмцээн насанд хүрэгсэд, хүүхэд, балчир насны ангилалаар явагдлаа. Тэмцээний насан хүрэгчдийн төрөлд Эрдэнийн Одонгэрэл, Даваахүүгийн Мөнхсайхан нар тэргүүлжээ.
Түүнчлэн наадмын үеэр “Team Mongolia Runners Club” гүйгчдийн клубийн Д.Үд-Наран, П.Одгэрэл, Ц.Баярмаа, Л.Дэлгэрмаа, Т.Чаминнэмэх нар Азын сугалаа зохион байгуулав.
 
 
“Лондон Наадам-2019” наадмыг “Жи-Студи МН” гэрэл зургийн студи дэмжин ажиллаж, хөтлөгч М.Саранзаяа, зурагчин У.Ганзориг нар мэдээлэл бэлтгэн хүргэлээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг