sonin.mn
Манай гэр бүл өнөө зуны амралтаараа Алтай Таван богдоор аялах замдаа олон газраар орж, олон үйл явдалтай учирч явсныг мартахын аргагүй. Тэдний нэг зөвхөн Баян-Өлгийд тааралдсан дөрвөн наадмын эргэн тойронд болсон үйл явдлыг тэрлэхгүй байж чадсангүй.
 
 
САГСАЙ СУМЫН БАЯР СЭТГЭЛД ХҮРСЭНГҮЙ
 
Таван богдын бэлийнх нь чулуунд гар хүрч, төрийн тахилгат овоонд нь ширхэгхэн боловч чулуу нэмэрлэн, уулсын өндөр сүндэрлэж, усны тунгалаг урссан нутгаараа бахархахын сацуу энэ өдөр болох Сагсай сумын 60 жилийн ойн баярт оролцохоор хүлгийн жолоо заллаа. Энэ сум аав, ээжийн минь төрсөн нутаг болохоор очихоос аргагүй. Наадмын зүг яарсан “Жийп”-нүүд үүгээр түүгээр тоос татуулан давхилдан далан хэлийн шувууд хурдаа сорьё гэсэн юм шиг элин халин уралдаж, агь таанын үнэр хамар цоргин, нутгийн салхи зөөлхөн илбэж, бидний сэтгэлийг эзэмдэнэ. Хэдэн зууны турш өвгөд дээдэс минь энд нутаглаж, энэ л уулсын хоорондуур хөндлөн гулд давхилдаж, дөрвөн улиралд уул, усны шимтэйг нь эрэн нүүдэллэж, мөн ч олон зууныг үдсэн дээ. Монгол үндэстний өвөг Урианхайчууд Богд хаант Монгол Улсын үед Алтайн арван гурван сүвийг сахин хамгаалж, хувьсгалын дараа Ховд аймгийн Чандмань уулын хошуу Жаргалант Сагсай сум болон өөрчлөгдөж, 1940 онд Ховд, Увс аймгийн нутаг дэвсгэрээс тасалж Баян-Өлгий аймгийг байгуулахад газар нутаг, хүн амтайгаа тус аймагт хамрагдсан болсон юм. Хожим 1959 онд энэ сумыг Баян-Өлгий аймгийн тусгаар сум болгоход "Бэлчирийн баячууд” гэж нэрлэгддэг байсан урианхайн баячууд энэ сумыг байгуулсан гэдгийг түүх мартаагүй, нутгийнхан ч андахгүй. Танил уул нурууд тэртээ холд харагдаж, тунгалаг уст Сагсай гол минь түүхийн шарласан хуудсыг тээн мяралзан урсана. Тарваганы ичээнүүд нь хүртэл танил дотно санагдаж, нутгийн өндөр уулс хүүгээ харуулдсан аавын бараа шиг тодхон харагдана. Буурал өвгөдийн үгийг бурхны зарлиг адил санан нүднээ нулимс хурж, сэтгэл минь хөвөлзсөөр наадмын талбайд очлоо. Нутаг усныхаа тэгш ойн баярт оролцох гэж эх орны аймаг, сум бүрээс олон хүн ирж, өнгө өнгийн торгон дээлээрээ гоёж, цэцгийн хуар шиг алаглажээ. Наадам болдгоороо боллоо. Тэртээ хөндийд хурдны морь унасан хүүхдүүдийн гийнгоо хадаж, эзэн Чингисээс улбаатай эрхий мэргэчүүд нь эвэр нумаа эвшээлгэн татаж, цэц мэргэнээ сорин сайхан наадлаа. Наадамчин олны баяр дээр баяр нэмье гэсэн юм шиг Монгол у.х О.Хангай, у.н Б.Баатарцол, Б.Серик, Ховд аймгийн хурц арслан Б.Баянмөнх, а.а Н.Мустафа зэрэг хүчтэнүүд хот, хүрээнээс иржээ. Энэ наадамд Баян-Өлгийн начин М.Өзгерис баруун зүүнгүй дархан тонгорох мэхээрээ у.н Б.Баатарцол, у.х О.Хангай нарыг дараалан өвдөг шороодуулж, наадамчдын сэтгэлийг баясгалаа. Улсын залуу начин Б.Серик уг наадамд түрүүлж, а.а Н.Мустафа үзүүрлэж сайхан наадлаа. Бөх гэдэг азтай одтой, хийморьтой ийм л сайхан. Харин бөхийн цол дуудсан хижээлдүү насны казах эр сандарч тэвдээд л, наадамчид ч нирхийтэл инээлдэнэ. Аймгаасаа төрсөн улсын цолтой хоёрхон начины нэг Булган сумын харьяат Б.Баатар цолыг Булган аймгийн хэмээн ташаарч, Монгол Улсын хүчит харцага олны сайн мэдэх О.Хангайг  “Монгол Улсын харцага” гэж цоллохын оронд “Ховд аймгийн Буянт сумын иргэн” хэмээн будилахад нь наадамчин олон хошин шогийн үзүүлбэр үзэж байгаа мэт нирхийтэл инээлдэж, харцага ч гэсэн инээдээ барьж ядан дэвж харагдсан. Бөхийн цол гуншин дуудна гэдэг нь тэр бөхийг олноо зөв танилцуулж, бяр хүч, уран мэхийг нь магтан, хийморь лундааг сэргээдэг болохоос биш, цолыг нь бууруулан инээд тохуу болгоно гэсэн үг биш. Туүгээр ч зогсохгүй уг наадмын дараахан Баян-Өлгий аймгийн төвд болсон “Алтай Таван богд- 2019" баруун бүсийн даншиг наадмын үеэр зүүн талын тэргүүн магнайн эрэмбэтэй Монгол Улсын залуу аварга Н.Батсуурийг баруун талын магнай хэмээн үе үе зарлаж, аварга цолыг нь бууруулан арслан хэмээн наадамчдын өмнө дуудаж байгаа нь тун эвгүй санагдсан. Нэг удаа хэлсэн бол яахав, андуураа л биз. Бүхэл бүтэн дөрвөн удаа цол гуншин, эрэмбэ дарааг нь бууруулж дуудна гэдэг нь байж болшгүй зүйл. Энэ мэтээр жижигхэн боловч Монгол бөхийн уламжлалт ёс зүйг эвдсэн аар саар дутагдлыг засахын тулд цол дуудъя гэсэн болгоныг биш, харин цоллоочдыг шалгаруулан зөв сонгож, Монгол төрийн наадмыг хүндэтгэх хэрэгтэй санагдлаа.
 
 
Наадам гэдэг нь өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөн, цаашдын чиг зорилгоо тодорхойлно гэсэн үг. Тэгш ойтой наадам болгонд аймаг сумынхаа үүх түүхийг бичиж, хүн зон нь түүнийгээ сонирхон уншиж, түүхээ эргэн хардаг жамтай. Монгол Улсын төрийн албаны хэл бол монгол хэл.
 
 
Гэтэл энэ сумын түүхийг казах хүнээс өөр хэн ч ойлгохгүй казахаар бичиж хэвлүүлжээ. Түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн, Монгол Улсын газрын зурагт Монгол нэрээр тодоос тод бичигдэж үлдсэн уул ус, гол мөрөнг Кара көл, Алтын кесе көлшиги, Кара тас өзени, Кобда өзени. Бак карагай гэх мэтээр казахаар орчуулж, бас Аккорым, Шок карагай, Кызыл жал тауы гэх мэтээр казахаар нэрлэж, нэг ч монгол нэршилгүй болгожээ. Газар усны нэрийг хэн нэг нь дураараа орчуулаад, өөрчлөөд бичих уран зохиол биш. Дэлхийн аль ч улсад хүн, газар усны нэр зэрэг оноосон нэрийг орчуулах ёс, журам байдаггүй. Нутгийн уугуул буурлууд хорвоогийн жамаар нураад одсоны хойно магадгүй 20-30 жилийн дараа Баян-Өлгийн газар ус ямархан нэртэй болчих бол. Энэ бүхнийг цагдаа тагнуулын газар анхаарах цаг нэгэнт болжээ. “Саксай тарихы” гэдэг казах нэртэй түүхийн энэ номонд уг сумыг байгуулалцсан өвөг дээдсийн минь нэрний эхний үсэгч алга. Үгүйсгэнэ үгүйсгэнэ гэхэд ингэж үгүйсгэхдээ яахав. Энэ номонд 113 хүний намтар түүх бичсэнээс зөвхөн Улсын бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Аймгийн дарга, Намын хорооны дарга, Шүүхийн дарга, шүүгч зэрэг өндөр албан тушаалын 10 Монгол хүний намтрыг багахан зайд баггааж, нэр төдий оруулжээ. Сагсай сум байгуулагдсан 60 жилийн хугацаанд уг сумаас Билэгтийн Цээхээ гэдэг ганцхан хөдөлмөрийн баатар төрсөн билээ. Гэтэл ганц баатрынхаа намтар түүхийг бичих байтугай, номондоо нэрийг нь ч дурсалгүй мартжээ. Баатар маань гэргий, үр хүүхэд, ач зээ нараа дагуулан гурван машин хөлөглөөд, сумынхаа ойд өргөх бэлэг хандиваа аваад баяр хөөр болон очсон байлаа. Монгол Улсын Ардын жүжигчин Р.Самжид, гавьяат эдийн засагч Н.Равдаа, гавьяат зоотехникч Ж.Рааш, гавьяат жүжигчин М.Бямбасүрэн, Монгол Улсын начин ах дүү бөх Ожаан, Нэмэхбүрэн, Ховдын даншигийн хоёр удаагийн аварга миний өвөг эцэг, том  алаг нүдээрээ “Алаг” хэмээн алдаршсан Ө.Дампил, түүний хүү ах дүү бөх аймгийн заан Д.Тогтох, Д.Баакаа, Монгол Улсын түүхэнд тохиолдоогүй хөдөөгийн эгэл малчны хүү “Ах дүү гурван доктор” хэмээгддэг Цэндийн Баатар, Ц.Гантулга, Ц.Баттулга, Монгол Улсын даян мэргэн Т.Лонжид, улсын мэргэн М.Батгэрэл, Ц.Баасанхүү гээд түүхийн шарласан хуудаснаа тодоос тод бичигдэж үлдсэн баатар, гавьяатуудыг нэгийг ч дурссангүй. Алдар цуутай урианхайчуудын талаар бичих алга дарам зай олдоогүй мөртлөө 10-17 хүүхэд төрүүлсэн 24 казах эмэгтэйг ид хав болгон бичсэн нь нэгийг бодогдуулна. Олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдээрээ бахархалгүй яахав. Гэхдээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяатууд тэднээс  дутуу гэж үү? Түүхийг гуйвуулна, бүдгэрүүлнэ гэдэг юутай харамсалтай вэ? Энэ номыг зохиогч нь Казахстан улсын иргэн Караганд мужид оршин суудаг Б.Зарыккан гэж уг номын 11 дүгээр хуудсанд өөрийн нэрээ тодоос тод бичиж, гарын үсгээ зуржээ. Монголдоо байгаа Сагсай сумын иргэн казахуудаас энэ номыг бичих чадвартай хүн олдсонгүй гэж үү? Өөр улсын иргэн, Монгол нутгаас холдоод олон жил болсон ийм хүнээр түүх бичүүлнэ гэж юу байхав.
 
 
Монгол Улсын төрийн хэл бол монгол хэл учраас энэ номыг Монголын иргэн хэн ч ойлгож унших боломж олгохын тулд уг номыг монгол хэл дээр хэвлүүлж, газар усыг дахин монголоор нэрлэж, түүхийг бүдгэрүүлж гуйвуулсан уг номын зохиогч, хянасан редакторт хариуцлага тооцож, ард түмний гар дээр байгаа болон тараагдаагүй олон номыг хурааж, монгол газар шороо, түүний тусгаар тогтнолд төр анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ.
 
 
Түүхийн номонд нэр нь ч ороогүй монгол иргэд арга ядаад наадмын өмнөхөн “Жана даур" нэртэй казах сонины монгол хавсралт гаргасан нь номтой харьцуулахад дэндүү жижигхэн боловч “Оргүйгээс охинтой нь дээр” гэгч л болжээ. Зохион байгуулалтын хувьд энэ наадам сайн болсон ч үзэл суртлын хувьд тун тааруухан наадам боллоо. Ийнхүү халуун сэтгэл өвөртлөн очсон нутгийн наадам гайтай номноос болж, сэтгэл зүрхийг минь шархлуулж, баяр наадам үзэх хүсэл сонирхлыг минь унтраан, над шиг сэтгэл эмзэглэсэн хүмүүсийн араас би ч толгой гудайлган буцлаа.
 
АЛТАЙХАН САЙХАН НААДЛАА
 
Сагсайн наадамд сэтгэл гутарсан бид энэ наадмыг орхиод хадмын нутгийн наадам үзэхээр Алтай сум руу хөдөллөө. Замд бороо орж, байгаль дэлхий хүртэл хүүг минь гомдоочихов уу гэсэн шиг алтан нараа харамгүй хайрлаж, сэтгэлийг минь онгойлгоно. Хорвоо гэдэг хатуутай, зөөлөнтэй ийм л ажгуу. Хамгийн эхлээд би Алтай сумын түүхийн товчоонтой танилцлаа. Сагсайг бодвол явцууралгүй, монгол, казах хоёр хэл дээр номоо гаргажээ. Баярын нээлтийн театрчилсан тоглолтод урианхайчууд нүүдэллэж яваа казах иргэдтэй монгол заншлаараа цай идээ барин хадагаа дэлгэн золгож, амар мэндээ мэдэлцэж, казахууд нь “дастархан" аа дэлгэн уулзаж, жаргал зовлонгоо уудлан ярилцаж байгаагаар харуулсан нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж, наадамчид алга ташин халуун дотно хүлээн авлаа. Зочид гийчдийг сургуулийн шинэхэн дотуур байранд байрлуулж, амт чанар сайтай хоол ундаар үйлчлэн, бие нь жижигхэн ч билчээр нь том сумын Засаг дарга энд тэндгүй гүйж, холоос ирсэн зочдын тав тухыг нь асуун лавлаж, хүний төлөө анхаарлаа чиглүүлсэн сайхан наадам боллоо.
 
Эхний өдөр улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болж, энэ сумын уугуул а.а М.Еркебулан түрүүлж, у.х О.Хангай үзүүрлэлээ. Улсын хүчит харцагыг хүүхэд адил ганцхан гуд татан сөхрүүлээд түрүүлж байгаа а.а-гийн  барилдааныг харахад үнэн ч юм шиг, инээдтэй ч юм шиг харагдана. Ая тал, нутаг ус харсан иймэрхүү худал барилдаан үзсэн наадамчид бас л гонсгор үлдэв. Худал түрүүлснээс үнэн үзүүрлэсэн нь дээр байдаг. Хүчийг үзэн барилдахын оронд унаж өгдөг ийм муухай барилдаанд үзэгчид дургүйцэж, монгол бөхөд байгаа ийм үйлдлийг мэдэрдэг болжээ. Харин уг барилдааны шөвгийн наймд барьц солилцон удтал барилдсан у.н Б.Серик, Ховд аймгийн хурц арслан Б.Баянмөнх нарын барилдаан тун ширүүн болж, наадамчин олныг баясгаж, арслангийн ялалтаар төгслөө. Унасандаа шаралхсан у.н Серик маш их ундууцаж, цээжээ нүдэн, амандаа п...гэх үгийг байн байн хэлж, суудал дээрээ байж ядан хагас цаг шахам шатаж, уурлаж байсан нь ч бөх хүний хувьд тун эвгүй харагдсаныг наадамчид хоорондооо нудралцан, жиг жуг шивнэлдэж байлаа. Давж сурсан бөх, бас унаж сурах хэрэгтэй. Баярын сүүлчийн өдөр морь барианы газарт цолгүй бөхчүүдийн барилдаан зохиож сумын начин, заан цол олгосон нь морь иртэл дэмий сэлгүүцэж, гиюүрч суудаг үзэгчдэд тун зугаатай боллоо
 
БАЙТЕМИР АГСНЫ МЯЛААЛГЫН НААДАМ НИЖГЭР БОЛЛОО
 
Аймгийн төвийн ойролцоох “Шар нуур” буюу одоо казахаар нэрлэх болсон “Бай төбе”д Монголд байгаагүй том бооцоотой наадам боллоо. Казахстанд шилжиж хөл дээрээ боссон хувьтай хүүхдүүд нь зохион байгуулж байгаа таван автомашин, 30 мотоциклийн бай шагналтай Ботахара Нура омгийн Байтемир агсны мэндэлсний 75 жилийн ойн наадамд газар газрын бөхчүүд, хурдан хүлгүүд хуран цугларчээ. Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамбд, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Н.Батзаяа, Д.Анар, улсын начин Б.Баатар цол, Л.Гантулга, Б.Серик, Б.Чимидвандан гээд наадамчдын ойрхоноос харахыг хүсдэг улсын цолтой томчууд олон иржээ. Бөхийн барилдаан өрсөлдөөнтэй сайхан боллоо. Аварга Батсуурь гэнэ алдаж ам мэхэнд, гарьд "Гончигдамба, а.а Мустафад худал унаж, наадамчдын сэтгэлийг гонсойлгосныг эс тооцвол барилдаан сайхан боллоо. Уг барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат у.х Б.Бат-Өлзий түрүүлж Тоёота “Ланд Круйзер” Прадо-120 машинаар, үзүүрлэсэн а.а Н.Мустафа Тоёота “Приус 30” авто машинаар шагнагдаж, шөвгийн дөрөвт үлдсэн у.г Б.Гончигдамба, у.х О.Хангай нар тус бүр будаг нь ханхалсан мотоциклээр шагнагдлаа. Хурдан морины уралдаанд Баян-Өлгийн морь түрүүлж, “Alphard” маркийн япон авто машинаар шагнагдлаа. Уг нь энэ морийг эрлийз удмынх учир уралдуулахгүй гэж комисс урьдчилан хассан боловч, эзэн нь машинаар ачиж аваачин уралдуулжээ. Гэтэл нутгийн казах хүний морь түрүүлсэн учир морины комиссынхон ч урьдын шийдвэрээ дорхноо өөрчилж, “Нэгэнт түрүүлж ирсэн болохоор түрүү моринд тооцлоо” гэсэн шийдвэр гаргалаа. “Ноён урваач, нохой шарваач” гэдэг нь энэ буюу. Ер нь монгол адууг эрлийз морьтой хамт уралдуулдаггүй. Энэ журмыг зөрчсөний улмаас том биетэй тоомсог адуутай уралдан түрүүгээ луйвардуулсан Говь-Алтайн Хөх морьтын жижиг биетэй монгол морь л хөөрхий болж үлдлээ. Наадмын анхаарал татсан нэгэн торгон мөч нь “Ас” буюу орчуулбал “Буяны идээ будаа” байлаа. Байтемир агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд нь талийгаачийн буяны үйлд зориулан наадмын талбайд 60 эсгий гэр барьж, 40 адуу төхөөрч, хишиг түгээх явдал байлаа. Хүн амьтан машин тэрэг гэж жигтэйхэн их. Естой түм түжигнэж, бум бужигнана гэдэг нь энэ байлгүй. Мань мэтийнхэнд хоол унд олдох юм биш, бүгд л өлссөн тухайгаа хөхрөлдөн ярьж, гэрийн зүг яаран “Баян Болдоо”-гийнд очоод, хүсч байснаасаа илүү тогоо дүүрэн тарган адууны мах зооглож бүгдээрээ гэдэс гарч билээ. Энэ наадам өлссөн болохоос биш, аймгийн наадмаас ч олон хүн цугларсан өргөн дэлгэр наадам болсон юм.
 
БАРУУН БҮСИЙН ДАНШИГ НААДАМ ТААРУУХАН БОЛОВ
 
Уг наадмаас хоёр хоногийн дараа “Алтай Таванбогд-2019” баруун бүсийн хурдан морины даншиг наадам аймгийн төвд болж, Улаанбаатар хот, Ховд, Увс, Завхан,
Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн наадамчид оролцлоо. Газар газрын хурдан хүлгүүд агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар тэлүүлнэ. Морь болгоныг Монголд байхгүй ханш.100 мянган төгрөгөөр бүртгэж, унаач хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгасан мөртлөө мөнгө байхгүй нэрийдлээр бай шагналыг шөнийн 01.00 цаг хүртэл өгч чадалгүй, хүүхдийг чихрээр хурч байгаа мэтээр “Дараа шилжүүлнэ” хэмээн уяачдын дансыг авч, тэднийг арай чүү тараажээ. Олон сайхан хурдтай хүмүүс бүртгэл даатгалын өндөр хураамжаас болж, морио уралдуулж чадаагүй учир даншиг наадам гэхэд чамламаар цөөн тооны морь уралдсан гэдэг. Бүртгэл, даатгалын тэр их мөнгө хаачив, арай газрын гав руу орчихмоор гүйсэн. Нэгэнт шөнө болсон тул наадмын эхний өглөө сүр дуулиан болгон дуулсан төрийн дуулалаа ч эгшиглүүлсэнгүй, цэнхэр тэнгэрт мандсан төрийн далбаагаан буулгасангуй. Уг нь ёс төртэй мандуулсан төрийн далбааг ёс журмын дагуу буулгах ёстойсон. Наадмын эхэнд дархалсан иргэ шиг маадайн ширээний хойморт заларч суусан Иргэдийн хурлын дарга Д.Бауыржан нь шаардлагатай үед “Надад хамаагүй” гэсэн шиг сураггүй оджээ. Уралдаанд түрүүлсэн морьдын бай шагнал ч гэж юу шалив гэж. “Аймгийнхаа хурдан морины уралдаан болгоныг мотоциклээр байлж, Баян-Өлгийн 13 суманд хувиасаа хурдан азарга тус бүр нэгийг бэлэглэнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусган аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүн болсон Улаан хус сумын уугуул, Таван толгой компанийн газрын дарга X.Нурлатын хүрэн морь түрүүлж торгон жолоо өргүүллээ. Ихэнх хүмүүсийн ярьснаар “Нурлати Манлай уяач Ононгийн тамгатай түрүүлсэн хүрэн морийг өөрийн нэр дээр бичүүлж, түрүү авсан нэр зүүн, Монгол Улсын Алдарт уяач болох юм гэнэ” гэсэн мессэж нислээ. Түүгээр ч зогсохгүй нас насанд айрагдсан нэг морийг өөрийн нэр дээр бичүүлж, гурван айраг түрүүний эзэн болжээ гэсэн сенсаци дэгдсэн нь үнэний ортой. Ингэж цол гуншин аваад ч юу хийхэв. Хүний юмаар хүүдэгнэх тийм л сайхан байдаг юм байх даа.
 
Харин мартсанаас мал мэнд үү гэгчээр бөхийн барилдаан сайхан боллоо. Бөх тайлбарлагч нь аваргын цол гуншинг хэлэхэд будилснаас биш, монголоор цэвэрхэн ярьдаг, хүнгэнэсэн эр хонгор дуутай, мундаг залуу байлаа. Наадмын бай шагнал нь бас л тааруу. Бусад аймагт болсон даншиг наадмууд том том жийпний шагналтай, сүр дуулиантай болсон. Гэтэл Баян-Өлгийн наадам бас л балгаа чирсээр. Даншиг наадмын үндэсний сурын тэмцээнд түрүүлсэн харваач Т.Батмөнх 100 мянга, Алтай сумын 60 жилийн ойн наадамд хоёрдугаар байр эзэлж 1.5 сая төгрөгөөр шагнагдсан Г.Сугар-Эрдэнэ даншиг наадмын Урианхай сурын харваанд түрүүлснийхээ байнд урьдах шагналаасаа 15 дахин бага буюу 100 мянга, энэ наадмын өмнөхөн болсон Налайх, Ховд аймгийн наадмын өсвөрийн харваанд түрүүлж, тус бүр 100 мянган төгрөгөөр шагнагдсан хүү 32 мянга, Алтай сумын наадамд үзүүрлэж гурван сая төгрөгөөр шагнагдсан у.х О.Хангай энэ даншигийн түрүү бөхийн шагналд дөнгөж нэг сая 900 мянга, хаа холоос байр, хоол, унааны зардал чирэгдэл гарган байж даншигт барилдан хоёр давсан бөхчүүд 14500 төгрөг, гурав давсан а.н Балжинням зэрэг 16 бөх тус бүр 28 мянга, дөрөв давсан хурц арслан Сосорбарам тэргүүтэй найман бөх 57000 төгрөгийн бай авч байгаа нь аймгийн болон бүсийн даншиг наадмыг хамтатган тэмдэглэж байгаа наадмын шагнал гэхэд даанч жулдмаар, ичмээр санагдлаа. Ёстой л “хүүхдэд хусам долоолгосонтой” адил боллоо. Ард түмнээс цугларсан хандив, морины өндөр бүртгэл, төсвийн мөнгийг ингэж зарцуулж байгаадаа аймгийн дарга нар ичмээр юм. Дараа жил болох тус аймгийн 80 жилийн ойд “ичих нүүрэндээ илгэ наагаад” Баян-Өлгийн нэрийг гутаагаад сууж байвуузай, дарга нар аа. Хүнд ичих булчирхай гэж байдаг юм шүү.
 
 
Сэтгүүлч Тогтохын ЦЭДЭНЖАВ