Багшийнхаа дурсамжийг сонинд нийтлүүлэхээр хэдэн ч удаа манай редакцийг зорьж ирснийг мэдэхгүй. Зузаан хавтас сугавчлаад уйгагүй ирсээр нэг мэдэхнээ л  танил боллоо. Нэг удаа санаандгүй байдлаар өөрийнх нь талаар сонирхож асуугаад “Яагаад” гэсэн асуултыг дахин дахин асуумаар санагдсан. Энэ их чимээгүй хэрнээ шаргуу хөдөлмөр, дэлхийд өрсөлдөгчгүй амжилтын буухиа яагаад өнөөг хүртэл “дарагдсан” юм бол. Төр засаг энэ хүнийг яагаад олж хараагүй юм гэсэн олон асуулт тавимаар.
 
Н.БАЯРМАА, М.АНХЦЭЦЭГ НАРЫН ЗАМЫГ ЗАССАН МАСТЕР
 
Хүндийн өргөлт болон хүчний спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэгмэд 80 нас хүрч байгаа ч хөнгөн гэж жигтэйхэн. Пауэрлифтингээр дэлхийн рекордыг 89 удаа тогтоосон гээд бод доо. Хамгийн сүүлд өнгөрсөн арванхоёрдугаар сард Москвад болсон дэлхийн цомын аваргын тэмцээнээс хос алтан медальтай ирсэн сайхан мэдээтэй бид уулзлаа. Тэрээр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумынх. Их спорттой 18 настайдаа холбогдсон тухайгаа “1957 онд Гунгаа багш дунд сургуулиудаас хүндийн хөргөлтөөр хичээллэх ирээдүйтэй хүүхдүүдийг цуглуулахад азаар тэдний тоонд орж анх аравдугаар ангид байхдаа Москва руу тэмцээнд явсан. Тэр үед багийн тамирчин хэрнээ тусгаар тогтносон улсын иргэн ямар үнэ цэнэтэйг ухаарсан. Дараа нь Москвад төмөр замын дээд сургуулийн оюутан байхдаа нутаг орноо санахын хэрээр улсынхаа төлөө зүтгэх ёстой гэсэн үзэл бодол суусан даа” гэв. 1959-1973 оны хооронд  улсын шигшээ багт байхдаа дэлхийн аваргын тэмцээнд оролцож, 1967 онд олимпийн норм биелүүлэхэд тун дөхсөн гээд улс орны нэрийг  өргөж, манлайлж явсан он жилүүд бий. Дэлхийн рекордод түлхэлттэй өргөлтөөр манайхан одоо ч 50-60 кг-аар хол байгаа бол тухайн үед 17 кг-аар ойртсон. Дэлхийн рекорд 152 кг байхад 135 кг-ийг өргөж байсан гэдэг. Ингэж ид иртэй явахдаа 1973 онд мэргэжлийнхээ ажилд томилогдсон байна. Төмөр замд  газар, хэлтэс, аж ахуйн нэгжийн даргаар олон жил ажиллахдаа хариуцсан албандаа үр бүтээлтэй байсныг нотлох баримт олон.Тухайлбал, Вагоны аж ахуйг бие даалгаж тусгай баланстай болгосон. Улаанбаатар-Москвагийн Монголын галт тэргийг бэлтгэх ажлыг голчлон зохион байгуулсан. Улаанбаатараас Бээжин рүү суудлын галт тэрэг явуулсан. Мөн арваад жил төмөр замын гадаад харилцааны хэлтсийн дарга хийхдээ төмөр замыг хэрхэн хөгжүүлэх, үр ашигтай байлгахад бодлого боловсруулж ажилласны үр дүнд жилдээ 40-50 сая төгрөгийн орлого нэмэгдүүлсэн гээд дурдаж дуусахгүй. Энэ гавьяаг нь мөнхөлсөн ном, товхимол олон бий. Ингэж их спортоос хөндийрч төрийн албанд 20-иод жил зүтгэсэн байна.
 
Харин тэрээр эргээд спортоор хичээллэсэн нь Монголын хүндийн өргөлтөд анхны замыг нээж, амжилтаа улам ахиулсан он жилүүд байв. Б.Цэгмэд 1990-1992 онд Хүндийн өргөлтийн холбооны даргаар ажиллахдаа эмэгтэйчүүдийн хүндийн өргөлт дэлхий дахинд үүсч эхэлж байхад төмөр замын техникумээс Батцэцэгийг хувийнхаа зардлаар Азийн наадамд оролцуулсан гэдэг. Ингэснээр Монгол Улс эмэгтэй тамирчнаа олон улсын тэмцээнд оролцуулсан 55 дахь орон болсон байна. Үүнийг нь дэлхийн холбоо үнэлж олон улсын шүүгчийн хоёрдугаар зэргийн цол олгож байжээ. Өөрөөр хэлбэл, 30 жилийн дараа буюу өнөөгийн Н.Баярмаа гавьяат, М.Анхцэцэг нарын замыг зассан хүн нь яах аргагүй Б.Цэгмэд мастер юм. Тэрээр “Зах зээлийн үед эдийн засаг хүнд байхад Хүндийн өргөлтийн холбоог бие даалгахын тулд олон арга хайсан. Савхины үйлдвэрт 500 мянган төгрөг өгч савхи, ноолууран цамц болгож тамирчдаа Дэлхийн аваргад оролцуулж, Азиас анхны хүрэл медалийг хүртсэн.
 
 
Савхины үйлдвэр, уурхайн зардлаар цөөнгүй тамирчнаа олон улсын тэмцээнд явуулж олимпийн норм биелүүлж, олон ч медальтай ирсэн” гэв. Тухайн үед албан ёсоор бүрэлдэхүүнд нь ороогүй ч олимпод орж Канарын аралд Хүндийн өргөлтийн дэлхийн холбооны гишүүний сонгуульд өрсөлдөж явсан нь бас л Монголдоо анхных биз.
 
 
ДЭЛХИЙГЭЭС 70 АЛТАН МЕДАЛЬ АВЧ, РЕКОРДЫГ 120 УДАА ШИНЭЧИЛЖЭЭ
 
Б.Цэгмэд 1998-2010 он хүртэл Хүндийн өргөлтийн холбооны ахмадын зөвлөлийн дарга хийхдээ ахмадуудыг цуглуулж бэлтгэл хийлгэж эхэлсэн байна. Үүний үр дүнд ахмадууд 35-аас дээш насныхан оролцдог Монголоос хамгийн анх дэлхийн мастерын тэмцээнд оролцож алт, хүрэл медаль авчирсны дотор Б.Цэгмэд дэлхийн рекордыг шинэчилжээ. Түүнээс хойш 20 жилийн дотор ахмадуудаас зургаан хүн дэлхийн аварга болсны хоёр нь эмэгтэй. Тэд дэлхийгээс 70 алтан медаль авч, рекордыг 120 удаа шинэчилсэн байна.
 
Тэрээр 1998 оноос пауэрлифтингээр хичээллэж олон улсын наадмуудад оролцож дэлхийгээс гурван хүрэл медаль авахдаа Монголын рекордыг 31 удаа шинэчилсэн тухайгаа “2010 онд Монголд пауэрлифтингийн Азийн аваргын тэмцээн болоход Иран, Энэтхэгийн рекордыг хялбархан эвдсэн. Дараа нь Чехэд тэмцээнд орж Азийн рекордыг хоёр удаа, Канадад 18 удаа шинэчилсэн. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн дотор Азийн рекордыг 18 удаа эвдсэн.  Тэгээд 2012 онд мэргэжлийн бэлтгэл хийж дараа жил нь дэлхийн цомын тэмцээнд оролцож багаараа хоёрдугаар байрт орж, Намхайдорж бид дэлхийн рекордыг тогтоосон. Тэр үед мэргэжлийн тамирчдын амжилтыг шинэчилсэн юм. Мэргэжлийн тамирчдын суулт 207.5 байсныг 215 болгоход бусад орныхон монголчууд юу болов гээд эвэртэй туулай үзсэн юм шиг л байсан. Энэ үед хүчний гурван төрөлд тэсрэлт гарсан гэж боддог. АНУ-д болсон дэлхийн аваргын тэмцээний үеэр нас биеийн жин, өргөсөн дүнгийн нийлбэрийг харьцуулахад би 74 настайдаа 40-өөс дээш насныхныг тэргүүлж дэлхийн мастер ахмадуудын үнэмлэхүй аварга болсон. Үүний дараа насныхаа тоогоор рекорд тогтооё гэсэн зорилго тавьж 2015, 2016 онд болсон тэмцээнүүдэд оролцож пауэрлифтингээр тогтоосон рекордоо 89 болгож зорилгоо биелүүлсэн. Энэ бүхэнд төмөр замаас эхлээд тусалж дэмжсэн хүмүүс байгаагүй бол боломжгүй” гэлээ. Үүнээс бусад тамирчны рекордыг эвдсэн нь 19, шинэчилсэн нь 14, бусад 56 нь өөрийнхөө рекордыг эвдсэн байна. Түүнтэй нэг төрөлд Америк, Япон, Оросын тамирчин өрсөлддөг гэнэ.Түүний энэ амжилтаас дэлхийн сайтад 31 нь орсны хоёр нь л эвдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, түүнээс бараг арваад насаар дүү хүмүүс хоёр амжилтыг нь эвдсэн нь түүний чанарын үзүүлэлт байх хэмээн даруухан өгүүллээ.
 
Б.Цэгмэдээс богино хугацаанд гаргасан үнэмлэхүй амжилтын нууцыг асуухад  монгол ахуйд “тэжээгдсэн” нь л өнөөгийн амжилт, тэсвэр тэвчээрийн үндэс гэж боддог тухайгаа “Найман нас хүртлээ ханиад хүрч эм ууж, тариа тариулсан нь ховор. Цас мөсний ус л голдуу уусан. Дөрвөн настайгаасаа хурга хариулж, жаахан том болуут морь унаад хонинд явдаг байлаа. Өндөр чулуу  таарахгүй бол өдөржин морио хөтлөөд явдаг байсан нь хөл, гар чангарахад нөлөөлсөн байх. Бусдын адил түлээгээ хагалж, ус зөөж өссөн. Идсэн хоол гэвэл хөлд ороод л эргүүлэг дээрх тогоотой өрмийг хамаад идчихдэг байлаа. Хавар цагаан идээ, зун айраг гүзээлнэ.  Амьдралын эрхээр зургаадугаар ангиасаа ачигч хийж байсан үе бий. Дээр нь миний аав их чадалтай хүн байлаа. Аав 16 настай байсан гэдэг. Хошууны ноён том чулуу өргөж холдуулсан хүнд адуу өгөхөөр амлаж бөхчүүд ч өргөөд дийлээгүй юм билээ. Гэтэл аавын санаанд багтаад байж. Тэгэхээр нь өргөөд тавьчихсан гэсэн. Мөн өвөл харзанд гацсан шүдлэн үхрийг өргөөд гаргачихсан гэж  авга эгч ярьдаг. Тэгэхээр монгол ахуй гарвал, удам гэдэг агуу зүйл юм.
 
 
Миний амжилтыг монгол хүнээс өөр хүн эвдэхгүй байх гэж боддог” гэсэн юм. Тэрээр Монголдоо хоёр дахь спортын мастер. Циркийн Дамдин аваргын өмнө 1961 онд мастер болж байжээ. Хүндийн өргөлт, пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер зэрэгтэй. Олон улсын шүүгч ч хийж байсан.
 
 
Харин төр засгийн шагнал гэвэл Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонтой. 2013 онд дэлхийн рекорд тогтоосноос хойш өнөөг хүртэл гавьяатад дэвшүүлж хоёр удаа тодорхойлсон гэнэ. Энэ талаар нь асуувал “Өөрийгөө хөөргөж байгаа юм биш. Дэлхийн аваргаас ес, дэлхийн цомоос 12 алт авсан. Азиас 11 алтан медаль авсан нь зөвхөн Монголд болсон тэмцээн л дээ. Дэлхийн рекордыг 89 удаа эвдсэн. Нэг тэмцээнд багадаа 12 өргөдөг учраас олон рекордыг зэрэг тогтоох боломжтой. Ер нь улсынхаа нэрийг гаргаж байна л гэж бодож хичээдэг” гэж 80 нас хүрч буй буурал мастер өгүүлж байна. Түүний үе мөч хатуурч, нүдэндээ болор суулгах шаардлагатай ч төмөр өргөж чадахгүй болчих вий гэж гүрийсээр өнөөг хүрчээ. Тэрээр энд хүрээд зогсохгүй илүү том зорилго тавьсан байна. Пауэрлифтингээ орхиж хүндийн өргөлтөөр дэлхийн их мастер цол авахаар бэлтгэлээ базааж буй юм.
 
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин