sonin.mn

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргье

-Баярлалаа. Бөх сониныхоо уншигчдад энэ өдрийн мэнд хүргье.



-Архангай аймгийн Батцэнгэл сумаас олон алдарт бөхчүүд төрсөн байдаг. Та бол тэдний залгамж халаа залуусын нэг. Төрж өссөн нутаг ус, аав ээжийнхээ тухай ярилцлагаа эхлэх үү?

-Би 1975 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Айлын том хүү, дороо 8 дүүтэй. Аав ээж хоёр минь жирийн л нэг малчин улс. Миний бага нас хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил Тамирын голын хөвөөнд тоглож өсч өндийсөн. Манайх адуучин айл болохоор би багаасаа л адуу малтай ноцолдох, морь уургалах, эмнэг догшин сургах, адуу манах гээд бүх л ажлыг хийж үзсэн. Монголчууд маань хүү төрвөл бөх болно л гэдэг жамаар багаасаа л бөхөд дуртай, үеийнхэнтэйгээ, ах нартайгаа барилдаж ноцолдоод л явдаг хүүхэд байсан даа.



-Танайд бөхийн удам байсан уу?

-Манай аав, ээжийн аль аль талд нь барилдаж ноцолддог том биетэй хүмүүс байсан юм гэнэ лээ. Аавын маань дүү Батбаяр гэж сумандаа барилддаг ах бий. Ёстой л хол явж барилдаагүй сумын заан хүн дээ. Цэргээс халагдаж ирээд сумынхаа наадамд хоёр түрүүлсэн юм. Тэгэхэд би бага байсан болохоор ахыгаа барилдаж түрүүлэхийг хараад их сайхан санагдаж, тэр ах шигээ бөх болох юмсан гэж боддог байж билээ.



-Хөдөөний ажил амьдрал, тэр тусмаа адуучин айлын эрэгтэй хүүхдүүдэд бусдаас арай илүү бяр тэнхээ суух, тэсвэр хатуужилтай болох нь бий?

-Адуу маллах ч бас л нэлээд тэвчээр, ухаан шаардах ажил л даа. Би багадаа цулмагдуу хүнд хүүхэд байсан болохоор ихэвчлэн явган морь уургалдаг байсан. Тэр бүхнээс үүдээд хөл гар арай илүү чангарсан байх л даа. Зан чанарын хувьд даруухан хүү байсаан.



-Олуулаа хүүхдүүд ч бужигнаад сайхан биз дээ. Дүү нараас тань барилдаж байна уу?

-Олуулаа болохоор гэртээ сайхан бужигнаад л өссөн дөө. Би айлын том болохоор дүү нараа бүгдийг нь тэг ингэ гээд л зохицуулна. Гэхдээ нэг их хоорондоо барилдаж ноцолдож сүйд болоод байдаггүй байсан. Дүү нараас нэг их барилдахгүй л байна. Нэг дүү маань өөрөө барилдах сонирхолтой. Хөдөө малаа маллаад байж байгаа. Бие хаа том шүү.



-Та анх ямар наадамд барилдаж байв?

-Овооны наадамд л барилдаж эхэлсэн. 15-16-тайгаасаа эхлээд л үе тэнгийнхэнтэйгээ сумынхаа овооны наадмуудыг дамжиж барилдаад л явдаг байсан.



-Анхны амжилт, анхны урамшил юу байв?

-Би анх овооны наадамд барилдаж түрүүлчихээд их урам орж байсан. Манай үеийнхэн чинь их барилддаг залуус байсан. Ер нь барилддаггүй нь цөөхөн шүү. Манай үеэс Аймгийн арслан Т.Алтаншагай, у.х Т.Мөнгөнцоож, з а Х.Оргилсайхан, с.з Төмөрчөдөр, гээд улс, аймаг, сумын цолтнууд ч нэлээд хэд төрсөн. Хоорондоо ширүүн өрсөлдөнө.

 

Тэр үед манай суманд бараг долоо хоног болгон л барилдаан болж байдаг. Үзэгч ч дүүрэн үздэг. Тэр дундаас бөх болох нь болоод чиглэл чиглэлээ хөөгөөд л явцгаасан даа.



-Тэр үед таныг бөх болох хүү гэж хэн нэгэн онцолж, урамшуулж байсан уу?

-Өвөө минь тэгж их хэлдэг байсан. Өөрөө бөхөд их дуртай. Миний хүү бөх болно шүү л гэдэг байсан.



-Өсвөр залуучуудын аварга шалгаруулах барилдаанд барилдаж байв уу та?

-Арван наймтай байхдаа сумаасаа шалгарч аймгийн аварга шалгаруулах барилдаанд очоод хоёрдугаар байранд орж байлаа. Тэгэхэд Өндөр-Улаан сумын Н.Жүгдэргарав арслан түрүүлж байсан юм. Тэр барилдаан томчуудынх байсан болохоор аймаг, сумын цолтнууд олноор барилдсан юмдаг. Тэгээд тэндээсээ хот руу Их сорилгод ирж барилдаад эхний зооноосоо гараад дараагийн зоонд шалгарсан.

 

Тэр зоонд А.Сүхбат аваргатай таарч барилдаад унасан. Тухайн үедээ хурдтай, мэх нь даацтай ямар сайхан барилддаг бөх вэ гээд харж байсан. Анх удаагаа улсын том цолтой бөхчүүдтэй барилдаж үзсэн болохоор бүгд л их бяртай, хүчтэй санагдаж байж билээ.



-1994 оны өсвөрийн УАШБ-ны сурвалжлагыг саяхан архиваас олж үзэхэд тэнд таны нэрийг нэлээд олон ахмад бөх онцолсон байсан. Сайхан барилдах хүү гээд...?

-Тийм, тийм. Тэр жил бага насанд Болдбаатар, том насанд би аймгаасаа шалгараад улсын идэрчүүдийн аваргад ирж барилдсан хэрэг. Тойргоор барилдаад би 10 хавьцаа шалгарч байл уу даа. Завханы И.Батсайхан түрүүлсэн санагдана. Би тэгэхэд ганц мэхтэй л хүүхэд байлаа шүү дээ. Гараад ганцхан хавирчихдаг /инээв/. Тэр барилдаанд Д.Ганхуяг, Д.Батбаяр, Л.Наранбаатар, И.Батсайхан гээд миний үеийн олон сайхан барилддаг хүүхдүүд оролцсон.

 

Одоо бүгд л улс, аймгийн цолтой бөхчүүд болсон байгаа. Тэгэхэд Сэрээтэр харцага намайг дуудаж уулзаад БТДС-даа авъя гэж байсан. Би ар гэрийн байдлаас болоод орж чадалгүй буцсан. Дараа жил нь 19-тэй цэрэгт татагдаад ДЦ-ийн 805-р ангид алба хаасан.



-Цэрэгт ирээд барилдаж байв уу?

-Цэргийн заан Чулуундаваа гуай 805-р ангийн цэргийн захирагч байсан юм. Тэгээд наадмын өмнө ангиасаа 10 гаруй цэрэг ялгаж аваад наадмын бэлтгэл хийдэг байсан. Бусад цэргүүдээс арай илүү хоол хүнс, хангамжтай. Тэгээд наадмаар очоод барилдтал би нэгийн даваанд уначихсан. Тэрнээс хойш хотод болж байгаа барилдаануудад очиж барилддаг болсон. Анагаахын дээд сургууль дээр аймаг цэргийнхний барилдаан гэж болдог. Тэрэнд хэдэн жил тасралтгүй үзсээн, үзсэн.



-Цэргээс халагдаад хотод суурьшчихсан уу?

-Тийм ээ. Цэргээс халагдаад 805-р ангидаа ахлагчаар улирсан. Тэгээд тэндээ ажиллаж, бэлтгэл хийж барилдаж байгаад 1999 онд цэргийн начин цол авсан. Тавын даваанд Рагчаа гарьдыг аймгийн арслан цолтой байхад нь давж цэргийн начин болсон. 1998 онд манай Хилчин спорт хороо байгуулагдаад Дашжамц начин биднийг хороондоо авсан. М.Жамъянпүрэв, Д.Пүрэвсүрэн, Н.Бүрэнбаатар, Р.Ганхуяг    начингууд, би, Доржсүрэн гээд бид хэд анхны тамирчдаар нь орж байлаа.



-Дараагийнхаа цолыг хэзээ авсан бэ?

-2004 онд Архангай аймгийнхаа наадамд түрүүлээд аймгийн арслан болж байлаа. Ц.Нямдоржтой үлдээд түрүүлсэн. Нямдорж аймгийн заан болж байсан.



-Улсын наадамд жил болгон л барилдаж байв уу?

-Аймагт барилдсан зарим жил улсад барилдаагүй өнжсөн үе бий. Аймгийн арслан болсноосоо хойш бараг жил болгон улсын наадамд барилдсаан.



-Ноднин жил та дөрөв тавын даваанд залуу харцага, гарьд хоёртой их сайн барилдсан. Ялангуяа тавын даваанд бараг хазайлгаад л алдчихсан шүү, тийм ээ?

-Ноднин бэлтгэл их сайн байсан шүү. Түүхт 90 жилийнхээ ойгоор тав давчих юмсан гэсэн бодол байсан. Дөрвийн даваанд Бямбажав харцагыг даваад тавд Ганбаатар гарьдад амлуулсан. Тавын даваа бол үнэхээр хүнд байдаг юм билээ. Тухайн үед би шийдсэн мэх хийнэ гээд л гарсан. Унавал олон жилийн хөдөлмөр үгүй болно, давбал олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарна. Тэгээд л барилдсан. Аргагүй үзээд л унасан даа / инээв/.



-Олон жил цолны төлөө зүтгэж яваа хүний хувьд сэтгэл зүйн хувьд хэр байв?

-Би өөрөө тайван талдаа хүн. Гэхдээ тодорхой хэмжээний шар бол байдаг. Спортын хүнд байх л ёстой зүйл гэж боддог. Харин нервтэх зүйл бол байгаагүй ээ. Болвол цол авна, болохгүй бол тэр л биз гээд л.



-Шийдсэн мэхээ жаахан дутуу хийсэн тал бий юу?

-Мэхээ яах аргагүй дутуу хийсэн л дээ. Дараа нь болохгүй юм байлгүй дээ л гэж бодсон.



-Бямбажав харцагыг давсан барилдаан бас их гоё барилдаан болсон шүү?

-Тийм ээ, дурсамжтай, сайхан барилдаан. Тухайн үед яг тийм мэх хийж, тэгж хаяна гэж бодож төлөвлөсөн зүйл байгаагүй. Давчихсан хойноо би яаж хаячихав аа л гэж бодсон шүү /инээв/.



-Та түрүүн хүүхэд байхдаа ганц хавирах мэхтэй байсан гэлээ. Таны унаган мэх үү?

-Тийм, тийм. Бүр жаахан байхдаа л сурсан мэх. Ёстой л өөрийн мэдэлгүй хийчихээд байдаг юм. Намайг хотод ирээд бэлтгэл хийж эхэлж байх үед Шийрэв арслан Улаанбаатар их сургууль дээр бэлтгэл хийлгэдэг байсан юм. Тэнд хааяа очиж бэлтгэл хийхээр Шийрэв багш тэр мэхийг маань лавшруулж зааж өгч байсан. Тэрнээс хойш тэр мэхэндээ их дадсан л даа.



-Одоо хийх үү, тэр мэхээ?

-Бололцоо таарвал хийнэ ээ, хийнэ / инээв/. Сурсан зүйл гэдэг өөрийн мэдэлгүй л ороод ирчих юм билээ.



-Өөр ямар мэхүүдийг голлож хийдэг вэ, та?

-Хөл мэх л ихэвчлэн хийнэ дээ. Хавирна, хутгана, тохно, мордоно. Шуудагнаас голдуу барилдана.



-Та биеийнхээ аль хэсэгт арай түлхүү бяртай бол...?

-Хөл, гарандаа бяртай, бяртай.



-Таны барилдааныг онцлог...?

-Ерөнхийдөө ширүүхэн л барилдчих бодолтой хүн дээ. Давбал даваад, унавал унаад, түргэн шуурхай барилдахыг л хүсдэг. Энэ л миний онцлог юм болов уу даа.



-Хилчин спорт хороондоо та ямар алба эрхэлж байна вэ?

-Батбаяр захирагчтай 0168-р анги буюу Сулинхээрийн отряд гэж Дорноговь аймагт байдаг юм. Тэдний бөх.



-Ойрд нэг их зодоглож харагдсангүй?

-Аан тийм. Барилдаан бэртэл гэмтлээс их шалтгаалах юм аа. Энэ зун наадмын бэлтгэлд гарч байгаад бэртээд наадмаар барилдаж чадаагүй. Сая Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд барилдаад дөрөв давж тавд Г.Эрхэмбаяр арсланд уналаа. Бэлтгэлээ тогтмол хийдгээрээ хийгээд л явж байгаа. Цаашдаа барилдаан болгондоо барилдах бодолтой. Сайн барилдах, муу барилдахдаа гол нь биш барилдаан болгондоо барилдаж л байвал эцсийн үр дүн нь улсын наадмаар л гарна шүү дээ.



-Хүчний бэлтгэл хэр их хийдэг вэ?

-Хийнэ ээ. Ер нь одооны бөхчүүдийн бэлтгэл штанггүйгээр явахгүй болсон байна. 2008 оны үед хүчний бэлтгэлийг нэлээд хүчтэй хийсэн юм аа. би. Дээл тал нь 280 хүрч суугаад 300 татаад, 170 орчим шахаад. Өөрийнхөө баримжааг үзсэн юм. Тэрнээс хойш дохиж тэгэж эрчимтэй хийхгүй байгаа.



-Таны барилдаж байсан бөхчүүдээс хамгийн бяртай санагдсан нь хэн бэ?

-Аан бяртай бөхчүүд бий, бий. Манай Өсөхөө аварга, Рагчаа гарьд гээд бяртай бөхчүүд олон шүү дээ.



-Та бөхийн өөр төрлөөр барилдаж байв уу?

-Нэг хэсэг чөлөөт бөхөөр хичээллэж барилдаж байсан. Цэрэгт байх үед “Хүч”-ийн ах нар гээд у.з Ч.Бямбадорж багштай Батзориг заан, Мягмарсүрэн заан, Алтансүх харцага, Намдаг начин, Балжинням начин нарын олон бөх чөлөөтийн бэлтгэл хийнэ. Тэднийг дагаж хэсэг чөлөөтийн бэлтгэл хийдэг байлаа.



-Та гэр бүлээ танилцуулах уу?

-Эхнэр, хоёр охин, нэг хүүгийн хамт тавуулаа аж төрж байна даа.



-Таныг эхнэртэйгээ ижил нэртэй гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Манай хүнийг бас Мэндбаяр гэдэг юм. Бид нэг сумынх.



-Гэр бүлийн хоёр хүн адилхан нэртэй гэхээр бас сонин л юм. Та эхнэрээ хэн гэж Дуудаг вэ?

-Мэндээлэй л гэдэг. Хүмүүс ч ихэвчлэн тэгж дууддаг юм.



-Хүүхдүүд бөхөд сонирхолтой юу?

-Охидууд ч мэдэхгүй. Харин хүү бол өөр шүү. Ямар нэг тэмцээн, барилдаан, бэлтгэл рүү дагуулаад ороход гэртээ хариад үзсэн харснаа дуурайгаад суниах, эсвэл гүйж харайж байх ч жишээтэй. Том болоод ямар зам сонгох нь тухайн хүний хувь тавилан л мэдэх хэрэг байх даа.



-Маргааш нутаг руугаа ямар барилдаанд явах гэж юм бэ?

-Манай суманд жил бүр “Шонхорын гараа" гэж сайхан барилдаан болдог юм. Сокол компаний захирал Алтаншагай гэж бөхөд элэгтэй, нутгийн минь ах бий. Өөрөө Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг. Аптаншагай ах маань тэр тойргийн барилдааныг жил бүр ивээн тэтгэж зохион байгуулдаг уламжлалтай. Маргааш тэр барилдаанаа хийхээр бид нутаг явцгаах гэж байна.

 

Бөхөд дуртай хүүхдүүдийг бөхийн зам руу хөтөлж, чиглүүлж өгдөгөөрөө их онцлогтой сайхан барилдаан болдог юм. Мөнгөнцоож харцага бид хоёр Сокол компаний бөх. Миний хувьд Сокол компаний бөх болоод 7 жил болж байна.



-Батцэнгэл сум алдар цуут бөхчүүд олонтой?

-Тийм шүү. Хоёр аварга, заан, харцага, начин, аймгийн арслан гээд олон бөхтэй. Ёстой л бөхийн өлгий нутаг даа. Саяхан манай суманд Д.Хишигдорж зааны нэрэмжит өсвөрийн тойргийн барилдаан болсон. Удахгүй цагаан сарын өмнө бас тойргийн барилдаан болно. Барилдаанууд ер нь тогтмол болдог шүү.



-Бөхөөс өөр зүйлд хэр дурлах вэ?

-Чөлөөт цагаараа голдуу теннис, сагс, шатар тоглоно.



-Бөхчүүд их нийтэч хүмүүс. Найз нөхдийнхөө тухай?

-Манай бөхчүүд сайхан хүмүүс шүү. Сайхан найзууд байна аа. Д.Баасандорж заан, Г.Батбаяр харцага Ц.Цогтжаргал начин, а.а О.Өлзиймөнх, а.з Д.Ганзолбоо. В.Мишигдорж, Д.Баянмөнх бид нар их найз. Манай Цогтжаргал начин их наргианч, сайхан дуулна. Бид бол нэгэн үед бөхийн ертөнц рүү мөр зэрэгцэн орж ирээд найзалж нөхөрлөсөн улс. Найзуудаараа үргэлж бахархаж, хүндэлж явдаг.



-Санаанаас гардаггүй харамсалтай барилдаан байдаг уу?
-2005 оны наадмын хоёрын даваа их харамсалтай... Аймгийн арслан Мөнгөнбаатар бид хоёр оноолт таарч барилдаад барьц сонгох болж засуулууд холдоод барилдаан эхэлсэн. Тэгсэн Мөнгөнбаатар уначихаад унаагүй гээд. Хөлийн цэцээр Д.Бадрах начин ажиллаж байсан. Дахиж барилдвал Мөнгөнбаатарын талаар дахиж барьц сонгуулна гээд ёстой бөөн маргаан болсон.

 

Шийдвэр гардаггүй, орой болоод наадам тарсан. 12-ны өглөө хүрээд ирсэн чинь Мөнгөнбаатарыг давсан гээд шийдчихсэн байсан. Тухайн үед би бэлтгэл үнэхээр сайн байсан. Цаашаа барилдсан бол яагаа ч билээ. Тэр л их харамсалтай барилдаан санагддаг юм.



-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Тун удахгүй улсын цолны эзэн болоорой гэж хүсэн ерөөе.

-Ерөөл бат оршиг. Бөх сониныхоо хамт олонд, уншигчдадаа бүгдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн энэ дашрамд Хилчин спорт хороо, ХЦ-ийн 0168- р ангийн хамт олон. Сокол компаний хамт олон, нутгийн зон олондоо баярлаж талархаж явдгаа уламжлаад шинэ оны баярын мэнд дэвшүүлье


С.Бадамгарав

Эх сурвалж: “Бөх сонин”