Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авахад гурваас нь 1-3 төрлийн бодис илэрсэн. Улсын харцага Б.Бат-Орших ямар нэгэн тайлбар өгөөгүй өнөөдрийг хүрсэн бол улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нар хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байж, цаашлаад олон нийтийн хэрэгсэл ашиглан ард түмнээс уучлалт гуйсан билээ. Мөн Баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийг ёсчлон дагахаа илэрхийлэхийн сацуу 2021 онд болох ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдах хүсэлтэй байгаагаа сэм мэдэгдсэн байдаг. Нэг ёсондоо хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсч буйгаа зальжин аргаар зарласан.
 
 
 
Харин бөхөд хайртай ард түмэн тэднийг “Шударга байна, шинэ жишиг тогтоолоо” хэмээн магтан сайшаах нь холгүй өмгөөлж, хамгаалав. Өмнөх наадмуудаар шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрэхэд хэзээ ч хамгаалж байгаагүй, харин үгийн муухайгаар хэлдэг байсныг тод санаж байгаа биз. 
 
 
 
Ард түмний аманд орсон уу, эсвэл “дээрээс” даалгавар авсан уу, бүү мэд. Ямартай ч допинг илэрсэн гурван бөхийн барилдах эрхийг 11 сараар хасч, цол, чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хорооноос гаргажээ. Улмаар Баяр наадмын комисст саналаа хүргүүлсэн байна. “Допингийн шинжилгээнд бүдэрсэн эдгээр бөхийг ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдахыг нь харахыг хүссэн үзэгч олон байгаа учир барилдах эрхийг 11 сараар хасах нь зүйтэй” гэж Бөхийн салбар хорооноос үзэж байгаа аж. Үндэсний бөхийн салбар хороо 10 гишүүнтэй хуралдсанаас гурван хүн дээрх саналыг эсэргүүцэж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж, хошууч генерал Ш.Лхачинжав тэргүүтэй долоон хүн барилдах эрхийг 11 сараар хасахыг дэмжжээ. МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 11 сараар хасна гэдэг дэндүү хөнгөдсөн шийтгэл. 
 
 
 
Аливаа спортод улс төр хутгалдахаар ийм зүйл болж байгаа юм. Магадгүй дээд албан тушаалтнууд үүрэг, чиглэл өгсөн. байхыг үгүйсгэхгүй. Тиймээс шударга л байх хэрэгтэй. Хоёр жилээр хасах хэрэгтэй.  
 
 
 
Дэлхийд санаатай болон санамсаргүй хэрэглэсэн гэх нэр томъёолол байдаггүй. Допинг хэрэглэсэн бөхөд шийтгэл оноохдоо ялгавартай хандвал цаашид муу жишиг тогтоно. Бусах бөх үүнтэй барьцахгүй үгүйсгэхгүй” хэмээн хэлсэн байдаг. Тэрбээр мөн “АТГ-ынхан сайн ажиллаж байгаа. Удахгүй шалгаж дуусахаар допингийн асуудал нэг тийш шийдэгдэх байх. Спортын хөгжлийг спортынхон л тодорхойлно. Түүнээс биш улстөрчид хутгалдаад ирэхээр жонхууруулж байна. Үндэсний бөхийн салбар хороог татан буулгах хэрэгтэй” гэж мэдэгдсэн.
Бөхийн салбар хорооноос гаргасан саналыг Баяр наадмын комисс дэмжвэл шударга ёс гажуудсаны хамгийн тод жишээ болно. Улсын аварга Э.Оюунболд хоёр шатны шүүхээр явсны эцэст барилдах эрхээ сэргээлгэж, цаашлаад аварга цолтойгоо үлдээд дээд шүүхэд давж заалдсан. Харин шүүхээр яваагүй начин Д.Цэрэнтогтох барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан бөгөөд шүүхдэлцэж яваагүйнхээ төлөө хохироод үлдэж байна. Шүүхээр явсан нь хождог юм бол бөхчүүдээс допинг илрэх бүрд шүүхийн хаалга татаад байвал ямар вэ. Бөхчүүд амжилт гаргахын төлөө хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн хэрэглэдэг эм хэрэглэсэн болохыг Ц.Магалжав тэргүүн яриандаа дурдаад өнгөрсөн. Энэ үнэн бол тухайн бөх санаандгүй байдлаар бус санаатайгаар допинг хэрэглэсэн гэсэн үг.  Допинг хэрэглэсэн бөхчүүд буруугаа ухаарсан ч тэднийг зөвтгөж, шийтгэлийг нь багасгадаг байж таарахгүй. Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар ямар ч шийтгэлийг хүлээж авна гэсэн учраас барилдах эрхийг нь хоёр жилээр хасахад гомдол мэдүүлэхгүй нь лавтай. 
Ерөөсөө бөхийн асуудлыг бөхчүүд, бөхийн холбоо нь өөрсдөө шийдэг. Бөхийн салбар хороог бүрмөсөн татан буулгаж, Монголын үндэсний бөхийн холбоо хэмээх төрийн бус байгууллага нь Баяр наадмын комисстой шууд харьцаж байхаар журамлаж болох юм. Эс бөгөөс эрх мэдэлтэн, мяндагтнууд доод албан тушаалтнууддаа үүрэг чиглэл өгч, шударга ёсны гажуудал тогтоох гээд байна. Ийм хардлага төрөхүйц мэдэгдлийг МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн. Дарга нарын хамсаатан гэгдэх бөхчүүдэд хөнгөн шийтгэл оногдуулж, татлаагүй залуусыг хохироодог жишгийг халж, допинг хэрэглэсэн бөхчүүдэд оногдуулах шийтгэлээ жигд болгоё. Шударга байя, дарга нар аа. Шударга байж чадахгүй бол спорттой хутгалдаж, нэр хүндийг нь унагах хэрэггүй. Үндэсний спорт жамаараа л хөгжиг.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин