sonin.mn

АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр–250 жилийн ой. “250” гэхлээр залуухан Төрт-улс мөн л дөө. Тэгэхдээ хөгшин залуудаа биш өнөөдөр хэн бэ гэдэгтээ учир утга нь оршино. Энэ нийтлэл Америкийг үзэн ядагчид, хараагчид руу чиглээгүй шүү. Тэгж эндүүрэв. Нийт монголчууддаа мэдээлэл, болж өгвөл мэдлэг өгчих санаатай бичсэн үзэл бодол (ятгалга биш) гэх үү дээ?




Нэг. Өмнөх өчиг


Гэхдээ монголчуудын савлагаа, туйлшралын гучин хэдэн жилийн түүхийг эргэж сөхөхгүй бол болохгүй байна. Социализм-коммунизмдаа монголчууд нэн итгэлтэй (100%) байсан уу, байсан бол яагаад 1990 онд амархан хөмрөөд ойччихсон юм бэ?


–Таны хариулт?


Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй дэлхийн социалист хамтын нөхөрлөл (нэг идэвхтэй гишүүн нь БНМАУ!), ЗХУКН тэргүүтэй олон улсын коммунист-ажилчны хөдөлгөөн (нэг идэвхтэй гишүүн нь МАХН!), социалист чиг баримжаа бүхий Үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөн (үлгэр жишээч нь социалист Монгол!) гээд гурвуулаа “Хүйтэн дайн”-тайгаа хамт нэгэн зэрэг нураад унахад уйлж унжсан, амиа хорлосон, амиа хорлох дөхсөн завдсан (ядаж улаан коммунистуудаас нь?) нэг ч монгол хүн төрөөгүй учраас би савлагаа туйлшрал гэсэн “түүх” сэдэж олсон хэрэг л дээ.


Үнэндээ санал нэгтэйгээр, АНУ-ын оролцоогүйгээр, тэднээр өнгөт хувьсгалаа санхүүжүүлэхийг хүсээгүйгээр МОНГОЛЧУУД бид санал нэгтэйгээр ардчилал-зах зээл рүү шилжсэн дээ. 1990-ээд оны гэрчүүд бараг бүгд амьд сэрүүн байна. Америк, Япон, Өрнөдийнхнийг яасан ихээр уухайлж, сонирхож, шүтэж байлаа?


Жил гаранхны өмнө гэхэд л тэднийгээ империалистээр нь дуудаж, хараан зүхэж, хардаж сэрдэж суусан монголчууд бид нөгөө империалистүүдтэйгээ хүзүү толгой холбоод авах нь тэр. Тэгсэн гэж одоо яривал үлгэрийн, тэнгэрийн түүх мөн л дөө.


Гэтэл 36 жил өнгөрсний дараа, одоо, нөгөө империализмийг үзэн ядах өвчин нь сэргээд сэдэрчихсэн, АНУ ба Өрнөдийг үзэн ядагчид сав л хийвэл Сүхбаатарын талбайд цуглачих гээд, сошиалаар бол бүр алж өгч байна. Хараал зүхэл, нулимах, занахад цаад хязгаар алга. 1990-ээд ардчилагчид ба ардчиллыг талархан хүлээн аваад одоо хүртэл түүндээ үнэнч яваа бүгдийг ЛИБЕРАЛ-ууд гэж цоллож хочлоод бараг л алж устгах хэрэгтэй хэмээн орилолдох сэхээтнүүдийг яанам бэ? Ардчилсан либерализмаас татгалзахыг уриалан дуудагсад!


Хоёр. Гурван л сонголт


Эдүгээ хүн төрөлхтөнд хөгжлийн гурван л загвар-замнал байна.


1. АНУ тэргүүтэй Өрнөдийн ардчилал-хүний эрхийг дээдлэх-зах зээлийн харилцааны нийгмийн хөгжлийн загвар-замнал;

2. Либералуудыг үзэн ядагчдын хүсээд байх магадлалтай Орос, Хятад маягийн автократ, авторитари дэглэм дор хөгжих загвар-замнал (нэг үгээр улс төр-нийгмийн хувьд БНМАУ-ын социализм гэсэн үг). БНАСАУ, Куба бол хамгийн их хэтийдсэн нь гэх үү дээ;

3. Исламын шашны теократ, автократ, жихадист, фанат дэглэмийн дор Иран маягаар хөгжих зам-замнал. Хамгийн увайгүй нь Афганистаны Талибаны дэглэм.


Цаашаа нийгэм-эдийн засгийн өөр формац байна уу? Боолт нийгэм хэт алсраад алга болсон, феодализмд эргэж очихгүй нь лав. Өөр байна уу? Тэр шилдэг загвараа нэрлээч!


Монголд шилжилт хэт удаашраад, өөрсдөөсөө болсон назгайрал нь ядууралтай нь хутгалдчихсан. Үүндээ гол буруутнаар АНУ-ыг тодруулаад зүхчихсэн, дээр нь Израиль гэж улс нэмэгдэн хамтдаа хараалгаж байна. Хараах эрх чөлөгөө эдэлж байна гээд уучлая.


Олон таван үггүйгээр Тусгаар тогтнолынх нь баярыг тохиолдуулан бидний хувьд АНУ хэн юм бэ? Ерөөсөө дэлхийд хэн юм бэ гэдэгт одоо тархиа чилээх үү?


Гурав. Түүх бүтээж байна


Монгол Улс бол Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай хоёр их хөрштэй, цаана нь Стратегийн түншлэлийн харилцаатай 8 түнштэй–бүгд гуравдагч хөрш гэдэг ангилал шалгуурт багтана. Түүний нэг нь АНУ. Харилцааны түвшин маш ахицтайгаар ийм өндөрлөгт хүрсэн. 


1. 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын Хамтарсан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхийлөгч Ж.Буш нар ардчилсан хоёр орны хооронд хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн шинэ эрин үеийг зарлан тунхаглав” гэж заасан. 

2. AНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Монгол Улсад 2005 онд албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдэлд хоёр Ерөнхийлөгч Монгол Улс, АНУ-ын уламжлалт найрсаг харилцааг дахин баталж, “Ардчилсан хоёр орны хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан иж бүрэн түншлэлийн удирдах зарчмыг тодорхойлж, цар хүрээг нь өргөтгөхөөр тохиров” гэсэн байгаа. 

3. Ноён У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2018 онд АНУ-д айлчилж, айлчлалын үр дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэлд “Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав” гэж байгаа. 

4. Ердөө жил хүрэхгүй хугацаанд 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д айлчлах үеэр энэ түншлэлээ Стратегийн түншлэл болгож шат ахиулсан. 

5. Mонгол-Америкийн анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ 2024 онд Гадаад харилцааны сайдын түвшинд явагдах үед хоёр улсын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлд хүрснийг тунхагласан. Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизм нэвтрүүлсэн.




Монгол Төрийн алтан аргамж–гадаад харилцааны маш том түүхэн ололтуудыг 5 үе шатаар өгүүлэхэд ийм байна. Цаашаа зургаа, долоо, найм... гээд явж өгнө дөө. Саруул дардан зам өмнө маань байна.  


 “Ардчиллын замаар замнаж байгаа Монгол Улсын хамгийн том дэмжигч нь АНУ гэдгийг дахин батлан хэлэхийг хүсч байна”, “Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад АНУ-ын зүгээс дэмжих асар их сонирхол байна”, “Цаашид Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам хөгжүүлэхийн төлөө байна”–Америкийн дээд өндөр тушаалтны үг ба амлалт. 


Дөрөв. Тэд хэн бэ?


Хараал зүхлийн амт амсан буй тэр АНУ нь өнөөдөр даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах “Дэлхийн цагдаа” болчихоод байна. Нэг үгээр онож хэлбэл. Аль л болохгүй, бүтэхгүй дэглэмүүдтэй тэмцэж байна. Болж бүтэхгүй дэглэмүүд гэдэг нь ард түмэн биш шүү, засгийн эрх барьж буй улс төрийн дэглэм. Болохгүй, бүтэхгүй гэдгийг нь Монгол амсаагүй л дээ. Тиймдээ ч бодит байдлаас хол, бас дотоодын ба өөрсдийн зовлондоо буруутан хайхдаа Америкийг лүд барам болгоод заачихаад сууцгааж байгаа хэрэг. 


Америкийн профессор Ханс Биннендик 1999 онд ийм нэг онолоо дэвшүүлсэн. Эх сурвалж: Hans Binnendijk. Back to Bipolarity? The Washington Quarterly, Autumn 1999. Түүнд дэлхийн бодлогын гол тоглогчид ба дэглэмүүд гээд 5 ангилсныг би тодруулаад жишээ орууллаа.  


Гол орнуудын (core states) толгойд АНУ зогсож байгаа гэдгээр “Дэлхийн тэргүүлэх глобал гүрэн” гэсэн алдрыг хүртсэн. Тэгэх тэгэхдээ “Гуравдагч хөрш чинь болъё, болж чадна” гэдэг итгэл 1990 онд бидэнд төрүүлсэн, тэр утгаар гуравдагч хөршийн концепцыг өөрсдөө бидэнд сэдээд өгчихсөн дэлхийн том гүрэн бол АНУ шүү дээ. Тиймдээ ч манай улсын хувьд анхдагч, тэгэхдээ гол гуравдагч хөрш, дээр нь стратегийн түнш улс. АНУ бол Монголын хувьд геополитикийн, стратегийн түнш учраас тэр өнцгөөс харилцааны улс төрийн ач холбогдлыг нь олж хараасай, тэгэхдээ бүр олзуурхан лавшруулж хараасай гэж би бичдэг уриалдаг. АНУ бол манай улсын энхийг сахиулах ажиллагааны бас гол түнш. Монгол цэргийг дэлхийн данстай болгоход түүхэн хувь нэмрээ оруулсан итгэлт түнш маань. Гэх мэт яривал олон баримт, аргумент дурдаж нэрлэж чадна. Улс төрийн харилцаа бидний хүссэн дээд түвшиндээ хүрсэн, цаашдаа нэг том алхвал “Иж Бүрэн” рүү тулна. Одоо харин энэ үзүүлэлтээ (ололт!) эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт бэхжүүлэхэд л Та бидний чармайлт чиглээсэй гэж ерөөх байна!

 

АНУ-д эдийн засгийн боломж, санхүү, эрх мэдэл, цэрэг-зэвсэг, олон улсын нэр хүнд, нөлөө, шинжлэх ухаан–өндөр технологи, тэр ч бүү хэл технологи бүтээдэг технологи болох метатехнологи, ер нь бүгд байна. Чухам хүртэж чаддаг бол бүгд нээлттэй байна, монголчууд аа!


- 2026.07.03



Д.Баярхүү