sonin.mn

 

Говь-Алтайн Сочин гэхээр цээж бөгс тэнцүүхэн, улаан хүрэн царайтай хөрслөг эр гэж бодох лавтай. Бяраар бол хэн хүнд ноёлуулах бөх байгаагүйг мэдэх хүн олоон.
 
 
Эрдэмтэн Т.Содной гуайн хууч: Миний багад Сочингийн аавын ээж их том биетэй хүрэн бор авгай урд голд нутагладаг байв. Хангай зүгийн цагаач эр тэднийд орогнох болов. Түүний нэрийг хүмүүс огт мэдэхгүй. Өвөл, зунгүй хэнхдэг задгай явдгаас улаан хэнхдэгт гэж дуудна.
 
 
Хэдхэн ямаатай, амьдрал ядуу. Нэгэн өвөл Гоёохой хавиас үхэр хулгайлан цээж бөгс хийчихээд авгай нь цээжийг, өөрөө бөгсийг үүрсээр гэртээ иржээ. Хоорондоо 10 гаруй км зайтай. Шаргын говийнхон богондоо улаан харганаар хашаа барьдаг байсан юм.
 
 
Нанж авгай үүрснээ хашаа давуулан шидтэл нөхөр нь дуурайн шидээд хашаагаа хэмх нураасан юм гэнэ лээ. Аав Загдын үед эднийх мал малын захтай товхийсэн амьдралтай айл болсон байлаа. Сочин бид 15, 16 хүрч байсан хэрэг. Хэдүүлээ нийлээд хаа сайгүй давхилдах.
 
 
Нэг өдөр сумын хоршоонд хоёр тэрэг гурил чихэр буудаг юм. Нярав нь биднээр гурил зөөлгөн хашааны буланд хураалгав. Бид дамжлаад зөөж байтал Сочин залхуу хүрч байна гээд гурил сандайлаад суучихлаа. Нярав ах "Хүүе чи, яасан залхуу золиг вэ.
 
 
Нөхөдтэйгээ адилхан зөөгөөч" гэтэл "Ганц нэгээр зөөх яршигтай юм" гэлээ. Чи хэдийг зэрэг зөөх юм бэ гэж нярав ахыг хэлтэл "Гурвыг олсоор баглаад орхи. Үүрээд зөөчихье" гэдэг юм. Нярав ах "Хэрэв чамайг гурвыг үүрээд хүргэж чадвал данх дүүрэн чихэр өгнө" гэж хэллээ.
 
 
Гурвыг давхарлан багласныг Сочин үүрээд гуч дөчин алхамд ер түүртсэнгүй. Данх дүүрэн чихрийг бид хуваагаад идэж байж билээ. 210 кг гурил нас гүйцсэн аяны атны ачаа. Харин аав Загд нь жижигхэн нуруутай, барилддаггүй хүн байсан гэлээ.
 
 
Жаран хоёр оны хавар. Хөдөлмөрт 32 бөхөөс хоёр давсан Сочинг Сосорбарам заан /арслан/ амлаж цэрвүүгээс орхиход үзэгчид заанаас дутахааргүй бяртай залуу юм даа гэлцэж байсан. 1966 онд хөдөөгийн залуучуудын анхдугаар спартакиадын чөлөөтийн хүнд жинд таван аймгийн бүсээс шалгараад онгоц хөөрөхөд ирсэнгүй.
 
 
Дашцэрэн дарга, тэргээ бариад Шарга сум өөдөө зугтаах шахам явсныг дуулж нэлээд цухалдангуй. Үерийн жил. Биднийг буцаж очиход Сочин /их ах/ аймагт түрүүлэхдээ нэр цолтойгоос Сандаг Өвөрхангайн цэрэг Ишдорж, худаг усны Эрдэнэпүрэв /Ховд/ нарыг орхисон гэж сонслоо.
 
 
Хэд хоногийн ард цагдаагийн байгууллагын ойд бас л түрүүлсэн тухай "Алтайн хөгжил" сонинд гарав. Сум-нэгдлийн дарга нарт ирсэн бичигт: Аймгийн арслан З.Сочингийн барилдах эрхийг нэг жилээр хаслаа.
 
 
Нэгдүгээрт улсын тэмцээн тасалсан, хоёрдугаарт үзүүр түрүүний барилдаанд Эрдэнэпүрэвийг чанга хаяж бэртээсэн гэсэн утгатай. Үүний өмнө Сочин Баян-Уул суманд болсон наадамд төрөлх сумын гайгүй гэснийг амлаж хаясаар сумаасаа ганцаар зургаад үлдсэн сумын заан Цанжидыг амлахад уг асуудал сум-нэгдлийн даргын сонор дэлсэн амыг солиулж байж билээ.
 
 
Их ах "Чи мөнгөн медальтай хүн сайн барилдана шүү" гэж намайг зоригжуулсан ч би захисныг биелүүлж чадаагүй ээ. Ховдын Дарви, Алтайн Дарви, Тонхил, Шарга, Жаргалан, Хөхморьтынхон дотор түүнийг хазайлгах хэн байх вэ дээ.
 
 
1960 оны намар улсын арслан Сосорбарам з.б Галдандагва /у.н/ нар Алтайд уригдан барилдав. Нийгэмлэгийн дарга Сочинтой уулзаж барилдахыг хүслээ. Чухамдаа төвийн хоёртой Сочингоос өөр эн тэнцүү барилдах бөх байсангүй.
 
 
Арга ядсан дарга аймгийн дарга Ж.Жанчивдоржид учирлахад надтай уулзуул гэв. Сочин: Даргаа миний барилдах эрхийг нэг жилээр хассан шийтгэлтэй. Тиймээс боломжгүй гэв. Эрхийг хассан шийдвэрийг захиргааны гишүүдийн хурлаар гаргасан учир шинэ дарга Жанчивдорж: Барилдах эрхийг чинь энэ цагаас сэргээлээ.
 
 
Одоо чи шийтгэлгүй болсон гэж хэллээ. Сочин: Даргаа би төвийн хоёр хүнтэй чинь барилдана. Өөрийнхөө хэдтэй барилдахгүй гэхэд "Чи өөрөө бодож байгаад шийд" гэж зөвлөв. Сочин хоёуланг хаясанд аймгийн бөхчүүдтэй барилдахыг зарласан ч гарсангүй, уг барилдаан өндөрлөв. 
 
 
Т.Содной доктор оо! Сочингийн эрхийг хассан тогтоолд: Нэгдүгээрт улсын тэмцээн тасалсан. хоёрдугаарт үзүүр түрүүний барилдаанд Эрдэнэпүрэв арсланг хэт чанга хаясан.... гэж онцлон заасан байсан санагдах юм. Үүний үнэн мөнийг хэлж өгөөч? 
 
-Аймгийн худаг усны жолооч, Ховд аймгийн арслан Эрдэнэпүрэв эхнийхэд бараг л давсан гэхээр хайнцсан юм. Аймгийн намын хорооны лектор би бөх хувцасладаг зүүн талын навтгар асарт Сочингийнхоо дээлийн захыг мушгиад хүлээж байх.
 
 
Хайнцсан учир дахин барилдуулах шийд дуулаад Сочингийн сэтгэл ихэд хөдөлсөн. Нэлээд шантарч, хулчийх маяг илт мэдэгдсэн. Чанга хаяя гэж огт бодоогүй. Барилдаан таарч эвгүй хаясан бол үнэн. Миний хувьд залуу улс ахиад барилдахгүй гэх биш.
 
 
Өмнөх барилдаанд Эрдэнэпүрэвийг давуулахад огт буруугүй санагдсан. Эрдэнпүрэв ялархаад удаан хэвтсэн байх. Эхнэр нь албаар чанга хаяж, бэртээлээ гээд үг хэл болсныг мэднэ. Болсон явдал ердөө л энэ. Сочин хүүхэд байхын хүнд муу санадаггүй онцлогтой.
 
 
Заавал хаяна гэж шүд зуун өширхсөн явдал огт байхгүй. Ямартаа "Би өнөөдөр Эрдэнэпүрэвийг нэг л бармааргүй" гэж хэлээд зүрхшээж байхав дээ. Санаандгүй тохиол болсон хэрэг. Манайх Зах булагт зусна. Тонхилын ланчгар Шарав, Тамчийн галзуу Бямбажав, Жийжүү Шаргын Совд арслангууд манайхаар дайрч цайлаад явах.
 
 
Намын хорооны дарга болсон хойноо бөх Жийжүүгийнд хоноглож өвдгөө нугалаад суухтай миний толгой чацуу байсан гэхээр яггүй том хүн гэдэг ойлгогдоно. Жийжүү а.а болж амжаагүй заан цолтой байсан байх. Гал Бямбажав сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй хүн.
 
 
Өвгөрөх насандаа аймгийн төвд шилжин ирж онгоцны толгойн хойхно Хадаасанд зусах. Намайг амралтын өдөр, ажлынхаа зав чөлөөгөөр ирж айраг тараг ууж бай
гэснээр байнга очиж хуучлах. Бөхөөс өөр юм ёстой ярихгүй ээ.
 
 
Совд арслантай барилдаж чадахаа бүр больсноо ийн ярих. Завханы у.з Дорлигтоо хадаг архитай очиж хуучлах хоромд заан: Танай аймагт Совд гэж овоо хүү дуулдах юм. хэр залуув гэв. Галзуу Бямбажав: Ер нь овоо шүү гэж магтав.
 
 
-Чи Совдоо наадам эхлэхийн өмнө надад нэг заагаад өгөөрэй гэв. Хаа газар наадам эхлэх өглөө хүн зон хэд хэдээр тарж суугаад хуучилж байх. Хэсэг хүмүүсийн дунд Совд арслан шар торгон тэрлэгтэй сууж таарав.
 
 
Бямбажавыг заахад Дорлиг заан харц гүйлгэн хараад өнгөрөхдөө "Тэр нэг чавганц шиг шар юм уу" гэж үл тоомсорлов. Бямбажавын цээж өөд "Адилхан бөх байж, ингэж хэлэхдээ яахав" гэсэн гомдол огшоод явчихав. Заанаас салж Совдтой уулзаж "За чи хичээнэ шүү" гэж аминчлан захив.
 
 
Совд улсын зааныг би яаж барах вэ гэснээс өөрийг хэлсэнгүй. Түрүү үзүүрт Совдыгоо Дорлиг заантай барилдахаар гарахад Бямбажав арслангийн шээс хүрээд болдоггүй. Суухаар гардаггүй. Тэсч ядан хүлээв. Совд бариа зөрөөнд алхангуут суйлдгаараа суйлаад орхихыг харангуут морь өөдөө гүйв.
 
 
Төв гуанзнаас баахан хуушуур, нэг шил архитай аваад заан андынхаа майханд очив. Та хоёрын барилдахыг ааштай адсаганаас болоод харж амжсангүй. Бодвол чи амархан хаяа байлгүй гэж хэлээд хуушуур архиараа дайлав.
 
 
Заан би жаахан тоомжиргүй байгаад... эрхий хуруу тулчихлаа гэж гомдолтой бололтой. Түүнээс хойш Совдыг харахаар мөн ч дотно санагдах. Таарахаар шуудхан очоод сөхөрчихдөг сөн гэх.
 
 
Галзуу Бямбажав арслан далан оны эхээр аймгийн БТС-ын зааланд зодоглох нь булчин мах нь гөлийж хүрэнтээд гуч хүрээгүй залуус биднийг ичээхээр байсан билээ. Эрдэмтэн, судлаач: Одоо Дарханд суугаа Чонохүү а.н Гиваапил нарыг Завханы томчуудын аманд гаргаж Чонохүүг унахаар Нохойхүү нэрээр гаргасан юм байх.
 
 
Дэлгэр арслангаа Нохойхүүд унасны ард "Чоно нохой нь дуусдаггүй ямар сонин газар вэ" гэлцэж байсан гэнэ лээ. Чонохүү одоо хурц арслан. Совд гуай намхан нуруутай Дагвасүрэн арсланлархуу бөх.
 
 
Манайхнаар цайлаад мордохдоо бие биесээ нэрээр биш галзуу, ланчгар, бортого гэж дуудах. Сүрлэг сайхан бөхчүүд байсан даа гэсээр ярилцлага түр завсарлав.
 
 
Нэмэлт:
 
Сочинг хүмүүжсэн гэж дүгнэн 1967 онд барилдуулахад дөрөв дэхээ түрүүлэв. Жолооч найз нь: Их ах та одоо гурван жил түрүүлэх боломж байна шүү гэхэд ах нь одоо огтхон түрүүлэхгүй, олон түрүүлбэл зүүн хойшоо зүглэж мэднэ... гээд адууных шиг тэгжгэр тэгш шүдээ яралзуулан инээж зогссон.
 
 
Ш.Мягмар.
 
Эх сурвалж: "Бөх" сонин