sonin.mn

Зүрхний шигдээс, харвасан, саажилттай хүмүүсийг хөдөлгөж болохгүй гэж хөдөлгөөнгүй хэвтүүлдэг. Ингэж болохгүй. Учир нь, хурц үе нь өнгөрсөн ч хөдөлгөөний хомсдол хязгаарлагдсан учраас цусны эргэлт удаан явагддаг.

Үүний улмаас тэжээлийн бодис, захын цусан хангамж алдагдан тэжээгдэж буй булчин, махбодь хатангиршаад, цаашдаа нөхөн сэргээх үйл ажиллагаа удаашралтай явагдана. Заримдаа бүр хөдөлгөөнгүй болдог тохиолдол их гардаг. Ийм хүмүүст цаг хугацаанд нь оносон хөдөлгөөнт дасгал хийж байвал нөхөн сэргээх үйл ажиллагаа амархан сэргэдэг.

Гар хугарсан гээд cap шохойдуулж хөдөлгөөнгүй явдаг. Энэ хугацаанд дасгал хийж байхыг эмч зөвлөдөг ч гараа хөдөлгөдөггүй. Гэтэл шохойгоо авахуулсны дараа хөдөлгөөнгүй удсан эрхтэн өвчин орж, хатангирших янзтай болдог. Гар нь даардаг болдог. Энэ нь хөдөлгөөн хязгаарласантай холбоотой.

Хэрэв тухайн үед нь захын үеийн, тодруулбал, хурууны үзүүрийг хөдөлгөж, илж байсан бол өвчин орохгүй. Удаан хугацаагаар хөдөлгөөн багатай хэвтрийн дэглэмд байгаа, эсвэл өндөр настай хүмүүсийн захын хязгаарын хялгасан судсуудын үйл ажиллагаа хязгаарлагдсан учраас тэжээлийн бодисоор хангагдаж чадахгүйд хүрч, хүмүүсийн хөл, гар хүйтэн байдаг.

Иймээс өдөрт дор хаяж 30 минут явган явах буюу 1000 алхах, гар, хөлийн хөдөлгөөн хийгээд байвал үүнээс сэргийлж чадна. Мөн суугаа ажилтай хүмүүс өдөрт аль болох хэвлий, үе мөчний булчин, бага аарцгийн хөндийн эрхтэнүүдийн зогсонги хөшилтөөс сэргийлсэн дасгал хөдөлгөөнийг хийж байх ёстой.

Эх сурвалж: "Геологи Уул Уурхайн мэдээ" сонин