Арваад жилийн тэртээ. Хүмүүсийн амьдрал сонинд Дамдин аваргыг ид насанд у.н Нагнайдорж, задгай шар Лхагвадорж хоёр босгодоггүй байсан гэнэ лээ... гэж бичжээ. Гэнэ лээ гэхийг бодоход дам сонссон бололтой. Жол мэдээ алдарт аваргын нэр хүндэд нөлөөлөхгүй ч үнэнийг олохоор хорхойсов.

Cap хүрэхгүйн дараа Нагнайдорж начинтай уулзлаа. Элдвийг хөөрөлдөх зуураа "та залуудаа Дамдин аваргыг гаргадаггүй байсан уу..." гэхэд илт цочирдон "Хэн тэгж байгаа юм бэ" гэж сөргүүллээ. Аймгийн арслан задгай шар та 2-ыг Дамдин аваргын ид залууд унаж үзээгүй,    таарахаараа байнга хаядаг... гэж бичсэн байна лээ гэв.

Начин: -Миний тухайд огт худал. Тэр үед барилдаан олон болдог ч Дамдин аварга тун цөөн зодоглоно. Лхагвадожрийн тухайд юу хэлэх. Өөрийнхөө тухай түүхэнд үлдсэн үнэнийг хэлье. 1959 онд улс орон даяар МЗОАФ нэртэй урлаг, соёл, спортын том наадам сүр жавхаатай боллоо.

Дөчөөд бөхийн тойрогт барилдах аварга, начин Бээжин бид аваргыг удаан тогтоохгүй ч, хааяа бас хаядаг байсан мэдээж. Аварга: Та хоёрт би 1, 1 даваа бэлэглэнэ. Хоёр унаатай би түрүүлнэ. Ноднин намар үүнээс цөөхөн бөхөд Чойжилсүрэн 4 унаад 1-р байр, Бээжин чи мөн л дөрвөн унаатай, Чойжилсүрэнд унаснаас 2-р байр эзлээ биз дээ.

Та хоёрын хэн давсан нь 2-т, унасан нь 3-т ор... гэж урам хайрлана. Тойрог эхлэхийн өмнөх шөнө Төв аймгийнхантайгаа Яармагт майханд амарлаа. Урлагийн хоёр нөхөр бооцоотой барилдахдаа санамсаргүй миний сүвээн дээр гишгэлээ. .Өглөө нь бөөрөн тушаа хавдаад юун барилдах. Миний аз дутсан хэрэг. Хэрдээ гайгүй байсан жил.

-Та улсын наадмаар цолоо баталсан шүү дээ?
-Тийм ээ. Хэд хоног эмчлүүлээд барилдсан хэрэг л дээ.

Нагнайдорж начныг 1958 оны 5-р сарын сэрүүвтэр өдөр морин тойруулгад анх харсан юм. 64 бөхийн 2-ын даваанд начны аманд Өлзийтийн Мялыг оноожээ. Эхнийхэд Нагнайг давуулчихаж    болохоор хайнцав. Дахиулахад Мял цэвэр хаялаа. Талбайн голд сумын наадам аятай тойрон хүрээлсэн үзэгчид "Шовхыг үзүүл. Дахин барилдуул" гэх зэргээрхашгиралдав.

Тэр цагт одоохтой адил эрэмбээр биш дур зоргоор оноох. 32 бөхийн 2-т Мялыг аманд гаргах нэн сонин. Өвөлжин, Хөдөлмөр, аж үйлдвэрийн комбинат, хятад шианз зэрэгт түрүү үзүүр, доод тал нь 5-р байраас буудаггүй Мял сайн бөх л дөө. Мял тод шар өнгийн нимгэвтэр хөвөнтэй дээлээ өмсөөд Нагнай өөд алхчихлаа.

Багачууд бидэнд хорио байх биш. Араас нь гүйчихлээ. Мял: Бид 2-ыг дахь... гээд байна. Барилдах хэрэг үү гэхэд Нагнай: Яалаа гэж. Би чамд сая цэвэр унасан шүү дээ... гэснээр хүмүүсийн энд тэндээс орилолдох намдав.    Цугларагсад өнөөдөр бага цэнгэлдэхийн нээлт сайхан барилдаанаар эхэллээ.

Өлзийтийн хоёр / Мял, Чойжилсүрэн/-той Өгийнуурын Шатар хүч сорино. Хэн нь ч магадгүй... гэлцэнэ. Бага шөвөгт 3-ын даваанд тавхай Баасансүрэнтэй нэлээд удаж давсан Цогзол, Чойжилсүрэнтэй Мял Шатартай онов. Шатар Мял 2-ыг зөрүүлж болоогүй юм байх даа... гэсэн явган яриа.

Цогноос дөл авалцаж, түймэр ассан хурц барилдаан зогсолтгүй арван хэдэн минут үргэлжлээд Мял давлаа. Хэд хоногийн хойно мөн л 64 бөхөд их шөвөгт Шатар Мялд унасан дуулдав. Үзэгчид Архангайн энэ гурав /Мял, Чойжоо, Шатар/ зааны даваанд зодоглоход хэн ч гайхахгүй гэж өвөр хоорондоо жиг жуг. 1957 оны 11-р сард Улаанбаатар хотын аварга шалгаруулах барилдаанд Алдарын Шатар ирсэнгүй.

Армийн аваргын 64 бөхийн сүүлийн дөрөв дээр улсын шинэ начин Эрдэнэ-Очирыг оруулж тойруулахад Шатар босоо түрүүлсэн юм. Гайгүй барилдах ганц байлдагчаа чөлөөлдөггүй хариуцсан даргын хайнга ажил гэлцэн зэргэлдээ суусан ах нар шүүмжилнэ. Чангахан дуугараад хэлбэл олныг буруу тийш уриалсан хэрэг өдүүлсэн гэх цаг л даа.

Зуны наадмаар Чойжилсүрэн 8 давж үзүүрлээд заан, Мял гурав дахиа дөрөв даваад унав. Шатар халагдаад сумандаа түрүүлжээ. Хүүхэд наснаас хүндэтгэх "Мял Шатар нарыг улсын цол авч чадаагүйд харамсах би у.н Пүрэв /у.з/-ээс "Хачин юм шүү. Мял Шатар нар цол аваагүй байхад та начин болчихдог гэхэд "Харин тийм. Би ч бас тэгж бодоод заримдаа цол авсандаа эргэлзээд байдаг юм гэж хариу тохуурхах. Чиний магтаад байдаг Мял Шатар хоёр хөдөө суманд мал маллаад зав чөлөө олддоггүй гэнээ гэж Пүрэв ах заан болсон жилээ сонирхуулахдаа Мял уран барилдаанч лут бөх. Шатарыг би нэг удаа харсан. Барилдаад байсан бол биднээс дутах юу байх... гэж үнэлж байж билээ.

...Задгай шар арслангаас хуучин танилын ёсоор "Та Дамдин аваргыг олон хаясан хэрнээ начин болдоггүй, хачин шүү" гэж илүүд дурлавал "Ахаараа битгий тохуурхаад бай. Би наад аваргыг чинь нэг ч хаяж үзээгүй" гэдэг юм.

Та дөрвөн удаа 4 давахдаа хэн нэгийг хаячих боломж таараагүй хэрэг үү" гэвэл "Санжааг өмнө нь 2 хаясан болохоор начин боллоо гэж онгирсон. Болоогүй юманд сэтгэл ханах уу. Ах нь начин болох байж гэж гонсойдог л байлаа. Харин одоо бол данхраат, задгай шар улсад дөрвөн удаа 4 давсан сайн бөх гэж таних танихгүй хүмүүс ярилцахыг сонсоод баярладаг.

Хэрэв би нэг удаа 5 давсан тааруу начин байсан бол хэн ч ингэж дурсахгүй..." гээд инээж суусан. 2012 оны 5-р cap. Хоёр бөхийн хэн хэн нь дархан аваргыг босгохгүй байх бүү хэл хаяж үзээгүйгээ гэрчилж байна. Саяхан Таван цагариг сонинд а.х.а Шаравсамбуу / Баянхонгор/ Пүрэв зааныг аймгийн нь 20 жилийн /1964/ ойгоор хаячихаад давуулсан гэх аятай ярилцлага нийтлүүлжээ.

Өөрөөс нь лавлавал: Пүрэв маань заан болоод анх удаа аймагтаа ирж байна л гэж хэлсэн гэснээс өөрийг нэмсэнгүй. Залуу сурвалжлагч нар хэн нэгний хэлсэнд давс нэмдэг тал бий. Тийм л юм болсон юм болов уу даа.

Түүнээс агаар хороохгүй, ахин уулзахгүй алсад одсон нэгнийхээ тухай андуу ташааг ярьж дурсах тийм ч сайшаах зүйл биш. Бөхийн гэгдэх явцуу сэтгүүлч миний бие Шаравсамбуутай ярилцаж Бөх сониндоо "Монгол бөхийн нэвтэрхий толь"-д бичиж оруулснаа буянт үйлс гэж боддогоо нуугаад яах.

Балчир багын танил хүндэтгэж асан Өгийнуурын Шатарын зээ хүү, у.н Пүрэвдагвыг даваасай гэж дэмждэг үзэгчийн нэг ээ, би. Өвгөн миний амьдарлд тохиосон сонин үйлс мөнөөс мөн гэж боддогоо энд бас нэг дурсъя. Хүүхэд балчиртаа Шатарыг өвгөн насандаа зээ хүүг харна гэдэг тийм ч элбэг тохиол биш дэг ээ.

Их эмч Пэрэнлэйсамбуу "Шатар гоё бөх өө. Нэг спартакиадаар Мижиддорж /у.арс/-ийн дараа II байр эзлээд аймгийн заан болоод ахиж барилдаж амжаагүйд аймгийнхан харамсдаг" гэж санал нийлэв. Шатар ачит ээжээ асарч тойлсоор аймаг, улсад барилдах боломж таараагүйг нутгийнхнаас сонссоноо энд дайв.

Ш.Мягмар

Эх сурвалж: “Бөх” сонин