sonin.mn

-Хоёулаа ярилцлагаа аав, ээжийн тань тухай яриагаар эхэлье?

Манай аав Баянмөнхийн Нацагсүрэн гэж хүн байсан. 2007 онд өөд болсон. Залуудаа хувиараа юм хийж байсан. Ээжийг минь Ц.Алтантуяа гэдэг. Химийн багш мэргэжилтэй, одоо гэр зуур байгаа.

-Эхээс хэдүүлээ билээ?

-Эхээс хоёулаа. Ноднин жил манай дүү төрсөн.

-Төрж өссөн, нутаг ус, бага насныхаа тухай ярина уу?

-Би 1990 онд Улаанбаатар хотод төрсөн. Ханын материалд өссөн дөө. Багаасаа ус, түлээтэй ноцолдож өссөн минь бөх болоход тус дөхөм болсон байх гэж боддог.

-Аавынхаа нутгаар овоглож барилддаг юм уу?

-Үгүй ээ. Ээжийн аав Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат хүн байдаг. Аавын аав Дундговь аймгийн гаралтай хүн гэсэн. Би бас сайн мэддэггүй юм аа.

-Бөхийн спортыг сонгосон шалтгаан тань юу байв?

-Багаасаа бөхөд дуртай, бөх их үздэг байсан.Зургаан залуу зааны барилдаан тэр дундаа Д.Сумъяабазар аваргын барилдааныг их үзнэ. Аварга шиг бөх болохыг хүсдэг байлаа. Монгол эрэгтэй хүүхэд болгон л бөх болохыг бодож, мөрөөдөж өсдөг шүү дээ. Сайхан бие хаа заяаж өсгөсөн ээж аавын буянд сайхан барилдаж явна аа.

-Хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?

-2004 онд 73-р сургуульд элсэж ороод 73-р сургуулийн биеийн тамирын багш Ж.Дандарын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Үндэсний бөхөөр 2007 оноос барилдаж эхэлсэн.

-Бөхийн удам бий юу?

-Өвөөгийн аав нь барилддаг хүн байсан гэсэн. Бөхийн удмаа нарийн сайн мэдэхгүй.

-Бөхийн спортод хөтөлж оруулсан багш тань хэн бэ?

-Үндэсний бөхөөр анх улсын заан О.Одгэрэлийн удирдлага дор бэлтгэлээ хийж байсан. Одоо улсын харцага Д.Батболдын удирдлаганд үндэсний бөхийн бэлтгэлээ, штангын бэлтгэлээ О.Одгэрэл багштайгаа хийдэг.

Манай ах О.Одгэрэл багштай найзууд. Тэгээд намайг 2007 оны улсын наадмын бэлтгэлийн үер танилцуулж, багш шавийн барилдлагатай болж байсан.  Би Сүүж ууланд бэлтгэлд гарчихаад 2007 оны аймгийнхаа өсвөр бөхийн барилдаанд түрүүлж байсан.

2007 оны намраас Хүч спорт хорооны зааланд одоогийн улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нарын хамт бэлтгэл хийж эхэлсэн. Багштайгаа хамт долоо дахь жилдээ бэлтгэл хийгээд явж байна.

-Анх ямар цол, хаана авч байв?

-2008 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын баяр наадамд түрүүлж, сумын заан цол авч байсан. Тэрнээс хойш зөндөө олон аймгийн наадамд барилдсан. 2009 онд Залуучуудын Азийн аваргын тэмцээн давхцаад аймгийн наадамд барилдаж чадаагүй. Тэрнээс хойш аймгийн наадамд барилдаж 2013 онд аймгийн заан болж байсан.

-Аймгийн цол авахаасаа өмнө сумын заануудын барилдаанд тун сайн барилдаж байсан байх аа?

-Би сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 1 түрүүлж, 1 үзүүрлэж, 2 удаа 4-т, 1 удаа 3-т үлдэж байсан. Тэмцээн уралдаан гээд зарим барилдаануудад барилдаж чадаагүй тал бий.

-Өнөө жил нутагтаа арслан болсон. Хэн хэнийг давж түрүүлэв?

-Гурвын даваанд аймгийн начин Бат-Ирээдүйг, дөрөвт аймгийн харцага Энхбаатар, тавд аймгийн арслан Давж.Батбаяр, зургаад шинээр начин болсон Г.Жамбалдоржтой тунаж даваад, долоод аймгийн заан М.Батцэнгэлийг, наймд аймгийн арслан Б.Бат-Амгаланг давж түрүүлэн, аймгийн арслан болсон.

-Ноднин жил бас Б.Бат-Амгалан арслан та хоёр үлдээд та унасан шүү дээ? Энэ жил арслантай яаж барилдъя гэж бодов?

-Ноднин хоёулаа арслан болно гэж очоод би уначихсан. Ер нь буруу тактиктай барилдсанаас унасан л даа. Энэ жил Б.Бат-Амгалантай “тэгж барилдана" гэсэн тооцоо байсан. Сэрвүүгээс барилдъя гэсэн бодолтой, бэлтгэл сургуулилт  ч сайн байсан. Сайхан барилдаж, түрүүлсэндээ баяртай байгаа.

-Унаж байсан барилдаандаа дүн шинжилгээ хэр хийдэг вэ?

-Дүн шинжилгээ хийлгүй яахав. Багш нартайгаа ярилцана, юун дээр алдав гээд л... Бөх хүн барилдаандаа дүн шиншилгээ хийхгүй бол дараа дараагийн барилдаандаа унаад л байна шүү дээ.

-Аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?

-2012 онд ИЗОУИС-ыг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

-Саяхан болж өнгөрсөн Морь жилийн тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” барилдааны аймгийн цолтнуудын барилдаанд танай Их богд дэвжээний аймгийн цолтнууд түрүүлсэн. Өөрийн чинь хувьд яаж барилдав?

-Хавар болсон зооноос гарах барилдааны үеэр улсын аварга шалгаруулах тэмцээн давхцаад эхний хэдэн тойрог барилдаж чадаагүй. Сүүлийн хэдэн тойрогт барилдаад манайх зооноосоо нэгээр гарсан.

Намар болсон шигшээ барилдаанд таарсан бүх багаа ялж түрүүллээ. Би ч ДАШТ-ний бэлтгэлд гарчихсан бэлтгэл сайтай байсан. Би хувьдаа 16 барилдаж 16 давсан. Манайх Ховд, Говь-Алтай, Увс, Сүхбаатартай барилдсан.

Булгантай зоондоо барилдчихсан байсан. Шийдвэрлэх барилдааныг Сүхбаатарын багтай хийсэн. Ялвал нэгд ялагдвал гуравт орох байлаа. Манайх Сүхбаатарыг 9:7 харьцаатай, нэгхэн тооны зөрөөтэйгээр хожсон.

-2013 онд аймгийн заан болчихоод улсын наадамд ирж сумын заан цолтойгоо бүртгүүлэн барилдаж байсан. Тэр анхны улсын наадам чинь уу?

-Өмнө барилдаж байсан. 2010 оны улсын наадамд анх барилдаж нэг даваад, хоёрын даваанд улсын харцага Ч.Чулуунбаатарт унаж байсан. 2013 оны улсын наадамд мөн нэг даваад, улсын харцага Ж.Амартүвшинд унасан.

-Бэлтгэл сургуулилтаа ямар горимоор хийж байна вэ?

-Шигшээ багийнхаа төлөвлөгөөний дагуу хийж байгаа. Үндэсний бөхийн бэлтгэлээ Д.Батболд харцага дээр, штанг О.Одгэрэл, чөлөөт Дандар багш дээрээ хийж байгаа.

-Өөрийн чинь барилдааны онцлог?

-Сэрвүүгээс сугадаж барилддаг. Сэрвүүгээс хөл авах, хүмүүсийг хөдөлгөж барилдах сонирхолтой.

-Бөхийн спортоос шантарч байсан үе бий юу?

-Шантрах үе зөндөө байсан л даа. Нэг наадамд түрүүлнэ гэж зорьж очоод доогуур даваанд унахдаа би бөх болохгүй юм байна гэж боддог байсан. Одоо бол тийм юм байхгүй л дээ. Багаасаа л бөх болно гэж бодсоных том цол авна гэж боддог.

-Одооны бөхчүүд дан ганц үндэсний бөхөөр барилдаад амжилт гаргахад хэцүү болж, та чөлөөт бөхийн хүнд жинд амжилттай    барилдаж байгаа бөхчүүдийн нэг. Хэзээнээс чөлөөтөөр хичээллэв?

-2004 оноос барилдаж эхэлсэн. Би багадаа жин ихтэй хүүхэд байсан. Багш жингээ хас гээд олон удаа жингээ хасч байсан. Жин хассаны хүчинд сайхан барилдаад явж байгаа гэж боддог.

-Чөлөөтөөр хэр олон багш дамжсан бэ?

-Ганцхан Ж.Дандар багшийнхаа удирдпага дор одоо болтол явж байгаа

-Чөлөөт бөхөөр гаргаж байсан анхны амжилт?

-Анх тэмцээнд ороод л хожигдчихдог байсан. 2005 онд СХД-ийн АШТ-нд 58 кг-ын жинд ороод хүрэл медаль авч байсан. Тэр миний анхны медаль.

-Амжилтуудаасаа үргэлжлүүлэн яривал... Тив, дэлхийн тэмцээн уралдаанд ямар амжилт үзүүлж байв?

-2009, 2010 онд залуучуудын УАШТ-нд түрүүлсэн, 2010 онд насанд хүрэгчдийн УАШТ-нээс хүрэл, 2011 онд насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлсэн, 2012 онд насанд хүрэгчдийн УАШТ сфартакиадаас мөнгө, 2013 онд мөн мөнгөн медаль, 2014 онд медаль аваагүй. 2011 онд Ази тивийн АШТ-нээс 96 кг-д хүрэл, 2014 онд мөнгөн медаль 120-д авсан. Сая ОХУ-д болсон Дмитрий Коркийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль, Кемеровын ОУТ-нээс мөнгөн медаль авсан даа.

-Жингийнхээ өрсөлдөгч нарын тухай. Монголын хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байна?

-Одоо 125 д бэлтгэл хийж байгаа хүн цөөхөн л дөө. Ж.Чулуунбат начин бид хоёр л хийж байгаа юм чинь. Заримдаа Ч.Ганзориг ах, Б.Одгэрэл арслан нар ирж хийнэ. Тэр хэд л байна даа. Тэмцээн болонгуут Б.Гончигдамба гарьд, Р.Пүрэвдагва начин нарын бөхчүүд орж ирдэг.

-Чөлөөтөөр анх хэдэд барилддаг байв?

-Хамгийн анх 54-д барилдаж эхэлсэн. Зургадугаар ангидаа 60 кг-тай, том биерхүү, цулцгар хүүхэд байсан.

-Чөлөөт бөхийн дүрэм өөрчлөгдөөд удаагүй. Дүрмэндээ дассан биз дээ?

-Дүрмэндээ ер нь дасчихсан шүү. Ноднингоос эхпээд бэлтгэл сургуулилтаа дүрмэндээ зохицуулаад хийж байна. Анх 2 минутаар 3 үе барилддаг байсан. Одоо 3 минутаар 2 үе барилдаж байгаа. Хэн ачаалал даах чадвартай (мотортой гэж ярьдаг) нь үлдэж байна.

-Одоо үндсэн жин хэд байна?

-Сая тэмцээнд явахад 120 орчим байсан. Замдаа ядарсан юмуу одоо 115 кг-тай л байна.

-Барилдаан таардаггүй бөх бий юу?

-Ер нь нэг хүнтэй олон таарч байгаагүй дээ. Ганц хоёр таараад өгөө аваатай л байдаг. Г.Эрхэмбаяр аваргад гурав унаад байгаа юм байна.

-Өнөө жилийн улсын баяр наадмын тухай яривал...?

-Энэ жил угаасаа манай аймгийн наадам даншигтай гээд даншгаараа аймагт барилдах байх    гэсэн бодолтой, улсын наадамд гайгүй барилдана гэсэн том зорилго тавиад бэлтгэлээ хийсэн. Наадмын бэлтгэлдээ гарчихсан байсан чинь наана цол өгөх наадмаа хийхээр боллоо гээд...

Тэгж яваад аймагтаа арслан болчихоод ирсэн. Аймгийн заанаараа барилдсан бол гурав давах юм бол гурван аваргын нэгтэй таарна гэж бодож байлаа. Арслан болчихоод ирсэн чинь оноолт өөр таараад хоёрын даваанд а.х.а Б.Одгэрэлийг давсан.

Бэлтгэл энэ жил сайн байсан ер нь л урагшаа дайрч, давшаад барилдчихъя гэсэн бодолтой, гурвын даваанд а.а Б.Гончигтавхайг даваад, дөрвийн даваанд улсын гарьд Н.Ганбаатарт шуудагнаас шахаж татуулаад унасан.

-Залуу хүний ирээдүйн зорилгыг сонсвол. Өөрийгөө хэр дайчилдаг вэ?

-Өө өөрийгөө дайчлалгүй л яахав. Тамирчин хүн өөрийгөө дайчлахгүй бол амжилтанд хүрнэ гэж байхгүй шүү дээ? Бөх болгон л том зорилго тавьж дээшээ барилддаг байх.

Би төрийн наадамд түрүүлж, монгол улсын аварга цол авна гэж боддог. Чөлөөт бөхөөр тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авчихлаа. Олимп, дэлхийн тэмцээнээс медаль авахын төлөө бэлтгэл сургуулилтаа хичээн хийж байна.

-Гадаад, дотоодын уралдаан тэмцээнд оролцоод явж байхад хөгжилтэй зүйл олон тохиолдоно биз?

-Хөгжилтэй зүйл олон тохиолдолгүй яахав. Нэг удаа манай найз бид хоёр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж байгаад дэлгүүр хэсчихсэн явж байгаад бид хоёр маяглаад л гадаад дотоодоор яриад л чадахгүй байж.

Манай хүн худалдагч хоёр ойлголцдоггүй. Манай хүн “Dо уоu sреаk Еnlish” гэсэн чинь худалдагч нь “Үеs” гэсэн чинь манай хүн за за гэснээ яваад өгдөг юм. (инээв)

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Манай эхнэрийг Мөнхжаргалын Уянга гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. ОТИС-ыг англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Бид нэг охинтой. Халиун гэдэг. Ой гарантай.

-Хэзээнээс “Мөнхийн үсэг” группийн бөх болсон бэ?

-Ноднин 2013 оны 2 сард би компанигүй гээд явж байсан чинь у.х Д.Батболд ах чамайг би компаньтай болгоё гээд яриад... Тэр үед Батболд ах хөлөндөө хагалгаа хийлгэчихсэн, суга таягтай явдаг байсан.

Намайг компанид оруулах гээд Мөнхийн үсгийн үүдэнд машинтайгаа ирээд би Батболд ахыг үүрээд орж байсан. Тэгээд Батцэцэг, Ганбат захирлуудтай уулзаад анх орж байсан л даа. Мөнхийн үсэг группт ороод удаагүй байхдаа Данколовын нэрэмжит гранпри тэмцээнд яваад мөнгөн медаль авч байсан. Ээлтэй сайхан компани.

-Анх давж байсан улсын цолтой бөх хэн бэ?

-Анх давж байсан улсын цолтой бөхийг сайн санахгүй байна. Аймгийн цолтой бөх гэвэл одоо энэ Увсын барилдаанд аймгийн арслан Н.Ганзоригийг давж байсан. Аймгийн арслан цолтой бөх давчихлаа гээд бөөн баяр болж байсан (инээв).

Увс нуур дэвжээний бөхчүүдийн барилдаан дээр юм байна. Тэр барилдаанд анх дан Увсын бөхчүүд барилддаг байсан. Би Одгэрэл заан багштайгаа бэлтгэл хийдэг болохоор Увсын Хяргасынх, манай хамаатан гээд очоод барилдчих гэж багш үг зааж өгөөд очиж барилдан, гурав дээр а.а Б.Бадарчид унаж байсан юм.

-Заал танхимын барилдаанд ямар амжилттай барилдаж байна?

-Улс аймагт нэг удаа долоод, аймаг цэрэгт гурван удаа наймд, улс аймагт 16-д хоёр удаа үлдсэн байна лээ.

-Их богд дэвжээнээс сар бүр барилдаан зохион байгуулдаг. Энэ нь та нарын барилдааны амжилтанд багагүй нөлөөлж байна гэж боддог?

-Өө тэгэлгүй яахав. Барилдаан дээр барилдах, бэлтгэл дээр барилдах өөр. Сар болгон барилдаан зохиогоод сайхан барилдаад ирэчээр биеэ барих нь ч гайгүй болоод ирнэ.

-Таныг өнөө жилийн улсын наадмаар “Аврагч” спорт хорооны бөх гэж зарлаж байсан?

-Тиймээ. Би уг нь “Хүч” спорт хороонд харъяалалтай байсан. Одоо ОБЕГ-ын авто баазад харъяалагдаж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд ойр дотны хүмүүс, болон тусалж дэмждэг хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлж болно шүү?

Улсын заан О.Одгэрэл, улсын харцага Д.Батболд нарын багш нартаа болон, үндэсний шигшээ багийн хамт олон, Мөнхийн үсэг групп, ОБЕГ-ын авто баазын хамт олондоо баярлаж талархаж явдаг шүү гэж хэлмээр байна.

С.Давааням

Эх сурвалж: "Бөх" сонин