Өөлдийн домогт бөх Ш.Буян-Өлзийн тухай авга ах Н.Агваандорж 1995 онд надад доорхи зүйлүүдийг ярьж өгсөн юм. Энэ алдарт бөхийн тухай нутгийн ардууд их л олон домог мэт зүйлийг ярьдаг юм билээ.

12. Тэлүүлсэн 4 гадасаа суга татсан нь

Нэгэн хасаг эр Өөлдөөс нэг хүүхнийг хулгайлж аваад явчихжээ. Хүүхний ар гэрийнхэн түүний хойноос Буян-Өлзийг гуйж явуулж. Нөгөө хасаг эр найр хийгээд сүйд байна гэнэ. Буян-Өлзий явж очоод хулгайлж авч болохгүйгээ мэдээд өрийн биеэр тэр айлд явж очоод хасгуудад баригджээ.

Хасгууд ч Буян-Өлзийг барьчихаад 4 мөчийг нь ширгэн /зүлэг/ дээр тэлээд гадаслачихаад найрлаж гарч. Буян-Өлзий энэ гадас ч яахав нөгөө эмэгтэй хаана байгаа бол ямар морь авч гарахаа бодоод хэвтэж байж. Нэгэн шарга морь нүдэнд нь тусаж. Нөгөө эмэгтэйг нэгэн гэрт оруулж байна гэнэ. Оройхон тийш эмэгтэй дагуултайгаа гарч бие засчихаад орж байхыг харж.

Шөнө дунд болж хасгууд ид найрлаж байхад нь 4 гадасаа суга татаж хаяад найрлаж байгаа хүмүүсийн морьдыг дөрөөгөөр нь холбоод сав суулга зүүгээд тавьчихаж. Гэрт найрлаж байсан хүмүүс пижигнэлдэж бужигнаж байх зуур нүдэлсэн шарга морио авч өөлд эмэгтэйгээ дүүрч аваад нутагтаа ирсэн гэдэг.

13. Хятад жинчинд мэхлэгдсэн нь

Буян-Өлзий Зэрэгийн хүрээний эхэнд Хятад жинчинтэй тааралдаж дээрэмдэх санаатай тэмээ хөтөлж яваа хятадын далан дээрээс өргөөд авах гэтэл ер хөдлөх шинж алга гэнэ.. Үгүй ийм хүчтэй ямар хүн байдаг юм бол гэж бодоод хүч чадлаа сорьж үзэхээр шийдэж эхлээд нойтон хус мод мушгихаар мөрийцөж.

Хятад эрийг мушгихад хуснаас шүүс гарч байна гэнэ. Буян-Өлзийг мушгихад бяцарч байна гэнэ. Хятад эр хэлж байна гэнэ “Чи надад хүрэхгүй юм байна би ядуу зарц хөлсний хүн гэвч чамд 1 ачаа /1 тэмээн ачаа/ бараа өгье Монгол хүн нарийн нандин үнэтэй цайтай бараагаа гартаа хөтөлдөг биз дээ. Иймд чи эхний ачаатай тэмээг ав» гэж.

Буян-Өлзий юм ч бодсонгүй “За” гээд авчихаж. Гэтэл нөгөө ачаа нь хүнд хэрэгцээ болохгүй дандаа хуучин хувцас байсан гэдэг. Энэ нь гэнэн цагаан сэтгэлтэй Монгол хүний сэтгэхүйг судалсан Хятад хүний заль байж.

Нөгөө мушигсан хус нь хуурамч байсан бөгөөд морин дээр морьтойгоо хүлүүлчихсэн байсанг хожим Буян-Өлзий мэдээд “Даан ч тийм байхаа, өчүүхэн амьтан санагдсан юм” гээд инээгээд сууж байсан гэдэг.

14. Зам хаасан нь

Буян-Өлзий Алтайн давааны цаанаас адуу хөөж явжээ. Гэтэл хойноос нь адууны эзэд хөөгөөд ирж явна гэнэ. Эзэнд нь баригдахгүйн тулд нарийн хавцал руу орохыг бодож нэгэн хавцалын нарийн зөрөг зам руу орж хажуугаас нь том чулуу өргөж тавиад замаа хаачихаж. Хойноос нь хөөж явсан хүмүүс тур замаар гарч чадалгүй буцсан гэдэг.

15. Буян-Өлзийн гутал

Буян-Өлзий нилээд нас ахисан хойноо Баадайн Пунцагдаш /Одоо ахмад багш/-ын ээжээр гутал оёулжээ. Гуталын ул нь 2 төө илүү. Гутлыг хэлбэхэд 5-6 хормой өтөг бууц орж байсан гэж Пунцагдаш багшийн ээж ярьж байжээ. Жирийн хүний гутлыг хэлбэхэд 1-2 хормой өтөг бууц ордог бөгөөд ул нь 1 төө гаран л байдаг гэнэ.

16. Унаагаа сонгосон нь

Буян-Өлзий 70 гаруй насалсан болов уу гэдэг. Өдий насандаа Нямжавын Гончигжав гэдэг нилээд олон сайн адууьай айлд байж байгаад хэлсэн нь “Би ер нь хэд хэдэн давааны зам хааж нүгэл хийсэн хүн чи надад хөл нэг унаа өгөөч би нүгэлээ арилгаад ирье” гэж.

Гончигжав ч “За үй” болж хэд хэдэн сайн морь зааж барьж өгөх болж. Гэтэл Буян-Өлзий тэр морьдыг харж “Өө дөнгөхгүй байх” гэж. “Тэгвэл адуун дотор орж та өөрөө хараач” гэж. “За” гээд адуун дотор нь явж байгаад бүдүүн шарга гүүг зааж “Үүнийг бариад өг” гэж. Гончигжав “Би энэ гүүг барих гэж хэд хэдэн цалам  /бугуйл/ алдаж, уурга хугалсан юм шүү дээ” гэж.

Ямар ч байсан чи “Толгойд нь нэг юм оруулаад үзүүрийг нь миний гарт бариулаадах, би ойролцоо чинь зогсож байя, тэгвэл учир нь олдох байхаа” гэж. Гончигжав арай гэж шарга гүүний толгойд цалмаа оруулж үзүүрийг нь Буян-Өлзийд атгуулж амжиж.

Гэтэл Буян-Өлзий хурга ишиг барьж байгаа юм шиг татаж зогсоогоод хазаарлаж аваад унаад явчихаж. Хэдэн хоногийн дараа буцаж ирэхэд шарга гүү бүүр номхорчихсон байсан гэдэг. Нөгөө зам хаасан чулуунуудаа онгойлгочихоод ирсэн байх л даа гэж Гончигжав ярьж байсан удаатай.

17. Гэндэнгийн Цэндээ ярьсан нь

Миний аав Дандайн Гэндэн аймаг руу мод түлээ зөөдөг байж. Нэгэн удаа түлээ модоо хотод /аймгийг хот гэдэг байв/ оруулчихаад буцаж яваад хавцалд хоножээ. Тэнд Буян-Өлзий тааралдаж хамт хоноцгоож. Аав тэмээнүүдээ “шөнө явчих вий яаж уяж хонодог билээ” гэж.

Буян-Өлзий “зүгээр байхаа би аргалчихья” гээд гарч бүдүүн саглагар улиасыг тэмээ явах замд хөндөлдүүлээд тавчихаад унтацгааж. Өглөө босоод 2 тийшээ явцгааж. Буян-Өлзий арай түрүүлээд явсан юм байх. Гэтэл аав нөгөө моднуудыг зайлуулж чаддаггүй гэнэ.

Явах өөр замгүй юм чинь /аав ганцаараа яваагүй байх л даа/ Ингээд Буян-Өлзийн хойноос хагас өртөө хирийн газар явж байж буцааж авчирч замаа чөлөөлүүлж гарч явсан гэнэ лээ.

Үргэлжлэл бий...

Ноён цорос овгийн Чүлтэмийн Батхүү

Эх сурвалж: “Бөх” сонин