sonin.mn
Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварчин, спортын дэд мастер Ш.Ганхуягийг энэ удаагийн "хобби" буландаа урилаа. Тэрбээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж ирснээс гадна. Чөлөөт иагаараа богино 'долгионы радио, агаарын бөмбөлөг, шүхэр зэрэг спортын төрлөөр өөрийгөө хөгжүүлж ирсэн чадварлаг тамирчин юм билээ.
 
1973-1979 онд манайх Баянтүмэнд байлаа. Тэгэхэд Галын шүхэрчид гээд Онцгой байдлын Аврах ангийн агаарын ажиллагааны баг нисэх буудал дээр шүхрээр буух бэлтгэл хийнэ.
 
Тэр үед би найм, ес орчим настай хүүхэд, шүхрээр бууж байгаа хүмүүсийг зорьж очиж харна. Шүхрээс нь эвхэлцэнэ. Энэ үеэс л шүхэрчин болох хүсэл мөрөөдөл оргилсон доо. 1979 онд манайх Улаанбаатар хотод нүүж ирэв. 1984 онд “Улаанбаатарын мэдээ сонин”-оос санаандгүй “Шүхэрчний курст сургана” гэсэн зар олж харсан. 
 
Тэгээд л хаягийнх ньдагуу яваад очсон. Ийнхүү 1984 оны 12 дугаар сарын 15-нд гурван удаа буугаад спортын III зэргийн болзол хангаж, шүхэрчний үнэмлэхээ авсан даа. Анхны буултаа хүн ерөөсөө мэддэггүй. Харин хоёр дахь буултаасаа жаахан эмээх мэдрэмж төрдөг. Гурав буусны дараа бол ахиад олон удаа буумаар санагддаг. Шүхрийн спортод насны хязгаар гэж байхгүй. Саяхан болсон Азийн аваргад л гэхэд хамгийн ахмад нь 66, хамгийн залуу нь 17 настай тамирчин оролцож байна.
 
Европт 80,90 настай эмээ хүртэл шүхрээр бууж байна. Шүхрийн спортын хамгийн сайхан ньчөлөөт уналт. Би хамгийн дээд тал нь2100, хамгийн доод тал нь 600 метрээс буусан. Онгоцноос үсэрсний дараа 5,10,20,25 секунтээс 60 секунт хүртэлх хугацаанд шүхрээ задлах ёстой. Энэ бүгд аюулгүй ажиллагааны дүрмээр
 
баталгаажсан байдаг. Дээрх тооцооллыг тухайн шүхэрчин дотроо бодож тооцоолохоос гадна өндрийн эргэлтээ харна. Сүүлийн үед шүхэр задлах болсныг мэдээлдэг дохиололтой болсон. Эдгээр төхеөрөмжүүд бүгд манайд нэвтэрсэн. Одоо ганцхан хөрөнгө мөнгө, онгоцны асуудал л байна. Ямар ч үүлгүй цэлмэг тэнгэрт номин ногоон газар руу хөвж явах, ээ дээ мөн сайхан шүү дээ.
 
Эр хүний хийморь, бахархал юм даа. Урдаа сэнстэй онгоцноос үсрэхэд хойш цохигддог, “МИ-“8-аас үсрэхэд дээрээ сэнстэй болохоор ангал руу унаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Би одоогоор 399 удаа шүхрээр буугаад байна. Хамгийн гол нь үсрэх, буух техникээ эзэмшчихсэн байхад шүхрийн спорт тийм ч хэцүү биш л дээ.
 
Д.Отряд багшийн бэлтгэсэн "Гарын таван хуруу" багийн гишүүн
 
Би 1985 онд аравдугаар ангиа төгсөж, цэргийн албанд татагдан, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид, одоогийн Тусгай томилолтын батальоны Шүхэрт дессантын ангид гурван жилийн алба хаасан. МУГТ О.Гүндэгмаагийн аав Д.Отряд багшийн удирдлага доор хамгийн анхны “Гарын таван хуруу” багийн гишүүн болох замнал энд өрнөсөн. Одоо бид тавуулаа спортын мастер болон дэд мастерийн болзолыг хангасан.
 
Агаарын спортын холбоо, Онцгой байдлын аврах тусгай анги, Чингис хаан нисэх буудал гээд өөр өөр салбарт ажиллацгаадаг. Миний бэлтгэсэн 17 шавиас энэ спортын төрлөөрөө тууштай явж байгаа нэг л хүн бий. Тэр шавь маань саяхан надтай хамт Азийн спортын наадамд оролцож, олон улсын шүүгчийн эрхээ авлаа.
 
Энэ тэмцээнд би эх орноо төлөөлөн, ОХУ, Казахстаны тамирчидтай интернационал баг болж оролцсон. ОХУ, Казахстаны тамирчид бол мундаг юм билээ. Тэднээсээ их ч зүйл сурлаа. “Platus”, “Cessna”, “U12” гээд онгоцуудад сууж үзлээ. Өмнө нь, “U12” онгоцонд ганц удаа л сууж үзсэн.
 
 
400 дахь буултдаа депогийнхоо тугийг мандуулна
 
Би 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд Улаанбаатар Зүтгүүрийн депогийн Сэргээн босгох галт тэргэнд дагалдан, туслах машинчаар орж, туслах машинч, кранистаар ажиллаад 1998 онд засварын цех рүү орсон.
 
Тэндээ Тос цэвэршүүлэх цехэд ажиллаж байгаад 1999 онд Цахилгаан аппаратын цехэд орсон. Тус цехдээ өнөөг хүртэл зургадугаар зэргийн засварчин болтлоо ажиллаж байна. 1988 онд УБТЗ-ын 50 жилийн ой төв цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Тэр үеэр “Алдар” нийгэмлэгийн шүхэрчид үзүүлэх сургууль хийсэн л дээ. Тэгэхэд би багшдаа “Манай төмөр замын тугийг мандуулж болдоггүй юм уу” гэж хэлж байсан.
 
Багш маань харин “Тэгж л хүсээд байгаа бол чи өөрөө тугаа хийхгүй юу” гэсэн юмдаг. Тэр үед туг далбаа хийхэд материалын олдоцоос эхлээд амаргүй байлаа шүү дээ. Өнгөрөгч долдугаар сард харин би тэр хуслээ биелуулж 6x4 метрийн  хэмжээтэй Улаанбаатар зүтгүүрийн депогийнхоо далбааг хөх тэнгэрт мандуулсан. Завсар ашиглалтынхан маань хандив өргөөд, ҮЭ-ийн хорооноос тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад, манай оёдлын цехийн оёдолчид тугаа оёод л маш хямдхан зардлаар депогийнхоо тугийг хийсэн. Банкууд, хувийн компаниуд, Нийслэл гээд томоохон байгууллагууд хөрөнгө хаяад л тугаа мандуулдаг юм билээ. Одоо би 400 дахь буултдаа бас депогийнхоо тугийг мандуулна гэж бодож байгаа.
 
Радио холбоо их сонирхолтой спорт
 
1994-1996 онд Монгол Японы хамтарсан Агаарын бөмбөлгийн их наадам Монгол Улсад зохиогдсон юм. Би 1995 онд Д.Отряд багш болон Японы Хинго Шикова багш нарын удирдлага доор анхны бие даасан нислэг хийж, нисгэгчийн үнэмлэхээ авсан. Ингээд 1996 оны гуравдугаар сард Азийн орнуудын анхдугаар их наадам Токио хотод болоход тэнд радио спортын карт барьсан олон Япон хүнтэй таарсан л даа. Д.Отряд багш надад “Радио спортын төрөл чиний бөөрөнд наалдаад олон жил болж байхад одоо болтол сурахгүй юу хийж яваа юм бэ. Чамд их хэрэгтэй шүү” гэж хэлсэн.
 
Ингээд л би 1996-1998 он хүртэл ажиглагчаар яваад хувийн дуудлага авсан. Хоёр өөр улсын хүн радио станцаар хоорондоо холбоо барилаа гэж бодоход он, сар өдөр, цаг минут, долгион, сигналийнхаа дугаарыг, нэг үгээр хэлбэл шуудангаар-холбоо барьсан баталгаагаа хоёр талаас солилцдог.
 
Ингэснээр энэ спортыг сонирхогчдын хувьд нэгэн төрлийн дипломын болзол хангаж байгаа явдал. Тийм ч учраас “Би хэдэн орны, хэчнээн богино долгионтой холбоо барьсан” гээд картаа бусдад үзүүлэхэд бахархалтай байдаг л даа. Одоогоор гар утас их хөгжчихсөн болохоор радио спортын богино долгионы төрлийг хүмүүс төдийлөн сонирхохгүй байна.
 
Ямар ч хиймэл дагуул ашиглахгүйгээр зөвхөн антеныхаа хүчин чадлаар дурын орны хүмүүстэй холбоо барьдаг болохоор энэ спорт их сонирхолтой. Хуучны дайнтай кинонд морзоор мэдээ дамжуулдаг шүү дээ. Тэр төрөл л бие даасан спорт болоод хөгжчихсөн гэсэн үг. 1998 онд “Ган зам” хэвлэх үйлдвэрээр би анхны картаа хэвлүүлж байлаа. Монгол Улс нь JV,JU,JT  гэсэн гурван кредиттэй байдаг.
 
Тиймээс би JU60MTZ гэсэн дуудлагаар таван тивийн 150 улсын 10.000 хүнтэй холбоо барьсан картаа хэвлүүлсэн минь тэр. Манайх Богд-Ар хороололд байдаг. Би байрныхаа дээвэр дээр станцынхаа антеныг байрлуулчихсан болохоор ажлаасаа бууж очоод л радио холбоон дээрээ суучихна шүү дээ. Хүссэн орныхоо мэргэжил нэгтнүүдтэй туршлага солилцоно. Радио холбооныхоо талаар ярилцана. Улс төр, эдийн засаг хоёроос бусад бүх сэдвээр ярих чөлөөтэй шүү дээ.
 
Агаарын бөмбөлгөөс шүхрээр үсрэх амаргуй юм билээ
 
Би агаарын бөмбөлгийн спортоор 1994 оноос хичээллэсэн. 1996 оны наймдугаар сард агаарын бөмбөлгөөс анх удаа шүхрээр бууж байлаа. Тэр чинь л ёстой хамгийн эвгүй зүйл юм билээ. 1500 метрээс ямар ч эсэргүүцэл, үйлчлэх хүчгүй доош унахад яг л ангал руу унаж байгаа мэдрэмж төрдөг юм билээ. Ер нь, агаарын спортын төрөлд хүчээ үзэж байгаа хүн тархиндаа багшийнхаа зааж сургасныг ягштал бодож байхад тэгээд л болно доо. Нэг секунтэд гурван оронтой тоог тоолж амждаг гээд болохоор 10 секунт гэдэг их хугацаа шүү дээ. 
 
Агаарын бөмблөгийн тэмцээнд зургаан улсын 56 багаас наймдугаар байрт орсон. Агаарын бөмбөлөг гэдэг доороосоо халуун хийгээр үлээгдэж хөөрдгөөрөө онцлогтой л доо. 100 метр тутамд салхины урсгал өөр байдаг. Түүнийг мэдэрч чаддаг байх нь хамгаас чухал. Агаарын бөмбөлөг нь дотроо олон төрлийн үзүүлбэртэй. Өөрийгөө хөгжүүлье гээд хичээвэл ямар ч ажилтай хүн цаг гаргаж чаддаг л байхгүй юу.
 
Би бэлтгэл сургуулилалт хийх, тэмцээн уралдаанд оролцох үедээ албан ёсоор ажлаасаа чөлөө авдаг. Гэхдээ олон хоногоор явдаггүй болохоор манай хамт олон, удирдлагууд ч сайн ойлгож, дэмждэг. 1200 метрээс дээш өндөрт гарна гэдэг чимээгүй орчинд, хамгийн цэвэр агаараар амьсгална гэсэн үг. Нэг талаараа их сайхан үр бүтээлтэй, эрүүл мэндэд тустай амралт болж байгаа юм.
 
Би ямартаа ч тэтгэвэрт гартлаа шүхрээр бууна даа. Цаашлаад олон улсын тэмцээнээс медаль авчрах. Өөрөө авч чаддаггүй юм гэхэд дүү нараараа авхуулахын төлөө бүхнээ зориулна. Бие минь эрүүл саруул байвал 90 хүрээд ч шүхрээр бууна л гэж боддог доо. Энэ спортод би тийм л хайртай учраас хамгийн сүүлийн үеийн америк шүхэр хувьдаа авсан. Хүмүүс машин худалдаж авдагтай адил өөрийнхөө дуртай зүйлийг худалдаж авахад мөнгө зарж яагаад болохгүй гэж...
 
Сүүлийн үед шүхрийн спортыг сонирхох хүн олон болж байна. МУГТ Н.Түвшинбаяр шүхрээр буулаа, УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг буулаа гээд л захаас нь дурьдаж болно. 7-14 хоногийн сургалтад суугаад 3-4 удаа шүхрээр буугаад л курс төгсдөг.
 
 
Б.Дэлгэрхишиг
 
Эх сурвалж: "Ганзам" сонин