sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы хөлбөмбөгийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд Монголын охидын шигшээ багийн дасгалжуулагчаар сүүлийн гурван жил ажилласан Ики Ёожид Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Гавьяаны одон”-г гардуулжээ.
Ики Ёожи дасгалжуулагчийн энэхүү “Гавьяаны одон”-г МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Японы ХБХ-ны Ерөнхийлөгч Коза Ташимад гардуулсан байна. Энэ үеэр А.Ганбаатар, Японы ХБХ-нд талархаж байгаагаа илэрхийлээд “Ики Ёожи дасгалжуулагчийн Монголын охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна” хэмээн онцолжээ.
 
 
Монголын 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багуудыг 2015-2018 онд удирдан ажилласан Ики Ёожи халуунд халж, хүйтэнд хөрж, Монголын шигшээ багийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, эмэгтэй хөлбөмбөгчдөд урам зориг өгч чадсан гэдгийг МХБХ-ны баг тамирчид, хамт олон, хөлбөмбөгийн спортыг дэмжигчид чин сэтгэлийн талархалаа илэрхийлж ийнхүү “Гавьяаны одон”-гоор энгэрийг нь мялаалаа.
Дасгалжуулагч Ики Ёожигийн оронд Мальдивын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Кавамото Наоко манай охидын шигшээ багийг дасгалжуулахаар болжээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг