sonin.mn

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын тал Иранд цохилт өгснөө мэдэгдсэнээр Ойрх Дорнод дахь хурцадмал байдал улам даамжирч, улмаар газрын тосны нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлолоос үүдэн газрын тосны үнэ өнөө өглөө 5 хувиар өсөж, сүүлийн хоёр сар гаруйн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрчээ. 


Тодруулбал, Brent маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 3.91 ам.доллар буюу 5.64 хувиар өсөж, нэг торх нь 73.27 ам.доллар болсон нь дөрөвдүгээр сарын 3-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 


Израилын тал Иранд цохилт өгсөн гэдгээ баасан гаргийн үүрээр мэдэгдсэн бөгөөд Техранд дэлбэрэлт сонсогдсон гэж Ираны хэвлэлүүд мэдээлжээ. “MST Marquee” компанийн эрчим хүчний ахлах шинжээч Саул Кавонич хэлэхдээ “Ираны тал бүс нутгийн газрын тосны дэд бүтцийг онилон хариу цохилт өгөх хүртлээ мөргөлдөөн даамжирвал газрын тосны нийлүүлэлтэд бодитоор нөлөөлнө" гэжээ. "Хамгийн муу хувилбараар Ираны тал дэд бүтцэд халдах эсвэл Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хязгаарлах замаар өдөрт 20 сая торх нефтийн нийлүүлэлтэд саад учруулж болзошгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг