
Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “...Зориулалтын ширээн дээр тусгай дүрмийн дагуу бөмбөгөөр бөмбөгийг түлхэж наадах тоглоом буюу ёворцог” гэсэн үг. Улс төрийн томоохон үйл явдлууд энэ тайлбарт хэлсэн шиг “…Бөмбөг нь бөмбөгөө түлхэн нааддаг” юм байна.
Тодруулбал, 2025 тавдугаар сарын эхээр эхлээд зургадугаар сар гарангуут үр дүнд хүрсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа байна. Улс төрийн томоохон энэ үйл явдлыг дагаад тус “салбар”-т олон зүйл өөрчлөгдлөө. Өөрчлөгдсөөр л байна.
Яахав, дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн гэж яригдсаар ард нь гарч, дор бүрнээ дүн дүгнэлт болж, хүлээх үүргээ аваад ажилдаа орцгоолоо. Үүний зэрэгцээ улс төрийн нам хүчнүүд дээр янз бүрийн хөдөлгөөн тасрахгүй байна. УИХ-ын 2024 оны сонгуульд ялсан МАН-ынхан хавар зуны заагаар хачин их хөдөлгөөнтэй байлаа. Байн байн Бага хурал нь болж улс төрийн том том шийдвэрүүдийг гаргав. Тэдгээр хурлаар Засгийн газраас “хөөгдсөн” АН-ынхан УИХ дээр, нам дээрээ ч ажиглагчийн байр суурьтай хэд хонов. Нэлээд хоног өнгөрсөн л дөө. Тэгсээр, ойрмогхоноос “...МАН-ын Засгийн газарт хамтрахгүй нь тодорхой боллоо” гэдгээ бүрэн дүүрэн ойлгож байх шиг байна.
Яг үнэндээ, АН-ынханд МАН-ын Засгийн газраас хөөгдсөн нь гай биш гавьяа болжээ. “...АН-ын рейтинг сүүлийн өсөөд байна шүү” гээд улс төрийн хүрээнд их яригдсан. Голдуу ам дамжаад тэгж ярьж байв.
Тэгвэл, МЭК судалгааны байгууллагаас энэ сарын “...Улс төрийн намын үйл ажиллагаанд өгсөн олон нийтийн дундах рейтинг, дэмжлэг”-ийг судалж, дүгнээд гаргаад иржээ. Түүгээр, МАН-ын рейтинг ердөө сарын өмнө 4.2 байсан нь 3.9 болсон байна. Энэ нь, тус намын хувьд ойрын жилүүдэд байгаагүй муу рейтинг юм. Харин АН-ынх өмнөх тавдугаар сард 3.8 байснаа зургадугаар сард 4.1 болж өссөн байна. Эднийх 2024 оны арваннэгдүгээр сард яг ийм рейтингтэй байжээ. Тиймээс, АН-ынхан Засгийн газраасаа гаргах шийдвэрийг гаргасан МАН-ын Бага хурлын гишүүдэд “...Баярлалаа” гэж хэлэхэд нэг их буруудахгүй нь дээ. Эднээс гадна, УИХ-д суудалтай бусад нам, эвслийн рейтинг ч маш сонирхолтой “хөдөлсөн” байгаа юм.
МАН-ын Засгийн газарт дахин орсон, эсвэл үлдсэн гэж хэлж болох ХҮН намынх 2025 оны тавдугаар сард 3.2 байсан бол зургадугаар сард 3.0 болж буужээ.
Тэгвэл, дарга нь “...Итгэл төрөхгүй байна” гээд Засгийн газарт ороогүй Үндэсний эвслийн рейтинг өссөн байна. Тавдугаар сард 3.0 байснаа сая зургадугаар сард 3.2 болжээ. Харин улс төрийн элдэв бодлого, акц хийгээд байдаггүй ИЗНН-ынхан МАН-ын энэ удаагийн Засгийн газарт орсон ч бусад шигээ рейтинг нь хэлбэлзээгүй байна. Хэвэндээ үлджээ. Дараа сард яах юм, бүү мэд. Ямартай ч, МЭК-ийн энэ удаа рейтингийн тодорхойлолтоор өгсөж буйгаа үзэж мэдэрсэн АН-ынхан Засгийн газрыг бус огт өөр зүйл рүү анхаарлаа шилжүүлж байна. Тэдний хувьд эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, дараа нь УИХ-ын 2028 оны ээлжит сонгуульд амжилттай оролцох талаар яриад эхэлжээ. Үүний тулд, тус намд дотоод эв нэгдэл маш чухал байгааг ойрмогхон хэсгээрээ, бөөнөөрөө уулзахдаа ярих болсон байна. Энэ хүрээнд “...Манай намын зарим дарга намаа бусдын тролл болгохыг оролдож байна. 2027 оны сонгуульд ялагдуулах хуйвалдаан явуулаад байна шүү” гэх зэргээр ярьжээ. Нэр бүхий зарим даргадаа хаягласан ийм “мессэж” АН-ынхны хэд хэдэн уулзалтаас гарчээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
За шаа шаа АН-д жаахан эрх мэдэл өгөнгүүт МАН-аасаа дор адгууслаг анархистууд л болчихдог шд. МАН оюунэрдэнийг унагасан үйл лайгаа эдэлж байгаа нь энэ. Хүртэх ёстойгоо л хүртэж байна. Ард түмэн бол түүнийг огцруулахыг хүсээгүй. Харин талбай дээр хэдэн бацааныг 20 хоног цалин, шантаажаар орилуулж суулгаад тэрийгээ Хүүк тэргүүтэй улс төр, бизнесийн томчууд огцрох шалтаг богосон гэдгийг хүн бүхэн мэдэж бгаа шд. МАН угаасаа 27, 28 оны сонгуулиар муугаа үзнэ. Бүр ул руу унана. АН засаглахаар Монгол Улс сүйрдэг үхлийн тойрог л давдагдана. Нээх гоё ярьдаг, идээчин уугаачингуудын л нам шд. Идэж идэж гадагшаа Эбэ, Сахал, Сайханбилэг нар шигээ зугатаад явчихдаг новшнууд битүү чигжээстэй нам бол АН шүү
Одоо АН МАН намаас горьдох юм байхгүй болсон оюунэрдэнэ л өөрчлөлт авчирсан . 2намын шийдвэр гаргагчид яг адилхан нэг зоосны 2тал ..30жил ээлжилж төр барьсан яг адилхан байсан шүү