sonin.mn

Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Дашнямын Бямбацогт Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнууллаа. Монголын театр, дэлгэцийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван дүрээрээ ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон түүнийг гавьяат болох ёстой гэх яриа сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээгээр үе үе хүчтэй цуурайтсаар ирсэн билээ.


Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч энэ олон нийтийн хүсэл, хүлээлтийг сонсож, зүй ёсны гавьяаг нь төрийн дээд цолоор үнэллээ. Энэ бол зөвхөн Д.Бямбацогтын баяр биш.


Энэ бол урлагийг чин сэтгэлээсээ хайрлаж, үнэлдэг Монгол түмний баяр. Урлагийн хүний хөдөлмөр хэзээ нэгэн цагт үнэлэгддэг гэдгийг, шагнал нүдээ олдог гэдгийг харуулсан нэг сайхан мөч боллоо.


Дашнямын Бямбацогт бол дүр бүртээ амьдрал шингээж, эгэл олны дуу хоолой, баяр гунигийг тайзнаа амилуулж чаддаг ховор уран бүтээлчдийн нэг.


Түүний уран бүтээл, хөдөлмөрч зан, урлагт үнэнч хандлага олон хүний сэтгэлд хүрч, үе үеийн үзэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн.

Тиймдээ ч олон нийтийн сүлжээнд “Гавьяат өгөх цаг нь болсон” гэх яриа жил бүрийн төрийн шагнал олгох үеэр гарч ирдэг байв.

Өчигдөр тэр хүсэл бодитоор биеллээ олж, түүний зүтгэл төрдөө үнэлэгдлээ. Ард түмний хайртай жүжигчиндээ халуун баяр хүргэе!


О.Чулуут