sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 3.5 дахь жилдээ шилжин өрнөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс орос судлаач А.Габуев, америк сенатч Л.Грэм, Азербайжаны удирдагч И.Алиев, оросын сөрөг хүчний төлөөлөгч М.Ходорковский, мөн Э.Макрон, Д.Трамп, Ф.Мерц, орост урвасан Донецкийн ардын губернатор П.Губарев, Финландын Ерөнхийлөгч А.Стубб нарын хэлсэн ярьснаас түүвэрлэн хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь тусгагдаагүй болно.


Орос-Украины дайны зураглал нэн тодорхой харагдаж байна. Путины ба Оросын Жанжин штаб, Цэргийн тагнуул, ФСБ-гийн алдаатай тооцоо энэ гамшгийг буй болгосон, одоо Украинд гэхээсээ Орост нэн халгаатай тусч байна. Бид бүхний ойлгож байгаагаар Путин Украинд өөр сонголт үлдээгээгүй, тэр нь Оросын армийг бүрэн демилитаризац болгож дуусгах тэр л сонголт юм. Украин ялагдах хүсэлгүй байна гэдэг нь бүр 2022 оны хоёрдугаар сард нэн тодорхой харагдсан. Шойгу бууж өгөхийг тулган шаардсан ультиматум илгээсний хариуд украинчууд хөгшин залуугүй, эр эмгүй зэвсэглэн босоод байлдсан ба ОХУ-ын ЗХЖШ-ын эх сурвалжийн прогнозоор бол, хэрэв Путин Украин дахь энэ дайныг нэн даруй зогсоохгүй бол 4 сарын дараа байлдааны ажиллагаа Оросын нутаг дэвсгэр рүү бүрэн шилжинэ. Тэр үед Оросын тоталь нуралтыг хэн ч зогсоож чадахгүй, бүгдийг цэрэгт татаад ч нэмэргүй. Арми ямар ч зэвсэггүй болно гэж оросын блогерууд бичээд эхэлжээ.


Орос сэнсэрдэгээрээ сэнсэрлээ гэсэн санаа илт цухалзана. Орос яг энэ эрчмээрээ дахиад жил хагас л байлдах боломжтой гэж украины цэргийн шинжээчид үзэж байгаа ба хүн хүч, зэвсэг техник, эд материал, мөнгө хөрөнгийн нөөц нь үндсэндээ шавхагдаж байгаа гэсэн прогноз хийжээ. 




Оросын иргэн явсан “орос судлаач” А.Габуев:–Путин Трампыг хөөргөж хууран мэхэлж болно, хуцахаас биш хазахгүй гэж үзэж байгаа учраас Украинд үзүүлж байгаа АНУ-ын тусламжийг болиулах замаар зорилгодоо хүрчихнэ гэсэн алсын тооцоотой, дайнаа зогсоож хэлэлцээ хийх огтын сонирхолгүй гэж дүгнэжээ.


Путин биднийг ч, Европыг ч ядарч цөхөрнө гэж найдсан. Гэтэл тэр маш том алдаа хийсэн. Конгресс АНУ-ын түүхэн дэх хамгийн том хориг арга хэмжээний багцаа батлахын ирмэг дээр байна. Хятад, Энэтхэг, Бразил Та бүхэн Путинд тусалсаар байх ахул маш их хохирол амсах болно–АНУ-ын сенатч Л.Грэм.


ОХУ нь Украин дахь дайныхаа намаг балчигт живэх атлаа өмнө талдаа Азербайжан гэдэг бас нэг том дайсан өөртөө гаргаад ирэв. Оросын суртал нэвтрүүлгийн машин маш сайн ажиллаж байна. Өөртөө дайсан төрүүлэх мехинизмынхаа дагуу асар их ачаалалтайгаар Азербайжан, Турк, Герман, Франц, Польш, Балтийн орнуудын (цаашаа зөндөө бий) төрийг самрах, Алиев, Эрдоган, Мерц, Макроныг гомо-нацист болгох ажил дахин ундарлаа! Эвгүй байгаа, эвгүй тийшээ эргэх улс орнууд, улс төрчдийн бүхэл бүтэн том жагсаалт Кремлийн суртал нэвтрүүлэгчдэд бий! Тэд ам хэлээрээ бол ялж дууссан.


Илхам Алиев Украины ард түмэнд хандан “оккупац”-тай хэзээ ч эвлэрч зөвшөөрч болохгүй. Азербайжаны иргэний агаарын тээврийн AZAL онгоцыг нь сөнөөсөн гомдлоор зарга үүсгэж Оросыг олон улсын шүүхэнд өгч байгаа хэмээн ил цагаан зарлав. Оросын стратегийн түнш 


Алиев Оросыг нулимахдаа ёстой огтоос айсан шинжгүйгээр бас ингэж ярив:–Азербайжан улсын иргэд Украины зэвсэгт хүчний талд тулалдсан, эсвэл тулалдаж байгаа бол тэднийг баривчлахгүй. Уучилна. Харин Оросын талд тулалдсан, эсвэл тулалдаж буй, Украины нутаг дэвсгэрийн бүрэн байдлын эсрэг, Оросын эзлэн түрэмгийллийг дэмжсэн иргэдийг бол баривчилна хэмээн шууд зарлав. “СВО” гэдгээ Москвад ариун үйлс гэж зарладаг бол Бакуд тэгснийг нь шууд баривчлах болоод явчихлаа. Оросын түрэмгийллийг дэмждэг монголчуудад энэхүү Алиев сануулга болохоор зүйл ярьсан юм биш үү?


Михаил Ходорковский германы BILD сэтгүүлийн сайтаар видео ярилцлага өгч байна. Тэрээр ингэж ярив. “Одоо Оросын дэглэмд “нэгэн” 10 жил эхэллээ. Энэ 10 жилд Орос орон тогтвортой байдлаа алдах, нэг бол бүрэн нурж унах өндөр магадлалтай” гэж анхааруулав. 


Францын Ерөнхийлөгч Э.Макрон Их Британид айлчлахдаа ингэж ярив:–Путины Орос Украинд ахицтай байх тоолонд тэр аюул бидэнд улам ойртдог. Тиймээс хүчтэй байх эрхтэй гэсэн онолыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Үүнийг би маш тодорхой хэлмээр байна. Энэ л шалтгааны улмаас эрхэм Ерөнхий сайд Тантай хамтран бид өнгөрсөн хоёрдугаар сард Таны дурдсан тэр “Санаачлагчдын эвсэл” гэдгийг байгуулсан. Энэ эвсэл бол европчууд Украиныг хэзээ ч орхихгүй гэдгийн дохио сануулга байсан юм. Хэзээ ч шүү! Бусад улсад хэн ямар шийдвэр гарах нь хамаагүй, харин бид бол гал зогсоох нөхцөл буй болгохын төлөө хэлэлцээ эхлүүлж, бат бэх, тогтвортой энх тайвныг бүтээхийн тулд сүүлчийн мөч хүртэл тэмцэх болно. Учир нь Украинд бидний хамтын аюулгүй байдал, зарчмууд золиослогдож байна. Украинд дэнчин тавигдаж байгаа тэр зүйл бол бидний үеийнхний өнгөрсөн 10 жилд эдлэж ирсэн тэр энхтайванч Европын ирээдүй юм. Тэр энхтайванч Европын ирээдүйгээс жижиг зүйл гэж огтхон байхгүй. Бид хамтдаа энэ хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ!


Макроны ярьсныг дэмжиж ХБНГУ-ын канцлер Украиныг сэргээн босгох асуудлаар Ромд ингэж хэлэв. “Эцэст нь Путин, Трамп хоёрт хэлэхэд, дэлхийн II дайнд сүйрсэн Германыг сэргээхэд анд нөхөд нь хэрхэн тусалсан шиг бид Украинд тэгж тусална, Европын Холбоонд ч элсүүлнэ!


Путинд хэт найдаад 24 цагийн дотор дайн дуусгана гэдэгтээ одоо бүрэн цөхөрсөн Д.Трамп:–Бид Путинд сэтгэл хангалуун биш байна. Би өөрөө ч Путинд сэтгэл хангалуун биш байна. Үүнийг би яг одоо хэлж чадна. Учир нь тэр маш олон хүний амь хөнөөж байна. Тэдний олонхи нь түүний өөрийнх нь цэргүүд. Путины цэргүүд, Украины цэргүүд ихэнхдээ амь үрэгдэж байна. Одоо 7 хоногт 7000 хүн амиа алдаж байна. Би Путинд туйлын сэтгэл хангалуун биш байна гэжээ.



“Ерөөсөө эхлүүлдэггүй байсан нь л дээр байжээ” (Лучше вообще было не начинать) гэсэн гарчигтай оросын хөлсний цэрэг Донецкийн ардын губернатор Павел Губаревын ярилцлага сошиал талбарт ээлжит сенсаац дэгдээгээд байна. Украинд Орос дайн өдөөсөн нь том алдаа байжээ хэмээн Игорь Стрелковын найз Губарев Оросыг шууд буруутгажээ. “СВО” гэдэг нь хөнөөн сүйтгэх шинжийг агуулсан ба ОХУ-д цэрэг-улс төрийн ямар ч амжилт огтоос алга. Хар л даа, дайны 3.5 жилд бид хичнээн хотыг авсан бэ, үнэхээр инээдтэй. Гэхдээ алагдсан цэргийн хохирол нэг саяас даваад явсан гэдгийг би нотлож чадна. Дайснаа ялна гэсэн биш оросын арми зөвхөн хүний махан шуурганд хяргуулж дууслаа, энэ дайны цорын ганц боломжит зорилго нь ах дүү ард түмнүүд харилцан бие биенээ хөнөөх явдал боллоо. Нэг дээрэмчин славяны өөр нэг омгийнхнийг хөнөөж, бие биенээ устгалаа. Өөрөөр тайлбарлах арга алга–Губарев. 


Дайны хэнээтэн Путиныг Финландын Ерөнхийлөгч ингэж нэрлэж дүгнэжээ.


“Путин бол ердөө стратегийн тэнэг, дайнд хамгийн бүтэлгүй этгээд. Тэр Украиныг сулруулахыг хүссэн. Гэтэл Украин нь Европын Холбоо, НАТО руу явж байна. Тэр НАТО-гийн нуралтыг үзэхийг хүссэн. Гэтэл НАТО-тай хиллэдэг хилээ хоёр дахин нэмчихсэн. Тэр Европын Холбоог нураахыг хүссэн. Гэтэл Европын Холбоо хэзээ ч байгаагүйгээр нэгдэн нягтарч чадлаа. Харин Орос өөрөө хэзээ ч, хаашаа ч эргэж мэдэх Хятадын вассал боллоо” гэжээ.


                                   Орос, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь