
Жил бүрийн Наадам бол монголчуудын үндэсний бахархал, өв соёлын илэрхийлэл бөгөөд бидний түүх, уламжлалыг дэлхийд сурталчлах онцгой боломж юм. Гэсэн хэдий ч Наадмын нээлтийн үйл ажиллагаа жилээс жилд ижил төстэй өнгө аяс, хэт урт хөтөлбөртэй болж, үзэгчдийн сонирхлыг хангалттай татахаа больсон гэх шүүмжлэл нийгэмд газар авсаар байна.
Тиймээс энэ уламжлалт баярын нээлтийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор гадаадын мэргэжлийн найруулагчаар хийлгэж үзэх цаг нь болсон юм биш үү?
Дэлхийд Монголыг хэрхэн харуулах вэ?
Гадаадын туршлагатай найруулагчид Олимпын наадмын нээлт, томоохон соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан арвин туршлагатай. Тэд олон орны соёлыг хүндэтгэх, орчин үеийн техник технологийг ашиглах, богино хугацаанд өндөр сэтгэгдэл төрүүлэх чадвартай. Хэрвээ бид Монголын түүх, өв соёлыг тэдний мэдрэмж, уран сэтгэмжээр харуулж чадвал Наадмын нээлт дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татах, жуулчдын сонирхлыг өдөөх гайхалтай хөтөлбөр болж чадна.
Үндэсний агуулгыг орчин үеийн хэлээр
Наадмын нээлт бол зөвхөн дотоодын шоу биш, харин улс орноо гадаад ертөнцөд таниулах цонх юм. Бидэнд үндэсний өв соёл, домог түүх, бахархалтай туульсын агуулга бий. Харин эдгээрийг илүү өнгө төрхтэй, орчин үеийн хэлээр дэлхийд ойлгомжтойгоор хүргэх уран бүтээлчийн хараа, найруулга л дутуу байна. Энэ орон зайг гадаадын найруулагч нөхөж чадна.
Хамтын бүтээл бол хамгийн хүчтэй
Мэдээж хэрэг гадаад найруулагч Монголын уламжлал, түүхийн нарийн нюансыг төгс ойлгохгүй байж мэднэ. Гэвч тэрээр Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллавал илүү шинэлэг, дэлхийд ойлгогдох, сонирхол татсан бүтээл төрнө. Энэ бол соёлын хамтын ажиллагааны сайн жишээ болохын зэрэгцээ залуу уран бүтээлчдэд ч олон улсын тавцанд гарч ажиллах боломж нээгдэх юм.
Эцэст нь наадмын нээлтийг гадаадын найруулагчаар хийлгэх санаа бол үндэсний өв соёлоо гадаадын хүний гарт өгч байна гэсэн үг биш. Харин ч бидний түүх, бахархлыг дэлхийд илүү өргөн хүрээтэй таниулах стратегийн алхам. Хэрвээ бид өөрсдийгөө олон улсад үнэлүүлэхийг хүсэж байвал өнөөдрийн хэв маягаас арай өөрөөр сэтгэж, зоригтой алхам хийх хэрэгтэй. Тиймээс ганц удаа ч болов Наадмын нээлтийг олон улсын түвшний мэргэжлийн багтай хамтран хийлгээд үзье.
Д.Пунсалдулам
Сэтгэгдэл3
Mash zuv!
Mash zuv!
Demjij bn.