sonin.mn

(Гайхамшигт монгол морьд)


Миний ажаа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харъяат Лувсанцэрэнгийн Найдансүрэн 1906 оны гал морин жил төрсөн хөдөө нутгийн малчин, адуучин хүн байв. Үүнээс хойш 60 жилд нэг удаа тохиох 2026 оны гал морин жил ажаагийн маань мэндэлсний 120 жилийн ой тохиож буй юм. Эх орны дайны хүнд жилүүдэд монголчууд дайнд нэрвэгдсэн ЗХУ-ын ард түмэнд туслах аян орон даяар өрнүүлж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын агт морьдыг ажаа маань маллан, малинд оруулж цааш нь хилийн боомт хүргэж байсан тухай амьд сэрүүн байхдаа дурсан ярьдаг байв. Мянга, мянган жилийн тэртээгээс төв Азийн цээжинд эзэн Чингис хааны бүтээсэн Их монгол улсын Алтай, Хянганы завсар асар уужим тал нутгийн малчин монгол хүн, морь хоёр хамтдаа энэ дэлхий дээр тэнгэрийн хаяа, газрын эцэст хүртэл бэрхшээл бүхнийг сөрж оршин тогтнож ирсэн бөлгөө. Иймээс монгол морь бол монгол хүн үүсэн бий болсон цагаас эхлэн ямагт хамт явж, хөлийг нь дөрөөндөө хүргэсэн шандаст хүлэг, сайн нөхөр нь юм. Монголын эрэлхэг дайчин эрс хурдан хүлгийнхээ нуруунд дэлхийг дагуулж явсан түүхтэй. Монгол морины үүх, түүх монголчуудын амьдрал, тэмцэлтэй салшгүй холбоотой тул морьдоо бид монгол төрийн молор эрдэнэ хэмээн шүтэж, төрийн сүлдийнхээ голд залдаг юм.


Морь бол монголчуудын хувьд аз хийморийн билэгдэл агаад ямарч айлд цай, идээ бэлэн болж байх үед ч юмуу, найр, хурим, ямар нэг сайн үйлийн үед ирсэн хэнийг ч болов “Морь сайтай явж байна” хэмээн урмын үг хэлж мялаадаг. Энэ нь тэр хүн аз хийморьтой явж байна гэсэн утга агуулж буй. Тэрээр морьгүй, машингүй, бүр явган ч ирсэн байж болно.


Иймээс “морь сайтай байна” гэдэг үг бол тэр хүний аз хийморийг морьтой зүйрлүүлэн дээдэлж буй монголчуудын уран сэтгэмж юм. Хуучны хүмүүсийн “Унах морьгүй, унтах оргүй” хэмээн ярьдаг нь монгол хүн морьгүй байх нь хэний ч санаанд үл багтах, ядуу дорой байдлыг хэлэх агаад хувь заяа, аз хийморьгүй, муу совин дагуулдаг хэмээн үздэг байжээ. Энэ үг бол мэдээж хуучных, өдгөө ч далд утга нь хэвээр үлдсэн. Хаан төрийнхөө эв, хүчит баатруудынхаа чадал, хүлэг морьдынхоо хурдаар дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж асан монголчууд дайн дажинд нэрвэгдсэн хөршүүддөө шандас сайт хүлэг морьдоороо тусалж байсан түүхтэй юм. Монгол морио гэж...Энэ молор эрдэнэ зөвхөн монголчуудад ч бус дайнд нэрвэгдсэн бусад ард түмэнд ч жинхэнэ шандаст сайн хүлэг гэдгээ баталж чадсан юм. Дөчөөд оны эхэн бол монголчууд бидний хувьд их хэлмэгдлийн дараа, дайнд мордох эр хүнгүй шахам, ард олон ядуу, бичиг үсэггүй, он дамжсан их зудтай, хүндхэн үе байв. 1940 оны тусгаар тогтнолын төлөөх санал асуулга болоход ихэнх иргэд нь гарын үсгээ хурууныхаа хээгээр даран баталгаажуулж байлаа. Гитлерийн Герман 1939 онд Польшийг эзэлснээр эхэлсэн Дэлхийн хоёрдугаар дайн 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр манай хөрш ЗХУ-д дайн зарлалгүй гэнэт довтлон ЗХУ-ын хувьд энэ аюулт дайн эхэлсэн юм. Германы арми ЗХУ-ын олон хотыг эзэлж эхэлснээс хойш энэ дайн тасралтгүй дөрвөн жилийн турш үргэлжлэн Орос орон 27 сая иргэнээ алдсан, асар их гарз, үхэл хохирлоор энэ дайнд ялсан түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны агуу их аялалтын баярыг жил бүрийн тавдугаар сарын 8-9-нд ОХУ-ын төр, ард түмний үндэсний баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсоноор энэ 2026 оны энэ жил 81 жилийнх нь ой тохиож байна.


Энэ ой бол монголчууд бидний хувьд болон Гитлерийн Германы эсрэг дайнд ямар нэг хэмжээгээр дэмжин оролцсон дэлхийн олон орны агуу их ялалтын баяр, оршин тогтнолынх нь түүхэн үнэн, монголчууд бид фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсан орны тоонд зүй ёсоор орж буй баталгаа юм.


Монголчууд бид нууц байдалд ороогүй бусдын араар нуугдаагүй шууд өөрийн хөрш орноо дэмжин энэ дайнд оролцсон. БНМАУ-ын АИХ зарлиг гарган ЗХУ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлж Гитлерийн эсрэг энэ дайнд эхнээс нь аваад дуустал нь хойд хөршдөө эрвийх дэрвийхээрээ тусалж, өөрсдөө дайны байдалтай, бүхнийг фронтод зориулж байв. Дэлхийн хоёр дахь социалист орон БНМАУ дөчөөд оны эхэн тэр үед ЗХУ-ын шахалтаар бий болсон их хэлмэгдлийн хүнд үед эрчүүд нь лам, хар, шар феодал, хөрөнгөтөн эсвэл хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээх хилс хэрэгт татагдаж ялын дээд хэмжээ авч байсан эмгэнэлт үйл явдлыг бид мартаагүй байсан. Гэсэнч монголчууд тухайн үеийн ЗХУ-ын улс төрийн өөр нөхцөл байдалд болоод өнгөрсөн тэр аймшигт хүнд үеийг ардаа үлдээн дэлхийн хэмжээнд нүүрлэсэн Гитлерийн Германы их аюулын эсрэг хатуу зогсон, тулгарч буй аймшигт аюулын эсрэг бат зогссон юм. Зовох цагт нөхрийн чанар аа...гэж ЗХУ-д туслахаар хамгийн үнэнчээр зүтгэсэн цорын ганц орон бол БНМАУ юм. Германы фашистуудын эсрэг дэлхийн дайны холбоотон Америк, Англи, Канад улс зэр зэвсэг, бөмбөгдөгч онгоц, танк, их буу, ачааны машин хэдэн арван мянгаар, хоол хүнсээр тусалсан нь энэ дайны ялалтад багагүй үүрэг гүйцэтгэсэн байдаг. Америкчууд өөрөө энэ завсар Номхон далайд Германы хамсаатан Японы эсрэг дайнд мөн идэвхтэй оролцож байсан. Гэхдээ тэд тусламжаар өгсөн бүх зүйлээ дайны дараа эргүүлэн төлүүлэх гэрээтэй, бас дайсны талтай ч давхар нууц гэрээ хэлцэлтэй байсан тухай оросын эх сурвалжуудад гардаг. Тэд энэ олон талт дайн дунд аль дийлсэн талд нь байж ялалтын тугийг өргөлцөхөд бэлэн байсан байх гэх сэтгэгдэл төрүүлдэг юм. Монголчууд бидний хувьд бол ЗХУ-д хоёргүй цагаан сэтгэлээр дайны хүндийг үүрсэн шиг үүрч, тусалсан шиг тусалж гарсан юм. Үүгээрээ ч бид хожсон гэж би боддог юм. Монголчууд бид хойд хөршдөө нийтдээ 4-5 удаагийн тусламжийн цуваа явуулсан байдаг. Анхны цуваа 1941 оны арвандүгээр сард очсон гэдэг. Орос оронд маш хүйтэн байсан тэр үед 10 гаруй мянгаад хонины нэхий богино дээл полушубка, малгай, бээлий, эсгий гутал, ангийн үсэн хувцас, мах хүнсний зүйлийн хамт авч очсон. Энэ дайн ЗХУ-д довтлохоос өмнө баруун Европын орнуудад 1939-1941 болж хот тосгодыг оршин суугчдынх нь хамт устгаж байв.


Хорих лагерууд бий болж |Аuschwitz-Birkenau |Oświęcim|-д| хорт хийгээр 1 сая гаруй еврэй, польш болон бусад оны иргэдийг үй олноор нь хөнөөж, хүүхдүүдийг хорьж тэднээс цус авч өөрсдийн цэрэгтээ нийлүүлж байлаа. БНМАУ-ын Бага хурал 25 дугаар тогтоол гарган ялалтын их баярыг жил бүрийн 5 дугаар сарын 8-9 өдрүүдэд тэмдэглэж байхаар шийдсэн байна.


Энэ тогтоол өнөөдөр хүчинтэй хэвээр байгаа. Иймээс тусгаар МУ-ын иргэн би агуу их ялалтын баярт талархан ханддаг. Эх орноо хамгаалах ариун үйлст иргэн бүр нь чин сэтгэлээсээ оролцон, ялалт эсвэл үхэл хэмээн тангараг тавьсан ЗХУ-ын улаан арми, баатар хотуудынхаа хамт Гитлерийн Германы эсрэг энэ аймшигт дайнд ялсан гол хүч бол эх оронч, эрс шийдэмгий, хатан зоригт Зөвлөлтийн баатарлаг ард түмэн, тэдний эв нэгдэл байв. Энэ дайнд монгол морьд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Эхэлсэн өдрөөс нь хойш 1414 хоног үргэлжилсэн энэ дайнд ЗХУ фронтод 20 сая цэрэг нийт 30 орчим сая иргэнээ алдсан бөгөөд ард үлдэгсэд нь өнчрөл зовлонд учраагүй нэг ч хот суурин, нэг ч гэр бүл үлдээгүй гэдэг. Ийм их хохирлоор оросын баатарлаг ард түмэн эх орноо хамгаалж Берлин хүртэл явах замдаа зөвхөн өөрийгөө ч бус европын олон орныг дайны аюулаас чөлөөлж тусгаар улс болох эхлэлийг нь тавьсан юм. Хоёр улсын хооронд эхэлсэн гэх энэ дайн цааш холбоотнууд нь талцан тэлж бүх европ даяар болон дэлхийн 60 гаруй улс орон, хоёр тэр бум хүн, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд олноор үрэгдсэн байна. Энэ ширүүн дайн тулаанд монгол морьд хамт явж, дэлхийд хамгийн том газар нутагтай орос орны өндөр уулс, өргөн талд цомбон туурайныхаа мөрийг үлдээсэн нь оросын ард түмний ой санамжид орших түүхэн үнэн юм. Монголчууд бид энэ гавъяаг нь үнэлж монгол мориныхоо тухай, цэрэг эрсийнхээ тухай олон сайхан дуу бүтээсэн авъяаслаг зохиолчид Д.Тарваа, Лха. Дорж нар үг, аяыг нь хийж, алдарт дуучин Цогзолмаа гуай дуулсан “Монгол морь” “Цэнхэр дурдан алчуур” хэмээх дуунууд юм.


Энэ дууны эхний нэг бадгийг, дахилтын хамт сийрүүлвээс


Яруу алдарт эх орноо

Ялалтаас ялалтад дэвшүүлж

Ялгуулсан тугаа мандуулахдаа

Ямагт бид морьтойгоо явсан.

Монгол морины чадал

Хэмжээлшгүй ихийн адил

Монгол хүний зориг

Хязгаарлашгүй их байдаг.... гэдэг бадгууд нь өнөө үеийн зохиолын дуунаас арай өөр, эрмэлзлэл, зориг дүүрэн, шулуун төгс үгтэй тул энхийг хүссэн хэн бүхний сэтгэл зүрхэнд амилан шингэдэг увидастай байж дээ.


Эх оронч, оновч, хурц үгтэй энэ шүлэгт Лха Доржийн цэх шулуун, эрэлхэг давшингүй зориг дүүрэн агаад явдал сайт морины гүйм хатираар яваа мэт хэмнэл, Цогзолмаа гуайн тунгалаг хоолойн цар хүчээр түргэн урсгалт голууд нийлж мөрөн болохуй эрч хүчээ авч даргилан тэлэх лугаа адил цуурайтах нь тэр үеийн хүн бүхний сэтгэлийн угт хүрч, эх оронч үзлийг бадраан, фашизмын эсрэг үйлсэд уриалж байлаа. Энэ дуунд монгол хүний эх оронч үзэл санааг монгол морьтой нь холбон гаргасан байдаг. “Монгол морь” дууны амин чанар нь энэ юм. Дайны дараа ч энэ дуу хүн бүхний сэтгэлд хоногшин үлдэж бидний үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн юм даа.


Лха Дорж бол тэр үеийн Хязгаарын цэргийн чуулгын уран сайхны удирдагчаар ажиллаж байхдаа олны дунд “Цэнхэр дурдан алчуур” нэрээр мөнхөрсөн “Амрагийн дуу” цэргийн сэдэвтэй олон сайхан марш, дууны ая бичсэн Монгол цэргийн дууны их оргил, түүхэн уран бүтээлч хүн юм.


Энэ хүний жинхэнэ овог, нэр нь Лхагвааны Дорж боловч ард түмний дунд Лха Дорж нэрээрээ алдаршсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гарсан эдгээр дууг монголчууд дуулж, тэр үеийн хүүхдүүд бид монгол ёс заншлаар хүмүүжин, хүн төрхөө олж байсан даа. Эдгээр дууны үг бүхэн их эзэн Чингис хааны үеэс эхтэй, монгол цэргийн сүр, морины хүчийг илэрхийлж буй. Мянгат,түмд нь л батальон, дивиз-ээр солигдсон ч хүлэг морьд нь хэвээрээ. Чингис хаан өсөх наснаас эхлээд амьдралынхаа турш олон сайхан хүлэг морьтой байжээ. Орог шинхул мориороо гурван хоног явж найман шаргаа дээрэмчдээс авч, ам цагаан хул морио унан аймшиггүй зоригт дайчдаа дагуулан хоногийн газрыг цагаар товчлон, газар дороос ургасан мэт гэнэт дайсныхаа өмнө гарч ирэн ялж байв. Дэлхийн дайн эхэлсэн дөчөөд оны эхээр монголчууд аж үйлдвэрийн комбинатын |АҮК| тэргүүний ажилчин хүмүүсдээ “ударник” |Хөдөлмөрийн аварга| цол олгож эхлэсэн гэдэг. Тэр үеийн Улсын ударник цол бол өнөөгийн МУ-ын Хөдөлмөрийн баатартай дүйж байсан хэрэг л дээ. Налайхын уурхайчин Товуу гэдэг эмэгтэй өөрийн хүрэн мориороо олон жил уурхайн гүнээс нүүрс зөөн төлөвлөгөө, нормоо давуулан биелүүлж мориныхоо хамтаар “Улсын ударник” цол шагнуулж байсан нь түүхэнд үлджээ. Ингэж монгол морь Улсын ударник болж олны хайрыг хүлээснээр “Омголон хүрэн” гэдэг дуу гарсан юм билээ.


Уурхайн ажилчин ударник би

Омголон хүрэн морьтой доо.

Мянган хувийнхаа нормыг

Мориныхоо хамтаар биелүүлдэг .. гээд л дуулж байлаа шүү дээ. Энэ сайхан дууг чухам хэн зохиосон юм болдоо.


1941 оны дундуур Дэлхийн дайн эхэлчихсэн Гитлерийн арми Зөвлөлт улсын олон хотод нэвтэрч, үхэх, сэхэхийн дэнсэнд байсан хүнд, хэцүү үед монголчууд бид Зөвлөлт хөршдөө агт морьдоо, арьс, ноосоо, агнасан ангаа ер нь байгаа бүхнээ хоёргүй сэтгэлээс юу л байна, түүнийгээ өгч Монголын төр “Хувьсгалт Монгол” Революционная Монголия сөнөөөгч онгоцны эскадриль хоёр удаа, “Монгол ард” Монгольский арат хэмээх танкийн цувааг хөрөнгө мөнгө гарган “Бүхнийг фронтод” уриан дор илгээж байжээ.


“Хувьсгалт Монгол” танкийн бригад нь Москвагаас Берлин хүртэл баатарлаг дайчин алдрын зам туулсан бол, “Монгол ард” нисэх эскадриль Калинин, Баруун болон Белорусын нэгдүгээр фронтод тулалдсан түүхтэй.


Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын миний төрсөн нутаг харъяат улсын ударник эмэгтэй Жаргалын Наранцогт гуай тэр үед ид залуу, АҮК анх нээгдсэн 1934 оноос эхлэн ажиллаж, дайны үед хонины элдсэн үзүүрсэг нэхийгээр дулаан, оготор дээл полушубка, бээлий, малгай, ноосон цэмбээр цэргийн шинель оёж, өдөр шөнөгүй ээлжээр ажиллан, үйлдвэр дээрээ хонодог, ажилчид нь АҮК-ын яндангийн дуут дохио дуугаар цаг баримжаалдаг байсан тухай Наранцогт гуайн төрсөн дүү миний ажаа, ижийгийн нутгийн танил Рэнцэний Намхайдорж агсан Халхын голын дайнд оролцож байсан хуучилдаг байсан даа. Тэр үед монголчууд өөрсдөө ядуу амьдралтай цай, тамхи, эд бараа ховор хэдэн мал нь л биднийг тэтгэж байв. Уулын цай түүж уудаг, жинхэнэ цай олдвол шаарыг нь даавуунд боогоод дахин чанаж уудаг байлаа. Гэсэнч монгол хүн хэдэн малтай, унах унаатайгаа байсан цагт хэзээ ч өлсөж явгарч байсангүй. Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир гэвээс монгол морьд бол эзэн Чингисийн үед ч тэр, энхийн цагт ч, эх орны дайны үед ч ямагт бидэнтэй хамт байж хаана ч, хэзээ ч өөрт оногдсон үүргээ нэр төртөй биелүүлж ирсэн тухай юм.


Орос оронд эх орны дайны хүнд үед унааны морьд нийлүүлдэг гол орон нь Монгол улс, хойд хилээр агт нийлүүлэхэд хамгийн дөт хялбар нь манай Бургалтай нутгийнхны хувьд бол Сэлэнгэ аймгийн ойролцоох хилийн гарцууд байлаа. Тэд морьдоо хөлөөр нь хил хүргэж цааш нь галт тэргээр авч явдаг байсан гэдэг.


Монгол орон даяар газар сайгүй, жирийн ард иргэд сайн дураараа эмэгтэйчүүд нь зүүсэн ээмэг, бөгжөө, эрчүүд нь унааныхаа ганц морийг ч гэсэн өөрөө хөтлөөд малинд авчирч өгч байсан юм билээ. “Өгвөл ганцаасаа, уйлвал сохроосоо” гэж. Ингэж “Санаа сайтай монголчууд Сайн мориороо тусалсан удаатай” гэдэг “Монгол морь” дууны бадгууд нь бодит амьдралаас өөрөө урган гарч байсан юм. Монголчууд ийм л хүмүүс, үнэ хөлс гэж юу ч нэхээгүй. Тэд морьдоо Улаан армид бэлэглэхдээ толгой, хондлойг нь нудраганыхаа омгоор илэн, ногтоо мултлан авахдаа


Магнай халзан морь минь

Малин даагаад гараарай.

Монгол хүний өмнөөс

Дайснаа дараад ирээрэй... гэдэг байжээ.


Мөн монгол эрчүүд өөрсдөө сайн дураараа фронтод явж байсан гэдэг. Монгол эсгий гутал, үнэг, хурган малгай, хонины ноосон шинель, нэхий дээл, бээлий хийгээд дулаан хувцастай орос цэргүүд, хөхүй өвлийн хүйтэн, хөр цасны зузаанд савхин гуталтай, саравчтай малгайтайгаа бээрсэн герман цэргийг ялахад бидний бэлгэнд шингэсэн сэтгэлийн илч, эх орноо хамгаалсан зөвлөлтийн улаан арми, Москва хотоо дайснаас хамгаалсан Панфиловчуудад тус дэм болсон гэж бодном. Иван Васильевич Панфилов|1892-1941| бол эх орныхоо төлөө баатарлагаар амиа алдсан ЗХУ-ын баатар, дэслэгч генерал хүн юм.


Монголын төр “ноос бол алт” гэдэг уриан дор ЗХУ-д ноос, мах тушаах хатуу гэрээтэй тул малчид албан журамтай, түүнийг биелүүлэх нь амин чухал асуудал болж байв. Ноос, махаа тушаачихсан хүн, мах, ноосоо тушааж албан журмаа хаачихлаа... одоо л нэг хамаг ажил жигдэрч байна даа хэмээн тэр жилдээ додигор явдаг байж.


Монголчууд 5-6 сая үхэр, бод, бог малын мах улаан армийн хүнсэнд тушаасан нь ойролцоогоор 1 сая гаруй тн болжээ. Монголын хойд хилийн цаана ойролцоо хэд, хэдэн мах комбинат ажиллаж байв. Улаан армийн эгнээнд монголын 500 морьт цэрэг, Улаан армийн тав дахь морин хороо монгол цэргүүд байсан гэдэг. Тэр үед монголчууд өөрсдөө 800 мянгаад хүн амтай ч байгаа бүхнээрээ тусалсан.. гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2024 онд болсон ялалтын баярын илтгэлдээ дурсаж байлаа. Бургалтайн |Сэлэнгэ, Баруунбүрэн сум| малины агтыг миний ажаа Лувсанцэрэнгийн Найдансүрэн мөн энэ нутгийн малчин ногоон хэмээх Дашийн Сэрээнэн гуай нар тууж Сэлэнгийн Ламын хийд, Сэлэнгэбүрэн, Цагааннуур сумдын мал бэлтгэлийн дамжлага баазад малинд хүргэж, манайд төмөр зам байгаагүй тул хөлөөр нь хил давуулж цааш төмөр замаар зөөдөг байсан гэдэг. Тэр үед ажаа маань 37-той л байсан юмуу даа. 1906 оны гал морин жилтэй хүн шүү дээ. Ид залуухан эр малины агт эрхэлсэн даамал болж, хойш фронтод гаргах адуугаа айл айлаас цуглуулж, маллаж байгаад малинд хүргэдэг байсан тухайгаа дурсан ярьдаг байлаа. Сум болгон төвдөө Кооператив |Харилцан туслах хоршоо| байгуулж малын түүхий эд арьс шир, ноос ноолуур, ангийн үс, мах, эвэр туруу зэргийг Сэлэнгэ аймгийн бүх сумдаас Цагаан Эрэгийн дамжлага баазд хүргэж байсан гэж гэдэг.


Сэлэнгэ аймгийн Цагаан нуурын мал бааз 1970-аад оны үе хүртэл ажиллаж байгаад үйл ажилгаагаа зогсоосон гэж 1990-ээд оны дундуур тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарч өдгөө тус сумандаа амьдарч буй миний багын анд Чагнаадоржийн Бадарч ярьдаг байсан.


Ч.Бадарч 2026 онд өвчний улмаас насан өөд болсон. Түүний аав Шагдаржавын Чагнаадорж гуай Баруунбүрэн сумын хоршооны нягтлан ЗХУ-д илгээх түүхий эдийн эрхлэгч байжээ. Эх орны дайны үед Монголоос фронтод өгөх морьдыг халдварт ям өвчинд өртсөн эсэхийг үзэхдээ маллейн хэмээх эмийг нүдэнд нь дусааж шалгадаг байснаар монголчуудын дунд “малин” гэдэг шинэ үг гарсан юм гэнэ лээ. Маллейн |ям| хэмээх латин үгээс гаралтай энэ эмийг ямын савханцраас гарган авдаг тухай ном сударт бий. Ям гэдэг бүтүү туурайтны энэ аюулт өвчин туссан адуу өөрөө турж үхэн, халдвар нь маш түргэн тархдаг тул ямтай адууг тэр дор нь устгаж, ариутгахаас өөр аргагүй гэдэг. Ямаас гадна бас цус багадах гэж аюулт өвчин адуунд байдаг тухай ажаа маань ярьдаг байлаа. Манай сумын залгаа Сэлэнгэбүрэн суманд Манхтайн мал баазаар Архангай, Өвөрхангай, Завхан аймгуудын мал сууриараа |эх орны дайны жилүүдэд| Харлаг цагаан тавилангаар Сэлэнгэ мөрнийг гатлан гарч Манхтайн мал баазд ирж багширдаг байжээ. Манхтайн мал бааз 1940-1950 оны үед ид ажиллаж байсан гэдэг юм билээ. Булган аймгийн Түшиг сумаар мөн тэр хавийн мал гаргаж байсан гэдэг. Хөвсгөлд Хатгал, Ханхаар, Баян-Өлгий аймагт Цагаан нуур сумын дамжлага баазаар, хойд талд Цагаан эрэг, Сүхбаатар, Хиагтаар бүх ачаа, мал хөлөөр нь гаргаж байлаа. Хилийн цаана хэд, хэдэн том мах комбинат, мал бэлтгэлийн баазууд ажиллаж байв. Мөн Казакстан улс болон бусад орнуудаас ч агт морьд нийлүүлж байжээ.


Монгол морь бол байгалийн бэрхшээл, өл даадаг талаар онцгой шүү дээ. Ижий маань ажааг малинд морьд хүргэхээр явахад нь адууны чанасан тарган мах богцонд хийж, чонон дахыг эвэхээд эмээлийнх нь араар ганзагаар нь тогтоож өгч байсан гэж ярьдаг юм.


Ажаа маань хэдэн ч удаа малинд агт хүргэж байсан юм бүү мэд, хөөрхийдөө хожим амьд сэрүүн байхдаа энэ тухайгаа их л дуртай хуучлан ярьдаг байж билээ. Миний ажаа бол харахад нүдэнд тусахаар гойд юмгүй, хөдөөгийн эгэл жирийн малчин хүн, харин түүний хууч яриа бол надад маш сонин, сонсоод л баймаар байдагсан. Шинэ, хуучин засгийн үеийн амьдрал үзсэн хүн болохоор аливаа үүх, түүхийг жирийн хүний нүдээр харж, амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар тогтуухан сайхан ярина. Би ч түүнийг нь сонсох их дуртай байж. Ажаа маань тэр үеийн энэ ажлын зохион байгуулалт, малинд агт хүргэх замд тохиолдсон адал явдал, малинд орж байгаа адуу болон бусад өрөвдөм үйл явдлуудын тухай ярьдаг байсан даа. Эх орны дайны үед бид олон зуун хүлэг морьдоо адуун сүргээсээ харамгүй барьж Зөвлөлтийн улаан армид ийнхүү илгээсэн юм. Ямар хүлэг морьд байсан гээч. Гайхамшигт монгол морьд! Их эрдэмтэн Бямбын Ренчин абугай Цогт тайж кино зохиолоор хүртсэн БНМАУ-ын Төрийн шагналын мөнгөө бүхэлд нь Дэлхийн хоёрдугаар дайнд хэлмэгдсэн Ленинград хотын өнчин хүүхдүүдэд хандивлаж байлаа.


Увс аймгийн Өмнөговь сумын малчин Энгэлийн Бадам гэдэг эмэгтэй адуун сүргийн манлай “Эрх зээрд” морио бусад 10 гаруй морь, 15 атан тэмээ, 1600 хонь, мөнгө төгрөгийн хамт бэлэглэн ”Фронт Бадам” нэртэй болж ЗХУ-ын төрөөс Одон тэмдэг, Алтан үсгийн үнэмлэх, үнэ бүхий эд зүйлээр шагнуулж байсан гэдэг.


Энэ хүний өвөг Увс нутгийн Бөөрийн Ирүүл гэдэг хүн 1957 онд 13 мянган толгой мал тоолуулж БНМАУ-ын “Хамгийн сайн малчин” болж байжээ. 1943 онд Ховд аймгаас ЗХУ-ын Улаан армид цуглуулсан бэлгийг Манхан сумын харъяат Борондонгийн Лувсан гэдэг хүн 18 настай байхдаа бусад ахмад 107 жинчдийн хамт 200 гаруй тэмээн ачаатай 2700 гаад км замыг 230 хоног туулж Бийск хотод ачаагаа хүргэсэн байна. Б.Лувсан сүүлд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болсон гэдэг. Бийск Уралын нурууны өмнө Алтайн хязгаарын нутагт оршдог Баруун өмнөд Сибирийн хот, дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ Бийск хотод зэвсгийн болон аж үйлдвэрүүдээ нүүлгэж байв. Завхан аймгийн Жаргалант сумын малчин Жигжиджав сумынхаа наадамд түрүүлсэн хурдан морио улаан армид бэлэглэж байсан нь түүхэнд үлдсэн байна. Энэ Жигжиджав гэдэг хүний тухай орон нутгийхан нь тодруулж өгвөл сайнсан. Дундговь аймгийн улсын сайн малчин Цэгмид гэж залуу бүсгүй фронтод бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Москва хотод очиж бэлэг гардуулан фронт Цэгмид нэртэй болж байсан тухайгаа агуу их ялалтын баярын 80 жилийн ойн өдөр өндөр настан Цэгмид гуай дурсан ярьж байв. Дорнод аймгийн Баяндун сумын харъяат фронтын оёдолчин эмэгтэй Ц.Чимэдцэрэн, мөн аймгийн Дашбалбар сумын харъяат Улсын ударник оёдолчин эмэгтэй Бадамын Мядаг нар цөм 100 гаас дээш настай буурай нар агуу их ялалтын баяраа угтан оролцож байв. Энэ дайнд монголчууд ч гэсэн өөрсдөө морио унаад оролцсон шүү дээ. Сайн дурынхан гэж нэрлэж байсан морьтон дайчид бол монголчууд бидний удам угсаа нэгтнүүд байх. Монгол адуунд дулаан зүчээ, бэлэн зэлэн эрдэс, тэжээл бэлдэх, биеийг нь угааж, хөлийг нь тахлана гэж байдаггүй. Бүр сайндаа л өвөл өвөлжөөндөө уяж, тохом татаад, хөх өвс л тавьж өгнө шүү дээ. Монгол адуу бол байгалийн эрс, тэс уур амьсгалд зохицон, аяндаа өсөж үржин, өвс, ус хоёр л байвал өөрөө олоод идчихдэг, арчилгаа маллагаа шаарддаггүй, нүүдлийн нөхцөлд уналга эдэлгээнд тэсвэртэй, өл даадаг хоногт гурав, дөрвөн цагийн идэштэй байхад л үлдсэн 20 цагт нь ажиллах чадавхтай байдаг юм. Монгол адуу хазаартайгаа өвс идэж, ус ууж, өвөл цасаар цангаагаа гаргаж чаддаг бөгөөд алс холоос элдэв бэрхшээлийг даван нутагтаа гүйж ирдэг. Энэ бол зөвхөн монгол адуунд байдаг онцлог шинж, өөр ямарч адуунд байхгүй. Өргөн уужим нутаг, тал дүүрэн адуу малтай нүүдэлчин монголчуудын аж ахуйн нэг онцлог тэр дундаас халуун, хүйтэн эрс, тэс байгалийн нөхцөлд аль хүч, чадалтай нь л үлддэг. Монгол адуу ийм дархлаа суусан байдаг. Өсөх, төрөхөөс эхлээд халуун хүйтний ялгаагүй нэг л хэмд дасч, бэлэн тэжээлтэй жүчээнд амьдардаг бусад үйлдрийн морьд дайны нөхцлийг яаж давах вэ дээ.


Монгол малчид ямар арав тавхан толгойг маллах биш, тэр олон малаа нэг бүрчлэн арчлах боломжгүй тул ийм бэрхшээлийг сөрөн давж байж л тэсвэр, дархлаа нь үүсдэг. Иймээс бид монгол адууныхаа энэ дархлааг цэврээр нь хадгалж үлдэхийн тулд энэ генийг цаашид хамгаалж үлдэх нь чухал болно.


Ийм монгол адуу цэрэг дайны талбарт тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн гэдэг юм билээ. Угаас шөрмөслөг, байгалийн шалгарлаар заяасан түүний араг яс бат бөх, чац сайтай тул нуруу ачаа 100-130 кг өлхөн даадаг, байгалийн хатуу ширүүн уур амьсгалд өл даадаг, нүүдлийн билчээрт өөрөө билчэж, аяндаа өсч үржих чадвартай, арчилгаа маллагаа шаардахгүй, уналга эдэлгээнд тэсвэртэй, энэ гайхамшигт амьтан дайны хатуу ширүүн цагт тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн гэдэг юм. Түүний уушгины багтаамж их 40-50 л тул унаанд бол нэг өртөө газарт 25-30 км зогсолт үгүй давхих шандастай, жирийн явдлаар маршаар бол хоногт 90-100 км өлхөн туулдаг, монгол адуунд нэг онцлог байдаг. Тэр нь бол явдал, давхил дундаа газраас хөндийрч буй адуу газар хоёрын хооронд нэг тийм зай байдаг. Тэр зай бол адуу болгоны давхилтад янз бүр, энэ зайнаасаа шалтгаалж хүч чадал, хурдад нь нөлөөлөх тэнцвэр бий болдог аж. Үүнийг хуучныхан чагтага гэдэг байх. Монгол адууны хувьд энэ зай нь хамгийн тохиромжтой тэнцвэртэй тул удаан ядралгүй давхиж чаддаг. Энэ зай нь таарсан морь удаан давхилтад ядрах нь бага, явдал нь хөнгөн гэж ажаа маань ярьдаг байлаа. Монгол адуу хөгжлийнхөө явцад байгалийн бэрхшээлийг сөрж гарахдаа ийм чадварыг өөртөө бий болгожээ. Бусад байнгын арчилгаанд байдаг сайн үүлдрийн, хэтэрхий чацархаг адуунд ийм үзүүлэлт нь муу тул богино зайд хамаг хүчээ шавхаж амархан ядардаг. Монгол адууны мах нь илчлэг чанартай, бээрдэггүйн дээр бусад гэрийн тэжээмэл амьтдын дотроос хамгийн тэсвэртэй, хамгийн хурдан, хөнгөн шаламгай, хамгийн ухаалаг нь адуу юм. Түүний өвчин согогийн малчид өөрсдөө хатгаж, муу цусыг гаргаж байгаад эмчилчихдэг. Сайн уургач морь сүрэг дундаас эзнийхээ барих гэж буй адууг жолоо дарах төдийд олж танин, хий алдалгүй даган, үйл явдлын өрнөлийг эзнийхээ оролцоогүйгээр өөрөө олж, хурдлах цагт нь хурдалж, тойруу газрыг гишигдэл алдалгүй товчлон шууд дайрдаг элдэвтэй байдаг. Эзэн нь уургалах үед хэзээ сууж өгөхийг өөрөө мэдэрч дөрвөн хөл нь шаантаг мэт шигдэн, сүүлээ газар шүргэтэл сууж өгдөг юм. Чоно хөөж сурсан морь эзнийхээ ташуур барьсан талд нь налж өгдөг юм шүү дээ. Энэ бол монгол морины гайхамшиг, унаж яваа эзнийхээ үйлдлээс олж сурсан эрдэм нь энэ. Монголчуудыг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Тэдний хувьд морь бол бусад малаас ямагт өндөр байр суурьтай, монгол хүн, морь хоёрын дотно харьцаа мөнхөд оршиж байдаг.


Дайны тулааны үед өмнөө тохиосон уул хад, намаг шалбааг гээд л ямарч машин техник гарахааргүй бусад бартаат газраар, монгол морь ажрал үгүй туучин гардаг байжээ. Машин техник хэдий сайн ч ийм үед монгол морь л хэрэг болдог юм даа.


Ийм морьд ч гэсэн их буун дуу нүргээн, дарийн утаа үнэртсэн дайны талбарт анх орж ирээд айж чичирч шээс алддаг байсан ч сүүлдээ дасчихдаг юм гэнэ лээ. Дараа нь бүр тоохоо больдог, тэр ч байтугай эзнээ сэлмээ сугалан уухайлан давших үед улам ч хүч зоригтой болж өмнөө яваа дайсныг араас өөрөө шууд чиглэн очдог аж. Иймээс дайн тулааны тэр хүнд, хэцүү үед монгол морьд бусад ямарч сайн үйлдрийн морьдыг дагуулдаггүй байсан нь ойлгомжтой. Ийм чанар, тэсвэртэй адуу дэлхийд монголоос өөр хаана ч байхгүй. Энэ бол монгол морь, түүний үнэлэмж, бидэнд заяасан хувь тавилан, эзэндээ мөнхийн нөхөр болсны учир энэ юм. Монгол морьд Зөвлөлтийн улаан армийн хамт Эльба мөрөн хүртэл явж тэр хавийн улс орнуудыг чөлөөлөх үйлст оролцсон ч хүрч чадаагүй зарим нь дайны талбарт үрэгдсэн байх даа. Эльба мөрөн төв Европын нутгаар Чех, Германыг дайран баруун хойд зүгт урсаж, Хойд тэнгист цутгана. Монгол адуу бол ямагт эх нутаг руугаа гүйдэг амьтай юм. Дайны дараа нутагтаа амьд ирсэн монгол морь байгаагүй гэдэг. Цөөн тоогоор буцаж ирснийг нь хэрэг болгож анзаараагүй ч байж болох л доо. Дашрамд 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумаас Вьетнам улсад ачуулсан агт дотор нэг хар зүсмийн азарга орсон байжээ. Тэр азарга хоёр жилийн дараа 1963 онд нутагтаа гүйж ирсэн тул Улаанбаатар хотын захиргаа авч Богд ууланд гүү хураалган тавьсан юм билээ. Ийм байдлаар Вьетнамаас монгол адуу нэг бус удаа гүйж байсан. Энэ тухай манай мэдээллийн хэрэгслүүд болон МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Сумъяагийн Жамбалдорж агсан өөрийн бүтээлдээ дурссан байдаг. Дайны дөрвөн жилд бид хагас сая шахам хүлэг морьдоо Зөвлөлтийн улаан армид илгээсэн тухай барагцаа тоо байдаг юм. заримыг нь худалдсан байх. Энэ талаар бодьтой баримт тоо олдсонгүй. Бид энэ дайнд оролцсон монгол цэрэг эрсийнхээ тоог ч гаргаж чадаагүй болохоор морьд чухам хэд гэдгийг нарийвчлан тоолсон гэдэг нь юу л бол.


Зарим эх сурвалжид мэдээлснээр бол хоригдлууд болон монгол үндэстнүүд голдуу л энэ дайны торгуулийн суманд эхний эгнээнд байлдаж явсан гэдэг. Үүний дараа нь Монголын морьт отряд 80 гаруй мянган мориор 1945 оны чөлөөлөх дайнд оролцон тавдугаар морин дивиз хятадын Цагаан хэрмийн цаана Жэхэ, Губайху хот хүрч нийт 3 мянга гаруй км зам туулсан нь түүхэнд үлдсэн билээ.


Энэ бүх үйлсэд ямагт бид морьтойгоо л явсан. Өнөөдөр дээрх дайнд оролцсон монгол морьд амь хайргүй тулалдсан баатруудаас амьд үлдсэн цөөн ахмад буурлуудаасаа үгийг нь сонсож буй хамгийн сүүлчийн үеийнхэн нь бид байж ч магадгүй. Дэлхийн нэгдүгээр дайнд 80 гаруй сая морь үхэж үрэгдсэн гэдэг баримжаа тоо байдаг. Яг хэдэн монгол морь үрэгдсэн нь тодорхойгүй. Харин энэ дайны ялалтад монгол морьдын эр зориг, тэсвэр, хүч чадал онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг бол үнэн юм шүү. Хэдий мал ч гэсэн ядарч зүдэрч, өлсөж, цангаж зовлон туулж, үхэж үрэгдэж байсан даа. Дайны дараа ганц нь ч нутагтаа буцаж ирээгүй тэгээд л өнгөрсөн байх. Солонгосын дайнд монголчууд 40 гаруй мянган агт морио бэлэглэж байлаа. Энэ дайнд монгол морь гавъяа байгуулсан түүхтэй. Дэлхийн өнцөг буланд болсон бусад аялал, дайнд ч монгол адуу оролцсон түүх байдаг юм билээ. Дархадын цагаан адууг Английн аялагч Роберт Скот |1868-1912| өмнөд туйлыг нээхэд авч явж байсан нь түүхэнд үлджээ.


Умарт, Өмнөд Солонгосын дайн гэх боловч голлон оролцогч нар нь АНУ, Япон, ЗХУ, БНХАУ байлаа. Тэр дайнд Америкийн Тэнгисийн явган цэргийн офицер, дуудлага худалдаанаас нэг гүү ачаанд хэрэглэхээр авсан нь Чийжү арлаас гаралтай монгол адуу байсан нь сүүлд нотлогдсон гэдэг.


Тэр гүү дайны талбарт байлдаж буй цэргүүдэд зэвсэг, сум нуруу ачин, хүргэж өгөөд өөрөө буцаж ар талдаа ирдэг байв. Цэргүүд тэр гүүгээ дагуулж, дуртай хоолыг нь өгсөөр хуарандаа дасган авчээ. Тэр гүү хариуцсан ажлаа дайны аюулаас айлгүй өөрөө хийчихдэг тул түүнд тохирсон “Реклисс” гэж нэр өгчээ. Reckless гэдэг англи үг зүггүй, болчимгүй, бодлогогүй гэх боловч энд орсон утгаараа бол түүний аймшиггүй зоригтойг илтгэнэ. Ингэж тэрээр бусдын оролцоогүйгээр ачаагаа хүлээсэн эзэнд нь хүргэсээр тэнгисийн явган цэргүүдийн найдвартай туслагч нь болжээ. Бусад үед нь Реклисс гүү, цэргүүдийн дунд сул явж тэд хоолноосоо өгсөн бүхнийг нь идэж, ууж бас шоколад, алим, чихэрт маш дуртай, шар айраг, виски хүртэл хүртчихдэг байсан гэдэг юм. Цэргүүд дайны дараа нутаг буцахад Реклисс түрүүч цолтой АНУ-д буцаж үндэсний баатар болж 19 наслахдаа 4 удаа унагалаад 1969 онд өмнөд Калифорниа мужийн Пендлтон дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баазд насан эцэс болсон гэдэг. Түүний хөшөөг энэ баазын музейн дэргэд, мөн Кентаки мужийн Лексингтоны “Адууны хүрээлэнд” босгожээ. Дэлхийн дайны эхний өвөл нь манайд ес эхлээд их зудтай байсан юм гэнэлээ. Энэ үед миний бие дөнгөж төрж байсан тул эдгээр үйл явдлуудыг би мэдэхгүй ч ажаа, ижийнхээ дурсамж ярианаас эрхэм уншигч Танаа хүргэж буй юм.


Ажаа маань ярихдаа: Энэ дайнд оролцсон монгол морьд үнэхээр гавъяа байгуулсан даа. Хэдийгээр адгуус ч гэсэн дайнд оролцсон монгол морьдод хөшөө босгосон ч буруудахгүй дээ... гэдэг байлаа. Санаж явбал бүтнэ.. гэж тэртээ дээр ажаагийн маань хүсч байсан зүйл нь дал гаруй жилийн дараа биелэсэн юм. Монгол мордын хөшөөг нь монгол залуу уран бүтээлч хийчихсэн байрлуулах газрын зөвшөөрөл хөөцөлдөөд Москва хотын Арбат дахь Борисоглебский переулок дахь манай элчин сайдын яамны хашаанд байсан гэдэг. Дэлхийн дайнд гавъяа байгуулсан монгол морьдын хөшөөнд газар олгох талаар тэр үеийн Москва дахь манай элчин сайд Ш.Алтангэрэл ОХУ-ын төрөөс зөвшөөрөл хүсч тэд ч нааштай шийдвэрлэсэн юм билээ.


Сайхан хөшөө босгосон гэж мөн ЭС-дын яаманд ажиллаж байсан Бүрэн эрхэт элчин сайд Л.Баттулга ярьж байна. Ингэж дэлхийн дайнд онцгой гавъяа байгуулсан монгол морьдын хөшөө 2017 оны хавар Москва хотын төв хэсэг дэх түүхийн дурсгалт “Поклонная гора” хэмээх Хүндэтгэлийн өндөрлөгийн “Ялалтын цэцэрлэг” дунд босгосон байна лээ.


Хоёр монгол морь фронтын галын шугам дээр дайсны эсрэг тулаанд орж буй улаан армийн дайчдад их буу хүргэхээр чирч яваа хүрэл хөшөөг авъяаслаг монгол залуу уран барималч Аюурзаны Очирболд үнэхээр сайхан урлан бүтээжээ. Энэ хөшөөний ханан дээр “Монголын ард түмэн, эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкны цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, Их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” гэсэн бичээс байдаг. Бодит түүхэн үйл явцын тухай сайхан бүтээлийг харахад сэтгэлд үнэхээр бахархал төрдөг. Энэ сэргэлэн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн монгол морьд” хэмээх хүрэл хөшөөнд дайсны эсрэг их гарын хүнд их буу чирэн, бүтэн биеэр нь хөлс, шавар нэвчсэн хоёр монгол морь, намаг, шалбааг дундуур самсаагаа сарталзуулан, хоёр чихээ хулмайлган, сүвээний хавиргаа зурайтал, урд хөлийнхөө туурайг газар шигдтэл, хамаг чадлаараа ургаш зүтгэж буйг уран бүтээлч маань хөдөлгөөн дунд нь амьд мэт дүрсэлжээ.


Дайн тулааны амь дүйсэн яаруу, давчуу цагт орос дайчид морин тэргэнийхээ араас шууд их буу чирч, нэг морь нь тохсон эмээлтэйгээ, өөр ямарч тоног, хэрэгсэлгүй, нөгөө хажууд нь яваа нь хүч хавсран зүтгэж буй нь харагдаж байна. Ажиглаваас унаж яваа морьдоо тэргэнд хөллөсөн бололтой юм.


Холбоо морьдын хараа өмнө нь буй өөрийн дайчдыг мэдэрч ачаагаа тэнд хурдан хүргэхээр, өөд газар хүч алдалгүйг хичээн зүтгэж буй нь илхэн. Ийнхүү монгол морьдын сүр хүч, эрэлхэг чанар, далд совин бүхий баатарлаг уран дүрийг авъяаслаг монгол залуу, эх орны дайны хатуу, ширүүн үеийн түүхийн баримт болгон үлдээсэн нь энэ хөшөөний амин сүнс, уран бүтээлчийн авъяас билгийг илтгэн харуулж буй. Энэ дайнд оролцсон бүх монгол гаралтай дайчид, үхэж үрэгдсэн олон мянган монгол морьдын хөлс, цус, халуун амь бүхэн, монгол, орос хоёр орны ард түмний харилцаанд гүнээ шингэн үлдсэн юм. Монгол морьдоо... гэж ийм л гайхалтай хүчирхэг дайчин, зоригт хүлэг юм. Уран барималч А.Очирболдод МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 онд Урлагын гавъяат зүтгэлтэн цол соёрхон олгосон байна. Жирийн малчин ажаа минь бурхны оронд одож малинд агт хүргэж байсан энэ түүхэн үйл явдлаас хойш ная гаруй жил өнгөрчээ.


2026 оны гал морин жилийн энэ өдөр дэлхийн дайнд хамтдаа ялсан агуу их ялалтын баяр, зөвлөлтийн баатарлаг ард түмэнд агт морьд хүргэж байсан ажаагийнхаа мэндэлсний 120 жилийн ойг давхар дурсан тэмдэглэж буй нь “Гайхамшигт монгол морьд” хэмээх энэ өгүүллэг юм.


Монгол морьдынхоо нуруун дээрээс дөрөөн дээр өндийн сэргэн мандсан Монгол улс, хоёр их хөршийнхөө дунд дэлхийн дайны ялалтын тугийг хамтдаа өргөлцөн өнөөдөр олон улсын түвшинд тусгаар тогтнолоо улам баталгаажуулан оршиж буй. Бид хөгжлийнхөө замд тохиолдсон бүхий л бэрхшээлийг даван туулж, улс нийгэм, зон олон нь улам хөгжин дэвжиж байна. Цаашид хоёр хөрштөйгөө стратегийн түншлэлээ хадгалан, гурав дахь хөрш орнуудтай төв, нээлттэй, сайн хөршийн бодлого баримтлах нь бидний хувьд тусгаар орших гол суурь болно. Дэлхийн дайнуудын дараах олон улсын геополитик, улс төрийн үйл явц ээдрээтэй буй энэ эмзэг үед бид гадаад бодлого, тусгаар байдлаа сахин үлдэхийн тулд төрийн түшээд маань толгойдоо эмх цэгцтэй байж, ардчилсан, сайн засаглалаа бэхжүүлэн эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө үзэл бодлоор нэгдмэл байх нь бидний эрхэм зорилт болж байна.



Найдансүрэнгийн Бадарч. Улаанбаатар хот.2026 оны гал морин жил.