Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явцыг шалгаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гэрээ, хэлэлцээг ирэх арваннэгдүгээр сард багтааж дуусгахыг үүрэг болголоо.
Монгол Улс зэсийн баяжмалаа түүхийгээр экспортлох бус, дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын хүрээнд уг төслийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хэрэгжүүлж буй. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон технологийн холбогдох баримт бичгүүд батлагдсан.
Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан, 2027 онд бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой 20 гаруй улсын 55 компанид мэдээлэл хүргүүлснээс долоон улсын 13 компани санал ирүүлсэн. Үе шаттай сонгон шалгаруулалтын үр дүнд БНХАУ-ын NFC компанийг стратегийн хөрөнгө оруулагчаар сонгож, хөрөнгө оруулагчтай санхүүжилт, хувьцаа эзэмшил, барилга угсралтын гэрээний хэлэлцээ үргэлжилж байна.

Ерөнхий сайд Н.Учрал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд дараах дөрвөн чиглэлээр үүрэг өглөө.
Нэгдүгээрт. Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эрчимжүүлж, Монгол Улсад ногдох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зарчмаар гэрээний төслийг эцэслэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах,
Хоёрдугаарт. Үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг дотоодын үйлдвэрлэлд ашиглах, тэр дундаа Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо болон бусад төсөлд тэргүүн ээлжид нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх,
Гуравдугаарт. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх,
Дөрөвдүгээрт. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал, хүхрийн хүчлийг саармагжуулах шохойн чулууны хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх, Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт, дэд бүтцийн шийдэгдээгүй асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг эцэслэх чиглэл өглөө.

Үйлдвэр ашиглалтад орсноор зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, экспортын бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөхөөс гадна дагалдах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчин, инженер зэрэг 7000 гаруй албан хаагчдын хөдөлмөр, зүтгэлд талархал илэрхийллээ.


Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл5
Хөвсгөлийн фосфоритын ордыг яаралтай нээ. Зэсийн үйлдвэрээс гарах хүхрийн хүчилтэй холиод азотын бордоо болно. Экспортын том боломж шүү. Хөвсгөлчүүд байгаль далай цаазын тавцан гэж солиоролгүй дэмжих хэрэгтэй. Алийн болгон гуйлгачин царайлж амьдрах билээ. Та нар Өмнөговийнхноор тэжээлгэж байгаа чинь үнэн шүү.Айлаар бол өөрийгөө аваад явж чадахгүй улны айл
Нефьт боловсруулах үйлдвэрээ ч ашиглалтад оруулж чадахгүй гацаачихаад зэс боловсруулах үйлдвэр байгуулна гэж худлаа шаагаад хэрэггүй. Үүнд мэдрэл муутай оркууд л итгэнэ.
Улан Удэгийн доктор үүрэгдэж поопроод болоо юу.
Hezee ch barigdaj duusahgui , hezee ch bur hezee ch ashiglaltand orohgui Neft-iin uildveriin tuhai Uchral maani yariaad baih yamar ch hereggui gedgee oilgoson bn.
Сахал өдийд аль хэдийн барьчих байсан Гангийн үйлдвэр юу болов оо. 3 жилийн өмнө бас эрчимжүүлэх үүрэг өгөөд байсан кк.