Энэ нутагт эр зоригтой, эрэмгий чадалтай хүмүүсийн хажуугаар бас хөгийн аймхай хүмүүс ч аж төрж байжээ. Шар сайрын гол, Өвчүү хавиар нутагтай нэгэн эр хоттой хонь руу нь чоно орон, нохойтой нь хэмхэлдэн бужигнуулж байхад эхнэр хүүхдээ хоймортоо хашчихаад, хаалгаа баглаж, галынхаа шилээврийг галдаа дүрж улайтгаад, “чи ч ороод ир, би ч дүрчихэе” хэмээн голынхоо дуугаар хашгичин, тэрүүхэндээ ухас ухасхийн суудаг байжээ. Үхтлээ айсан хүнээс янз бүрийн л араншин гарах аж.
Бас нэгэн аймхайн тухай үнэмшихүйеэ бэрх яриа байдаг. Шинэ-Усны голд хэдэн ам газарт тариа тарьж, амь зуулгадаа нэмэрлэдэг хярынхан цөөнгүй байж. Тэдний нэг хавар эрт, тарлан цастай цагаар тариагаа суулгахаар Шинэ-Усны голд хүрз, зээтүү, тогоо саваа ганзагласаар иржээ. Ирсээр гурван чулуу тулж, гал түлээд хумбан тогоондоо цас хийж тавин, цас хайлж, ус буцлах завсар нэг хоёр шан гишгэсү хэмээсээр хүрзээ аван шангийн газар очив гэнэ. Хэдий хавар эрт ч нам дор, ээвэр газар тул газар гэсэж, үндэс түрж эхэлсэн байжээ. Хүрз ч гишгэсний зоргоор газрын элэг рүү лавхан орж, мань эр урамтайхан хэд гишгэтэл гэнэтхэн “шир шир, шийрр, шийр” гэх чимээ дэргэд нь гарч байгааг анзаарав. Хочийг нь “Шийр” (малын шийр) гэдэг юмсанж. Гишгэхээ түр азнан ийш тийш харвал эргэн тойронд унаж ирсэн мориноос нь өөр үзэгдэж харагдах юмгүй, өвөлжсөн хөх аргалын дөл тогоон дороос өрвөлзөнө. Бага зэрэг гайхасхийн, дахин хүрзээ гишгэтэл бүр тодоос тод хөлийнх дороос “Шийр, шийр” гэх нь тэр. Дахин нэг гишгэвэл бүр ар дагзнаас нь “Шийр ээ” гэжээ. Мань эр ч хүрзээ арагш нь таягдаж хаячихаад гал руугаа гүйтэл араас нь өнөөх үл үзэгдэгч “Шийр, шийр” гэсээр хөөж гарчээ.
Хөөгч этгээд, хөөрхий тэр эрд тогоо жавалчаа ч авах боломж олгосонгүй тул шулуухан гүйж очоод тогоотойгоо өшиглөчихөөд морь луугаа гүйсэнд мөн л араас нь “Шийр шийр, шир шийр ээ” гэсээр байжээ. Мориндоо мордон гол өгсөн гэрийн зүг давхисанд өнөөх хөөдөг юм огтхон ч хоцорсонгүй, бүр яг мориных нь хондлой дээр зайдалчихаад нэр хочоор нь ёстой нэг хашгичиж гарчээ.
Гэр нь бүүр Алаг хадны бэлчирт байсан гэдэг. Шинэ-Усны гол өгсөөд, Дархинтын хавцлаар дамжин, Бургасны бэлчир хүрч, тэндээсээ Ногоон давааны адгаар эргэж явсаар Алаг хадны бэлчирийн доод хошуугаар тойрон, мэдээж хэрэг тарчиг цаг тул морь нь ч ихэд сульдаж, бараг бахардах дээрээ, эзэн нь ч бас хашгичсаар бахардчихсан, хоёул цагаан хөөсөө сахруулчихсан, эхнэрийнхээ нэрийг голынхоо дуугаар дуудсаар, морин дээрээ дөрвөн мөчөө савчуулчихсан гарч иржээ. Энэ хүртэл өнөөх үл үзэгдэгч шидийн амьтан хөөрхий тэр эрийг элдвээр л зовоож. Гэрийнхээ үүдэнд ирээд морьноосоо тип хийтэл унаж байхад ч өнөөх гайхал үл үзэгдэгч “Шийр” хэмээн бүр хашгичиж эхэлсэн нь даапаалж ч байх шиг... Босгоороо босоогоороо давах тэнхэл нь хүрээгүй тул мөлхсөөр давах завсараа эхнэртээ “Самгаан, тэр авдар дээрээс судар аваад намайг нүд, нүд” хэмээн сөөнгөтөж байжээ.
Үнэн хэрэг дээрээ бол өнөөх нэр хочоор нь дуудаад салж өгдөггүй шидийн амьтан бол ердийн чүдэнз гэнэ. Тэр цагт буюу 1940-50-иад оны үеийн чүдэнз нь овор хэмжээ томтой, бүдүүн ширхэгтэй, нимгэн модон хайрцагтай эд байжээ. Мань эр галаа түлчихээд тал хайрцагтай чүдэнзээ өвөртөө хийчихсэн нь хөдлөх тоолонд тийнхүү “шир, шир” гэсэн авиа гаргаж байсан юмсанж...
***
Өөр нэгэн аймхайн тухай өгүүлье. Ар голын эхэнд баахан найрчид явж байжээ. Ер тэр үед зуны дэлгэр цаг болоход эрчүүд нь хэсэг бүлгээрээ нийлж, сайн морио унаж, сайхан дээлээ өмсөцгөөж аваад, ойр зэргэлдээх хэдэн голоо өгсөн уруудан хэдэн өдөр, заримдаа хэдэн ч долоо хоногоор сайнаар өгүүлбэл найрладаг, муугаар хэлбэл архидацгаадаг байсан аж. Зав чөлөө ч ихтэй, тэгээд ч хөдөөгийнхөн аян замын нэгнээсээ тэднийг сураглацгаан, тогоогоо тавьж, архи сархадаа базаан харуулдацгааж, нэг л их таатай баяр баясгаланг мэдэрсээр хүлээцгээнэ. Найрчид Ширээгийн голын эхэнд явна гэдгийг сонссон Ар голын эхнийхэн, Ар хөндлөнгийнхөн “За, маргааш өглөөгүүр л манай Ар голын эхээр ирцгээх нь” гэлцэн, хураасан жаахан юмаа хэр зэрэг болж вэ гэн, лонхтой нь сэгсэрч үздэг бол, Сайн усны голынхон “Нөгөөдрөөс манай голыг өгсөх нь, тэр болтол хоёр сайн тогоо тавиад авдаг хэрэг ээ” гэлцэцгээнэ. Тарвагатын бэлчирийнхэн бол “Хоёр гурав хоногоос найрчид манай голруу орж ирэх нь, адуундаа нэг яваад ирвэл амждаг болов уу, яадаг бол” гэх аж.
Найрчид дээд, доод хошуугаар нь цувралдан пижигнэлдсээр гарч ирэхэд хот айлынхан удаан хүлээсэн зочдоо хөөр баяр болон тосож, өнөөх гударч ханадаггүй найрчид нь өдөржин, шөнөжин шуугилдаж, зарим нь агсан согтуу тавьж, зарим нэг нь уйлж дуулж, бөөлжиж, тэгснээ заримыгаа эсгийд бондойтол нь боож тавьчихаад юу ч болоогүй мэт үргэлжлүүлэн найрлаж, шуугилдсаар хураасан жаахан нэрмэлийн сүүлчийн дуслыг нь шавхаж аваад мордоцгооход тэр айл хотлынхон бүтэн жилдээ л дурсах хуучтай, бахархах юмтай үлдэцгээнэ. Энэ бол манай уулсынхны амьдралын нэг салгаж боломгүй, ойлгомжгүй хачин жигтэй хэвшил, баяр бахдал байжээ.
Тийм хэсэг найрчид Ширээгийн голын Цахир хаалганаас үдэш орой У-Тохойн зүг мордоцгоожээ. У-Тохойн дээхнэ байх хошуу тойрох дөхөж явтал гэнэт нэгнийх нь морь бусгаад эзнээ хөсөр чулуудаж орхисон байна. Шуугилдан, дуулалдаж явсан согтуучууд нэгнийгээ мориноос ойчихыг анзаарсангүй, ойчсон согтуугийн морь нь гөлмөө дэрвүүлсээр найрчид дагаж давхин одоход түүний ухаан баахан орж, Цахир хаалганы айлд нэгийгээ үлдсэнийг санаад, түүнээ хүлээн замын хажууд тамхиа баагиулан сууж байжээ.
Төд удсангүй хоцорсон нэг нь морио давчсаар ирж яваа сонсогдож, амандаа ямархан нэгнийг гүвтнэсээр хажууд нь зэрэгцээд ирэх үед “Хүүе, Яншаа”(Нэрийг нь өөрчлөв) хэмээн дуудтал “За тэр, Хазгар Гэндэн миний нэрийг юу эс андахав” гэж хашгирчихаад ташуурын дуу пижигнэсээр доош одсон байна. Яг тэр хошууны хавьд Хазгар Гэндэн (мөн нэрийг нь солив) гэдэг хүнийг тавиад хэдхэн сар болж байжээ. Өнөөх мориноосоо унасан эрийн уур баахан хүрч, араас нь хоёронтоо хашгирч, чулуу ч шидэж үзээд, архи нь бараг л гарч, хормойгоо шуучихаад, шуугитал алхсаар У-Тохойд иртэл Яншаа амнаасаа цагаан хөөс сахруулан айлын хойморт хөндөлдөөд хэвтчихсэн, хэдэн согтуучууд нь түүний зуурчихсан шүдийг халбагаар тэвхдэн, архи цутгах гэж оролдон байжээ.
Яав, юу болов гэвэл Яншаа ухаан мэдрэл хагастай амьтан давхиж ирээд, дээд хошуу тойртол талийгаач Хазгар Гэндэн миний нэрээр дуудаж, араас хөөж чулуудаад гэснээ шүд нь зуурч, ухаан нь балартсан нь тэр байж.
Мориноос унаж, хэрэг тарьсан эр үнэн учрыг өгүүлэхэд сая ойлгосон найрчид айлын гэрийг хагартал пажигнуулан инээлдэж, тэр цагаас хойш Яншаагаа архиа хэтрүүлж, агсан тавих үед “Хазгар Гэндэнд хэлнэ шүү” хэмээн цаашлуулдаг болсон гэдэг.
***
Бас нэг хэсэг найрчид хярын хэдэн голыг өгсөн уруудан дуусгаад, Шонтын голд орж ирцгээжээ. Тэдгээр найрчидтай явж байсан Шонтын хорооны нэг эр гэртээ ирээд, морио солихыг дүүдээ даалгажээ. Уг нь тэднийх унагагүй сувиа бор гүү, унагатай бор гүү нэг нэгтэй юмсанж. Дүү унагагүй бор гүүгээ модон дотор өдөржин хайгаад олж цөхөн, ядахдаа унагатай бор гүүгээ ахдаа эмээллээд өгсөн байна. Архичид мордоцгооход ах нь унагатай бор гүүгээ унан дагажээ. Согоотын голыг хөндлөн гулд явж, хэд ч хоносон юм, нэгэн сартай шөнө өнөөх эр ганцаар буцаж явжээ.
Далтын салааг өгсөн Хярын нуурын цагаан дэвцэг дээр гарч ирээд, “За жаахан зам хороодог хэрэг” хэмээн морио давчин давхитал гэнэтхэн ард нь бөжир бөжир гээд нэг юм дагаад ч байх шиг, хөөгөөд ч байх шиг чимээ гарахыг анзаарсан байна. Эргээд хартал нэг сүүтийсэн цагаан юм араас нь элдэж явна гэнэ. Мань эр байдгаараа орилж бархиран, морио шавхуурдсаар Далтын салаа уруудан пижигнүүлж гарчээ.
Өнөөх хөөж буй юм нь огтхон ч хоцорсонгүй, мөр даран хөөсөөр, Шонтын голруу орж, гэрийнхээ дээд хошууг тойрон гарч ирэхдээ бөөн дуу шуу болж, “Намайг юм дагаад салахаа байлаа” гэсээр нохой, шувуу шуугиулан хотруугаа шуугин орж ирэхдээ хотны захаар байх үхрийн нойтон баасан дээр өнөө муу бор гүү нь халтиран унаж, мань эрийн хөлийг хугалж орхисон байна.
Үнэн хэрэг дээрээ мань эрийг юу л хөөв гэж, өнөөх муу унага нь эхээсээ хоцрохгүйг хичээн бөжир бөжир хэмээн давхисанд хамаг учир байсан аж. Мань эр хэдэн өдөр архидан найрлан тэнэхдээ унагатай гүү унаж аваагаа ч анзаараагүй байжээ. Ер айхад аргал хөдөлнө гэдэг энэ мэт буюу.
"Хантайширийн цадиг хууч оршвой" номоос...
Б.Номинчимэд
Сэтгэгдэл0
Manai xodooniixon zarimdaa ix xoorxon, genen ineedemtei xymyys shyy... zarimdaa maanag ch yum shig...
hedeeniihen chin tenegees teneg.
Сайхан зүйл бичжээ
Дэлхийд танигдах монгол брэнд message text: Дэлхийд танигдах монгол брэнд Эрхэм хүндэт таны түмэн амгаланг эрэн мэндэлье! Улс орон минь эдийн засгийн цоо шинэ харилцааг сонгоод 20-гаруй жил болохдоо багаггүй туршлага хуримтлуулсан боловч зах зээлийн гол тулгуур багана болсон жижиг дунд үйлдвэрийн хөгжил үр хөврөл төдийхөн байсаар байна гэдэгтэй та санал нийлэх болов уу. Үүнд нөлөөлөх бодит шалтгаан цөөнгүй хэдий ч эн тэргүүнд манай зах зээлийн багтаамжийг нэрлүүштэй. Гарц нь экспортод гаргаж болох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Чухам энэ тал дээр монгол хүн бүрийн тэр дундаа таны, ажил хариуцаж буй мэргэжлийн хүмүүсийн үнэт санаа бодолд тулгуурлан байгальд ээлтэй өрхийн амьжиргааг бодитоор дээшлүүлэх санал санаачлага байгаа тул эрхэм таныг танай хамт олныг сэтгэл зүтгэл гарган бидэнтэй хамтарна уу хэмээн уриалж байгааг болгоон соёрхоно уу. Эх орон минь хөгжиг Эгэл түмэн минь хөлжиг uwsniinawch36@Yahoo.com,
Гоё бичжээ
Номинчимэд ахтай Хөх хотод танилцаж билээ. Өнөөдөр л нийтлэлийг нь олж үзэж байна. Бүгдийг нь уншина аа. Амжилт
Iim umiig arihnii tsagaan solio gedegshdee emnelgiin hellegeer agaa sogtuudaa bichsen bna
Huduunii novshnuudiig tsumiig ini ustgaval taarna.
Chi haanahiin hen gegch ve? Huduunii novshnuud gej heniig heleed bainaa.122.201.18.236
Hun buhen uhaantai baih albagui.Chi ch bas uhaantai baih albagui chamaig oilgoj bna hehe.
taalagdlaa.
uuriiguu ih hotiin soyoltoi hun bolgoh geed garal uuslee martah yostoi yu 122.201.18.236 !!!!!!!!
suulchiin heseg ineed hurgechlee gehdee deesh doosh, ogsoh uruudah ni holildood baihiimaa
голынхоо дуугаар, бөжир бөжир гэдэг зүйрлэлийг дахин дахин хэрэглэх хэрэггүй байжээ зөндөө олон сайхан үг монгол хэлэнд маань байгаа шүүдээ тожир тожир гэх мэт
nudend haragdad l caihan bichje zacagt haani hoh erchuulch zobhi n oodoo chu hodoonih l geh um ug undec n ali nutgin heni ur cad um bol bugd cuurin hujaagin huuhduud um bish biz de
manaid jijig dund uildver hogjino gej baihgui,toroos demjdeg sain bodlogotoi bolno l gejbna,hogjuulehin tuld,urd hoid hilee haagaad,70,80 aad oni hyatad shig haalttai halganii bodlogo yavuulah ni,yadgiin.
ineedtei yumaa,unaga n xuurxun yumaa