
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 6 /Kyodo/. Саран дээр аппаратаа буулгасан Японы анхны хувийн компани болох зорилгодоо дахин хүрч чадсангүй гэж “ispace” гарааны компани өнөө өглөө мэдэгджээ. Тус компанийн 2023 онд хийсэн эхний оролдлого мөн амжилтгүй болсон юм.
“Resilience” аппаратыг Саран дээр буулгах үедээ хангалттай түвшинд удаашруулж чадаагүйн улмаас гадаргуу дээр унасан гэж Токио хотод төвтэй тус компани үзэж байна.
“ispace” компанийн гүйцэтгэх захирал Такеши Хакамада хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Америкийн компаниудын хүрсэн амжилтад бид аль болох хурдан хүрэхийг хүсэж байна гэв.
Уг аппаратыг Сарны хойд хагас бөмбөрцөгт буулгахаар Флорида муж улсын Канавералын хошуунаас энэ оны нэгдүгээр сарын 15-нд хөөргөсөн юм. Явагч аппарат болон туршилт хийх тоног төхөөрөмжийг тээвэрлэсэн уг аппарат Японы цагаар баасан гаргийн өглөөний 04:17 цагт Саран дээр буух оролдлого хийжээ.
Гэсэн хэдий ч буух үйл явц эхэлсний дараа тус компанийн удирдлагын төв Саран дээр буух төхөөрөмжтэй холбоо тогтоож чадаагүй байна. “2025 оны зургаадугаар сарын 6-ны өглөөний 8 цагийн байдлаар аппараттай холбоо тогтоох боломжгүй гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Улмаар ажиллагааг дуусгахаар шийдсэн” гэж “ispace”-ийн хэвлэлийн мэдээнд дурджээ.
Тус компани 2023 оны дөрөвдүгээр сард өөр сансрын хөлгийг Сарны хойд хагаст буулгахыг оролдсон боловч амжилтгүй болсон юм. Үүний дараа АНУ-ын “Intuitive Machines” компани 2024 оны хоёрдугаар сард Сарны гадаргуу дээр сансрын хөлгөө амжилттай газардуулсан дэлхийн анхны хувийн компани болсон билээ.
АНУ-ын “Firefly Aerospace” компани мөн нэгдүгээр сард “ispace”-ийн “Resilience”-тэй хамт Саран дээр буугч төхөөрөмжөө ижил пуужингаар хөөргөсөн бөгөөд уг аппарат гуравдугаар сарын 2-нд Саран дээр амжилттай газардсан юм. Уг аппаратын хувьд Сарны гадаргуу дээр буухдаа “ispace”-ийнхээс өөр чиглэлийг сонгожээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Гэтэл нөгөө муу Орос Энэтхэг Хятад нь буулгасан байх жишээний