сонин mn
Бэлгийн дарамт учруулсан талаарх  гомдол, мэдээлэл гаргах, зөвлөгөө авах зэрэг платформыг датад үндэслэн бий болгосон хуульч С.Асланбектэй ярилцлаа.
 
-Цахим орчин дахь бэлгийн дарамт учруулах зөрчлөөс урьдчилан сэргийлэх хакатоны тэмцээнд шилдгээр шалгарсан бүтээл их сонирхолтой санагдаж байна. Та бүхэн ямар гарц, шийдэл олж харав?
 
-Бэлгийн дарамт учруулах үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлд зааснаар зөрчил болно. Энэ зөрчлийг хэрхэн шийдэх талаарх зохицуулалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байгаа. Тус хуулийн 6.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авахаар хуульчилсан байгаа. Тэгэхээр зөрчлийн талаарх мэдээлэл, гомдлыг харилцааны холбооны хэрэгслээр дамжуулан хүлээж авахыг хуулиар зөвшөөрсөн гэсэн үг. Харилцааны холбооны тухай хуулийн 3.1.10 дахь хэсэгт зааснаар ”харилцаа холбоо” гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрлийг ойлгоно гэж заасан.
Үүний дагуу манай баг энэхүү бэлгийн дарамт учруулах зөрчлийн талаарх мэдээлэл, гомдлыг мэдээлэл технологийн харилцаа холбооны хэрэгслээр хүлээж авах шийдлийг бий болгосон. Тодруулбал, хуульд зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг цахимаар авахыг зөвшөөрсөн мөртлөө өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа. Тэгэхээр бид гомдол, мэдээлэл авах үйл явцыг чатбот, платформ, аппликейшн байдлаар авахаар бэлдэж өгсөн. Үүнээс гадна сэтгэл зүйч, хуульч, Хүний эрхийн Үндэсний комисстой холбогдох зэргээр нэмэлт хөгжүүлэлт хийсэн байгаа.
 
-Та бүхний судалгаагаар цахим бэлгийн дарамтын зөрчлийг мэдэгдэх, урьдчилан сэргийлэх орон зай, нөхцөл байдал өнөөгийн түвшинд ямар байна вэ?
 
-Бэлгийн дарамт учруулах зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллага хүлээн авах цахим орчин байхгүй. Бидний явуулсан асуулгаар цахимаар зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл өгөхийг дэмжиж байгаа буюу шаардлага байгаа тухай хариу гарсан. Цаашлаад энэ талаарх гомдол, мэдээллээ харьяалах цагдаад очоод өгдөг, хэвлэдэг, бичдэг гээд хүндрэлтэй байдаг тухайг асуулгаас харсан. Хоёрдугаарт, бэлгийн дарамт учруулах зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийж байгаа. Хүний эрхийн чиглэлийн ТББ-ууд энэ асуудлаар их идэвхтэй ажилладаг. Гэхдээ бүр боловсронгуй болгох цахимжуулах шаардлага байгаа гэж үзсэн учир цахимаар эцэг эх хүүхдээ шалгах, эмэгтэйчүүд зөвлөгөө авах гэсэн сэтгэл зүйчийн хэсгийг чатботод хөгжүүлэлт хийсэн.
 
-Цахим платформ датаг хэрхэн ашиглах вэ. Ач холбогдол, хэрэглээний талаар мэдээлэл өгөхүй юу. Тухайлбал, гомдол илгээлээ гэхэд дараа дараагийн үйл явц хэрхэн явагдах вэ?
 
 
 
-Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бол мэргэжлийн сэтгэл зүйчийн бэлдсэн сонжоо бөглөх боломжтой. Эцэг эх хүүхдээ шалгуулах эсвэл эмэгтэйчүүд өөрсдийгөө сэтгэлзүйн хувьд шалгах боломжтой. Үүнийг чатбот, аппликейшн, платформоор давхар хийх боломжтой.
 
 
 
Гомдол, мэдээлэл хүлээн авах үйл явцын хувьд шүүхээс өмнөх, шүүхийн шатны гээд ялгаатай. Гэхдээ шүүхийн шатны асуудал манай хэсэгт хамаарахгүй юм. Харин шүүхээс өмнөх шат буюу Цагдаагийн ерөнхий газар, харьяалах дүүрэг эсвэл аймгийн цагдаагийн газар болон прокурор гэсэн субьектын оролцоог хангах байдлаар платформ ажиллана гэсэн үг. Ингэхдээ манайх гомдол, мэдээллийг хүлээн аваад цагдаад илгээж, хэн нэгэн мөрдөгч, хэрэг бүртгэгчид хуваарилагдсанаар дуусаж байгаа гэсэн үг.
 
-Цахим өргөдлийг шийдвэрлэх, зөрчил, хэрэг гэж үзэх эрхзүйн боломж бий юу. Үүнийг дагаад хууль журамд ямар нэг зохицуулалтууд хийх шаардлагатай юу?
 
-Өмнө хэлсэнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт цахимаар мэдээлэл, гомдол авахыг хуулиар зөвшөөрсөн байгаа. Ингэхдээ мөн зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу мэдээлэл, гомдлыг тэмдэглэл үйлдэн хүлээж авна. Тэмдэглэлд мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна гэсэн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт хэт ерөнхий боловч хэрхэн, яаж цахимаар гомдол, мэдээллийг хүлээн авахыг тодорхой заасан байгаа. Цаашлаад хууль зүйн шинжилгээ хийх замаар эрх бүхий албан байгууллага энэ асуудлаар журам батлах боломжтой.
 
-Цахим гэдгийн цаана мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар маш том эрсдэл байдаг. Тэр тусмаа танай шийдлийн хувьд хувийн өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлыг яах вэ?
 
-Манай багийн урьдчилан боловсруулсан шийдлээр бол Цагдаагийн газар мэдээллийг хүлээж аваад, хавсаргасан нотлох баримтыг татаж авснаар манай системээс бүрэн устгагдаж, цагдаагийн байгууллагын хамгаалах ёстой мэдээлэл болно гэсэн үг. Ер нь манайд үүссэн бүх мэдээлэл нэрний эхний үсгээр, нотлох баримтгүй хадгалагдах болно.
 
-Та бүхний шийдлийг төрийн байгууллага хэрэгжүүлье гэвэл давуу тал, ач холбогдол ямар байх вэ. Үр дүнг хэрхэн тооцож байгаа бол?
 
-Төрийн байгууллага нь цахимаар мэдээлэл, гомдлыг авах урьдчилсан шийдэл хөгжүүлэхэд, хэрэглэхэд бэлэн болсон байгаа. Хэрэглээнд нэвтэрснээр үр дүнг тооцох боломжтой байх. Судалгаагаар энэ асуудлаар гомдол, мэдээлэл гаргах цахим орчныг хуулиар зөвшөөрсөн ч байдаггүй учир бид түүнийг бэлдэж өгсөн. Ийм шаардлага байгааг бас асуулгаар баталгаажуулсан юм.
 
 
 
Сайн жишээ хэлэхэд Цагдаагийн ерөнхий газрын гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар манайхтай ижил чатбот, платформоор зөвлөгөө өгөх, гомдол авдаг цахим шийдлийг хэрэглэдэг. 
 
 
 
-Бүрэн хүчин чадлаар ажиллуулбал аль байгууллагын харьяанд ч юм уу ямар бүтэц, орон тоо төсөвтэй байх вэ. Мэдээж ирээдүйн төсөөллийг та бүхэн тооцсон байх?
 
-Төрийн байгууллага бүрт мэдээлэл, технологийн ажилтантай байдаг байх. Уг ажилтан нь бэлэн болсон шийдэл дээр бүртгэл, хуваарилалт хөтөлж ажиллахаас өөр ажиллах хүч шаардлагагүй болов уу. Харин энэ урьдчилсан шийдлийг бүрэн хөгжүүлж дуусгахад санхүү шаардлагатай.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин