sonin.mn
Монгол Улсын иргэн С.Цэвээн  амь үрэгдсэн нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж гуйж, Төрийн Ордны гадаах суултаа өнөөдрөөс үргэлжлүүлж эхэлжээ.
 
Энэ тухайгаа тэрээр : "Би Төрийн ордны гадаа суугаад 66 дахь өдрөө болж байна. Миний энэ асуудлыг яагаад шийдэж болдоггүй юм бэ? Үнэхээр гайхаж байна. Миний бодлоор яам биш, нэг албан газар биш, Засгийн газар нь шийдэх ёстой асуудлаа шийдэхгүй цааш нь түлхээд байгаа учраас шийдэгдэхгүй байна гэж бодож байна. Тухайн үед миний хань амь үрэгдээд, Засгийн газрын комисс гараад оршуулаад явж байх яг тэр үед л энэ мөнгө хийгдсэн байгаа юм. Үүнийг нэг албан газрын дарга хийж чадах уу? Тухайн үед хий гээд тушаал гарсныг л гүйцэтгэсэн байна шүү дээ. Тийм учраас Засгийн газар хариуцах ёстой учраас л одоо ингээд сунжраад байна. Засгийн газар яам, агентлагаараа дамжуулаад энэ хөгшнийг цагаатгаад өгье гэхийн оронд Хуульзүйн яам руу түлхээд, яам нь шүүх рүү түлхээд намайг бүтэн жил явуулж байна шүү дээ.
 
Шүүгч нь бас надаар тоглож байна. Утсаар яриад таны асуудлыг хэрэгсэхгүй болголоо гэнэ. Тэгэхээр нь энд ирээд суухаар та нар юмаа буруу өгсөн байна. Дахиад аваад ир гэдэг. Энэ чинь юу гэсэн үг юм бэ? Хуульзүйн яам чинь Засгийн газрын нэг агентлаг биз дээ? Тэгэхээр Засгийн газар надаар тоглоод байна гэсэн үг шүү дээ. Хууль шүүхээрээ намайг дарамтлуулж, доромжлуулаад, Засгийн газар надаар тоглож байна.
 
Засгийн газрын тогтоол гарах ёстой юм. Намайг мөнгө аваагүйг нотлох санхүүгийн бичиг гарах ёстой. Гэтэл Засгийн газрын тогтоол гарахгүй байгаа учраас шүүх шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм болов уу? Уг нь Засгийн газар тогтоолоо гаргаж өгөөд энэ асуудлыг шийдчихэж болох юм. Гэтэл тогтоолоо гаргаж өгөхгүй байна. Энэ тогтоол дээр тухайн мөнгийг тэгж зарцуулсан гэдэг тайлбар нь байдаг юм байна. Тэндээс хараад л тодорхой болно гэж бид ойлгоод байгаа. Гэтэл тогтоолоо гаргаж өгөхгүй байгаа нь Монголын шившиг болж байна даа. Би өнөөдөр үхчих болов уу? Маргааш үхчих болов уу? гэж санаа зовоод, нэр төрөө цэвэрлээд авья гээд хуулиар нь, шүүхээр нь явлаа. Хууль, шүүх нь намайг бут цохилоо. Тэгээд би төрдөө л хандахгүй бол өөр хаана хандах билээ?
 
Хүүхдүүдээрээ өргөдөл бичүүлээд Ерөнхийлөгч рүү явуулж үзлээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч шийдэх байх. Харин энэ хүн асуудлыг шийдэх замд нь бартаа саад зөндөө байгаа. Ерөнхийлөгч маань цэргийн ерөнхий командлагч учраас ямартай ч шийдэх байх. Эцсийн эцэст Ерөнхийлөгчдөө л итгэж байна.
 
Энэ асуудлыг шийдээд өгчих байх гэж би дотроо маш их итгэж байгаа. Ерөнхийлөгч маань цэргийн ерөнхий командлагч. Мөн өөрөө цэргийн хүн, миний хань цэргийн хүн байсан. Би ямар ахиад 70 жил наслах биш дээ. Төр засаг минь асуудлыг шийдээд, сэтгэл санааг минь амраагаад өгөөсэй л гэж хэлэх байна. Тэгэх юм бол та нартаа баярлана шүү дээ. " гэв.
 
 
М.Чойжал