сонин mn
 Иргэн Д.Янжинхорлоо таны нэр УИХ-ын чуулганы индэр дээрээс хүртэл яригдах боллоо. Ингээд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс танаас өөрөөс нь тодруулж ярилцах шаардлагатай гэж үзлээ. Хөндлөнгөөс харахад тэнд ойлгомжгүй юм их байна.
 
-За баярлалаа. Би ч бас үзсэн. Нэр дэвшигчийг илтэд харлуулах гэж бүлэг хүмүүс зохион байгуулалттай ажиллаж байгаа нь илт байна лээ. Энэ дундаа жирийн нэгэн төрийн албан хаагч миний хувийн аж амьдралыг улс төрчид, Ардчилсан намынхан, улмаар нэр дэвшигчийн өрсөлдөгчид гээд олон талын ашиг сонирхлын дунд увайгүйгээр хувь хүний нэр төрд халдаж байна.
 
Тэр С.Чулуунбаатар гэж хүн ямар учиртай гэрчилгээ үзүүлээд байв? Тэр хэн юм бэ, ер нь ямар учиртай улс вэ?
 
- Зөвхөн нэг талын мэдээлэл явсан учраас ингэж ойлгомжгүй байдал үүсэх нь зүйн хэрэг. С.Чулуунбаатар, С.Оюунцэцэг нар нь миний талийгч нөхөр С.Цахиурын төрсөн хоёр дүү нь. Тэр үзүүлээд байгаа гэрчилгээ нь С.Цахиур агсны олохгүй байсан гэрчилгээг дүү нь хулгайлан авч нуусныг телевизээр харлаа. Манай гэр орны гэрчилгээ гэх үү дээ. Зөвхөн тэр үл хөдпөхийн гэрчилгээ ч биш, нөхрийн маань нас барсны гэрчилгээг ар гэр болох эхнэр хүүхдүүдэд нь өгдөггүй, нөхрийн маань ажлын байрны гэрчилгээ гэсэн гурван гэрчилгээг бүгдийг нь хулгайлан авсан хүн хэн болохыг нь харлаа. Бусдын бичиг баримтыг хулгайлаад сейфэндээ нуусныг нотариатч ч мэдэх боломжгүй, би ч мэдэх боломжгүй.
 
Тэгэхээр лавлагаа авсан нь нотариатын буруу гэж яриад байсан. Тэр талаар таны тайлбар?
 
-Жишээлбэл, иргэний үнэмлэхээ олохгүй байгаа хүн 500 төгрөгөөр ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн лавлагаа авч, төрийн үйлчилгээ авдаг биз дээ? Лавлагаа чинь үнэмлэхээ орлодог. Түүнтэй л адилаар миний нөхөр 2013 онд ээжийнхээ нэрээс өвлөөд авчихсан, орон гэр нь байрладаг, өөрийн барьсан барилгын тодорхой хэсгийг хүчин төгөлдөр лавлагаа үндэслээд өв залгамжлалаа баталгаажуулсан байдаг юм. Одоо ингээд харахад энэ хүмүүс ахыгаа үхэл амьдралтай тэмцэж байх тэр үед л хамаг баримт бичгийг нь авч нуун, ахынхаа бүх хөдөлмөрийг завших зорилго тавьж байж. Уг нь бодит түүхийг сөхвөл: Одоо энэ шунаад буй байшинг бүхлээр нь, мөн газрыг нь ч өөрийн нэрээр авч, санхүүжилтийг нь ч бий болгож бариулсан хүн манай нөхөр, манай гэр бүл. Тийм учраас бид барьсан цагаас нь хойш тэндээ амьдарч байна. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захирал ажилтай хүн учраас өөрийн бий болгосон орон гэр, ажлын байраа ээжийнхээ буюу Лхагвасүрэн агсны нэр дээр түр /2007-2012/ бүртгүүлсэн. Энэ хугацаанд Чулуунбаатар гэдэг хүн Лхагвасүрэнгийн нэр дээр байх ёсгүй гэж заргалдаж байсангүй, бид дотор нь амьдарч байлаа. 2012 онд нас барснаас нь хойш нэг жил дотор манай энэ хөрөнгийг би өвлөж авъя ч гэдэг юм уу, ямар нэг хүсэлт нотариатаар албан ёсоор батлуулж байгаагүй. Ахын юм гэдгийг сайн мэдэж хүлээн зөвшөөрч байсан байдаг. Харин ээжийн нэр дээр бүртгүүлсэн байсан бусад хөрөнгө, орон сууц, компаниудыг нотариат дээр очоод хүсэлт гаргаад, 2013 онд өвлөөд авчихсан байдаг. Ээж нас барснаас хойш нөхөр маань өнгөрөх хүртэл 2012-2017 онд хоёр дүү нь мөн л ахтайгаа эсвэл надтай ч юм уу ямар нэг зарга үүсгэж, манайхыг хөөж тууж байсангүй. Тийм үндэс ч байхгүй. Ахын юм гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч, 2007-2017 оны хооронд ямар нэг асуудал үүсгэж байгаагүй мөртлөө ганц ахыгаа өнгөрөөд өгөнгүүт гэнэт арван хэдэн жилийн дараа бид залилуулчихаж гэх мэтээр миний болон бусад олон хүний нэр төрд халдаж эхэлсэн.
 
-Р.Онончимэг гэдэг хүнтэй таныг яагаад холбогдуулаад байдаг юм бэ?
 
-Р.Онончимэг нь манай байрны хажууд 10-аад жил нотариатын үйл ажиллагаа явуулсан байдаг. Хамгийн ойр болохоор нь манай хүн бүх юмаа нотариатаар батлуулдаг байж.
 
 
 
Ер нь ганц нотариатч ч биш, өөр олон хүнтэй намайг хонгил болгож хэвлэл мэдээллийн хэрэгслээр харлуулаад удаж байна. Улсын бүртгэгч нартай ч холбоотой, прокуроруудыг  удирддаг гэх худал мэдээллүүд хэрээс хэтэрч байна.
 
 
 
-С.Оюунцэцэг гэдэг эмэгтэй бас гомдол яриад байсан тэр тухайд?
 
-Манай нөхрийн ажлын байрны гэрчилгээ 2007-2009 онд бэлэглэлээр хоёр жилийн хугацаанд дүү С.Оюунцэцэгийн нэр дээр байж байгаад 2010 оноос хойш надтай ер холбогдоогүй. Манай нөхрийн нэр дээртэр байтугай иргэн С.Цахиурын өмч гээд бүртгэлтэй байсан. Би дээр хэлсэн, гурван төрлийн гэрчилгээг дүү нь авч нуусан байна гэж. Нөхрийгөө нас барсны дараа 2018 онд л эхнэр, гурван хүүхэд бидэнд өв залгамжлалаар ирсэн. Ганц миний ч юм биш, насанд хүрээгүй хүүхдүүдийн өвлөх эрхийг хасах эрх надад байдаггүй, хуулиар хориотой. Д.Янжинхорлоо гээд байгаа боловч дөрвөн хүний өмчид бүртгэлтэй.
 
Үндсэндээ нас барсан ахынхаа гурван өнчин хүүхдийн хоолыг л булаах гээд байгаа хүмүүс. Бидэнд дөрвөн ширхэг давхар л үлдэж. Эцгээ хэзээ ч харж чадахгүй болсон, өөр харж хандах ах дүүгүй болсон хүүхдүүд амьдралд хөл тавих, сургалт боловсролдоо ч ашиглаж чадахгүй, хүүхдийн эрх зөрчигдөөд 5 жил болж байна. Бид харин жинхэнэ хохирогчид юм шүү дээ.
 
Хамгийн их ашиг орлоготой зоорийн давхар, караоке, гараж, нэгдүгээр давхрын ресторан, хоёрдугаар давхар бүхэлдээ The Bull ресторан гээд бүгд хоёр дүүд завшигдаад үлдсэн.
 
-ШЕЗ-д нэр дэвшсэн цагаас нь эхлээд л С.Чулуунбаатар гэдэг хүн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүний хувьд улс төрийн зорилгоор хэрэг биш асуудлыг хэрэг болгож харагдуулах гээд байна гэж та харж байна уу?
 
-Үнэхээр үгүйсгэхгүй. Хавраас эхлээд л улс төрийн сонгууль болохын өмнө 20, 30 жилийн өмнө нэг ангид сурч байсан гээд л хүчээр прокуроруудтай холбох гэж оролдоод эхэлсэн. Энэ бүх бусармаг үйл ажиллагаа хувь хүн миний нэр төрд бас асар их хохиролтой байна.
 
-Нотариат хүн ажлаа ингэж хийгээгүй бол хүүхдүүдийн эрх бүрмөсөн зөрчигдөж, гудманд гарах байж гэж ойлголоо. Зөв үү?
 
-Үнэхээр тийм. Нотариатч хүний үүрэг бол хүний сүүлчийн хүсэл зориг гэрээсийг баталгаажуулдаг маш чухал ажил байдаг. Энэ л үүргээ зөвхөн Р.Онончимэг нотариатчаас гадна намайг холбогдуулаад байдаг өөр олон нотариатч бүгд чадварлаг үнэн зөв гүйцэтгэсэн. Ер нь хуульч хүний нэр төр маш эмзэг, нөгөө талдаа өөрөө ч гэсэн адилхан хүн шүү дээ. Тэр утгаараа би иргэнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэх эрхээ эдэлж чадахгүй л өдийг хүрч байна даа.
 
-Танд энэ асуудлаас болж мэргэжлийн хүрээнд өөр ямар хүндрэл үүсэж байна вэ?
 
- Үүсэж байна. Жишээлбэл, миний иргэнийхээ үүргээ биелүүлж, Үндсэн хуулийн цэцээр шийдүүлж ирсэн асуудлаас болж өмгөөлөгчийн эрхийг маань хүртэл хүчингүй болгосон байх жишээтэй. Энэ асуудлыг тодруулж яръя гэж бодож байна. Би “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх зүйн тулгамдсан асуудал" сэдвээр 2016 онд докторын зэрэг хамгаалсан. Олон жил энэ сэдвээр судалгаа хийсэн. Би багш хүний хувьд, Иргэний эрх зүйн чиглэлээр Герман улсад боловсрол эзэмшсэн хүний хувьд бидэнд шударга ёсны болон хүний эрхийн мэдрэмж суулгасан байдаг. Хүний барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлж, ББСБ-ынхан хурааж авах талаар шүүхэд маргаан үүсгэх эрхгүй байж яагаад ч болохгүй. Шүүхээс дээгүүр давуу эрх эдэлдэг зээлдүүлэгчид байж болохгүй. Иргэн хүний шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бол давж заалдах, өмгөөлөгч авах үндсэн эрхүүдийг зөрчсөн хууль баталлаа гэж 2005 онд Үндсэн хуулийн Цэцэд хуулийн зарим заалтуудыг өгсөн. Хүний орон байр гэдэг нь Хүний эрхийн Түгээмэл тунхаглалд дурдсан хүний суурь эрх байдаг. Түүнийг өөрийнхөө үнэлэмжээр үнэлээд, өөрөө ажиллагаагаа явуулаад шууд хураагаад авна гэдэг бол орчин үеийн хэллэгээр эдийн засгийн мөлжлөг юм. Ингээд энэ хуулийн заалтыг хүчингүй болгож байсан.
 
- Банкнаас зээл авч байгаа хүмүүс банкны зээл л бүтэж байвал бусад нь яахав гээд гэрээний зүйл заалт, эрх үүргээ мэдэхгүйгээр гарын үсэг зурчихсан тохиолдол маш их байдаг. Сүүлийн үеийн барьцааны практик нь ямар болсон бэ? Банк санхүүгийн салбарын хувьд хуулийн өөрчлөлт юу байна?
 
-Сүүлийн үед явсан нэг пробоно хэргийнхээ талаар ярья. Надаар үйлчлүүлсэн өрхийн жижиг компани байсан юм. Энэ компани өөрийн өмчлөлд хотын төвд 200 мкв цорын ганц үл хөдлөх эд хөрөнгөтэй. Үүнийг нь ББСБ барьцаанд авч, үндсэн зээлийг өөр иргэн авч байна.
 
2018.05 сараас 2020.05.11 хүртэл хоёр жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр 55 сая төгрөг авсан. Зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан байна. Гэтэл гэрээний хугацаа дуусахаас өмнө 2019 оны намраас эхлээд ББСБ Иргэний хэргийн шүүхэд өгсөн байгаа юм. Шүүхээс хөрөнгийн эзэн, зээл авсан хоёр хүнийг дуудсан. Өөрийнх нь нэхэмжлэлийн үнийн дүн 88 сая байсан ч Иргэний хэргийн шүүх үүнийг нь хангаж шийддэг. Гол асуудал нь юу вэ гэхээр зээлдэгчид хяналтын гомдол гаргадаг. Иргэний хэргийн танхимын бүрэлдэхүүн тодорхой шалтгаанаар дутуу байсан учраас маргаан шийдвэрлэлт удааширсан. Энэ хугацаанд хяналтын гомдлыг өгснөөс хойш хэдэн сар хүлээх хугацаанд хайсаар байгаад өдрийн нэг хувь, сарын 30 хувь, жилийн 365 хувийн хүүтэй зээл авахад хүрдэг юм байна. Энэ бол ББСБ-ынхаа өрийг төлөх дарамт улам л хүнд байдалд оруулдаг. Шүүхийн шийдвэрт дурдсан 88 сая 601 мянган төгрөгийг нь хайсаар байгаад төлсөн байна. Нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлчихэж байгаа учраас хяналтын гомдлоос татгалзаж байна. Хяналтын шатны шүүх бол гомдол гаргаагүйд тооцоод бид төлбөрөө төлчихсөн учраас шийдүүлэх маргаан байхгүй байна гээд захирамж нь гарсан. Иймд ББСБ-ын ёс зүйн асуудлыг хөндөж яримаар байна Мөн Санхүүгийн зохицуулах хорооны хуульд нийцээгүй үйл ажиллагаа руу орно. Миний ярьж байгаа зүйлд хэн нэгний захиалга байхгүй гэдгийг хэлмээр байна. Олон жилийн өмнөөс судалсан, миний өөрийн итгэл үнэмшил бий болчихсон салбар ийм байж болохгүй учраас ярьж байгаа юм.
 
 
 
Төлбөрийн чадваргүй болоод дампуурсан ААН цар тахлын үед үнэ төлбөргүй хууль зүйн үйлчилгээ авах боломж манай улсад байхгүй байна. Гэтэл жижиг дунд ААН-үүд хамгийн түрүүнд ар араасаа талаас илүү хувь нь дампууралд өртсөн байна. Энэ тал дээр Монголын уульчдын холбоо холбогдох журмаа яаралтай батлах хэрэгтэй.
 
 
 
Төлбөрийн чадваргүй иргэнд туслалцаа үзүүлдэг хороон дээр очихоор “Бид иргэнд л туслалцааг үзүүлнэ, ААН-д үзүүлэхгүй. Журам нь гараагүй. Та өөрөө хувь өмгөөлөгчөөс гуйгаад яв” гэнэ. Энэ ААН-д хандах газар байхгүй, авах өмгөөлөгч байхгүй. Би яг энэ төрлийн хүмүүсийн хэрэг дээр ихэвчлэн ажилладаг. Барьцаагаа алдаж байгаа, хэт их тэгш бус нөхцөлтэй гэрээний дарамтанд үндсэн эрх нь зөрчигдөж байгаа хүмүүст тусалдаг. Би цаашдаа ч тусална. Эх хүний хувьд өрх толгойлсон, хүүхдүүдээ дагуулсан эмэгтэй орж ирэхэд үгүй гэж хэлэх боломжгүй. Өмнө нь хэрэгжиж байсан Өмгөөллийн тухай хуулиар өмгөөлөгч жилд хоёроос доошгүй төлбөрийн чадваргүй иргэнийг үнэ төлбөргүй өмгөөлөх үүрэг хүлээлгэдэг байсан. Одоо ямар хууль бус шаардлага тавьж байна гэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлчихсэн, мөнгийг нь цар тахлын үед төлчихөөд байхад баярламаар юм. Гэтэл ББСБ-ын сонирхол юу байна гэхээр болж өгвөл хөрөнгө рүү нь халдчих гээд, болохгүй бол нэмээд яаж 30 сая төгрөг авах вэ гээд явж байгаа юм. Өөр ямар арга байна вэ гээд судлаад явахаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд туслалцаа үзүүлсэн намайг ББСБ-ын гомдлоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг маань хүчингүй болгосон.
 
-Яг энэ асуудлаар таныг үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлсэн тул өмгөөллийн эрхийг тань хассан гэж хуульчдын дунд яригдаж байсан. Энэ ямар учиртайг тодорхой ярих байх. Бусад иргэд, олон нийтийн төлөө үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлээд эрх нь хүчингүй болж байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ?
 
-Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хороо хууль бус үйл ажиллагаа явуулжээ гэж өмгөөлөх эрхийг маань сэргээсэн. Цар тахлын үед эрхийн хамгаалалтын талаар ярихдаа Иргэний хуулийн үүрэг зогсоно, үүрэг гүйцэтгэх шаардлагагүй гэдэг заалтуудыг тухайлан сануулмаар байна. Шүүхээр шийдээд дуусчихсан, шүүхийн шийдвэрийг биелүүлчихсэн компаниас нэмж ямар нэг аргаар УДШ-ээс маргааныг анхан шат руу буцаалгаж байгаад хүүгээр шаардлагаа нэмэгдүүлэх гээд байна шүү дээ. Гэтэл ББСБ-ууд “Бид үндсэн зээлээ авчихсан. Гэхдээ бид бизнесийн байгууллага учраас ашгаа хангалттай гаргамаар байна” гэдэг. Энэ бол байж болшгүй асуудал.
 
ББСБ-ын тусгай зөвшөөрлийг олгодог, сунгадаг Санхүүгийн зохицуулах хороонд хандаж ББСБ-ын удирдлагад ёс зүйн хариуцлага тооцооч гэж шаардсан. ББСБ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3 дахь хэсэгт өмгөөлөгчдийг анхаарлаа хандуулаач гэж уриалмаар байна. 13.5.3-т ББСБ-ыг ажиллуулах тусгай зөвшөөрлийг олгоход тавигдах шаардлагыг заасан байдаг. Үүнд: ББСБ-ын удирдлага болох гүйцэтгэх захирал, гишүүн, ТУЗ-ийн дарга, гишүүд ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь ББСБ-ыг удирдахад харшлахгүй байх хуулийн хатуу шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагууд тусгай зөвшөөрөл сунгагдахад бас тавигддаг. Яг энэ кэйс дээр ББСБ-ын удирдлага бид нар ашгаа нэмж гаргая гэж шийдвэрлэсэн” гэж хэлсэн. Шүүх шийдчихээд байхад түүнээс даваад юу нэхэх гээд байгаа юм бэ. Энэ чинь хүний ёс зүй шүү дээ. Дэлхий нийтээрээ ногоон зээл, ногоон бизнес, эко амьдралыг ярьдаг болсон энэ цаг үед мөнгө хүүлдэг энэ бизнес өөрөө ёс зүйтэй бизнес мөн үү, үгүй юу гэдэг дээр нэгэн дуугаар ёс зүйтэй гэж хэлдэггүй бизнесийн салбар шүү. Өөрөөр хэлбэл хүнээр мөнгөө өсгүүлээд хөрөнгийг нь барьцаалж авчихаад хөрөнгийг үнэгүйдүүлэх шат дараалсан үйл ажиллагаа явуулдаг.
 
Ер нь ББСБ болгоноос хууль бус үйл ажиллагаа харагддаг. Ёс зүйтэй удирдлага гэдгийг та нар ямар шалгуураар анх олгосон бэ? Одоо ч гэсэн ёс зүйтэй хэвээрээ байгаа гэдгийг юугаар шалгаж, тусгай зөвшөөрлийг нь сунгасан юм бэ? гэдэг ёс зүйн асуудал эргэлзээ дагуулж байна гэж иргэд хандсан. Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайт руу ороход хөрөнгө оруулалт болон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухай өргөдөл, гомдлыг хүлээж авахгүй гэдэг бичиг байгаа. Энэ ёс зүйн асуудал дээр нь огт материал бүрдүүлж авдаггүй. Анх тусгай зөвшөөрөл өгөхдөө ч авдаггүй, сунгахдаа ч авдаггүй. Зөвхөн тайлан баланс, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг л ярьдаг. Хүний хөрөнгийг барьцаанд авдаг учраас энэ салбарт хууль тогтоогч 2002 онд хууль батлагдах үеэр ёс зүйн шаардлага тавьсан шүү. Өнөөдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-д нэг ширхэг ч ёс зүйн гомдол үүсгээгүй байна. Манайд хамааралгүй, маргаантай юм байна гээд хүлээж авахаас татгалзаад байдаг. Иргэн, ББСБ хоёр гэрээ байгуулж байж харилцаанд орно. Гэрээгүйгээр зээл өгч, авахгүй, хориотой. Гэрээ байгуулахгүй бол хүүгээ авч чадахгүй. Барьцааны гэрээг бас бичгээр байгуулах ёстой. Гэрээг хүссэндээ, дуртайдаа байгуулаад байгаа юм биш. Хуулийн шаардлагаар гэрээг бичгээр байгуулж байна. Гэрээ байгуулсан учраас бүх асуудлыг иргэний шүүхээр л шийдүүл, бидэнд хамаагүй гэж чихээ дарж болохгүй. Тусгай зөвшөөрлийн системээр дамжуулж хяналтаа хэрэгжүүл гэж байгаа шүү дээ.
 
 
Санхүүгийн зохицуулах хорооны ярьж байгаа хуулиар тусгайлан ёс зүйн кодыг нь баталж өг гэдэг үүргийг хүлээлгээгүй учраас бид ёс зүйн асуудлыг хянах ямар ч эрхгүй гэдэг. Хууль нь байгаад журам нь байхгүй болохоор бид нар яах юм гээд мөрөө хавчиж суугаад өнөөдрийг хүрч байгаа юм. Журамгүй байсан ч гэсэн Захиргааны ерөнхий хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэх ёстой.
 
 
 
Нэгэнт иргэд нотлох баримтаа бүрдүүлээд ёс зүйн асуудлыг хөндөөд ороод ирэхэд ёс зүйн асуудал байна уу, үгүй юу гэдгийг шалгах эрх нь нээлттэй байгаа. Гэхдээ энэ ажлаа хийхийг хүсдэггүй. Яаж өөрөөсөө булзайруулах вэ гэдэг дээр ур чадвар гаргаж ажилладаг юм шиг байгаа юм. Өмгөөлөгчдийн анхааралд нэг мессежийг хүргэмээр байгаа нь одоо явж байгаа маргааны шийдвэр нь юу гэж гарч байна гэхээр хуульч нь байж байна Захиргааны хэргийн шүүх үүнийг өөрийн бүрэх эрхэд хамаарахгүй гэж хуулийг тайлбарлаж хэрэглэж байгаа нь буруу юм гэх үндэслэл яригдаж байгаа. Санхүүгийн зохицуулах хороо зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн асуудал дээр манайд гомдол өгөөд шалгуулж болдог. Харин ёс зүйн асуудлыг хүлээж авахгүй байгаа. Хуульд энэ журмыг гарга гэдэг үүрэг хүлээлгээгүй гэдэг төдийхнөөр аргацаагаад сууж болохгүй гэдгийг хэлмээр байна. Ёс зүйн хариуцлага нь тусгай зөвшөөрөл олгох нэг шаардлага нь мөн юм бол энэ тал дээр хэт их иргэдийг хохироож байгаа тохиолдлуудыг Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаар хянуулах боломж байдаг шүү гэдэг практикийг хөндөж ярилаа. Үндсэн хуулийн Цэцээр явж газрыг хамгаалж байхад өөр тойруу замаар ББСБ-ууд газрыг маш бага үнээр авчихаад байна. Гэтэл төрөөс ганц л удаа үнэгүй хувьчилж өгсөн, дахиж үнэгүй өгөхгүй маш үнэ цэнтэй хөрөнгө юм.
 
 
Сэтгүүлч М.ЭРДЭНЭЧИМЭГ