sonin.mn
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болно.
 
Энэ тухай түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийх үеэрээ: "2-р сарын 6-ы Даваа гарагт эхлэх хоёр дахь удаагийн сонсголоор 3 асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Хөгжлийн Банкинд хяналт шалгалт хийгдэж байсан байдал, хянан шалгах эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, тэдгээрээс гарсан зөвлөмжийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудна.
Хоёрдугаарт, Хөгжлийн Банкны охин компаний санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Нийт 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэн. Зөрчилтэй гэх 10 орчим санхүүгийн түрээстэй холбоотой асуудал бий. 35 гэрч дуудагдана.
 
Гуравдугаарт, Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн Засгийн Газрын төсөв хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг ярина.
 
Энэ бол зээл биш.
 
2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл хөтөлбөрийн үр дүнг сонсоно. 43 гэрчийг дуудна. Нэмж дуудаж болзошгүй. Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан Н.Батбаяр,  Барилга Хот Байгуулалтын Яамны ТНБДарга асан Р.Эрдэнэбүрэн, "Молор констракшн" ХХК-ий хувьцаа эзэмшигч Содномзундуйн Эрдэнэ, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд асан Х.Баттулга, Ерөнхий Сайд асан Н.Алтанхуяг, Шинэ төмөр зам төслийн хүрээнд Б.Батзаяа, А.Гансүх, ТӨХ-ий дарга асан Д.Цогтбаатар, "Түмэн хишигтэн" ХХК-ий хувьцаа эзэмшигч Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нар дуудагдана" гэв.
 
О.Чулуу