Зайсан толгойн асуудал Юу болов
Хан-уул дүүргийн XI хороо буюу Зайсан орчим нь “нүдний хор” орсон газар болоод байгаа билээ. Баян чинээлгээсээ эхлээд буурай ард хүртэл гэнд газар эзэмших хүсэлтэй болсон цаг үе. Харин уг газарт хүссэн бүхэн газар эзэмшихгүй.
Зайсанд сүндэрлэх өндөр үнэтэй барилгууд үүнийг бататгаад өгнө. Нийслэлийн захирагчийн захирамжаар зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоосон. Тэгсэн атал Хан-Уул дүүргийн XI хороонд барилга баригдсаар л байна.
Нөгөө хянах, шалгах хуулийн байгууллагууд юу хийж байгаа нь сонин. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутагт орон сууцны зориулалттай байр барих ёсгүй. Энэ асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр олон ярьсан хэдий ч өнөөдрийг хүртэл холбогдох хуулийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ алга.
Тэгэхээр хууль зөрчигчид тэднээс давсан эрх мэдэлтэй бололтой гэх хүн цөөнгүй. Мөн Тусгай хамгаалалттай газар гэх нэрийн дор газрын бизнес цэцэглүүлж, авлигын торыг сүлжиж байна ч гэж хардаж байна.
Тэнд оршин суух өрхүүд газраа булаалгаж, эрүүгийн хэрэгт холбогдож, хөөгдөж ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг байдалд амьдарч байгааг тэдний олон жилийн тэмцлээс харж болно.
Өнгөрсөн гуравдугаар сард тэд Л.Болд гишүүнд хандаж байсан. Тэр үеэр тус дүүргийн газрын албаныхан ч “Бидний эрх мэдэл" хүрэхгүй шүү дээ гээд гомдоллож байсан удаатай. Эдгээр иргэд газар эзэмших хүсэлтээ УИХ-ын чуулганд өргөн барьсан ч одоог хүртэл хариу нь гараагүй байгаа гэнэ.
Харин өнгөрсөн Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс Зайсан орчмын XI хорооны иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор амьдарч байгаа газраас нь албадан нүүлгэхгүй байх буюу газар эзэмших гэрээг байгуулахыг тус дүүргийн Засаг даргад даалгасан тухай тогтоол баталсан байна.
Хуулийн байгууллагаас эрх мэдэлтэй Иргэдийн төлөөлөгчид гэж юу байхав. Тэгээд хуулиараа тус газарт газар эзэмшүүлэх эрх нь Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд л бий. Тэгэхлээр эдгээр иргэдийг хөөх үү, үлдээх үү гэдгийг яам л шийднэ гэсэн үг.
Тийм ч утгаараа үе үеийн байгаль орчны яамны ажилчид Тусгай хамгаалалттай газар нутагт газрыг төлөвлөгөөгүй олгож байсан аж. Өнөөдрийн байдлаар тус дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэжээ.
Гэвч газар ашиглалтын зориулалтыг өөрчлөн орон сууцны хороолол, барилга байгууламж, хувийн орон сууц барьж, түүнийгээ үл хөдлөх хөрөнгө болгон иргэдэд худалдсан байна.
Үүнээс гадна газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй, газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан, усны онцгой хамгаалалтын бүсэд орсон газар ч нэлээд байгаа.
Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар лавлахад Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас “Судална. Холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлнэ” гэж байсан. Иргэдэд харах л үлдэв бололтой.
Харин энэ асуудлын талаар холбогдох зарим албаныхан өөр өөр бодолтой байгаа бололтой. Зарим нь одоо Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг өөрчлөх тухай ярьж байгаа. Хэрвээ ингэвэл тэр орчимд оршин он удаан жил оршин суусан иргэд баярлах нь тодорхой. Мөн зэрэгцээд хуулийг гууль болгогчдын магнай тэнийх биз.
Зайсангийн хувь тавиланг хүлээгч
Ер нь Зайсан толгой ч гэлтгүй Богдхан уулыг тойроод үе үеийн эрх мэдэлтнүүд газар эзэмших эрхийг бөөнөөр нь гаргаж өгчөө. Тэнд оршин суух иргэд дуугарахгүй л байгаа болохоос нэг их удахгүй Зайсантай ижил тавилан угтах болно.
Уг газарт Зайсанг дүүрэг болгосон нөгөө эрх мэдэлтүүд газар олгосон байгаа юм. Төрийн түшээдээс эхлээд нэр нөлөө бүхий бизнесмэнүүд тэнд оршин суудаг. Тэдний байшин барилга зүгээр нэг хоёр, гурван давхар хаус биш.
Европын сүүлийн үеийн загвараар хийгдсэн барилгууд. Горхины чимээ сонсон, модны сүүдэрт нарлан, дархан цаазат газрын ан амьтдын дуу чимээг хамгийн ойроос сонсож, харж болох хамгийн таатай байрлалтай газар гэж ярьцгаадаг гэнэ.
Өмнө нь энэ аман дахь иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хураана гэж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл хураалгасан хүн нэг ч алга. Бүгд нь зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэх юм билээ. Бас болоогүй ээ “Гурван гал” ХХК-ийн эзэд өөрсдийн байрандаа энд тухалдаг гэсэн юм.
Ганц нэг жишээ дурьдвал Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба 2008 онд Бага тэнгэрийн аманд дөрвөн га газрын аялал жуулчлалын зориулалтаар “Зүүн баян” рейфанерид, мөн онд Хүрхрээд 24 га газрыг “АКК” ХХК-д, Богины аманд “Уорлд трейвел” ХХК- д 30 га газар өгч байсан аж.
Харин тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Адъяа 2005 онд Нүхтийн аманд иргэн Д.Ганзоригт дөрвөн га газар, Залаатын аманд тус онд иргэн Д.Цэрэннадмидад гурван га гэх мэтчилэн газрыг эзэмшүүлжээ.
Харин Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар 2008 онд Их тэнгэрийн аманд иргэн Б.Сайнбаярт 5,5 га газар, 2007 онд Төрхурахын аманд “Жи Си Эс” ХХК-д хоёр га газрыг өгч байжээ.
Энэ мэтчилэн сайд асан У.Барсболд, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга асан Б.Баярмагнай нар газар эзэмших эрхийг зэрэг зэрэг олгож байсан аж.
Олгосон газруудын ихэнх нь Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа аж. Мөн эдгээр газрууд дунд авсанаасаа хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй компаниуд ч бий гэнэ.
Уг нь бол хуулиараа “хоёр ба түүнээс дээш жилээр эзэмшиж буй газартаа үйл ажиллагаа явуулаагүй бол газар эзэмших эрхийг нь цуцлана” гэсэн байдаг. Зайсан толгойг тойроод баячууд амьдардаг бол Их тэнгэрийн ам, Арцат, Нүхт зэрэг газруудад нөгөө алдартай газар олгогчид маань айл бууж амьдардаг гэх юм билээ.
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Зайсанд том хороолол баринаа, Газар олж өгсөн хүнд 100 кв дээш талбайтай 5 байраар гар цайлганаа,,, гэх загварын л юм болдог биз дээ, Ядуу зүдүү бидэнд хамаа юу билээ
Zaisand barilga barig l dee gazriin tatvar g n ondor avaad l orlogoor n niitiin teevert avtobus avya l daa