сонин mn

Нэг өдөрт 50-60 тонн мах зарагдаж, нийслэлийнхний буюу сая гаруй хүний махны хэрэгцээний 90 хувийг дангаараа хангадаг “Хүчит шонхор” захад 1000 гаруй хүн ажилладаг юм. Захын удирдлага энд павильон түрээслэж худалдаа эрхэлдэг 51 иргэнээс “Эрсдэлийн сан” нэрээр тус бүрээс нь гурван сая төгрөг хураажээ. Захад лангуу түрээслэн мах зардаг худалдаачид энэ мөнгийг үндэслэлгүй хураамж хэмээн үзэж буцааж авахын тулд Үйлдвэрчний холбоо байгуулж ажиллаж байна.

 

Тэд түрээслэгчдээс авсан гурван сая төгрөгийг буцаан олгуулсан байна. Мөн захын удирдлагатай цаашид хамтран ажиллах талаар ч ярилцаж тохиролцож. Гэтэл Үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дарга Ц.Заяаг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгуулж, улмаар шүүхэд өгсөн байна. Үүнийг түрээслэгчид Үйлдвэрчний эвлэлийг эсэргүүцэж байгаа хэлбэр хэмээн тайлбарлаж байна.



 Энэ талаар Ц.Заяагаас тодруулахад:

-Манай үйлдвэрчний хороо энэ оны нэгдүгээр сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн. Худалдаа эрхлэгчдээс хууль бусаар хураасан гурван сая төгрөгийг буцааж авсан. Мөн захын захиргааг хууль бус үйлдлүүдээ зогсооё гэж шаардан удаа дараа ярилцсан боловч дарга нар хэлсэн ярьсан болгоноо үгүйсгэж МҮОНТ-ээр ярилцлага өгсөн гэж хоёр түрээслэгчийг ажлаас халж, намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулж байсан.

 

Гэтэл одоо намайг дүүргийн шүүхээс дуудаж байна. Би хариу мэдэгдэл өгнө. Бид хууль бус үйлдэл хийгээгүй. Гэтэл тэдний шүүхэд хандсан нэхэмжлэл дээр намайг олон түрээслэгчээс давхар түрээс авсан, лангууг эргэж ашиглах боломжгүй болтол нь нурааж хэмхэлсэн гэсэн байна. Энэ захад цагдаагийн хэсэг ажилладаг. Тэд мэдэх ёстой. Намайг гүтгэж, үйлдвэрчний хороо байгуулсныг, үйл ажиллагаа явуулсныг эсэргүүцэж ийм ажил хийж байна. Энд ажиллагсад үнэхээр айдас хүйдэстэй байна гэв.



Бусадтай нь уулзвал: “Хүчит шонхор” захын түрээслэгч У.Оюунбаатар:

-Би энд найман жил мах зарж байна. Ажлын байрны даатгал нэрийдлээр дарамт шахалтын дор мөнгө хураан авсан хэрнээ мөнгө тушаасан гэх баримт өгдөггүй. “Номин даатгал” ХХК-д павильоноо даатгуулахыг шаардаж хүчээр даатгуулсан. Гэтэл захын удирдлага өөрсдөө болохоор татвараас зугтдаг, энэ нь судалгаагаар гарсан.

 

Cap бүрийн 20-нд түрээсийн мөнгөө авахдаа заавал 20 мянгатын дэвсгэрт өг, тэрнээс өөр мөнгө авахгүй гэж хүртэл дарамталдаг. Энэ талаар бид удаа дараа гомдол гаргаж байсан ч шийдвэрлэхгүй өдий хүрлээ. Захын дэд захирал Т.Батмөнх түрээслэгчдийг “Та нарыг хэн ч сонсохгүй. Та нарыг “амбаардаад” гаргана” гэж элдвээр хэлж доромжлодог хүн. Иймэрхүү л байдалтай бид амьдралаа залгуулж байна.



Монголын Хувийн хэвшлийн үйлдвэрчдийн холбооны эрх зүйч, Чингэлтэй дүүргийн Үйлдвэрчний хорооны дарга Х.Сувд:

-Энэ захад хүмүүсийг дарамталж, шахаж, түрээсэлж байгаа хүмүүсийн эрх ашиг хохирдог. Иргэний болон татварын зэрэг олон хууль зөрчиж ажилладаг. Энэ талаар нь бид удаа дараа шаардлага тавьсан. Хувийн аж ахуйн байгууллага гээд хуулиас гадуур ажиллах ёсгүй гээд харилцан ярилцаж зөвлөлдөж байсан. Гэтэл захын захирал Тогтмол, гүйцэтгэх захирал Сайнхүү нар хүлээж авч хэрэгжүүлж ажиллахын оронд түрээслэгчдээ доромжилж дарамталж байна.

 

Хэвлэл мэдээллийнхэн энэ захаар орж, түрээслэгчид ярилцлага өгөх эрх байдаггүй. Энэ бол хамгийн том хүчирхийлэл. Татвараас яагаад нуугдаад байгаа тухай бид баримтаар хэлнэ. Сардаа энэ зах зөвхөн түрээсээс 300 сая төгрөг олж байгаа. Түрээслэгчдийн тоогоор төлсөн мөнгөний жагсаалт нь байгаа. Гэтэл татварын байгууллагад өгч байгаа тайлан мэдээ нь өөр байдаг.

 

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэвч шалгахгүй байна, баримт нь алга болсон гэж бидэнд татварын байцаагч Н.Энхтуяа хэлсэн. Мөн байцаагч нар дуртай үнээ хэлж байнга торгодог. Тасалбар дээр санхүүгийн ямар нэгэн баримт байдаггүй. Энэ бүхнийх нь төлөө бид Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, ШӨХТГ-ын дарга О.Магнай, Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билигт нарт албан тоот, шаардлагуудаа хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

 

Монголын төр, засаг өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Энэ үед хуулиа хэрэгжүүлж бидний хүсэлтийг шийдвэрлэж холбогдох байгууллага нь шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа түрээслэгчид илэрхийлж байв.


Эх сурвалж: “Бизнес Таймс”