sonin.mn
Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагийн өглөө “69”-ийн жолооч нар хил хааж, эмх замбараагүй байдал үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Тиймээс манай сурвалжлагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг зориод ирлээ.
Замын-Үүд болон урд хөршийн Эрээн хотын хооронд иргэдийн хөл залгуулдаг хамгийн өргөн хэрэглэгддэг унаа бол “УАЗ-469” машин. Хилээр нээлттэй худалдаа хийж эхэлсэн цаг үеэс л “УАЗ-469"-өөр амьжиргаагаа залгуулдаг хүмүүс бий болсон. Тэр ч утгаараа хилийн аль ч боомтод “УАЗ-469” хөлхөж байгаа.
Замын-Үүд суманд өдгөө 12,000-15,000 жолооч хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг. Тэдний 40 орчим хувь нь яг Замын-Үүд сумын харьяалалтай, харин бусад нь нийслэл болон өөр аймаг, сумаас ирж, ажиллаж, амьдардаг талаар жолооч нар хэлж байна. Биднийг очиход хүмүүсийн нэрлэж заншсан "3-ын хаалт”-наас 600-700 метр орчим үргэлжлүүлэн тавьсан нэг эгнээ машин байсан бөгөөд тэд эсэргүүцлээ илэрхийлэхийн зэрэгцээ хил нэвтрэхээр дугаарлаж буй нь хэмээн тайлбарлаж байлаа.
Нэгэнт машинаараа амьжиргаагаа залгуулж буй жолооч нарын хувьд төр, засгаас ямар нэгэн байдлаар гуйлга гуйлгүйгээр амьдралаа залгуулж байхад биднийг огт тоохгүй, бүр цаашлаад урд хөршийн дэмжлэгтэйгээр өөрсдийнх нь “ажлын байр”-ыг булаах оролдлого хийж байна гэж үзэж буйгаа бидэнд ярьж байлаа. Учир нь Хятадын тал хилээр тээвэр хийж буй машинуудад байнга элдэв шаардлага тавьдаг, түүнийг нь биелүүлэх тусам, улам бүр шаардлагаа нарийн болгож, үндсэндээ үйлчилгээнд явах боломжгүй болох хүртэл хяналтаар дарах гэж байна гэж үзэж байгаа ажээ.
Мөн зарим жолооч “Манай талаас эрх мэдэлтнүүд “Манайх 469-өө дийлэхгүй нь. Танайхаас арга хэмжээ авч, “69”-ийг болиулж, өөрсдийн машиныг явуулна уу” гэсэн хүсэлт гаргасан, “69”-ийн оронд 200 микробус шахах гэж байгаа, эндээс сонгогдсон УИХ-ын гишүүний хийж байгаа ажил гэх мэтээр тайлбарлаж байсан.
Жолооч нарын хувьд ямар нэгэн байдлаар өөрсдийн дуу хоолойг олон нийтэд хүргэхийн тулд өөрсдийн хийж чадах арга хэмжээгээ авсан нь өдгөө зарим нь хуулийн байгууллагад шалгагдах, мөн зарим нь эмнэлгийн тусламж авахад хүргэсэн байна. Жолооч нар эрхээ хамгаалахын тулд хүмүүсийн ярьдгаар “3-ын хаалт’’-ны орчимд машинуудаа эгнүүлэн тавьж, хил рүү орох, гарах автомашины хөдөлгөөнийг хаасан. Үүнээс үүдэн тухайн өдрүүд буюу энэ сарын 19-20-нд Эрээн хот болон Замын-Үүдээр хил нэвтрэх гэж байсан иргэдийн ачаалал, бухимдал зэргийг зохицуулахын тулд орон нутагт дахь хууль, хүчний байгууллагынхан улс хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлэгч автобуснуудыг чөлөөт бүсийн замаар нэвтрүүлсэн байдаг.
Түүнчлэн эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулсан гэх жолооч нарыг цагдаагийн хүчээр тарааж, заримыг нь зодсон, баривчилсан гэх мэдээллүүд цацагдсан. Энэ талаар жолооч нар ч ам уралдан ярих юм билээ. Гэхдээ тэдний хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэрээ зарлуулах, зураг, бичлэгээ ил болгохгүй байхыг хичээж байсан юм. Бидэнд ч мэдээлэл өгөхдөө байнга нэрээ нууцлахыг хүсэж байлаа.
Тэд өөрсдийг нь гэж мэдвэл цагдаа нар барьж хориод, хорих, торгохоос эхлээд аливаа асуудалд орчихно гэсэн айдастай байсан нь ихэд хачирхалтай санагдаж байсныг нуух юун. Гэвч цагдаа нар шөнийн цагаар зарим жолооч нарыг саатуулсан. Нийт 38 хүнийг саатуулж, 72 цаг байлгасан. Тэднийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгоод гаргасан ажээ. Мөн 2-3 хүнийг хүчнийхэн зодож, тэд эмнэлэгт хэвтсэн учраас хамаагүй ярьж болохгүй гэдгийг олон хүн хэлж байсныг дахин сануулах нь зөв болов уу.
Жолооч нарын хувьд УАЗ-469 машин анхнаасаа зорчигч тээвэрлэх зориулалттай гэдгийг хүлээн зөвшөөрч буй. Гэхдээ аялал, жуулчлал болон Эрээн хотыг зорьж буй иргэдийн хувьд өөрсдийн гэсэн тодорхой хэмжээний ачаатай явдаг. Түүнийгээ машинд нь ачихаас аргагүйд хүрдэг гэдгийг хэлж байсан. Үнэхээр ч Эрээн хотыг зорьсон хэнбугай ч гэр бүлийнхээ хэрэгцээний зүйлсийг худалдаж авдаг нь үнэн. Энгийн жишээгээр бол нэг иргэн гэрлийн бүрхүүл худалдан авлаа гэхэд өнөөх нь УАЗ-469 машинд Хятадын талаас тавьж буй шаардлагад тохирохооргүй хэмжээний хайрцагтай байдаг. 
Тиймээс заавал ачааны машин эсвэл каргогоор тээвэрлүүлэхээр шаардлагатай болдог. Ингэж явах зорчигч ер нь л байхгүй гэсэн. Тухайн машинд жолоочоос гадна дөрвөн зорчигч тээвэрлэхийг зөвшөөрч байгаа ч тэдний ачаа нь яагаад ч багтахааргүй шаардлага тавьж байна хэмээн бухимдаж байгаа аж. Тодруулбал машины “хонины хонхор” буюу суудлын арын зайнд л ачаа ачихыг зөвшөөрч байгаа нь Замын-Үүдийн жолооч нарын амьжиргааг үгүй хийснээс ялгаагүй хэмээж байлаа.
Юутай ч Замын-Үүдэд үүссэн нөхцөл байдал хийгээд тухайн үеийн үйл явцад оролцож, хохирсон гэх зарим хүнтэй уулзсан юм.
 
М.ГАНГАНБАЙГАЛЬ: ЖОЛООЧ НАРЫГ ИДЭХ ХООЛНООС НЬ САЛГАЖ БАЙНА
 
-Хоёр сар гаруйн өмнө жолооч нар жагсаал зохион байгуулж байсан санагдах юм. Энэ удаа юунаас болсон юм бол. Яагаад заавал жагсах болов оо?
 
-Өмнө нь жагсаал, цуглаан хийж байсан. Цагдаа нар тар гэсэн. Тухайн үед ямар ч асуудалгүй тарчихсан. Харин энэ удаагийн эсэргүүцэл, жагсаалыг толгойлсон нэг ч хүн байхгүй. Хүн бүр өөрийн хүслээрээ л жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн гэхэд болно. Нэг тогооноос хоолоо идэж байгаа бүх жолоочийг дуудсан. Гэртээ байсан хүн ч яваад л очсон. Түүнээс ямар нэгэн зохион байгуулалттай зүйл байхгүй.
 
-Бүр хоёр жилийн өмнөөс л Хятадын талаас та бүхний машиныг стандартын шаардлагад нийцэхгүй байна гэдэг зүйлийг хэлж байсан. Манай талаас та нарт ямар нэгэн зөрчилтэй бол түүнийгээ арилгах санал, чиглэлийг өгч байсан уу?
 
-Хоёр жилийн өмнө бол яригдаж байсан. Түүнээс яг "УАЗ-469" машиныг явуулахгүй гэдэг зүйлийг хэлээгүй. Харин гэнэт л сандалтай ачуулахаар болсон гэж мэдэгдсэн. Бүх жолооч машиндаа сандал тавьсан шүү дээ. Олон машин хассан байдаг. Зарим машиныг бол суудлын ганц боолт жаахан суларсан байхад л үйлчилгээнд явуулахгүй хасаж байсан.
 
-Суудлын ард ачаа ачихыг зөвшөөрч байгаа юм биш үү?
 
-Суудлын ард ачуулна гэсэн юм. Сүүлдээ суудлын ард биш болоод сандлаасаа хойш, машины цонхыг гаргаж болохгүй гэсэн. Бид тэрхүү шаардлагынх нь дагуу ачаа ачиж байсан. Гэтэл Хятадын талаас огт ачаа ачуулахгүй гэж мэдэгдсэн. Үнэндээ нэг хүн суухдаа дор хаяж хоёр цүнх ачаатай явна шүү дээ.
 
-Та нар ер нь хэдэн төгрөгийн ашигтай ажилладаг юм бэ?
 
-Бид нэг хүнийг 50 юаниар ачдаг. Дөрвөн хүн 200 юань болно. Яах вэ, мэр сэр ачааг 20-30 юаниар авдаг. Ойролцоогоор 300-400 юань л болдог. Түүнээсээ татвараа төлнө.
 
-Цэвэр ашиг нь хэд байдаг юм бэ?
 
-Ердөө 50-60 мянган төгрөг л байдаг.
 
-Өдөрт хэд гарах уу?
 
-Нэг л гарна. Энэ их ачаалалтай үед хоёр гарч амждаггүй. Зарим тохиолдолд урд хонох ч үе гарна.
 
-Наймаачдын зүгээс юу гэж байна?
 
-Бидний үйлчлүүлэгчид ихэнх нь наймаачид л байдаг. Аялахаар явж байгаа иргэд "УАЗ-469"-д суудаггүй. Тэд барааны үнэ нэмэгдэх юм байна л гэдэг.
 
-Таны хувьд хэзээнээс хилээр жолоо барьж нэвтэрдэг болсон юм бэ?
 
-Би 2002 оноос хойш жолоо барьсан. Анх том тэрэгтэй 6-7 жил явсан. ЗИЛ-130 машинаар тээвэрлэлт хийлгэхээ больсон учраас амиа зогоохын тулд "УАЗ-469"-аар явж байна. Хоёр хүүхэд, хөгшин ээж, дүү нартайгаа амьдардаг учраас машинаараа л амьдралаа залгуулдаг. Ер нь манай гэр бүлийн амьдрал ганцхан "УАЗ-469" машин дээр л тогтдог. Дээр нь банкны зээлтэй. Гэтэл одоо "УАЗ-469" машинд ачаа ачуулахыг хориглоод байна. Зөвхөн хүн ачихыг л зөвшөөрч байна.
Бид Эрээн рүү гарахдаа 150 юанийн зарлага гаргадаг. Татвараа төлдөг. Гэтэл урдаас ачаа, бараагаа ачаад гарах гэхээр ачаа ачуулахгүй байна. Энэ мэт шалтгаанаас болж хүн авах ч арга байдаггүй. "УАЗ-469" машин бол 30-40 юанийн л нормтой.
Бүр ачаатай хүнээ гуйн байж 50 юаниар авбал авна. Өнөөдөр бухимдалгүй жолооч гэж алга. Жолооч бүр амьдралгүй болж байна. Бараг идэх хоолноосоо салж байна шүү дээ. Цаашдаа яаж амьдрахаа ч ойлгохгүй байна. Гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь бий. Үнэхээр хэцүү байна. Яахаа ч мэдэхгүй л байна.
 
Я.ШАГДАРЖАВ: “69” ЧИНЬ БҮХ МОНГОЛЫГ ТЭЖЭЭХ ГЭЖ ЯВАА ШҮҮ ДЭЭ
 
-Жолооч нар хил хааж зогссон талаар ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Миний хувьд нарийн асуудыг бол мэдээгүй байна. Би жижиг тэргээр хүн тээвэрлэдэг. Ихэнх хүнийг хувийн хэвшлийн автобус авчхаад байна. Түүнээс болж бараг хүн олддоггүй. Байхгүй гэж хэлэхэд болно. Энэ тохиолдолд "УАЗ-469"-ын жолоочид ачаа ачихаас өөр аргагүй. Гэтэл Хятадын тал ачаа ачуулахыг хориглож байна. Ачуулахгүй байна шүү дээ. Бид "УАЗ-469" машины хонины хонхорт стандартын дагуу сандал тавьсан. Гэтэл үлдсэн жаахан зайнд нь ачаа ачвал цонхноос дээш гаргаж болохгүй гэх юм.
Хамгийн хүндрэлтэй зүйл нь энэ л байна. Үүнийг эсэргүүцэж жолооч нар сая ажил хаялт зарласан. Цагдаа нар хүч хэрэглэж тараах шиг боллоо. Ойролцоогоор 30 гаруй хүнийг саатуулсан. Энд нэг л зүйлийг төр, засаг ойлгох хэрэгтэй л дээ. Нэг жолоочийн ард дунджаар таван хүний амьдрал байна. Нэг өдөр гарахгүй л бол тэр өдрийн орлого байхгүй шүү дээ. Бид улсаас юу ч гуйгаагүй. Татвараа төлдөг.
 
-Хэрвээ та бүхнийг хил гарахыг хорьчихвол яах бол?
 
-Хэцүү шүү дээ. Миний хувьд зургаан ам бүлийг авч яваа. Энүүгээрээ л хоолоо залгуулдаг. Энэ 69 гэдэг машин чинь Замын-Үүдийг, Дорноговийг, улсын 350 сумыг, Монгол Улсыг цаашлаад Хятад улсыг ч тэжээж байгаа шүү дээ. Яагаад гэвэл энд бүх сумаас ирсэн залуучууд ажиллаж, амьдарч, ахуйгаа өөд нь татаж байна.
Дээр нь биднээр дамжуулж Эрээнээс авсан юмаа хүмүүс зөөлгөж байна. Бид улсад төлөх ёстой татвар, замын хураамж зэргээ төлөөд явж байна. Улсаас юу ч гуйдаггүй. Гэтэл өнөөдөр биднийг хоолноос маань салгах гээд байна. Жишээ нь миний хувьд 40 нас гарчхаад байна. Хаана ажиллах болж байна. Миний үеийнхэн байтугай залууст ажлын байр олдохгүй байгаа үе шүү дээ.
Урагшаа гарахын тулд өглөө 5-6 цагаас эхлээд 23-24 цаг хүртэл дугаарлаж, ажиллаж байгаа.
 
-Энэ асуудал үүсч, та бүхэн хил гарахгүй байгаа нь худалдаа эрхлэгчдийн хувьд нэлээд чирэгдэл болж байх шиг байна?
 
-Ер нь дургүй байгаа шүү дээ. Биднийг хилээр орох, гарах бүрт хориг тавьж байгаа нь эргээд иргэдийн гарт хүрэх бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс эхлээд ар араасаа асуудал дагуулна. Олон жил наймаа хийсэн хүмүүс урд түншүүдтэйгээ танил болчихсон утсаар яриад бараагаа захичихад бид очоод ачааг нь Замын-Үүдэд авч ирээд хот руу каргогоор илгээчихдэг. Тэгэхээр унааны зардлаас эхлээд наймаачдад цаг хугацаагаа хэмнэхээс эхлээд боломжууд гардаг. Харин бид явахаа болихоор тэд энэ бүх зардлаа бараа, бүтэгдэхүүн дээрээ нэмж л таарах байх даа.
 
Үргэлжлэл бий...
 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"