sonin.mn
Улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө батлан Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. МАХН, ИЗНН, МУНН хамтарсан “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт хөдөө, орон нутаг руу чиглэсэн ямар бодлогуудыг  хэрхэн тусгасан талаар Төв аймгийн  МАХН-ын мянгатын дарга О.Буяннэмэхээс тодрууллаа.
 
-“Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт хөдөө,  орон нутгийг хөгжүүлэх ямар бодлогуудыг тусгасан бэ?
 
-Эвслийн мөрийн хөтөлбөрт хөдөө орон нутаг руу чиглэсэн цогц бүлэг орсон. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт чиглэсэн бодлогууд байгаа. Хөдөө аж ахуйн салбарт  улсын чанартай томоохон хотуудыг түшиглэн эрчимжсэн фермерийн аж ахуйг бий болгож, монгол орны байгаль  цаг уурын нөхцөлд тохиромжтой,  өндөр ашиг шимтэй уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх,   бэлчээрийн даацыг тэнцвэртэй болгох заалтуудыг  оруулсан.  Боловсролын салбарт малчин өрхийн 6-8 настай хүүхдийг “Багш-Ээж” хөтөлбөрт хамруулан бага боловсролын эхний хоёр жилийг гэр сургалтаар эзэмшүүлдэг болохоор тусгасан. Дэлхийн дулаарал, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотой бэлчээр нутаг ихээхэн талхлагдсан.Иймд үлийн цагаан оготноос бэлчээрийг хамгаалах, сэргээх, монгол малыг 100 хувь эрүүлжүүлэх, ингэснээр мал, амьтнаас хүнд халддаг өвчлөлийг бууруулах  хөтөлбөрийг төр, засаг бүрэн хариуцдаг байхаар   мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.
 
-Тариаланчдыг дэмжих ямар боломжууд байна гэж үзэж байна?
 
-Манай орон цаг агаарын хувьд  эрс тэс уур амьсгалтай, иймд  газар тариалан эрхлэх бодлогыг төр, засгийн зүгээс тусгайлан авч үзэж, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцааг 100 хувь үзүүлэх хэрэгтэй. 
 
 
 
Цаашилбал газар тариалангийн бүс нутаг болгоныг услалтын системтэй болгох асуудлыг төрөөс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж мөрийн хөтөлбөртөө тусгайлан оруулсан. Хамгийн гол нь салбар бүрт хэрэгжүүлэх бодлогыг цогцоор нь оруулж өгснөөрөө “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр онцлогтой.
 
 
 
-МАХН болон эвсэлд нэгдсэн бусад улс төрийн хүчнүүд орон сууцны хөтөлбөрийн талаар онцгойлон ярьдаг. Тэгвэл малчин өрхийг  энэ хөтөлбөртөө яаж хамруулах боломжтой гэж үзэж байна?
 
-Малчин өрхөд зориулан “Байшинтай малчин өрх” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Төр, засгийн зүгээс малчин өрхөд дулаан, тохилог байшин барихад нь зориулан хүүгүй зээл олгож болно. Байшинтай газрыг малчдад өмчлүүлэх замаар малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжтой. Малчин өрх-үйлдвэрлэгч” хөтөлбөр хэрэгжүүлж, малчин өрхүүд хамтарч, сум, багийн төв дээрээ сүү цагаан идээ, арьс шир, ноос ноолуураа  боловсруулах, мах махан бүтээгдэхүүн, малдын тэжээл үйлдвэрлэх зэргээр жижиг, дунд бизнес эрхлэхэд нь дэмжлэг болгож  жилийн гурван хүүтэй зээлийг олгох боломжтой юм.
 
-Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх  талаар юу хэлэх бол?
 
– Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж гадаад зах зээлд нийлүүлдэг бүцийг бий болгоно. Сум бүрт орчин үеийн шаардлагад нийцсэн махны үйлдвэр байгуулах бүрэн боломжтой. Энэ талаар заалтуудыг “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин