сонин mn
НҮБ. /TASS/. Лхагва гарагт Мьянмарт болсон жагсаалын үеэр цагдаа нар жагсагчид руу гал нээсний улмаас 38 хүн амиа алдсан тухай НҮБ-ын тусгай элч Кристин Шранер Бургерен мэдээлсэн байна. 
“Өнөөдөр хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт хийснээс хойших хамгийн их цус асгаруулсан өдөр байлаа. 38 хүн амиа алдсан. Өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй хүн амь насаа алдлаа” гэж тэрбээр хэлжээ. 
Мьянмарын Зэвсэгт хүчнийхэн хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт зохион байгуулж, бүх эрх мэдлийг гартаа авсан билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуульд томоохон хэмжээний луйвар хийсэн тул ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн тайлбарласан. Цэргийн эрхтнүүд Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи зэрэг удирдагчдыг баривчилж, хориод байгаа юм.
Тус улсын иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулсаар байгаа бөгөөд цагдаа, цэргийнхэн жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэсээр байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг